Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 391

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амундарь,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч З.Намжилмаа, түүний өмгөөлөгч Д.Данзандорж,

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.М-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0973 70046  дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Ц.М, 1990 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Од төв ХХК-д галч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Хэнтий аймгийн Батширээт сумын 2 дугаар баг Барх гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Скай тауны урд замд Тоёота Приус маркийн 43-23 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.13, 12.2, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч З.Намжилмааг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ц.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 2.800.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэв.

Хохирогч З.Намжилмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 28-ны орой 21 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад гэр рүүгээ орох гээд зам гараад явж байсан. Номингийн урд замаар эхний машиныг өнгөрөөгөөд гараад явж байтал хажуу талаас гэнэт хурц гэрэл туссан. Намайг харахад хол зайтай харагдсан. Тэгээд маш хурдан ирээд мөргөсөн. Хэсэг хугацааны дараа ухаан орсон чинь би таныг дайрчихлаа гээд байсан. Мөн гар утас руугаа хараад “чамаас болоод хүн дайрчихлаа” гээд орилоод байсан. Тэгээд би хурдан түргэн дуудаад өг гэж хэлсэн. Миний гар утас замын боржур дээр унасан байсан. Өрөөсөн гутал олдоогүй. Эмнэлэгт хүргэгдээд нөхрийгөө дуудсан. Гэтэл нөхөр маань тэр хүн хурд хэтрүүлээд явж байсан байна гэж хэлж байсан. Мөргүүлсний дараа энэ хүн ирээд намайг түшээд босгоход машинаас нь нэлээн хол зайтай унасан байсан. Миний  хувьд гомдолтой байна. Энэ хүн эмнэлэгт 2-3 удаа эргэж ирсэн. Ирэхдээ юу ч ярьдаггүй, уйлаад суучихдаг байсан. Утсаар ярихаар байгаа байхгүй нь мэдэгдэхгүй дуугүй байдаг байсан. Би энэ ослоос болж ажлаа хийгээгүй тул 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин нэг сард 700.000 төгрөг нийт 2.100.000 төгрөг, ээж маань намайг асарч байсан тул ээжийн цалин 1.669.500 төгрөг, эмчилгээний төлбөр 780.050 төгрөг, унааны зардал 100.000 төгрөг, гутал, куртик, утасны үнэ 770.000 төгрөг нийт 5.419.550 төгрөг нэхэмжилж байна. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

Хохирогч З.Намжилмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би эхлээд зүүнээс баруун чиглэлийн урсгалыг хөндлөн гараад дараагийн баруунаас зүүн чиглэлийн урсгал руу ороод алхаад явж байтал баруун гар талаас маш их хурдтай машин ирээд намайг мөргөчихсөн. Би машинд мөргөгдөөд урд копут дээр нь унаад машиныг даваад уначихсан. Намайг мөргөсөн жолооч “би гар утсаараа яриад яарч яваад таныг харалгүй мөргөчихлөө” гээд байсан. Тэгснээ нэг хүнтэй яриад “чамаас болоод би хүн мөргөчихлөө хүрээд ир” гээд дуудаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14197 дугаартай дүгнэлт:

1. З.Намжилмаагийн биед умдаг ясны баруун дээд, доод салааны хугарал, нүүрний зүүн болон баруун, зүүн шуу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 61/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-21/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №282 дугаартай дүгнэлт:

  1. Тоёота Приус маркийн 43-23 УНВ улсын дугаартай автомашины жолооч М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино.” 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Зоригтбаатарын Намжилмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  3. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов...гэх магадлагаа /хх-73/, шүүгдэгч Ц.М-ийн мэдүүлэг /хх-ийн 27/, гэрч Ц.М-ийн мэдүүлэг /хх-ийн 54/, өвчний түүх /хх-ийн 69/, яллагдагч Ц.М-ийн мэдүүлэг /хх-ийн 80/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 83/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 84/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 91/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.М нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Скай тауны урд замд Тоёота Приус маркийн 43-23 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.13, 12.2, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч З.Намжилмааг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Хохирогч З.Намжилмаагийн: “...би эхлээд зүүнээс баруун чиглэлийн урсгалыг хөндлөн гараад дараагийн баруунаас зүүн чиглэлийн урсгал руу ороод алхаад явж байтал баруун гар талаас маш их хурдтай машин ирээд намайг мөргөчихсөн. Би машинд мөргөгдөөд урд копут дээр нь унаад машиныг даваад уначихсан. Намайг мөргөсөн жолооч “би гар утсаараа яриад яарч яваад таныг харалгүй мөргөчихлөө” гээд байсан. Тэгснээ нэг хүнтэй яриад “чамаас болоод би хүн мөргөчихлөө хүрээд ир” гээд дуудаад байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч З.Намжилмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин нэг сард 700.000 төгрөг нийт 2.100.000 төгрөг, ээж маань намайг асарч байсан тул ээжийн цалин 1.669.500 төгрөг, эмчилгээний төлбөр 780.050 төгрөг, унааны зардал 100.000 төгрөг, гутал, куртиик, утсны үнэ 770.000 төгрөг нийт 5.419.550 төгрөг нэхэмжилсэн болно.

Хавтаст хэргийн 35-36-р талд авагдсан нотлох баримтуудаар 341.750 төгрөгийн эмчилгээний баримттай өөр баримтгүй, хохирогчийн ээж болох Б.Оюунцэцэг нь ажилгүй охиноо харж байсан гэсэн боловч хавтаст хэргийн 45-46-р талд нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар цалингаа авч байсан болох нь тогтоогдож байх тул гэм буруутай этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин хохирогч З.Намжилмаагийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 2.100.000 төгрөг, эмчилгээний зардал нь 371.750 төгрөгийн баримттай байх тул нийт 2.471.750 төгрөгийн нэхэмжлэл нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Гэвч шүүгдэгч Ц.М нь хохирогчид нийт 2.800.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.М хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүгдэгч нь торгуулийн ялыг төлөх үүрэг хүлээж байгааг шүүх хуралдаанд тайлбарлаж өгсөн учир шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ц.М-г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.М нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  1. Хэрэгт хураагдан ирсэн Ц.М-ийн №1170362 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

              7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР