Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 01

 

Ган-Илч ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 139/ШШ2016/000116 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ган-Илч ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Угтахбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Баярхүүд холбогдох,

8318080 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, цалин 600.000 төгрөг, эрсдлийн сангийн хуримтлал 500.000 төгрөг, нийт 1100000 төгрөг, нийгмийн даатгалын  дэвтэр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Угтахбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал, хариуцагч Ц.Баярхүү, нарийн бичгийн дарга О.Мөнх-Оргил нар оролцов.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Угтахбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цагаан овогтой Баярхүү нь Ган-Илч ХХК-д 2014.03.24-2015.08.01-нийг дуусталх хугацаанд хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байсан бөгөөд өөрийн хариуцаж, ашиглаж байсан 53-71ДУА улсын дугаартай автомашиныг жолоодон 2015.03.13-ны өдөр Таван толгой ХХК-аас нүүрс тээвэрлэн ирэх явцдаа уурхайгаас 25 км-т автомашины турбин эвдэрсэн гэдгийг компаний удирдлагад утсаар мэдэгдсэн. Удирдлагын зүгээс тухайн газраа хүлээж байх үүрэг өгч эвдэрсэн сэлбэг хэрэгслийг аваад тусгай унаа, засварын баг гарган тосч очих хооронд жолооч Баярхүү нь өөрөө дур мэдэн машинаа унан уг газраас нааш 90 км Олдохын тал хүртэл явсанаас үүдэн уг автомашины мотор цохиж, блокоо хагалсан байдалтай зогсож байсан. Уг автомашины хувьд 2014.02.15-нд БНХАУ-ын Эрээн хотын Вей Лунг компанид засвар хийлгэсэн ба блок, тахир гол ээлжийг 24000 /хорин дөрвөн мянга/ юаниар солиулсан болно. Одоогоор эрээн хотод засвар хийлгэхэд 23800 юаны төлбөр шаардлагатай байна. /Уг төлбөр ирэх очих тээврийн болон томилолтын зардалд ороогүй болно/. Баярхүүг ирээд уулзаач гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч ирж уулзалгүй өдий хүрсэн юм. Иймд жолооч Баярхүүгээс эд хөрөнгийн  хариуцлагыг дангаар хүлээх гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 133, 135-р зүйлийг үндэслэн автомашины эвдрэлийг сэргээн засварлах төлбөр болох 8000000 /найман сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2016 оны 3 сарын 28-ны өдөр “Ган-Илч”ХХК-ний захирал О.Ганхуяг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ц.Баярхүү нь ажлаа  хийгээгүй байхдаа 05-р сарын цалингийн урьдчилгаа гэж 100000 /нэг зуун мянган/ төгрөг авсан. Эвдэрсэн машины сэлбэг хүргэж өгөхөд зарцуулсан 116х1880 төгрөг литр шатахууны /ДТ/ үнэ болох 218080 /хоёр зуун арван найман мянга наян/ төгрөг, нийт 318080 /гурван зуун арван найман мянга наян/ төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа тул нийт 8318080 төгрөгийг Ц.Баярхүүгээс гаргуулж өгнө гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Угтахбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв. Ц.Баярхүү нь 2015 оны 03 сарын 13-ны өдрийн 16 цагийн үед над руу утастаад машин болохоо байчихлаа гэж ярьсан. Тухайн үед би удирдаж байсан боловч техникийн мэдлэг маань муу учраас өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа О.Ганбаатар нь тухайн үед ерөнхий нягтлан байсан юм. Би ерөнхий нягтлантай ярьчихаад эргээд яръя гэж хэлээд утсаа тасалсан. Тухайн үед би Ц.Баярхүүгээс юу хэрэгтэй юм бэ? гэж асуухад моторын тосол, шинэ трубин авчир гэсэн. Тэгэхээр нь би эдгээр зүйлүүдийг аваад жолооч Б.Батхүрэл, Энхтөр нарын хамт компаний диккад машинд 116 литр дезил түлшийг хийж явсан. Очоод юу болсон талаар асуухад машины трубин нь болохгүй байна. Машин хүчгүй болчихлоо гэж байсан. Тэгвэл шинэ трубин авчирсан юм чинь шинэ трубинаа тавиад зүгээр болох юм уу? гэхэд тухайн үед Ц.Баярхүү нь тэгнэ гэж хэлсэн. Аймагт орж ирсний дараа Ц.Баярхүү дахиад залгасан. Машины доор юм дуугараад байна апартур юм шиг байна гэхээр нь би тэгвэл наанаа зогсож бай нягтлантай яриад эргээд холбоо баръя гэж хэлээд утсаа салгатал ерөнхий нягтлан над руу зөрүүлээд залгасан. Ц.Баярхүү надтай сая ярьсан машины доод талд нь дахиад юм дуугараад байна би энэ байтугай юмыг мэднэ машинаа асаагаад аргалаад очно гээд байна. Чи хурдан оч. Өмнө нь ингэж байгаад машины өрөнд орж байсан, доод талд нь юм дуугарч байгаа бол мотор нь бараг цохичихсон доо гэж надад хэлсэн. Ерөнхий нягтлан над руу дахиад залгаснаа чи явсан уу? Ц.Баярхүүгийн утас нь холбогдохгүй байна гэхээр нь би Ц.Баярхүү рүү залгатал бас утас нь холбогдохгүй байсан. Тэгвэл хоёулаа жи пи эсээр нь харъя гээд байршлыг хартал зогсож байсан объектоосоо хөдлөөд явчихсан байсан. Энэ тухайгаа Ц.Баярхүү тайлбартаа намайг яв гэж хэлсэн байдаг. Би яв гэж огт хэлээгүй зогсож бай гэсэн командыг өгсөн. 5 сард Ц.Баярхүү нь эргэж ирж ажиллана гэж хэлээд 100000 төгрөг авсан. Энэ хүнийг ирнэ гэж 7, 8 сар хүлээсэн. Нийгмийн даатгалын дэвтрийг нь хүртэл бөглөж байсан. Ингэж явж байгаад 8 сарын 1-ний өдөр тушаалыг нь гаргасан. Иймээс хариуцагчаас 8318080 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ц.Баярхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Баярхүү би BCDE ангилалтай жолооч мэргэжилтэй. 2014 оны 3 сарын 22-нд Ган-Илч ХХК-д 53-17 ДУА улсын дугаартай хүнд даацын NORD-BENZ маркийн машин хүлээн авч анх ажилд орсон. Уг машин нь холын тээвэрт явах шаардлага хангахгүй, тухайлбал тоормоз байхгүй, гэрэл дохионууд гадна дотногүй асахгүй, паар халаалт байхгүй зэрэг нилээд эд анги дутуу байсныг компаний удирдлагад хэлж засвар үйлчилгээг хийж одоо тээвэрт явж болно гэсний дагуу 2015 оны 3 сарын 12-ны орой Таван толгойн уурхайгаас нүүрс татахаар шөнөжин яваад 2015 оны 3 сарын 13-ны өглөө нүүрсээ ачаад өдрийн 12 цаг өнгөрч байхад Дундговь  руу хөдөлсөн. Тэгээд наашаа явж байтал Таван толгойн уурхайгаас 25 км-т яваад трубин дугарах шиг болохоор нь зогсоод трубинээ үзэхэд зүгээр байсан. Тэр дор нь трубин юм шиг байна нэг юм дугараад байна гэж инженер Угтахбаатар руу утсаар ярихад тэгвэл трубин гайгүй байгаа  юм бол наашаа хөдлөхгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд яадаг юм билээ гэж бодоод байж байтал тэнгэр муухайраад цас хаялаад шуурга шуурч эхэлсэн. Ядаж машин маань паар халаалт байхгүйг хэлхэв ерөнхийдөө даарч эхэлсэн. Тэгтэл хотоос Таван толгой орох гэж яваа гээд 3 том машин яваад ирсэн. Тэр 3 жолоочоор машинаа үзүүлэхэд трубиний дуу биш апартурын дуу байна мотор чинь зүгээр байна чи ингээд зогсоод байвал тэнгэр муухай байна хөлдөж үхнэ, яв гэсэн. Тэгээд наашаа ер  саадгүй яваад Олдохын талд орж ирээд явж байтал нэг юм тас хийж дугарсан. Зогсоод үзтэл шатуны боолт тасарч эрүү нь унасан байсан. Уг газар нь утасны сүлжээ барьдаггүй газар байсан. Гадаа цас ороод шуурга шуураад их хүйтэн байсан. Энэ үед шөнийн 22 цаг өнгөрч байсан. Цаг гаруй хугацаа өнгөрч байтал Өмнөговиос хот орох гэж яваа гээд istana маркийн машин яваад ирэхээр нь түүнд суугаад Хулд сумын урд дээр сүлжээ барьдаг газар гараад мөн л компаний удирдлага руу утсаар ярихад наанаа байж бай одоо засварын баг  явууллаа гэсэн хариу өгсөн. Тэгээд мөн л замын машинд суугаад машин дээрээ ирсэн. Тэгээд машины паар халаалт байхгүй болохоор маш их даарч хоносон. Маргааш нь буюу 2015 оны 3 сары 14-ний үдээс хойш 15 цагийн үед том жижиг 2 машинтай 6 хүн очоод машинаа Дундговь дээр чирч ирсэн.

            Нэхэмжлэгчийн зүгээс 90 км-т явж ирээд утсаар ярьсан гэж дурдсан байсан. Энэ нь худлаа анх 25 км яваад утсаар ярьсанаас нааш Олдохын тал хүртэл 140 орчим км явсан. Уг нь бол машины далд эвдрэл гэмтлийг компани хариуцах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс мотор цохисон гэж бичсэн байсан. Энэ нь худлаа мотор цохиогүй шатуны боолт хугарсны улмаас блок нь хагарсан байсан юм. Шатун нь мотор дотор далд байдаг учир жолоочтой ямар ч холбоо байхгүй. Компанид ажиллаж байх хугацаанд ойр зуурын сэлбэг хэрэгслийг өөрөө худалдан авч тавьдаг, мөн даац хэтрүүлэн ачаа ачсаны замын торгуулиуд, томилолт гэх мэтчилэн гаргах төлбөрүүдийг хувиасаа төлөөд баримтуудыг нь авчирч ня-бо Дэлгэрмаад өгөхөд төлбөр тооцоо буцаан хийгддэггүй байсан. Ер нь дүгнэж хэлэхэд урьд ажиллаж байсан жолооч нараас үндэслэлгүйгээр өр, авлага үүсгэж ажилчдын цалингаас өр авлага болгон суутгах, дээрх байдлаар төлбөр тооцоо буцаан олгогддоггүй. Ер нь энэ компанид хүний эрх, Хөдөлмөрийн тухай хууль асар их зөрчигдөх нь энэ компаний гол дутагдал юм. Хохирол гээд байгаа 8 сая төгрөгийг би төлөх ямар ч үндэслэл байхгүй. Төлье ч гэсэн тэр их мөнгийг төлөх чадваргүй гэжээ.

Хариуцагч Ц.Баярхүү шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие “Ган-Илч” ХХК-нд 2014 оны 3 сараас эхлэн жолоочоор ажилласан. Ажиллах хугацаанд миний машинд огт ээлж хийж өгөөгүй ба эвдэрсэн тохиолдолд би өөрөө засвар үйлчилгээгээ хийдэг байсан. Ажиллаж байх хугацаанд буюу миний мэдэж байгаагаар ойролцоогоор 5 сар эрсдэлийн сан гэж сар бүр 100000 төгрөг цалин дээрээс хураадаг байсан. Би хамгийн багадаа 5 сар тус бүр 100000 төгрөг хураалгаж байсан. Би үүнийгээ тус компаниас гаргуулмаар байна. Мөн намайг ажлаас гарсанаас хойш миний нийгмийн даатгалын дэвтрийг барьцаалж авчихаад буцааж өгөхгүй байгаа. Иймд би өөрийн нийгмийн даатгалын дэвтрээ гаргуулж авмаар байна. Би 2015 оны 3 сард бүтэн ажлаа хийж гүйцэтгэсэн ба 3 сарын сүүлээр миний машин эвдэрсэн гээд надад цалин өгөөгүй. Би энэ 2015 оны 3 дугаар сарын цалингаа гаргуулж авмаар байна. Нийгмийн даатгалын хэлтэст миний цалинг 3 сард 600000 төгрөгөөр тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгаа тул би ажилласан хугацааныхаа цалин болох 600000 төгрөгөө мөн гаргуулж авмаар байна гэжээ.

Нэхэмжлэгч Ган-Илч ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Угтахбаатар шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Цагаан овогтой Баярхүү нь 2016 оны 1 сарын 20-ны өдрийн сөрөг нэхэмжлэлдээ эрсдлийн санд 500000 төгрөг, 2015 оны 3 сарын цалин болон 600000 төгрөг гаргуулах тухай, мөн ажиллаж байх хугацаандаа унаж байсан машинд огт ээлж хийж байгаагүй ба өөрөө мөнгө гаргаж засдаг байсан гэж дурдсан байна. Ц.Баярхүүгийн эдгээр нэхэмжилж байгаа зүйл нь үндэслэл муу, зарим зүйлийг үгүйсгэсэн байна. Ц.Баярхүүг машинд ийм сэлбэг хэрэгсэл хэрэгтэй байна гэх бүрд зохих хэмжээгээр нь сэлбэг хэрэгсэлийг компаний зүгээс шаардах хуудсаар олгодог байсан нь баримтаар нотлогдоно. Баярхүүгээс эрсдэлийн мөнгө гэж 2014 оны 4 сард, 10 сард, 2015 оны 1 сар, 3-р сард тус бүр 100000 төгрөг буюу нийт 400000 төгрөгийг суутгасан байна. Энэ нь Ган-Илч ХХКомпаний дотоод журам, 2013 оны 10 сарын 1-ний өдрийн 01/448-р тушаалын хавсралтаар ‘’жолоочоос эрсдлийн санг 500000 төгрөгөөр бүрдүүлнэ’’ гэж заасны дагуу бүрдүүлсэн. Харин ч нэхэмжлэгчээс нэг зуун мянган төгрөг дутуу бүрдүүлсэн байна. Ц.Баярхүү нь 2015 оны 3 сард гурван эрээсэнд явж 600000 төгрөгний цалин бодуулж /нийгмийн даатгалд 60000 төгрөг, ХАОАТатварт 47000 төгрөг, гэнэтийн ослийн даатгалд 11025 төгрөг, Раднаабазарын гэрийн найр 5000 төгрөг, Амирлан охинд хандив 5000 төгрөг, 3-р сарын урьдчилгаа 100000 төгрөг, 3-р сарын цалин картанд 136475 төгрөг, бензиний зээл 54500 төгрөг, эрсдлийн өнгө 100000 төгрөг, бэлнээр 81000 төгрөг/ авсан ба бүгд баримттай. Ц.Баярхүү 4-р сарын цалингийн урьдчилгаа гэж 100000 төгрөгийг Төрийн банкны дансаар шилжүүлсэн, мөн үлдэгдэл цалин болох 334400 төгрөгийг түүний картанд шилжүүлсэн болно. Ц.Баярхүүг компаний удирдлагууд удаа дараа ирж ажилдаа орохыг хүссэн боловч Ц.Баярхүү нь ажлаа хийнэ, дараа очъё, нэгдэх өдөр очно гэж удаа дараа худал хэлж өдийг хүрсэн. Ц.Баярхүүг ирж ажлаа хийнэ гэж итгэн компаниас 5,6,7 сард цалинг 192000 төгрөгөөр бодож нийгмийн даатгалын шимтгэлийг хүртэл төлж байлаа. Иймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна. Эрсдлийн сангийн мөнгө нэхэмжилсэн асуудалд нэхэмжлэгч нь Ган-Илч ХХК-д өртэй, хохирол учруулсан асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгааг дурдах нь зүйтэй болно гэжээ.

Хариуцагч Ц.Баярхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа 3 сарын цалин 600000 /зургаан зуун мянга/ төгрөг нэхэмжилсэнээ татгалзаж байна. Би эрсдлийн санд 500000 / таван зуун мянга/ төгрөг хураалгасан гэж бодож байсан боловч 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг хураалгасан байна. Иймд эрсдлийн санд хураалгасан 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөс 5 сарын цалингийн урьдчилгаа 100000 / нэг зуун мянга/ төгрөгийг суутгаж 300000 /гурван зуун мянга/ төгрөг, нийгмийн даатгалын дэвтрээ гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Угтахбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хувьд Ц.Баярхүү нь 2015 оны 3-р сарын цалингаа авсан нь баримтаар нотлогдож байгаа. Харин эрсдлийн санд хураалгасан 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, нийгмийн даатгалын дэвтрийг нь буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. Баярхүү нь 5 сард ажиллаагүй байж 5 сарын урьдчилгаа цалин гэж 100000 / нэг зуун мянга/ төгрөг авсан байсан. Эрсдлийн санд хураалгасан мөнгөнөөс үүнийг суутгах нь зүйтэй байх гэжээ.

Анхан шатны шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-д зааснаар Дундговь аймгийн Ган-Илч ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Баярхүүд холбогдох 8318080 /найман сая гурван зуун арван найман мянга наян/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Ган-Илч ХХК-аас 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Баярхүүд олгож, нийгмийн даатгалын дэвтрийг эзэмшигчид нь олгохыг Ган-Илч ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153150 /нэг зуун тавин гурван мянга нэг зуун тавин/ төгрөг,хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30949 /гучин мянга есөн зуун дөчин есөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ган-Илч ХХК-аас 9650 /есөн мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулж Ц.Баярхүүд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн томилолтын зардал болох 261000 /хоёр зуун жаран нэгэн мянган/ төгрөгийг Ган-Илч ХХК-аас гаргуулж, шинжээч Я.Жаргалсайхан, Д.Ганхуяг, П.Баясгалан нарт олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал  давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүхийн 2016 оны 4 сарын 28-ны өдрийн 139/ШШ2016/00116 дугаартай шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 сарын 28-ны өдрийн 139/ШШ2016/00116 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт  “...Ц.Баярхүүгийн буруутай үйлдлээс болж 53-71 ДУА улсын дугаартай автомашин эвдэрч байгууллагад 8000000 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 318080 төгрөгийн хувьд  нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан байх тул Ган-Илч ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэжээ. Гэтэл хэргийн материалд байгаа хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн дангаар хариуцлага хүлээх гэрээ, тухайн үйл явдал болоход удирдлагаар хангаж байсан гэрч  О.Ганбаатарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хариуцагч Ц.Баярхүү нь өөрт хариуцуулсан автомашиныг удирдлагын тавьсан зааврын дагуу ашиглалгүй улмаар доголдолтой байсан  автомашиныг хөдөлгөөнд оролцуулан явсанаар  эвдрэл гэмтэл гарсан болох нь нотлогдож байхад шүүх хэт нэг талыг барьсан нь шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзэж байна. Мөн энэхүү хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 107 тоот техникийн дүгнэлт гаргасан шинжээчийг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулж улмаар техникийн тусгай мэдлэг, мэргэжилтэй холбоотой асуулт тавьсан нь хэрэг хянан шийдвэрлэх ноцтой зөрчил болсон гэж үзэж байна. Иймд дээрх зөрчлүүдийг арилгаж хэргийг хууль ёсны үндэслэл бүхий шийдвэрлэх боломж олгон анхан шатны шүүхийн 2016 оны 4 сарын 28-ны өдрийн 139/ШШ2016/00116 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ган-Илч ХХК-ний нэхэмжлэлд тус компанитай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан жолооч Ц.Баярхүүгээс эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу хариуцаж байсан автомашин нь түүний  буруутай үйл ажиллагааны улмаас эвдэрсэн, уг эвдрэлийг байгууллагаас засварласны хөлсийг гаргуулна гэжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр нэхэмжлэлийн үнэ тодорхойлогдох талаар хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд БНХАУ-ын Эрээн хотын Вей Лунг компанид засвар хийлгэсэн ба блок, тахир гол ээлж солиход 24000 юань зарцуулсан, үүнийг тухайн үеийн юанын ханш 314.30 төгрөгөөр  /лавлагаа- хэргийн 9 дүгээр тал / тооцож нэхэмжилнэ гэснээс үзвэл 7543200 төгрөг байхаар тооцоо гарч байна. Гэтэл нэхэмжлэгч 8000000 төгрөг нэхэмжилсэн нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шүүх шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэхдээ илүү нэхэмжилсэн 456800 төгрөгөнд  ямар ч дүгнэлт хийгээгүй  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх хуульд заасан зарчмаас гадна нь уг хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “ Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар... тооцно.” гэснийг зөрчжээ.

Хариуцагч Ц.Баярхүүгийн хүсэлтийн дагуу Дундговь аймгийн Автотээврийн төвийг шинжээчээр томилсон бөгөөд уг дүгнэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлтээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шинжээчийг татгалзан гаргах үндэслэлийг дурдсаар байхад шүүгч дүгнэлт гаргахаас өмнө татгалзах эрхтэй байсан гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж 2016 оны 1 сарын 14-ний өдөр 107 тоот захирамж гаргасан нь  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т заасныг тус тус зөрчсөн,

Нэхэмжлэгч байгууллагаас төлөөлөх эрхийг  өөр этгээдэд шилжүүлж, сольж томилсон / хэргийн 59 дүгээр тал/ байхад шүүх хүсэлтийг хүлээн авахаас  татгалзсан тухай 249 дүгээр  захирамжийг 2016 оны 02 сарын 25-ны өдөр гаргасан нь өмгөөлөгч, төлөөлөгчөө өөрөө сонгох зохигчийн эрх болон  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно.” гэснийг зөрчсөн,

Нэхэмжлэгч байгууллагаас 2016 оны 03 сарын 28-ны өдрийн 01/33 тоот албан бичгээр С.Угтахбаатарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон атлаа мөн өдрийн 01/34 тоот албан бичгээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг                      / хэргийн 116 дугаар тал/  тус байгууллагын захирал О.Ганхуяг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д нийцээгүй,

Нэхэмжлэгч талаас татгалзсан шинжээчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 47 дугаар зүйлийн 47.1-ийг зөрчсөн, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан байхад татгалзлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан зэргээр Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах хууль зүйн үндэслэлгүй байгаа тул зохигчдын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд болон маргааны үйл баримтанд  эцэслэн дүгнэлт хийх эрх зүйн боломжгүй байна.           

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 139/ШШ2016/000116 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ган-Илч ХХК-ний нэхэмжлэлтэй,Ц.Баярхүүд холбогдох хэргийг  дахин шийдвэрлүүлэхээр  Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148039 /нэг зуун дөчин найман мянга гучин есөн/ төгрөгийг  шүүгчийн захирамжаар  буцаан олгосугай.

3. Давж заалдах шатын шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.БЯМБАЖАВ

                       ШҮҮГЧИД                             Ш.ТӨМӨРБААТАР

                                                                Ц.ОТГОНЦЭЦЭГ