Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 392

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

Хохирогч Б.Болормаа,

Шүүгдэгч Б.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 2017 2501 1698 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.М, 1992 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Халал” махны үйлдвэрт бригадын дарга ажилтай, ам бүл 3, эмээ, хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд нийтийн байр түрээслэн амьдардаг гэх, одоо Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, төмөр замын 8 дугаар гудамж, 2 тоотод оршин суух хаягтай, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, 

        шүүгдэгч Б.М нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 12 дугаар гудамжны 518б тоотод ооршин суух иргэн Г.Болормаагийн гэрээс Фунай маркийн зурагт хулгайлж 399.400 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Дүүргийн 6 дугаар гудамжны 302 тоотод оршин суух иргэн Т.Оргилболдын гэрээс Шарп маркийн 39 инчийн зурагт хулгайлж 412.740 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгчийн 250,000 төгрөгийг удахгүй төлж барагдуулна. Хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Болормаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажлаасаа иртэл гэр онгорхой байсан. Тэгээд цагдаа дуудаад байцаалт өгөхдөө гомдолтой гэдгээ хэлсэн. Манай зурагт 2 жил хэрэглэсэн зурагт байсан. Үнэлгээний газрын үнэлсэн мөнгийг нэхэмжилсэн. Хохирол төлбөрөө авсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Т.Оргилболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...эхнэрийн дүү Алтанхүү эхнэр рүү залгаад гэрт чинь хулгай орсон байна, зурагт алга болсон байна яаралтай ирээрэй гэхээр нь цагдаагийн газарт дуудлага өгөөд гэрт очиход Шарп маркийн 39 инчийн зурагт алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх 68/,

Иргэний нэхэмжлэгч Э.Чингис мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед манай ломбарданд Чинзориг гэх ажиллаж байсан бөгөөд одоо энэ хүн Солонгос явсан байгаа. Ямар ч байсан 250.000 төгрөгийн барьцаанд авч байсан санаж байгаа...” гэсэн мэдүүлэг. /хх 91-92/,

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 12 дугаар гудамжны 518б тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх 20-25/,

Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2019.01.04-ний өдрийн БЗ1-19-31 дугаартай тайлангаар Фунай маркийн зурагт, орны бүтээлэг зэргийг 399.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх 44-45/,

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн эрүүгийн 201725011698 дугаартай хэрэгт 201725011719 дугаартай хэргийг нэгтгэх тухай тогтоол /хх 46/, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 6 дугаар гудамжны 302б тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх 50/, Шарп маркийн 39 инчийн зурагтыг хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /хх 63-64/,Шарп маркийн 39 инчийн зурагтыг хохирогч Т.Оргилболдод хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 65/, Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2019.01.04-ний өдрийн Б31-19-32 дугаартай тайлангаар Шарп маркийн 39 инчийн зурагт, орны бүтээлгийг 412.740 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх 78-79/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 108/, яллагдагч Б.М-н мэдүүлэг /хх 112/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 103/, ял шалгах хуудас /хх 104/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 12 дугаар гудамжны 518б тоотод ооршин суух иргэн Г.Болормаагийн гэрээс Фунай маркийн зурагт хулгайлж 399.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь

2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Дүүргийн 6 дугаар гудамжны 302 тоотод оршин суух иргэн Т.Оргилболдын гэрээс Шарп маркийн 39 инчийн зурагт хулгайлж 412.740 төгрөгний хохирол учруулсан  болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээнүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.М-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.М-ийг давтан үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М нь хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч Лего Тауэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чингист барьцаат зээлийн төлбөр болох 250.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Лего Тауэр ХХК-нд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.М-д эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгчийн нэр дээр ямар нэгэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө байхгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Харчин овогт Б.М-ийг давтан үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.М-ээс эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан  2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.М-эс 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Лего Тауэр ХХК-нд олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР