Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 387

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Анармаа,                            

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар эрүүгийн 1806 0914 80413 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н.М, 1979 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 9-8 тоотод оршин суух, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах кузов засварын газарт буюу өөрийн ажил дээрээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ч.Пүрэвсүрэнг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Ч.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би энэ эрхээ эдлэхгүй мэдүүлэг өгнө. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг хоёрын буудлын хажууд авто засварын газарт өөрийн нөхөр Н.М-ийн ажил дээр маргалдсан тэр нөхөр Мөнхсүх согтуу байхаар нь би архи уулаа гэж уурлаад хамт ажилладаг хүмүүсийн архинд уруу татлаа гэж уурласан чинь нөхөр Мөнхсүх намайг түлхсэн тэр үед би тавьсан байсан хоёр машины дундуур унахдаа хураасан байсан авто машины сэлбэг нүүр дээр унасан дүгнэлтээр гарсан миний гэмтлүүд үүссэн. Надад дүгнэлтэд ямар нэгэн гомдол санал байхгүй дүгнэлт үнэн гарсан. Одоо миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал бол байхгүй манай нөхөр тухайн үед архи уудаг байсан одоо бол эмчилгээ хийлгээд уухаа больсон...” гэх мэдүүлэг. /хх 13/,

Яллагдагч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Би хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Шархадны 2 дугаар буудал дээр байдаг ажил дээрээ би хамт ажилладаг хүмүүстэй нэг шил архи хувааж уугаад байж байтал эхнэр Ч.Пүрэвсүрэн гаднаас орж ирээд намайг архи уулаа гэж уурлаад манай найз Дагмидшийрэвтэй хэрэлдэж маргалдаад байхаар нь би Пүрэвсүрэнг засч байсан машин паар хоёрын завсраар түлхэж унагаагаад тэндээс гарч зугтсан. Би дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй, тус дүгнэлт дээр бичигдсэн Ч.Пүрэвсүрэнгийн биед учирсан гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч их гэмшиж байна...” /хх 30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13260 дугаартай дүгнэлт:

  1. Ч.Пүрэвсүрэнгийн биед зүүн чамархай, хүзүү, цээжний зүүн хэсэг, хоёр гуянд цус хуралт, зүүн гуя, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, шүргэх үед үүсгэгднэ.
  3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Уг гэмтэл тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /хх-20/  Иргэний үнэмлэхний лавлага /хх-31/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 36/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах кузов засварын газарт буюу өөрийн ажил дээрээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ч.Пүрэвсүрэнг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.М-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ч.Пүрэвсүрэн нь шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н.М-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.М-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.М нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР