Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00113

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00113

 

 

 

А ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03873 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 193,936,483 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: 2022 оны 08 сарын 01-ний өдрийн **************** тоот зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч Ц.Б-т 150,000,000 төгрөгийг 30 хоногийн 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, ГД:000353101, Ү-************** тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, *** гудамж, ***-р байр, ** тоот хаягт байршилтай 86,32 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь 2022 оны 10 сараас зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй 9 сар хугацаа хэтрүүлж, үндсэн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 39,438,948 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,497,535 төгрөг, нийт 193,936,483 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч сайн дураар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Б-ээс үндсэн зээл 183,813,787 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 10,122,695 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, А.М-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-************** дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, ** гудамж, ***-р байр, ** тоот хаягт байршилтай 86,32 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,197,833 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс 1,147,219 төгрөгийг гаргуулан А ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8, 9, 10-т дурдсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2022 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэлх 12,427,397 төгрөгийн хүү хуримтлагдсан боловч харилцагч нь дээр дурдсаны дагуу 10,122,695 төгрөгийг хүүгийн төлбөрт төлсөн ба 2,304,702 төгрөгийн хүү төлөгдөөгүй үлдсэн. Уг төлөгдөөгүй үлдсэн хүүний төлбөр дээр 2022 оны 10 сарын 26-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс 2023 оны 07 сарын 04-ний өдрийг хүртэлх 251 хоногийн хүү 37,134,247 төгрөг, нийт 39,438,949 төгрөгийн хүү төлөгдөхөөр байсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрээр уг хэсэгчлэн төлсөн 10,122,695 төгрөгийг 2023 оны 02 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны хүүгийн төлбөрт тооцон шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, бид 2023 оны 07 сарын 04-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх 5 сарын хугацааны хүү авахгүйгээс гадна шүүх дутуу олгохоор шийдвэрлэсэн байна.

Иймд 10,122,695 төгрөгийг нөхөж гаргуулах хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч тал шүүх хуралдаанд оролцоогүй, улмаар хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.   Нэхэмжлэгч А ХК нь хариуцагч Ц.Б-т холбогдуулан үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 39,438,948 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,497,535 төгрөг, нийт 193,936,483 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11-р хороо, ** гудамж, ***-р байрны ** тоот хаягт байршилтай 86,32 м.кв талбайтай орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-2/

Хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг 2023 оны 10 сарын 19-ний өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. /хх 33/

 

3.   Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ ...барьцаалуулагч СБД, 3-р хороо, 5-р хороолол, **-р байр, ** тоот хаягт оршин суугаа А-ын М... гэж барьцаа хөрөнгийн өмчлөгчийн мэдээллийг бүрэн тусгаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж, барьцааны гэрээ болон барьцаалбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх Иргэний хэргийг зөвхөн Ц.Б-т холбогдуулан үүсгэжээ. /хх 1, 12-13, 14, 21/

 

4.   Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгийн өмчлөгчийн нэр, регистр, оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг тодорхой бичсээр байтал анхан шатны шүүх энэ талаар тодруулалгүйгээр, барьцаа хөрөнгийн өмчлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр түүнд холбогдох шаардлагыг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарч байна.

 

5.   Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлээр тухайн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03873 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч А ХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 176,914 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР