Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 124/2019/0001/З |
Дугаар | 221/МА2019/0261 |
Огноо | 2019-05-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2019/0261
Э.Б-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ж нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Э.Б-гийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-гийн Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Б-г Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага бүхий гуравдагч этгээдийн Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 34 дугаартай тогтоолыг хүчингүй болгож” тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...хамгийн өндөр оноо авсан Э.Б намайг нэр дэвшүүлэх үүргийг Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл нь шүүхийн шийдвэрийн дагуу хүлээсэн юм. Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн дагуу шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Тиймээс нэхэмжлэгч миний зүгээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажлын хүрээнд гарсан эрх бүхий этгээдийн шийдвэрийг хариуцагч биелүүлэхгүй байгаа хууль бус үйлдлийн талаар нэхэмжлэл гаргасан юм. Шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргэн үргэлжилж байгаатай холбоотойгоор хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс аливаа маргаан гаргаагүй. Тиймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж байгаа гэж тооцогдох ба хууль ёсны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмын хүрээнд гарсан Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн шийдвэрийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч дээрх үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалздаг ба үүнийг анхан шатны шүүх үл харгалзан хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоолоор[1] тус аймгийн Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байранд өрсөлдөж тэнцсэн нэр бүхий иргэдийг Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэсний дотор нэхэмжлэгч Э.Б байх бөгөөд уг сонгон шалгаруулалтад Н.Ганхөлөг нь хамгийн өндөр оноо авсан байна.
Нэхэмжлэгчээс Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “...шалгаруулалтад Н.Ганхөлөгийг бүртгэсэн бүртгэл нь хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигчдийг бүртгэсэн болон нэр дэвшүүлсэн 38 дугаар тогтоолуудын Н.Ганхөлөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчдээс тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж байгаа хүнийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаар захирамжаар[2] хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Уг шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед нэхэмжлэгч нь Увс аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/35 дугаар захирамжаар[3] тус аймгийн Түргэн сумын Дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, улмаар уг албан тушаалд зарлагдсан сонгон шалгаруулалтад орж тэнцэн мөн Засаг даргын тухайн оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/59 дүгээр захирамжаар[4] дээрх сургуулийн захирлаар томилогдсон байна.
Ийнхүү нэхэмжлэгчийг Түргэн сумын Дунд сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд зарлагдсан сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан гуравдагч этгээд С.Д-ыг Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 34 дүгээр тогтоолоор[5] уг албан тушаалд нэр дэвшүүлсэн байх бөгөөд хариуцагчийн мөн өдрийн Б/24 дүгээр захирамжаар[6] гуравдагч этгээдийг тухайн албан тушаалд томилж шийдвэрлэжээ.
Аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар[7] С.Батсүхийг шүүхийн шийдвэрээр өмнөх ажилдаа эгүүлэн томилогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 46 дугаар захирамжийн дагуу 215 дугаар тогтоолоор үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Э.Б нь Түргэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон гэх үндэслэлээр дуусгавар болгосон 11/358 дугаар тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаар тогтоолоор[8] хүчингүй болгожээ.
Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор[9] нэхэмжлэгчийг маргаж буй албан тушаалд эгүүлэн томилуулахаар нэр дэвшүүлсэн гэх үндэслэлээр гуравдагч этгээдийг нэр дэвшүүлсэн тус зөвлөлийн 2017 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болгож, 35 дугаар тогтоолоор[10] Э.Б-г Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “хариуцагч шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан, энэ маргаан нь шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн” хэмээн тайлбарлаж, анхан шатны шүүхийг буруутгажээ.
Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, Улсын Их Хурлын 2003 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 39-д “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна”, 40-т “Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй...” гэж тус тус зааснаас үзвэл Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэрээр удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад орсон иргэн 2 жилийн хугацаанд тухайн албан тушаалд томилогдохоор нэр дэвшигдэх эрхтэй байна.
Хэдийгээр нэхэмжлэгчээс “шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан” хэмээн тайлбарлах боловч хариуцагчийн шүүхэд гаргасан “удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэлгүй иргэнийг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь хууль бус” гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, Э.Б нь Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байх бөгөөд уг үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй тул түүнийг уг өдрөөс 2 жилийн хугацаанд Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшигдэх боломжтой гэж үзэхээр байна.
Гэтэл хариуцагч салбар зөвлөл нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасан “төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаархи дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх;” гэж заасныг зөрчсөн, уг журамтай нийцэхгүй байх төдийгүй Э.Б нь өөрийнх нь томилогдох ёстой гэх албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж байгааг мэдсэн нь түүний 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан өргөдлөөр тогтоогдох ба уг журмын дагуу өөрийн нэрийг дэвшүүлэх хүсэлт гаргах эрхээ эдлээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй юм.
Мөн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж болохоор хуульчилжээ.
Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл нь маргаан бүхий 35 дугаар тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар албан бичгээр хариуцагч Түргэн сумын Засаг даргад хүргүүлснийг хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/143 дугаар албан бичгээр “хүлээн авах боломжгүй” талаар хариу өгсөн байна.
Дээрхээс дүгнэж үзвэл хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй ба Э.Б нь Түргэн сумын Засаг даргад маргаж буй 35 дугаар тогтоолыг биелүүлэх талаар хандсан гэх баримт байхгүй, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагч ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.
Гуравдагч этгээд С.Д нь Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлага гаргасан бөгөөд үүнийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хариуцагчаас давж заалдах гомдол гаргаагүй тул уг хэсэгт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] Хавтаст хэрэг 38 хуудас
[2] Хавтаст хэрэг 5 хуудас
[3] Хавтаст хэрэг 21 хуудас
[4] Хавтаст хэрэг 22 хуудас
[5] Хавтаст хэрэг 56 хуудас
[6] Хавтаст хэрэг 52 хуудас
[7] Хавтаст хэрэг 20 хуудас
[8] Хавтаст хэрэг 68 хуудас
[9] Хавтаст хэрэг 53 хуудас
[10] Хавтаст хэрэг 111 хуудас