Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 007/2015/0009/з |
Дугаар | 001/ХТ2016/0176 |
Огноо | 2016-05-16 |
Маргааны төрөл | Газар, Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2016/0176
2016 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 001/ХТ2016/0176 | Улаанбаатар хот |
“Сантранс монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзул, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 146 дугаар магадлалтай, “Сантранс монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Сантранс монгол” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2011 оны А/54 дүгээр захирамжаар зарласан тус сумын Замыншанд багийн Ханги боомтын орчимд газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцож, 2,8 тэрбум төгрөгийн үнийн саналаар ялагч болж, дуудлага худалдааныг төлбөрийг бүрэн төлсөн тул сумын Засаг дарга А/140 дүгээр захирамжаар тус 279 га газрыг 15 жилийн хугацаатай “гаалийн хяналтын талбайн цогцолбор, конвейрийн зориулалтаар” эзэмших эрхтэй болсон. Бид БНХАУ-ын холбогдох этгээдтэй хамтран 2 улсын хооронд нүүрс экспортлох конвейр барьж ашиглалтад оруулахаар зорьж 2015 онд барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Гаалийн ерөнхий газарт “Хил дамнасан туузан дамжуурга /конвейр/”-ын зөвшөөрөл хүсэхэд “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.2.6-д “хил дээрх боомт нээх, хаах, боомтын ажиллагааны горимд өөрчлөлт оруулах асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага шийдвэрлэнэ” гэж, Хилийн боомтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “боомт нээх, хаах, шинээр байгуулах, боомтын ажиллагааны горим тогтоох, түүнд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж заасан ба эрх бүхий байгууллагаас Ханги боомтын ажиллагааны горимд өөрчлөлт оруулах шийдвэр гаргаагүй тул зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн. Үүнээс үзэхэд туузан дамжуургаар бараа бүтээгдэхүүнийг улсын хил дамнуулан тээвэрлэх эрх зүйн орчин бүрдээгүй, эрх бүхий байгууллагаас холбогдох шийдвэр гараагүй байхад “гаалийн хяналтын талбай, конвейрийн зориулалтаар” газар олгох дуудлага худалдааг зохион байгуулж, үүний улмаас манай компани 2,8 тэрбум төгрөгөөр хохироод байна. Нэгэнт тухайн газрыг туузан дамжуургын зориулалтаар ашиглах эрх зүйн боломж анхнаасаа байхгүй байхад Засаг дарга конвейрын зориулалтаар газрыг олгосон, бодит байдалд тухайн зориулалтаар нь ашиглах боломжгүй байх тул Засаг даргын захирамж зорилгодоо нийцээгүй захиргааны акт болно. Иймд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/54 дүгээр захирамж, мөн оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/120, 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/140 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, дуудлага худалдааны үнэд төлсөн 2,8 тэрбум төгрөгийг буцаан олгохгүй байгааг хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сантранс монгол” ХХК 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10/3 дугаар албан бичгээр “Ханги боомт дээр 279,9 га газар барилга барих зөвшөөрөл хүссэн” хүсэлтийг гаргасан. Үүний дагуу Засаг дарга тухайн газрыг “гаалийн хяналтын талбайн цогцолбор, конвейрын зориулалтаар” олгохоор дуудлага худалдаа зохион байгуулсан. Дуудлага худалдаанд “Сантранс монгол” ХХК ялагч болж, тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч тухайн газрыг “туузан дамжуургын зориулалтаар” ашиглах бус “гаалийн хяналтын цогцолбор, конвейрын зориулалтаар” ашиглах боломжтой юм. Харин Ханги хилийн боомтоос “Сантранс Монгол” ХХК-д олгосон 279 га газар нь хилийн зурвас хүртэлх 412 метр газар нь төрийн өмч бөгөөд хил дамнасан туузан дамжуургын зориулалтаар шууд ашиглах ямар ч боломжгүй, энэ талаар нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан. Нэхэмжлэгч өөрийн эзэмшдэг газартаа гаалийн хяналтын цогцолбор барих эрх нь нээлттэй, газраа зориулалтын дагуу ашиглах эрх зөрчигдөөгүй тул дуудлага худалдааны 2,8 тэрбум төгрөгийг буцаан өгөх эрх зүйн үндэслэлгүй” гэжээ.
Гуравдагч этгээд “Хангимандал транс” ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Сантранс монгол” ХХК-д “гаалийн хяналтын цогцолбор, конвейрын зориулалтаар эзэмшүүлсэн 279 га газраас 139.5 га газрыг манай компани хамтран ажиллах гэрээ хийгдэж, газрын тавин хувийг хөрөнгө оруулалтын баталгаа болгож авсан бөгөөд Хатанбулаг сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/140 дүгээр захирамжаар эзэмшиж байна. Гэтэл тухайн газрыг конвейрын зориулалттай ашиглах боломжгүй нөхцөлд хүрээд байх тул газрыг буцаан олгож, дуудлага худалдаанд төлсөн мөнгөө эргүүлэн авахад бидний зүгээс татгалзах зүйлгүй” гэжээ.
Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.4, 36 дугаар зүйлийн 36.2 дахь зүйлд заасныг баримтлан “Сантранс монгол” ХХК-ийн “Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/54 дүгээр захирамж, мөн оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/120, 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/140 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, дуудлага худалдааны үнэд төлсөн 2,8 тэрбум төгрөгийг буцаан олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоон, буцаан олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 146 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхижээ.
Нэхэмжлэгч “Сантранс монгол” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3-т “газар эзэмших зориулалт, хугацааг заана” гэжээ. Энэхүү заалтын дагуу манай компани 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 10/3 дугаар албан бичгээр “битүү туузан дамжуулагч системийг гаалийн баталгаат талбай хилийн шалган нэвтрүүлэх, гаалийн хяналтын зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан. Туузан дамжуулагчийн талаарх холбогдох төсөл, судалгааг танилцуулсан. Үүнээс үзэхэд манай газар эзэмших хүсэлт зориг нь “конвейрын зориулалт” байсан нь илэрхий юм. Харин конвейрын зориулалттай олгох боломжгүй байсан бол Засаг дарга бидний хүсэлтийг хүлээн аваад татгалзах ёстой байсан бөгөөд тухайн тохиолдолд хариуцагч олгох боломжтой гэж үзэн Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, улмаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийгдсэн. Ингэхдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн газрыг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлж болохоор төлөвлөхдөө “конвейрын зориулалтаар эзэмшүүлэх” талаар дурдаагүй байсан ба ямар үндэслэл, нөхцөл байдлын улмаас конвейрын зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөөгүйг шүүх анхаарч үзээгүй, энэ талаар нотлох баримт цуглуулаагүй. Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Газрын дуудлага худалдаа явуулах журмын 7-д “дуудлага худалдааны зар мэдээг уг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ”, 10.4-т “газар эзэмших, ашиглах зориулалт хугацаа” гэж заасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд конвейрын зориулалтаар төлөвлөгөөг батлаагүй болохыг бид тухайн үед мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 9 газрыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулахаар хүргүүлснээс хилийн боомтын 7 газрыг батлалгүй орхиж, сумын төв дэх 2 газрыг баталсан байдаг. Харин жилийн дараа буюу 2011 онд хилийн боомтын газрыг баталсан ба манай компанийн хувьд конвейрын зориулалтыг зөвшөөрөөгүй байсан. Засаг дарга дуудлага худалдаа зохион байгуулах болсноо мэдэгдсэний дагуу оролцсон. ...Манай компани Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Дорноговь аймагт салбар төлөөлөгчийн газар байхгүй бөгөөд тухай бүр Засаг даргатай утсаар холбогдож мэдээлэл авсны үндсэн дээр дуудлага худалдаанд оролцсон. Дуудлага худалдааны журмын 10.5-д “техникийн нөхцлүүд болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг зар мэдээнд тусгах”-аар заасан. Гэвч техникийн нөхцөл, мэргэжлийн байгууллагын дүгнэлт хийгдээгүй байсан ба энэ дүгнэлт хийгдсэн байсан бол ийм маргаан үүсэх нөхцөл байдал үүсэхгүй юм. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
“Сантранс Монгол” ХХК-иас 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10/3 дугаар албан бичгээр “Ханги боомтын нэвтрүүлэх хүчин чадал хангалтгүйгээс нүүрс тээврийн хүнд даацын автомашины бөөгнөрөл үүсэж, экспортын эргэлтэнд сөрөг нөлөө үзүүлдэг, ...тул битүү туузан дамжуулагч системийг гаалийн баталгаат талбай, хилийн шалган нэвтрүүлэх, гааль, мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа явуулах ажлын байр болон ажилчдын дотуур байр, авто зогсоол бүхий цогцолбор барих хүсэлтэй байх тул 279,9 га газар эзэмших олгох өгнө үү” гэсэн хүсэлтийг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад гаргажээ.
Улмаар Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Сумын газар зохион байгуулалтын 2010 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 10/4 дүгээр тогтоолоор “Ханги боомтод 4 га газрыг ачаа тээвэр ачиж буулгах механижсан талбайн” зориулалтаар, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “2011 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 18 дугаар тогтоолоор “Ханги боомтын орчинд 279 га газрыг гаалийн хяналтын талбайн цогцолбор”-ын зориулалтаар тус тус иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэхээр төлөвлөж, Хатанбулаг сумын Засаг дарга 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар тухайн газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулсан байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасан аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг сумын Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй, ингэхдээ батлагдсан “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдсан байршил, хэмжээ, зориулалтаар газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж, ашиглуулах ажлыг зохион байгуулах учиртай.
Гэтэл Хатанбулаг сумын Засаг дарга 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/120 дугаар захирамжийн дагуу дуудлага худалдааны ялагч “Сантранс монгол” ХХК-д маргаан бүхий 279 га газрыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй буюу “конвейрын” зориулалтаар эзэмшүүлснийг өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байхад үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.
Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Газрын нэгдмэл санг газар ашиглалтын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан ангилна” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.6-д заасан “улсын тусгай хэрэгцээний газар”-т “улсын хилийн зурвас” хамаарахаар мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т тус тус заажээ.
Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “Улсын хил хамгаалах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг хилийн бүс гэнэ. Түүний өргөнийг хил хамгаалах байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр улсын хилийн шугамаас 100 км-ээс илүүгүйгээр тогтооно”, 27 дугаар зүйлийн 1-д “Улсын хилийн бүсэд хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны зориулалттай хилийн инженер, техникийн байгууламж барих зорилгоор улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр Улсын хил хамгаалах байгууллагаас тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ” гэж тодорхойлжээ.
Маргаан бүхий 279 га газрын байршлын схем зургаас үзэхэд Ханги боомтоос 412 м, улсын хилийн шугамаас дотогш 417-780 метр зайтай байх бөгөөд тухайн газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, гаалийн хяналтын талбайн цогцолбор, конвейрын үйл ажиллагаа явуулах боломжтой эсэхийг хариуцагч зохих мэргэжлийн байгууллагуудаас тодруулга, дүгнэлт авалгүй, техникийн нөхцөл хийлгэлгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулж, “Сантранс монгол” ХХК-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтын дагуу Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 10-ийн 8-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасан бүрэн эрхээ Хатанбулаг сумын Засаг дарга буруу хэрэгжүүлсэн дээрх нөхцөл байдал маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болох тул “Сантранс монгол” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 146 дугаар магадлалыг Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийг баримтлан “Сантранс монгол” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/54 дүгээр захирамж, “Газар эзэмшүүлэх тухай” 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/120, мөн оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/140 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, дуудлага худалдааны үнэд төлсөн 2,8 тэрбум төгрөгийг буцаан олгохгүй байгааг хууль бус болохыг тогтоож, олгохыг хариуцагч Хатанбулаг сумын Засаг даргад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН