Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00136

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 12 210/МА2024/00136

 

 

Г ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/04801 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Г ХК

Хариуцагч: Э.Э

Хариуцагч: О.А

Нэхэмжлэлийн шаардлага: 210,914,480 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 О.А, Э.Э нар нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Г ХК-тай ЗГ000000 дугаар зээлийн гэрээ байгуулж, 155,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн.

1.2 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр ЗБ000000 дугаартай ипотекийн гэрээ байгуулсан. Гэрээгээр зээлдэгч О.А нь өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Y-0000000000000 дугаарт бүртгэлтэй, Х дүүрэг, 0 дугаар хороо, Х гудамж, 00 дугаар байр, 17 тоот хаягт байршилтай, 134,9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан.

1.3 Зээлдэгч нар үндсэн зээл 2,372,558 төгрөг, зээлийн хүүнд 60,318,551 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,319 төгрөг, даатгалын төлбөрт 856,447 төгрөг тус тус төлсөн. 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүрэг гүйцэтгээгүй. Зээлийн төлбөрийг төлөхийг хариуцагч нарт мэдэгдсэн.

1.4 Зээлийн гэрээний 4.4.1, 4.4.10-т зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан, хариуцагч нараас 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 152,627,441 төгрөг, зээлийн хүүнд 57,775,855 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 116,981 төгрөг, даатгалын төлбөрт 394,202 төгрөг, нийт 210,914,480 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.5 Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан бөгөөд эргэн төлөлтөөс үндсэн зээлэнд 2,372,558 төгрөг, хүүгийн төлбөрт 60,318,551 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,319 төгрөгийг хуваарийн дагуу төлж байсан. Гэвч 2020 оны намраас буюу ковид-19 өвчний улмаас орлогогүй болж зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах талаарх хүсэлтийг нэхэмжлэгчид амаар өгч байсан.

2.2 Бид сард 2,386,500 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд ковид-19 цар тахал дууссанаас хойш төлж чадаагүй 2 жилийн хугацааг тооцвол төлбөл зохих төлбөр нь 57,276,000 төгрөг байна. Хариуцагч нарын зүгээс ковидын улмаас орлогогүй болж сүүлийн 24 сарын хугацааны төлөлтийг хийж чадаагүй байгаа нь зээлийн гэрээний 240 сарын хугацаатай харьцуулахад, нийт эргэн төлөх төлөлтийн 572,952,798 төгрөгийн үнийн дүнтэй харьцуулахад үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэж байна.

Иймд зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд зээлээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах хүсэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч О.А, Э.Э нараас 210,914,480.78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч О.А, Э.Э нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч О.Агийн өмчлөлийн Х дүүрэг, 6-р хороо, Х гудамж, 00 байр, 17 тоот хаягт байршилтай, 134,9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-0000000000000 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус баримтан нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,282,722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.А, Э.Э нараас 1,282,722 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Зээлийг хуваарийн дагуу төлж байсан боловч 2020 оны намраас Ковид-19 өвчний улмаас орлогогүй болж, зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Гэрээний хугацаа 2038 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусах бөгөөд зээл болон хүүгийн төлбөрт дээрх хугацаанд нийт 572,952,798 төгрөгийг төлөх үүрэгтэй. Ковид-19 өвчний улмаас орлогогүй болж банканд хандан зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж өгөх талаар хүсэлтийг мэдэгдэл өгөх үед нь өгч байсан. Хүсэлтийн дагуу хойшлуулсан, эсхүл хойшлуулаагүй талаар хариу өгөөгүй тул бид банкны зүгээс эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж байна гэж ойлгосон.

4.2 Бид сард 2,386,500 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд Ковид-19 цар тахал дууссанаас хойш төлж чадаагүй 2 жилийн хугацааг тооцвол төлбөл зохих төлбөр нь 57,276,000 төгрөг байна. Бидний зүгээс ковидын улмаас орлогогүй болж сүүлийн 24 сарын хугацааны төлөлтийг хийж чадаагүй байгаа нь зээлийн гэрээний 240 сарын хугацаатай харьцуулахад, мөн нийт эргэн төлөх төлөлтийн 572,952,798 төгрөгийн үнийн дүнтэй харьцуулахад үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэж байна.

Иймд зээлээ гэрээгээр тохирсон хугацаанд нь хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах хүсэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Хариуцагчийн ялимгүй зөрчил гэж үзээд байгаа 57,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс ялимгүй зөрчил биш гэж үзэж байгаа. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Э.Э, О.А нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 152,627,441 төгрөг, хүүгийн төлбөрт 57,775,855 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 116,981 төгрөг, даатгалын төлбөрт 394,202 төгрөг, нийт 210,914,480 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар ...үүргийг ялимгүй зөрчсөн, хойшлуулах хүсэлт гаргасан, цар тахлын хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлан маргажээ.

3. Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ЗГ000000 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч Г ХК нь 155,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн буюу сарын 1,5 хувийн хүүтэй, 20 жил буюу 240 сарын хугацаатай хариуцагч нарт зээлдүүлэх, зээлдэгч Э.Э, О.А нар нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 6-9/

3.1 Улмаар нэхэмжлэгч болон хариуцагч О.А нар мөн өдөр ЗБ000000 дугаартай ипотекийн гэрээ байгуулсан. Гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-0000000000000 дугаарт бүртгэлтэй, хариуцагч О.Агийн өмчлөлийн, Х дүүрэг, 0 дугаар хороо, Х гудамж 00 дугаар байр, 17 тоот хаягт байршилтай, 134,9 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх 10-14/

4. Талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн нэхэмжлэгчээс гэрээний зүйл болох 155,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

5.1 Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 2,372,558 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 60,318,551 төгрөг, даатгалын төлбөрт 856,447 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,319 төгрөг, нийт 63,556,876 төгрөг төлсөн. /хх 15-19/ Мөн нэхэмжлэгчээс гэрээний үүргийн зөрчлийг арилгах талаар хариуцагч нарт 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 17/82811 дугаар албан бичгээр, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01783580 дугаар албан бичгээр, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тус тус мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоосон боловч зээлийн гэрээний үүргийн зөрчил арилаагүй байна. /хх20-22/ Иймд анхан шатны шүүх хариуцагч нарын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байна.

5.2 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш үндсэн зээл 152,627,441 төгрөг, зээлийн хүүнд 57,775,855 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 116,981 төгрөг, даатгалын төлбөрт 394,202 төгрөг, нийт 210,914,480 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байгааг ялимгүй зөрчилд хамааруулан ойлгохгүй. Иймд хариуцагч нарын ...ялимгүй зөрчил гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Хариуцагч нар нь гэрээ цуцлагдсан 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 152,627,441 төгрөг, хүүгийн төлбөрт 57,775,855 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 116,981 төгрөг, даатгалын төлбөрт 394,202 төгрөг, нийт 210,914,480 төгрөг төлөөгүй болох нь хүү тооцооллын хүснэгт гэх нотлох баримтаар тогтоогдсон. Хариуцагч нар үүнийг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байх тул анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт нийт 210,914,480 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.

7. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотой гэж үзэх, мөн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгчид гаргаж байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Иймд энэ талаарх хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/04801 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч О.Агаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,282,722 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН