Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00114

 

 

 

 

 

     

 

 

 

Б.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/03514 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2019 оноос Х ХХК-ийн Т аймаг дахь З салбарын захирлаар ажилласан. Гэтэл 2022 оны 10 сарын 04-ний өдрөөс эхлэн банкны төв албанаас Ц ХХК, М.Н нарт олгосон зээлийн асуудлаар манай салбарын буюу миний ажил үүргийг шалгахаар болж, банкны үйл ажиллагаа хариуцсан захирлын 2022 оны 10 сарын 10-ны өдрийн ***** тоот тушаалаар миний ажил үүргийг зогсоож, ажлын байрнаас тодорхойгүй хугацаагаар хөндийрүүлэн шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Уг зээл олголт болон зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн асуудалд бүхэлд нь намайг буруутган банкны үйл ажиллагаа хариуцсан захирлын 2022 оны 11 сарын 22-ны өдрийн **** тоот тушаалаар цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалыг эс зөвшөөрч, зохих байгууллагуудад гомдол гаргаснаар тус шүүхийн 2023 оны 08 сарын 09-ний өдрийн 2500 дугаар шийдвэрээр тушаалыг хүчингүй болгож, цалингийн зөрүүг Х ХХК-аас гаргуулж надад олгосон. Х ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2023 оны 02 сарын 16-ны өдрийн **** тоот тушаалаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний үр дүнг дүгнэхэд 2022 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр 53,2 хувьтай гарч ажлын байрны тодорхойлолт, харилцан тохиролцсон гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт, үнэлэх аргачлалд заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг зохис ёсоор биелүүлээгүй нь ажилтны 2022 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр тогтоогдож байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх шалгалт үргэлжилсэн 2 сарын хугацаанд миний бие ажил үүргээ гүйцэтгэх ямар ч боломжгүй байсан, ингээд шалгалтын ажиллагаа дуусан 2022 оны 12 сарын 05-ны өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэж ирсэн ч урьдын адил ажиллах боломж олгоогүй. Тодруулбал, салбарын захирлын хувьд миний бие зээл шийдвэрлэх эрхгүйн зэрэгцээ төв албанаас салбарын тамгыг хураан авч, банкны үндсэн системд хандах эрхийг хаасан атлаа дээрх байдлаар үнэлсэнд гомдолтой байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 01 сарын 21-ний өдрийн Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний хоёрдугаар хавсралтаар харьяалах салбарын захирал болон салбар, тооцооны төвийн захирлын ажлын гүйцэтгэлийг үнэлэх аргачлал, түлхүүр үзүүлэлтүүдийг баталсан. Энэхүү үзүүлэлтээр 2022 оны ажлаа үнэлэхэд манай салбарын ажлын гүйцэтгэл 80 хувиас дээш гарч байгаа болно. Гэтэл төв банкнаас манай салбарын 2022 оны ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ гэрээнд зааснаас өөр үзүүлэлтүүдээр үнэлэн уг дүнгээ үндэслэл болгон миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хугацаанаас нь өмнө дуусгавар болгон цуцалсан нь үндэслэлгүй юм. Иймд Х ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2023 оны 02 сарын 16-ны өдрийн ***** тоот Б.Б-тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Б-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Х ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2023 оны 02 сарын 16-ны өдрийн Б.Б-тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай **** дугаартай тушаалтай холбоотойгоор Х ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан боловч сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй буюу тухайн асуудлыг урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Х ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2023 оны 02 сарын 16-ны өдрийн Б.Б-тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай **** дугаартай тушаал нь хуульд нийцсэн. Б.Б- нь 2019 оны 07 сарын 16-ны өдрөөс эхлэн З салбарын захирлаар ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т заасны дагуу түүнтэй Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 3.2.3, 7.1.3-т заасны дагуу Б.Б-ын 2022 оны ажлын гүйцэтгэлийг гэрээнд заасны дагуу үнэлж, 2023 оны 01 сарын 24-ний өдөр Б.Б-д цахим шуудангаар хүргүүлж танилцуулсан боловч тэрээр ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ утсаар мэдэгдсэн. Ямар учраас зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбар ирүүлэхийг хүссэн ч хариу өгөөгүй. Нэхэмжлэгчийн 2022 оны ажлын гүйцэтгэлийг гэрээнд зааснаас өөр аргачлалаар үнэлсэн гэж маргаж буй тайлбар нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1.6-д зааснаар үгүйсгэгдэж байна. Мөн нэхэмжлэгч нь ...2022 оны ажлаа үнэлэхэд манай салбарын ажлын гүйцэтгэл 80 хувиас дээш гарч байгаа... гэж дурдсан байх боловч энэ талаар ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Гэрээний хавсралт 2-т заасан дүгнэх үзүүлэлтүүд бүхэлдээ өөрчлөгдөөгүй, нийт 10 үзүүлэлтээс 3 үзүүлэлтэд л өөрчлөлт орсноос харвал 53,2 хувиас 80 хувь хүртэл өөрчлөгдөх боломжгүй юм. Ажил олгогчийн зүгээс Б.Б-н 2022 оны ажлын гүйцэтгэлийг хууль болон гэрээнд заасны дагуу үнэлсэн бөгөөд тус үнэлгээний дагуу тэрээр 2022 онд 53,2 хувийн гүйцэтгэлтэйгээр ажилласан буюу үнэлгээ нь 70 хувиас доош ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болгосон мэтээр тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй юм. Түүнчлэн, Б.Б-тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэл нь нэхэмжлэгчийн 2022 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 53,2 хувь гарсан буюу ажлын гүйцэтгэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хангалтгүй байсантай холбоотой болохоос зээл олгохдоо гаргасан зөрчилтэй хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй. Ийнхүү хамааралгүй болох нь Б.Б- нь зээл олголттой холбоотой дээрх зөрчилдөө цалин бууруулах сахилгын шийтгэл хүлээснээс тодорхой харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 3.   Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 16-ны өдрийн **** дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Б-г Х ХХК-ийн З салбарын захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, Х ХХК-аас 22,251,160 төгрөгийг гаргуулж Б.Б-д олгож, Б.Б-н эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг Х ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар Х ХХК-аас 339,046 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Б.Б- нь 2019 оны 07 сарын 16-ны өдрөөс эхлэн Х ХХК-ийн З салбарын захирлаар ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т заасны дагуу түүнтэй Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан. Улмаар Б.Б- нь гэрээний 3.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний 7.1.3-т зааснаар түүний ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь 70 хувиас доош байсан учраас ажил олгогчийн зүгээс гэрээний үр дүн, гүйцэтгэлийг хангалтгүй гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.1-т заасныг үндэслэн Б.Б-тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

4.2.  Мөн гэрээний 7.1.1-т заасны дагуу салбар, тооцооны төвийн захирлуудын 2022 оны ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ 10 үзүүлэлтүүдээс 3 үзүүлэлтэд өөрчлөлт оруулсан бөгөөд энэ тухайгаа З салбарын захирал Б.Б-д бусад захирлуудын адил 2023 оны 01 сарын 24-ний өдөр и-мэйлээр мэдэгдсэн болох нь шүүхээс тус и-мэйлд хийсэн үзлэгээр баталгаажиж байгаа. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дугаар талд ...ажилтан Б.Б-д гэрээний 2 дугаар хавсралтад өөрчлөлт оруулах саналыг урьдчилан бичгээр мэдэгдээгүй байна. Б.Б-н 2022 оны ажлын гүйцэтгэлийг гаргаж, 2023 оны 01 сарын 24-ний өдөр и-мэйлээр хүргүүлсэн байдлыг Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний 7.1.6-д заасан дүгнэх үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлсэн гэж үзэж боломжгүй байна гэж дүгнэсэн нь бодит байдал нийцэхгүй байхаас гадна хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.3.  Нэхэмжлэгч нь 2022 оны ажлын гүйцэтгэлийг 2021 онд үнэлсэн аргачлалаар үнэлвэл манай салбарын ажлын гүйцэтгэл 80 хувиас дээш гарах байсан гэж маргадаг боловч нэхэмжлэгч тал энэ тайлбараа нотолж чадаагүй, харин хариуцагч тал аль ч аргачлалаар үнэлсэн Б.Б-н 2022 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 70 хувиас доош гарах байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үеэр тайлбарлаж байсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал няцааж чаддаггүй билээ. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зохигчийн эдгээр тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд энэ нь шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

4.4.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дугаар талд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2.1-т Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-нд ажлын эцсийн үр дүн, хүлээх үүрэг хариуцлага, гэрээг дүгнэх журмыг тусгахаар заасан тул ажил олгогч нь ажил дүгнэх үзүүлэлтүүдэд оруулах саналыг ажилтанд бичгээр мэдэгдэж, саналыг ажилтан зөвшөөрч, эсхүл талууд харилцан тохиролцож, өөрчлөлт оруулах нь хуульд нийцнэ" гэж дурдсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-нд энэ хуулийн 49.1-д заасан нөхцөлөөс гадна дараах нөхцөлийг тусгаж болно" гээд 65.2.1-т ажлын эцсийн үр дүн, хүлээх үүрэг хариуцлага, гэрээг дүгнэх журам гэж заасан буюу 65.2.1 дэх заалт нь ажил олгогчид үүрэг болгосон бус, харин эрх олгосон зохицуулалт болно. Тодруулбал, анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2.1-т заасан ажил олгогчид эрх олгосон зохицуулалтыг үүрэг болгосон зохицуулалт мэтээр буруу тайлбарлаж хэрэглэсэн байхаас гадна ажил олгогчоос ажилтны ажлын гүйцэтгэлийг дүгнэх үзүүлэлтэд өөрчлөлт оруулахдаа уг саналаа ажилтанд мэдэгдэх, энэ саналыг нь ажилтан зөвшөөрч, талууд харилцан тохиролцох гэсэн хуульд заагаагүй шаардлагыг бий болгож, хуульд заагаагүй шаардлагыг ажил олгогч биелүүлээгүй гэдэг үндэслэлээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна. Түүнчлэн, анхан шатны шүүх ...ажил олгогч тухайн жилийн төлөвлөгөөтэйгөө уялдуулан ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэлийг үнэлэх аргачлалыг өөрөө тогтоох эрхгүй, харин ажилтан бүртэй заавал харилцан тохиролцох ёстой гэжээ. Гэтэл Х ХХК-ийн хэмжээнд нийт 70 гаруй салбар, тооцооны төв үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэтэл анхан шатны шүүх ажил олгогч ажлын гүйцэтгэлийг үнэлэх аргачлалд өөрчлөлт оруулахдаа ажилтны зөвшөөрлийг заавал авах мэтээр дүгнэсэн байгаа нь ажил олгогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

4.5.  Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.5-д заасныг үндэслэн ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар Б.Б-д ажлаас чөлөөлөх талаар 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдээгүй гэж дүгнэсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах огт өөр, тусдаа бие даасан үндэслэлийг энэ хэрэгт хамаатуулан, 80.1.2-т заасныг үндэслэл болгон ...хариуцагч Х ХХК-ийг нэхэмжлэгч Б.Б-д Ц ХХК-д олгосон зээлийн эргэн төлөлттэй холбоотой ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгоогүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь зохигчдын хоорондох маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй, хэрэглэх ёсгүй хэм хэмжээг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглээтэй холбоотой өөрчлөлт оруулах үгүйсгэх зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэлд ямар нэгэн өөрчлөлт оруулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хүрээнд тухайн гэрээг цуцалсантай холбоотой маргааныг авч хэлэлцсэн. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр талуудын хооронд байгуулсан гэрээний 7.6-д заасны дагуу гүйцэтгэх захирлын орлогч буюу иргэдийн банк хариуцсан захиралд тухайн нөхцөлийг бичгээр мэдэгдсэн гэдгийг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй гэж хариуцагч талаас гомдол гаргасан. Тухайн гэрээний зорилго нь уг ажлыг гүйцэтгэх шалгуур үзүүлэлтэд тусгай болзол, шаардлага тавих ёстой. Мөн тухайн үр дүнгээ тодорхой хугацаанд гүйцэтгэж, үнэлгээ тодорхой түвшнээс өндөр байсан тохиолдолд дахин сонгогддог. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тухайн гэрээг үнэлэх, шалгуур үзүүлэлтээ нэг бүрчлэн тохиролцож, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрчлөгдсөн шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн нь үндэслэлгүй гэх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Онцгой нөхцөл бүхий гэрээнд заасан өөрчлөлтөө мэдэгдсэн цагаас хойш 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн өөрчлөгдсөн шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд асуудал байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар тухайн нөхцөл байдлыг талуудад бичгээр мэдэгдэх, харилцан тохиролцох гэх мэт хөдөлмөрийн хуульд заасан суурь зарчим, ажилтны эрх ашигтай холбоотой заалтуудад дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 65 дугаар зүйлийн 65.4.2-т заалтуудад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан, урьд эрхэлж байсан З салбарын захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-4, 31-35/

Нэхэмжлэгчийн тодорхойлсон ...Хны үйл ажиллагаа хариуцсан захирлын 2023 оны 02 сарын 16-ны өдрийн Б.Б-тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай **** тоот тушаалыг хүчингүй болгох... шаардлага нь бие даасан шаардлага бус харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тус шаардлагыг шийдвэрлэсэн хэсгийг хассан өөрчлөлтийг оруулна.

 3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  Талууд 2022 оны 01 сарын 21-ний өдөр Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогч Х ХХК нь ажилтан Б.Б-г З салбарын захирлын ажил, албан тушаалд ажиллуулж, цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангахаар харилцан тохиролцсон. /хх 8-12/

3.2.  Улмаар Х ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2023 оны 02 сарын 16-ны өдрийн **** тоот тушаалаар З салбарын захирал Б.Б-тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 03 сарын 17-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. /хх 14, 15/

3.3.  Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4, 65.4.1, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.7, 8.4.2, 8.4.3, 16 дугаар зүйлийн 16.1.8, ажилтантай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.3.7, 3 дугаар зүйлийн 3.2.3, 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг баримталсан бөгөөд тушаалд ...гэрээний үр дүнг дүгнэхэд 2022 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр 53.2 хувьтай гарч ажлын байрны тодорхойлолт, харилцан тохиролцсон гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт, үнэлэх аргачлалд заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй... гэсэн үндэслэлийг тусгасан. /хх 15/

3.4.  Ажил олгогч Х ХХК-ийн зүгээс З салбарын захирал Б.Б-н ажил үүргийг 2022 оны 10 сарын 10-ны өдөр зогсоож, ажлын байрнаас тодорхойгүй хугацаагаар хөндийрүүлэн Ц ХХК-д олгосон гэх зээлийн асуудлыг шалгаж, сахилгын шийтгэл ногдуулсан. /хх 2, 106, 108, 101-102/

3.5.  Ажил олгогч Х ХХК-ийн зүгээс З салбарын захирал Б.Б-н 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны гүйцэтгэлийг үнэлэхдээ 2021 оны 01 сарын 21-ний өдрийн Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний 2-р хавсралтаар баталсан гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт, үнэлэх аргачлалын дагуу үнэлээгүй. /хх 54, 84/

4.   Дээрхээс үзвэл ажил олгогч Х ХХК нь ажилтан Б.Б-н ажил үүргийг 2022 оны 10 сарын 10-ны өдөр зогсоож, ажлын байрнаас тодорхойгүй хугацаагаар хөндийрүүлсэн атлаа З салбарын захирлын 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны гүйцэтгэлийг үнэлсэн, мөн ийнхүү үнэлэхдээ 2021 оны 01 сарын 21-ний өдөр байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний 2-р хавсралтаар баталсан гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт, үнэлэх аргачлалын дагуу үнэлээгүй болох нь тогтоогдсон гэж дүгнэхээр байна.

Иймд Х ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2023 оны 02 сарын 16-ны өдрийн **** тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. /хх 14, 15/

Энэ талаархи анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2, 3-т /6 дахь догол мөр/ тусгагдсан дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 5.   Хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлын тухайд.

5.1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонтой холбоотой маргаан нь мөн зүйлийн 158.2-т зааснаар ажилтан өөрөө сонгох харьяалалтай маргаан байх тул ...урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмын хэрэгжүүлээгүй... гэх татгалзал үндэслэлгүй.

5.2.  Ажил олгогч Х ХХК-ийн зүгээс ажилтан Б.Б-д 2023 оны 01 сарын 23-ны өдөр цахим шуудангаар З салбарын захирлын 2022 оны гүйцэтгэлийг өөрчилж, шинэчилсэн гүйцэтгэлийн үзүүлэлт, үнэлэх аргачлалын дагуу үнэлсэн тухай мэдэгдсэнийг талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 01 сарын 21-ний өдөр Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний 7.1.2-т зааснаар гэрээний 2-р хавсралтад тусгагдсан үзүүлэлтүүдийн дагуу үнэлсэн гэж үзэхгүй, мөн 7.1.6-д зааснаар дүгнэх үзүүлэлтүүдийг өөрчилж, шинэчилснийг ажилтанд урьдчилан бичгээр мэдэгдсэн гэж үзэхгүй тул холбогдох давж заалдах гомдлыг хангахгүй. /хх 157-162/

 6.   Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасантай нийцжээ.

 7.   Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/03514 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.02.16-ны өдрийн **** дугаар тушаалыг хүчингүй болгож, ... гэснийг хасч,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Х ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 339,407 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

  

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 Д.НЯМБАЗАР