| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0130/Э |
| Дугаар | 173 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Г.Ганбагана,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Түвшинжаргал
Хохирогчийн өмгөөлөгч М.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б-н Бд холбогдох эрүүгийн 1809035111232 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 404 дүгээр байрны 55 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: КЮ 86080910 / Боржигон овогт Б-н Б нь:
- 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Чоко” баарны гадаа иргэн Ц.Баттулгатай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Баттулга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чоко” бааранд орж үйлчлүүлчихээд гараад дуудлагын жолоочоор машинаа бариулах гээд машиндаа хүлээгээд сууж байхад танихгүй нэг залуу ирээд машины цонхыг тогшоод байсан юм. Тэгээд намайг уулзаадахъя гэхээр нь би буугаад очтол ямар ч үгийн зөрүүгүй миний баруун талын нүд рүү гараа зангидаж нэг удаа цохьсон. Тэгэхэд би газар унатал миний дээрээс 3-4 залуучууд өшиглөөд байсан. Миний баруун талын хөмсөг сэтрээд 7 оёдол тавиулсан. Доод зовхинд 2 оёдол тавиулах шаардлагатай гэхээр нь би тавиулаагүй. Үүдэн дээд 1, доод 1 шүд эмтэрчихсэн, гарын тохой, өвдөг, хүзүү зулгарчихсан байна. Би эхлээд цохиулахад хөмсөг сэтэрсэн эсэхийг мэдэхгүй байна. Газар унаад дээрээс өшиглүүлж байхад хөмсөг сэтэрчихсэн байж магадгүй гэж бодож байна гэжээ. / хх 17-18 /
Яллагдагч Б.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Баттулгын биед гэмт учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Баттулгыг сайн мэдэхгүй. Олон жилийн өмнөөс би Баттулгын дүүг таньдаг болсон юм. Тэгээд би тэр дүүтэй нь маргалдчихсан байсан болохоор Баттулга дүүгээ өмөөрч намайг ална гэх мэтээр дарамтлаад байсан байх гэж бодож байна. Тэрнээс надад Баттулгатай маргалдаад зодолдох шалтгаан байхгүй. Баттулгатай уулзахад Баттулга намайг өөрөө түрүүлж цохих гээд байхаар нь би өрсөөд түрүүлээд цохиж зодсон юм. Надад учирсан гэмтэл, гомдол санал байхгүй. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид баримт нотолгоотой нэхэмжлэх мөнгөн хохирол байвал би төлөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ. / хх 28 /
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...”Чоко” байрны гадаа бичлэг нь 2018-08-03 03:40:00 цагаас эхэлж байх ба 03:40:48 хар өнгийн футболктой, саарал өнгийн хүрэмтэй, доогуураа хар өнгийн шорт, хар өнгийн пүүз өмссөн эрэгтэй хүн Сөүл плаза төвөөс гарч ирж байх ба 03:41:02-03:41:06 цаг хүртэл үүд хэсэгт авто машины зогсоол чиглэлд харж зогсож байв. 03:41:48 цагт уг эрэгтэй хүн автомашины зогсоол руу очиж автомашин дундуур орж байх ба 03:41:55 цагт уг эрэгтэй хүн хар өнгийн футболктой эрэгтэй хүнтэй хамт гарч ирж байх ба хар өнгийн футболктой эрэгтэй нь түүний ар хэсэгт зогсож байхад эргэж хараад гараараа цохиж байгаа нь бичигдсэн байв. 03:42:10 цагт уг хоёр эрэгтэй нь зууралдаж байгаад автомашины зогсоол хэсэг рүү унаж байх ба 03:42:19 цагт зогсоолоос хамт гарч ирэхэд шар фудболктой залуу нь хар фудболктой залууг цохиж газар унагаав. 03:42:28 цагт шар фудболктой залууг 2 удаа цохиж, 1 удаа өшиглөж байв гэжээ. / хх 14-15 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9599 дүгээр дүгнэлтэнд:
1. Ц.Баттулгын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, тархины доргилт, баруун хөмсөгний гадна булангийн няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алимын цус хуралт, зүүн тохой, баруун өвдөгний зулгаралт зэрэг гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 21 /
Шинжээч эмч М.Энхбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ц.Баттулгын биед үзлэг хийхэд шүдний ямар нэг гэмтэл тогтоогдоогүй ба зовиур хэлээгүй. Үзлэг хийх үед байсан гэмтлээр нь дүгнэлт гаргасан гэжээ. / хх 22 /
Шүүгдэгч Б.Бийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 27-28 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 31 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчийн дүүтэй маргалдсаны улмаас намайг дарамталдаг болоод олон жил болсон. 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Чоко” баарны лефтэнд тааралдаад “ Чамайг өнөөдөр ална “ гэж хэлсэн. Би очоод машины цонхыг тогшоод гараад ир гээд хүнгүй гэзар руу явсан. Араас цохих гэж байгаа юм шиг санагдаад би эргэж хараад нүүрэнд нь гараараа нэг удаа цохьсон. Зууралдаад хамт унасан. Гуя хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд хүмүүс салгасан. Би шүдэнд нь хүрээгүй. Шүдийг гэмтээгээгүй. Зүйл ангийг зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Чоко” баарны гадаа иргэн Ц.Баттулгатай маргалдан түүнийг, цохих өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: танихгүй залуу ирээд машины цонхыг тогшоод уулзаадахъя гэхээр нь би буугаад очтол ямар ч үгийн зөрүүгүй миний баруун талын нүд рүү гараа зангидаж нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Баттулгын мэдүүлэг / хх 17-18 /, ...Би Баттулгын биед гэмт учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Баттулгатай уулзахад Баттулга намайг өөрөө түрүүлж цохих гээд байхаар нь би өрсөөд түрүүлээд цохиж зодсон юм. Хохирогчид нотолгоотой нэхэмжлэх мөнгөн хохирол байвал би төлөхөд татгалзах зүйл байхгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Бийн мэдүүлэг / хх 28 /, ...”Чоко” байрны гадаа бичлэг нь 2018-08-03 03:40:00 цагаас эхэлж байх ба 03:41:55 цагт шар футболктой залуу нь хар өнгийн футболктой эрэгтэй хүнтэй хамт гарч ирж байх ба хар өнгийн футболктой эрэгтэй нь түүний ар хэсэгт зогсож байхад эргэж хараад гараараа цохиж байгаа нь бичигдсэн байв. 03:42:10 цагт уг хоёр эрэгтэй нь зууралдаж байгаад автомашины зогсоол хэсэг рүү унаж байх ба 03:42:19 цагт зогсоолоос хамт гарч ирэхэд шар фудболктой залуу нь хар футболктой залууг цохиж газар унагаав. 03:42:28 цагт шар фудболктой залууг 2 удаа цохиж, 1 удаа өшиглөж байв гэсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 14-15 /, ...Ц.Баттулгын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, тархины доргилт, баруун хөмсөгний гадна булангийн няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алимын цус хуралт, зүүн тохой, баруун өвдөгний зулгаралт зэрэг гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9599 дүгээр дүгнэлт / хх 21 /, ...2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ц.Баттулгын биед үзлэг хийхэд шүдний ямар нэг гэмтэл тогтоогдоогүй ба зовиур хэлээгүй. Үзлэг хийх үед байсан гэмтлээр нь дүгнэлт гаргасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлэг / хх 22 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан хуульд заасан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Б.Б нь цагдан хоригдоогүй болно. Хохирогч Ц.Баттулга нь эмчилгээний болон бусад зардалд нийт 4.571.000 төгрөг нэхэмжилсэн / хх 47-49 / боловч хавтаст хэрэгт авагдсан эмчилгээтэй холбоотой / хх 43, 45, 51-52 / баримтуудаар 1.056.780 төгрөгний эмчилгээ хийлгэсэн нь нотлогдож байх тул шүүгдэгч Б.Бээс гаргуулж, бусад нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй тул 2.014.220 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1.500.000 төгрөгөөр өмгөөлөгч авсан гэх боловч дээрх мөнгийг төлсөн баримт хэрэгт байхгүй байна.
Харин шүдний эмчилгээ болон ломбо хийлгэсэн тухай 640.000 төгрөгний / хх 44-45 / баримт нь / 50 дугаар хуудсанд хуулбарыг дахин хийсэн / авагдсан байна. Хохирогч Баттулга нь мөрдөн шалгалтын явцад шүд гэмтсэн талаараа мэдүүлж байсан боловч, шинжээчийн дүгнэлтээр / хх 21 / шүд гэмтсэн болох нь тогтоогдоогүй, шинжээч М.Энхбаяраас мэдүүлэг авахад / хх 22 / шүд гэмтсэн талаар зовиур хэлээгүй, үзлэг хийх үед байсан гэмтлээр нь дүгнэлт гаргасан гэжээ.
Хохирогч Ц.Баттулгад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 9599 дугаартай дүгнэлтийг танилцуулахад / хх 23 / шинжээчийн дүгнэлтэнд гомдолтой байна гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2-д зааснаар “ ... Шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, ... дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно “ гэж заасан байна. Гэтэл хохирогч Ц.Баттулга нь хүсэлт гаргаагүй байна.
Хохирогчийн өмгөөлөгч М.Цэнгүүн нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй учир прокурорт гомдол гаргаж, дахин шинжээч томилсон, хохирогч өөрөө очиж үзүүлээгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч дээрх баримт хэрэгт авагдаагүй болно.
Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас дахин хагалгаа хийлгэх шаардлагатай тул хохирлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Баттулга дүүтэйгээ маргаснаас болж намайг дарамталж “ Өнөөдөр чамайг ална “ гэж хэлсэн. Намайг Ц.Баттулга өөрөө түрүүлж цохих гээд байхаар нь би өрсөөд түрүүлж цохьсон гэж мэдүүлсэн нь нотлогдоогүй, камерын бичлэгээр өөрөө / хх 14-15 / эхэлж цохьсон болно.
Мөн хохирогч Ц.Баттулга мөрдөн шалгалтын явцад “ Би газар унатал миний дээрээс 3-4 залуучууд өшиглөөд байсан. Тэгээд би зугтаагаад “Чоко” баарны 1 дүгээр давхар руу ороход хамгаалагч нар байгаагүй ба тэр залуучууд миний араас хөөж ирээд дахиад тал талаас цохиод, нэг залуу хоолой боогоод байсан. Намайг зодож байхдаа “чамайг ална. Газар үзүүлнэ. Наадахаа машинд хийгээд аваад явчих” гээд байсан юм. Тэгэхээр нь би зугтаагаад машинуудын дунд орж нуугдаж байгаад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирэх хооронд тэр залуучууд зугтаачихсан байсан “ гэж мэдүүлсэн / хх 17-18 / боловч эдгээр байдлууд нотлогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогтой Б-н Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.5, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Б.Бээс 1.056.780 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Баттулгад олгож, нэхэмжлэлээс 2.014.220 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашдын эмчилгээний болон бусад зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ