Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00229

 

 

 

 

 

     

 

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/03835 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-д холбогдох, гэм хорын хохиролд 315,213,956 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний нөхөр Г.Б "А" ХХК-д ажиллаж байхдаа 2022 оны 01 сарын 03-ны өдөр ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ тухайн компанид манаач ажилтай Г.А-ийн гарт амь насаа алдсан. Энэ хэрэг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 20-ны өдрийн дугаар 313 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 сарын 22-ны өдрийн дугаар 69 дугаар магадлал, мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн дугаар 186 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэгдсэн. Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд "А" ХХК гэмт хэрэг үйлдэгдэх, хохирол, хор уршиг, учруулах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзсэн учир тухайн компанийг иргэний хариуцагчаар татсан. Нөхөр бид 2 гэр бүл болоод 25 жил болсон, 1 охин насанд хүрсэн, оюутан, 2 хүү минь насанд хүрээгүй том хүү Б.И 14 настай, бага хүү Б.И 10 настай, ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Миний бие хөхний хорт хавдартай, байнгын эмчилгээтэй, группт байдаг. Миний нөхөр хорт хавдар туссан намайг эмчлүүлдэг, 3 хүүхдээ тэжээн тэтгэдэг, гэр бүлийн бүхий л хэрэгцээний орлого олдог ганц хүн нь байсан. 2021 оны байдлаар 2,500,000-3,600,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Харин А ХХК-д эхний удаа 2,500,000 төгрөг, цаашид нэмэгдэх нөхцөлтэй ажиллаж, эхний 1 сарын буюу 2021 оны 12 сарын цалин авсан байсан. Нөхрийг нас барсны дараа 2022 оны 01 сарын 26-ны өдөр тэжээгчээ алдсны тэтгэвэр сард 789,326 төгрөгөөр тогтоосон нь талийгчийн олдог байсан орлогоос 5 дахин бага байна. Бид талийгчийн сүүлийн 1 жилд авч байсан цалинг сарын 3,000,000 төгрөг байхаар тооцож, 2 хүүгээ 18 насанд хүртэлх цалингийн зөрүүг "А" ХХК-иас нэхэмжилж байна. Том хүү Б.И 2025 оны 11 сарын 12-ны өдөр, бага хүү Б.И 2029 оны 12 сарын 20-ны өдөр 18 насанд хүрнэ. Тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан хугацаа /2022.02.03/-наас миний бага хүү 18 нас хүртэлх хугацаа 7 жил 10 сар болох юм. Талийгчийн сарын дундаж цалин гэж тооцсон 3,265,000 төгрөгөөс тэжээгчээ алдсны тэтгэвэр 789,326 төгрөг ба эдгээрийн зөрүү 2,475,674 төгрөг болж байна. Бид 7 жил 10 сар буюу 94 сар х 2,475,674 төгрөгөөр тооцож, нийт зөрүү 232,713,356 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Бид хайрт аав, хайрт ханиа өмнө нь 4 удаа хорих ялаар шийтгүүлж байсан, энэ ажилд орох үедээ тэнсэн харгалзах ялтай байсан этгээдтэй хамт ажиллаж байсныг мэдээгүй, миний талийгч нөхөр ч мэдээгүй байсан. Гэмт этгээд ажил олгогчтой танилаараа дамжуулж сонгон шалгаруулалтгүйгээр ажилд орсон бөгөөд бүхий л муу муухай аргаар энэ хэргийг үйлдсэн байдаг. Бид талийгчийн төрхийг танигдахгүй болтол зэрэмдэглүүлж, салах ёс ч гүйцэтгэж чадаагүй. Энэ зовлон шаналал, сэтгэл санаанд учирсан хүнд нөхцөл одоог хүртэл арилаагүй байна. Өрхийн орлогогүй болсноор би биеэ эмчлүүлж чадахгүй мөн нойргүй болж, зүрхний хэмнэл байнга алдагдаж, гэр бүлээрээ сэтгэлийн шарх, шаналалтай байна. Шүүхээс Г.А-д 20 жилийн хорих ял оногдуулсан. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах сэтгэл санааны хохиролд 550,000х150=82,500,000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Миний нөхрийг өдөр шөнөгүй гуйж ажиллуулаад, өөрийн шунал, бизнесийн төлөө хийх ёсгүй ажлыг нь хийлгэж, ажпын бус цагаар ажилд дуудаж, засаршгүй гэмт этгээдтэй хамт байлгаж, түүний гарт хэрцгийгээр амь насаа алдах боломжийг бүрдүүлэн Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөхгүй үйл ажиллагаа явуулж байсан "А" ХХК ямар нэг хариуцлага хүлээхгүй хоцрох ёсгүй. Иймд ажил олгогч хүлээсэн үүрэгтээ дэндүү хайнга хандаж, миний нөхрийн амь насаа алдах нөхцөл байдлыг бүрдүүлж, ийм уй гашуу, зовлонг бидэнд бий болгож, би болон миний 3 хүүхдийн амьдралыг хүнд нөхцөл байдалд хүргэсэн "А" ХХК, захирал Б.Б-оос гэм хорын нөхөн төлбөр 232,713,356 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 82,500,000 төгрөг, нийт 315,213,956 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: А ХХК-ийн байранд 2022 оны 01 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Г.А- нь хөргөлтийн инженер Г.Бтай хувийн таарамжгүй байдлаар маргалдаж, түүний амь насыг хохироосон харамсалтай гэмт хэрэг гарч нэг хүний алтан амь эрсэдсэн үйл явдал болсон. Тус хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 20-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолоор Г.А-ийгг хүнийг онц харгис хэрцгийгээр алах, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж харгис хэрцгий аргаар хүчиндэх, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 207,803,356 төгрөгийг А ХХК-иас нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь тухайн хэрэг нь хоригдол Г.Аптан-Эрдэнийн ажил үүргээ гүйцэтгэх явцад буюу хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй, харин Г.А-, талийгч нарын хооронд таарамжгүй харилцаа, маргаанаас үүссэн гэмт хэрэг учир тэжээгчээ алдсаны тэтгэмжийг А ХХК хариуцах үндэслэлгүй гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн. А ХХК-иас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид талийгчийн ажил явдалд зориулж байгууллагаас 5,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн болно. А ХХК-ийн зүгээс 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гэм буруутай Г.А-тэй хамтран хариуцахад татгалзах зүйлгүй. Сэтгэл санааны хохирлын тухайд хууль буцаан хэрэглэхгүй тул гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Иймд Б.А-гийн нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын нөхөн төлбөр олох байсан орлого 232,713,336 төгрөг, сэтгэл санааны хохирол 82,500,000 төгрөг нийт 315,213,956 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1, 508.5, 509 дүгээр зүйлийн 509.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч А" ХХК-иас 2007 оны 11 сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.И, 2011 оны 12 сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.И нарт тус бүр 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэврййн зөрүү 258,337 төгрөгийг сар бүр гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлээс 266,646,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасны дагуу нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 114,151 /нэг зуун арван дөрвөн мянга нэгзуун тавин нэгэн/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.1.  Миний нөхөр хохирогч Г.Б 2022 оны 01 сарын 03-04-нд шилжих шөнө бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан нь үнэн боловч, цаг хугацааны хувьд энэ хэргийн эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэлт 2022 оныг дуустал үргэлжилж, эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан 2022 оны 12 сарын 16-ны өдөр болсон боловч бид шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг 2023 оны 03 сарын 02-ны өдөр хүлээн авсан. Эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн дууссан байх ёстой байдаг. Энэ дагуу эрүүгийн хэргийн хүчин төгөлдөр тогтоолыг хүлээн авсны дараа иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрх нээгдэх бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг хүлээж байх хугацаанд буюу 2022 оны 12 сарын 23-ны өдрийн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сэтгэцэд учирсан гэм хорыг мөнгөн дүнгээр тооцож нэхэмжлэхтэй холбоотой холбогдох зохицуулалтууд орсон.

4.2.  Бид хяналтын шатны эрүүгийн хэргийн тогтоолыг хүлээн авсны дараа иргэний журмаар нэхэмжлэлээ гаргасан бөгөөд энэ цаг үед буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хуульд нэмэлт өөрчлөлтүүд орсон. Бид нэхэмжлэлээ 2023 оны 03 сард гаргасан ч анхны шүүх хуралдаан нэхэмжлэгч талаас шалтгаалахгүйгээр 2023 оны 12 сарын 01-ний өдөр болсон. Энэ хугацаанд гаргасан нэхэмжлэл шүүхийн ажиллагаанд байсан гэж би ойлгож байгаа. Мөн би нэгэнт гарсан маргаантай асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн араас өөрчлүүлэхээр хөөцөлдөөгүй, гагцхүү миний гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд байх хугацаанд хуульд орсон өөрчлөлтийг үндэслэл болгож сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилсэн. Гэвч анхан шатны шүүх нөхцөл байдлыг бүрэн бодитоор үнэлж, дүгнэхгүйгээр хэрэг явдал болсон цаг хугацаанд хууль зүйн үр дагаварууд бүрэн дууссан мэтээр хуулийг тайлбарлаж, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.3.  Хүнээ алдсан ар гэр, ахан дүүсийн хувьд сэтгэл санааны хохирол гэдэг эд хөрөнгөөр үнэлж, түүнийгээ дэлгэн харуулах боломжгүй мэт боловч ард үлдэж хоцорсон бидний хувьд, бодит амьдрал, өдөр тутамд гарч буй хямрал өөрчлөлт, туулж тулгарч буй хүндрэл үүнээс шалтгаалсан өвчлөл зэрэг хор холбогдол ихтэй байдгийг бие сэтгэлээрээ мэдрэхээс гадна үр хүүхдийнхээ нөхцөл байдлаас харагдаж байна. Нөхрийгөө амьд байхад эмчлүүлж гайгүй болж байсан хавдрын өвчин нь, нөхрөө алдснаас хойш сэтгэлээр унаж хямрах болсноос шалтгаалан нойргүйдэж, унтаж чадахаа больсноор хүндэрч, одоо миний бие хөдөлмөрийн чадвар 75 хувь алдсан байдалтай группт орсон. Хүний сэтгэцэд учирсан хохирол гэдэг хүн ёсны хувьд, шаналал зовлон, хагацал гунигтай тулгарч үзсэн хэн бүхэнд илт зүйл гэж бодож байна. Гэвч шүүх практиктай нийцэхгүй тайлбар хэлж, миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна. Иймд миний гомдлыг хүлээн авч, хохирогч хохироод үлддэг биш шүүхийн байгууллага, хууль тогтоомжийн гол зорилтуудын нэг Зөрчигдсөн эрхийг сэргээх-д анхаарч өгнө үү.

Анхан шатны шүүхийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 82,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эргэн харж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 5.   Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Б.А- нь А ХХК-д холбогдуулан тэжээгчээ алдсаны тэтгэмж 232,713,356 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүх насанд хүрээгүй 2 хүүхдэд ногдох хэсгийг Иргэний хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэж, 258,337 төгрөгийг сар бүр хүүхэд тус бүрт А ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн. Хариуцагч гомдолдоо зөвхөн сэтгэцэд учирсан хохирлыг шаардаж байгаа. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцно гэж заасан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа. Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 258,337 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөд татгалзах зүйлгүй. 82,500,000 төгрөгийн хувьд Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн тул нэхэмжлэгчийн гаргаж байгаа давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                              ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагы хангаж байх тул хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч А ХХК-д холбогдуулан, гэм хор учруулсны төлбөрт 232,713,356 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 82,500,000 төгрөг, нийт 315,213,956 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...гэмт хэрэг байгууллагын буруутай үйл ажиллагаа, хайхрамжгүй байдлаас гараагүй, харин Г.А- болон талийгаач нарын хоорондын маргаан, таарамжгүй харилцаанаас үүдэн гарсан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 3, 133-134/

3.   Хэрэгт авагдсан Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 20-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 сарын 22-ны өдрийн 2022/ДШМ/00069 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 186 дугаар тогтоолоор шүүгдэгч Г.А- нь Төв аймгийн Аргалант сум, Хөшөөт 2-р багийн нутагт байрлах А ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн харуулаар ажиллаж байхдаа 2022 оны 01 сарын 03-наас 04-нд шилжих шөнө тус үйлдвэрийн хөргөлтийн инженер Г.Бтай маргалдсаны улмаас зүүн гуянд нь хутгалж алсан, тухайн цаг хугацаанд амь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэргүүдийг үйлдсэн, мөн ажил олгогч А ХХК-ийн зүгээс хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөлийг хангахуйцаар хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, оновчтой зохион байгуулах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болох нь тогтоогдсон. /хх 56-81/

Мөн дээрх шийтгэх тогтоол, магадлал, тогтоолд иргэний хариуцагч, гэм буруутай этгээдээс хохирол, гэм хорын нөхөн төлбөр гаргуулах эсэх, хэмжээ зэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх нь зүйтэй талаар тусгажээ.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул хариуцагч А ХХК-ийн гэм бурууг тогтоогдсон гэж үзнэ. Гэм буруугийн талаарх хариуцагч А ХХК-ийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй.

5.   Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэж, амь хохирогчийн эхнэр Б.А- гэм хор учруулсны төлбөрийг А ХХК-аас шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, насанд хүрээгүй хүү Б.И, Б.И нарт тус бүр 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 258,337 төгрөгийг сар бүр гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгохоор шийдвэрлэсэн нь зөв. Зохигчдын хэн аль нь энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

6.   Сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр 82,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг 2022 оны 01 сарын 03-наас 04-нд шилжих шөнө үйлдэгдсэн тул Иргэний хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар оруулсан сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах-тай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг үндэслэн нэхэмжлэгч Б.А-гийн гаргасан холбогдох нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасантай нийцэж байна.

 7.  Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/03835 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР