Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/00296

 

 

 

 

 

     

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/03896 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б-д холбогдох, Danfoss маркийн 2 ширхэг цахилгаан активаторын үнэ 9,000,000 төгрөг, ECL210 маркийн дэлгэцийн үнэ 2,500,000 төгрөг, бусдаар ажил гүйцэтгүүлсний ажлын хөлс 8,000,000 төгрөг, нийт 19,500,000 төгрөг гаргуулах, даралтын датчик, температурын датчик 3 ширхэг, хүчний болон удирдлагын кабелиуд, нэмэлт усны даралтын датчик 2 ширхэг, цахилгаан самбарыг биет байдлаар нь гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай компани нь Х аймгийн Б тосгоны Дулаан хуваарилах төв барилгын дотор дулаан механик, цахилгаан хангамж, кипа автоматик, туршилт тохируулгын ажлыг Н.Б-ээр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож, урдчилгаа 10,800,000 төгрөг, ашиглах тоног төхөөрөмжийг өгч барилга угсралтын ажлыг 2022 оны 08 сарын 01-ний өдөр эхлүүлсэн. Гүйцэтгэсэн ажлыг 2022 оны 09 сарын 15-ны өдөр хүлээн авахаар тохиролцсон. Н.Б нь хийж буй ажлаа дутуу хаяж явсан, хийсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй байсан учир бусдаар гүйцэтгүүлэх шаардлага үүссэн. Мөн ажиллаж байгаа хугацаандаа манай 35,752,520 төгрөгийн тоног төхөөрөмж, бараа материалыг мэдэгдэхгүй авсныг бид саяхан мэдсэн. Тоног төхөөрөмж, бараа материалыг буцаан хүлээлгэн өгөх талаар Н.Б-д хэлсэн боловч хүлээлгэн өгөөгүй. Иймд хариуцагч Н.Б-ээс тоног төхөөрөмж, бараа материалын үнэ 35,752,520 төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 8,000,000 төгрөг, нийт 43,752,520 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2.   Хариуцагч татгалзал, хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлд дурдсан 8 нэр төрлийн бараа материалыг бүгдийг нь аваагүй. Н ХХК нь 2022 оны 04 сард Х аймгийн Б тосгоны Дулаан хуваарилах төв барилгын дотор дулаан механик, цахилгаан хангамж, кипа автомат, туршилт тохируулгын ажлыг гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаар Б.Э-тай амаар тохиролцсон. Ажлын хөлсийг 1 м.кв нь 25,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Ажлыг 8 хүний бүрэлдэхүүнтэй 23 хоногийн хугацаанд 2022 оны 08 сарын 05-ны өдрөөс 09 сарын 01-ний өдрийг хүртэл 90-95 хувьтай хийж гүйцэтгэсэн. Тухайн үед аймгаас томилогдсон барилга захиалагч, газрын харилцааны комиссын гишүүд нь хийгдсэн ажлын явцтай танилцаад хийсэн ажилд гагнуурын ажил нэмж хийх шаардлагатай гэсний дараа дулаалга хийлгэх хэрэгтэй гэдэг шаардлага гаргасан байдаг. Комисс ирсний дараа Б.Э-ын утас руу удаа дараа залгахаар утсаа авдаггүй. Хэсэг хугацааны дараа хамтарч ажил хийсэн О.А-аар 2 ширхэг активаторыг өгч явуулан очиж суурилуулаад ажлын үлдэгдэл хөлсөө олоод ир гээд явуулсан. Гэтэл тус ажлын талбар дээр очиж дутуу ажлыг хийж дуусгачихлаа нөгөө хариуцаж байгаа хүн нь байхгүй байна, үлдэгдэл хөлсөө төлөөгүй юм чинь энэ 2 ширхэг активаторыг өөр дээрээ байлгаж байя гэсэн. Тухайн активатор нь О.А-д байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Н.Б-ээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 8,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ECL 210 дэлгэцийн үнэ 2,500,000 төгрөг гаргуулах, мөн даралтын датчик, температурын датчик 3 ширхэг, хүчний болон удирдлагын кабелиуд, нэмэлт усны даралтын датчик 2 ком, цахилгаан самбарыг тус тус биет байдлаар гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-ээс 242,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2 ширхэг цахилгаан активаторын үнэ 9,000,000 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй. Шүүх хуралдаанд оролцсон гэрч О.А- нь 2 ширхэг цахилгаан активатор нь надад хадгалагдаж байгаа гэж гэрчээр мэдүүлэг өгсөөр байтал надаас үүний үнэ 9,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2. Миний бие Н ХХК-д гэрээ ёсоор 90-95 хувийн ажил хийсэн бөгөөд хийсэн ажил болон үлдсэн ажлуудын тооцоог гаргуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй. Би 45,000,000 төгрөгийн ажлыг хийхээр тохирч, урьдчилгаа 10,800,000 төгрөг авсан. Хаймгийн Б тосгон руу ирэх очих унааны болон ажилчдын цалин, байрны зардлуудыг би гаргаж байсан. Миний хийх ёстой ажлуудаас 2-р үеийн гагнуур /давхарлаж хийх/ 60-70 метрын хэмжээтэй дутуу байсан дунджаар 1,200,000-1,500,000 төгрөгийн ажлын тооцоо гарна. Трубаны гадна талаар хийх хөөсөн дулаалга дутуу байсан. Угсарсан трубаны гадна талын ороолт юм. Энэ нь 500,000-600,000 төгрөгийн үнэлгээтэй. Миний хийсэн ажлын дутуу мөнгийг өгөөгүй байж Н ХХК надаас мөнгө нэхэж байгааг гайхаж байна.

4.3. Н ХХК болон Т.Билэгтогтох нарын хооронд 2022 оны 11 сарын 01-ний өдрийн АГ/07/22 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, Т.Билэгтогтохоор Хаймгийн Б тосгоны Дулаан дамжуулах төвийн гагнуурын ажлыг гүйцэтгүүлсэн байх ба тухайн ажлын хөлсөнд 2023 оны 07 сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөгийг Н ХХК-иас төлсөн баримт авагдсан гэж надаас 10,000,000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй. Б.Билэгтогтохын хийсэн ажлыг шүүх яаж үнэлсэн нь ойлгомжгүй, хийсэн ажлын хэмжээ тодорхой биш ийм асуудлыг шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. О.А- гэж хүнийг би танихгүй. О.А- гэж хүн Н.Б- хүсэлт гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон ажилтан гэж ойлгосон. Талбай дээр очиход гагнуурчинтай хоёулаа ажлаа хийж гүйцэтгээгүй, манайд активаторыг хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Н.Б- актаар ажлаа хүлээлгэж өгөөгүй. Захиалагчийн хяналтаас тавьсан шаардлага Н.Б- дээр байгаа. Миний зүгээс шаардлага хангаж, ажлаа хүлээлгэж өгөөч гэж хэлсэн боловч ажлаа хаяад, бараа материал аваад явсан. Дулаан тавих, халаалтын систем тавих, ард иргэдийн аятай тухтай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хугацаа алдахгүй гагнуурын ажлыг өөр хүнээр хийж гүйцэтгүүлсэн. Гагнуурын ажлын дүн 15,000,000 төгрөг болсон. Н.Б- тодорхой ажлыг хийж гүйцэтгэсэн. Иймд 8,000,000 төгрөгийг Н.Б-ээс нэхэмжилсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Н.Б-д холбогдуулан тоног төхөөрөмж, бараа материалын үнэ 35,752,520 төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 8,000,000 төгрөг, нийт 43,752,520 төгрөгийг гаргуулах шаардлага анх гаргаж, шүүх хуралдааны явцад шаардлагаа тодруулж, Danfoss маркийн 2 ширхэг цахилгаан активаторын үнэ 9,000,000 төгрөг, ECL210 маркийн дэлгэцийн үнэ 2,500,000 төгрөг, бусдаар ажил гүйцэтгүүлсний ажлын хөлс 8,000,000 төгрөг, нийт 19,500,000 төгрөг гаргуулах, даралтын датчик, температурын датчик 3 ширхэг, хүчний болон удирдлагын кабелиуд, нэмэлт усны даралтын датчик 2 ширхэг, цахилгаан самбарыг биет байдлаар нь гаргуулахыг хүссэн. /хх 1-2, 61-67/

Дээрх шаардлагыг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...ажлыг 90-95 хувийн гүйцэтгэлтэй хийсэн, ажлын хөлсийг дутуу авсан, 2 ширхэг активаторыг О.А-аар өгч явуулсан... гэсэн агуулгаар тайлбарлан маргасан байна. /хх 43, 61-67/

3.   Талууд ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж, Х аймгийн Б тосгоны Дулаан хувиарлах төв барилгын дотор дулаан механик, цахилгаан хангамж, кипа автомат, туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон, захиалагч Н ХХК-аас нийт 10,800,000 төгрөгийн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгч Н.Б-д шилжүүлэн өгсөн үйл баримт зохигчдын тайлбар, Хаан банкны орлогын мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон. /хх 1-2, 7-9, 43/

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, ажил гүйцэтгэгч Н.Б- нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т заасан гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч Н ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй талаар зөв дүгнэж, нэхэмжлэгч Н ХХК-ийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тогтоосон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас хариуцагч Н.Б-ээс гаргуулж шийдвэрлэсэн мөнгөн дүн үндэслэл бүхий болж чадаагүй байна.

5.   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 344 дүгээр зүйлийн 344.1-д тус тус зааснаар ажил гүйцэтгэх гэрээний талууд хийж гүйцэтгэх ажил, ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх журам, хугацааг харилцан тохиролцсон байх шаардлагатай бөгөөд захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг, ажил гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг.

6.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй.

6.1.  Нэхэмжлэгч нь ямар тоо, хэмжээний ажлыг, ямар чанартайгаар хийж гүйцэтгүүлэхээр хариуцагчтай тохиролцсон болох, мөн гүйцэтгэх ажил тус бүрийн ажлын хөлсийг хэдээр тохиролцсон болохоо баримтаар нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 8,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

6.2.  Нэхэмжлэгч нь ECL210 маркийн дэлгэц, даралтын датчик, температурын датчик, хүчний болон удирдлагын кабель, нэмэлт усны даралтын датчик, цахилгаан самбар зэргийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотолж чадаагүй тул анхан шатны шүүх холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

6.3.  Харин хариуцагч Н.Б- нь Danfoss маркийн 2 ширхэг цахилгаан активаторыг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан, мөн тэдгээрийг нэхэмжлэгч Н ХХК-д хүлээлгэн өгөөгүй тул үнийг нь гаргуулах нь зүйтэй.

6.4.  Нэхэмжлэгч нь Danfoss маркийн 1 ширхэг цахилгаан активаторын үнэ 4,500,000 төгрөг гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан Зарлагын падаан-аар 3,134,300 төгрөг болох нь тогтоогдож байх тул 3,134,300 х 2 = 6,268,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 7.   Хариуцагч Н.Б- нь шүүхэд гаргасан ...ажлыг 90-95 хувийн гүйцэтгэлтэй хийсэн, ажлын хөлсийг 45,000,000 төгрөгөөр тохирсон, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөх гэсэн боловч аваагүй... гэсэн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй тул холбогдох давж заалдах гомдлыг хангахгүй.

8.   Нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохирол шаардсан байхад анхан шатны шүүх гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг арилгуулах хуулийн зохицуулалтыг баримталсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна. 

9.   Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/03896 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Н.Б-ээс 6,268,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож, үлдэх 13,231,400 төгрөгт холбогдох шаардлага болон даралтын датчик, температурын датчик 3 ширхэг, хүчний болон удирдлагын кабелиуд, нэмэлт усны даралтын датчик 2 ширхэг, цахилгаан самбарыг биет байдлаар нь гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...242,950... гэснийг ...115,248... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 242,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

А

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

 

Д.НЯМБАЗАР