| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0164/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Г |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч П.Ганбаатар,
Шүүгдэгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цагаан зандан овогт Т-н Уд холбогдох эрүүгийн 1909002630084 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй 26 настай, бүрэн дунд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй “Энхжин сувенир” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12 дугаар гудамж 168А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УХ 93051737 / Цагаан зандан овогт Т-н У нь:
- 2019 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Айлофт” баарны гадаа иргэн З.Чулуунтамирыг найзтайгаа муудлаа гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч З.Чулуунтамир мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө найз Чулуунбаатарыг авахаар “Айлофт” бааранд очсон. Найзыгаа авчихаад баарны үүдээр гарч ирэхэд цагаан өнгийн мактай залуу манай найз Чулуунбаатар руу дайрсан. Би “Чи болиоч” гэж хэлэхийн завдалгүй цагаан майктай залуу гүйж ирээд миний 2 гарнаас барьж байгаад миний шүд рүү толгойгоороо мөргөсөн. Би цагаан майктай залууд мөргүүлээд газарт дагзаараа унасан. Би шүүх эмнэлгийн 1278 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би Учралаас шүд хийлгэх 2.550.000 төгрөг хүлээн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. / хх 7-8 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1278 дугаар дүгнэлтэнд:
1. З.Чулуунтамирын биед толгойн орой хэсгийн хуйханд шарх, дээд урууланд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, 2 шүдний сулрал, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. З.Чулуунтамир нь 3 дугаар бүлгийн цустай байна.
5. З.Чулуунтамирын цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолт байна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна гэжээ. / хх 17 /
Гэрч Б.Буманцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай нөхөр ирэхгүй болохоор нь баарны үүдэнд очиход манай нөхөр баарны үүдэнд хамраас нь цус гарчихсан хувцас хунар нь битүү шороо болчихсон зогсож байсан. Намайг энэ залуу цохьчихлоо гээд дээгүүрээ цагаан майктай залууг заахаар нь тэр залууг зуурсаар байгаад цагдаад барьж өгсөн гэжээ. / хх 13 /
Гэрч Ё.Амгалан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Т.У гарч ирээд намайг дээрэлхүүлж байна гэж ойлгоод надтай маргалдаж байсан З.Чулуунтамир гэх залууг толгойгоороо нүүр хэсэгт нь мөргөөд газар унагаасан. Би найз Т.Уыг 2009 оноос хойш мэднэ. Тэрээр тэр болгон хүнтэй маргалдаад хэрүүл хийгээд байдаггүй, сайхан сэтгэлтэй, бусдад тусалдаг. Тэр өдөр ч гэсэн намайг өмөөрч бусдыг мөргөсөн гэж бодож байна гэжээ. / хх 14 /
Яллагдагч Т.У мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. 2019 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө “Айлофт” баарны гадаа найз Амгалан бусадтай маргалдаад байхаар нь З.Чулуунтамирын нүүр хэсэгт нь мөргосөн. Тухайн үед З.Чулуунтамир надад мөргүүлээд газар унасан гэжээ. / хх 25 /
Шүүгдэгч Т.Уыг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 20-21 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 27 / зэрэг болно.
Шүүгдэгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 2.550.000 төгрөг төлсөн гэв.
Шүүгдэгч Т.У нь 2019 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Айлофт” баарны гадаа иргэн З.Чулуунтамирыг найзтайгаа муудлаа гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Баарны үүдээр гарч ирэхэд цагаан өнгийн мактай залуу манай найз Чулуунбаатар руу дайрсан. Би чи болиоч гэж хэлэхийн завдалгүй цагаан майктай залуу гүйж ирээд миний 2 гарнаас барьж байгаад миний шүд рүү толгойгоороо мөргөсөн. Би цагаан майктай залуу мөргүүлээд газарт дагзаараа унасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч З.Чулуунтамирын мэдүүлэг / хх 7-8 /, ... Баарны үүдэнд очиход манай нөхөр баарны үүдэнд хамраас нь цус гарчихсан хувцас хунар нь битүү шороо болчихсон зогсож байсан. Намайг энэ залуу цохьчихлоо гээд дээгүүрээ цагаан мактай залууг заахаар нь тэр залууг зуурсаар байгаад цагдаад барьж өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэн гэрч Б.Буманцэцэгийн мэдүүлэг / хх 13 /, ...Учрал гарч ирээд З.Чулуунтамир гэх залууг толгойгоороо нүүр хэсэгт нь мөргөөд газар унагаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ё.Амгалангийн мэдүүлэг / хх 14 /, ... найз Амгалантай маргалдаад байхаар нь Чулуунтамирын нүүр хэсэгт нь мөргөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Т.Уын мэдүүлэг / хх 25 /, З.Чулуунтамирын биед толгойн орой хэсгийн хуйханд шарх, дээд урууланд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, 2 шүдний сулрал, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1278 дугаар дүгнэлт / хх 17 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Т.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.У нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.У нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Т.Уыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан зандан овогт Т-н Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Т-н Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Т.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.У нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Т.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ