Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00167

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 00 210/МА2024/00167

 

 

Ч.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/03706 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ч.Н

Хариуцагч: Иар

Нэхэмжлэлийн шаардлага: Тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ч.Н нь Ирын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Үндэсний аудитын газрын 2000 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 00000000000 АХГ-2000/00/НА-СТА-ТТЗ дугаар, мөн газрын 2000 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 729/А0000 АХГ-2000/00/НА-СТА-ТТЗ дугаар сахилгын шийтгэл тооцуулах албан шаардлагыг үндэслэн Ирын даргын 2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5/75 тушаалаар Ч.Нд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулсан, албан тушаал бууруулсан.

1.2 Үндэсний аудитын газрын 2000 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 729/АО160067 АХГ-2000/00/НА-СТА-ТТЗ дугаар албан шаардлагаар Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилга угсралтыг хийж гүйцэтгэсэн Үүрэг трейд ХХК-д хамаарах 15,388,247.055 төгрөгийн албан шаардлага хэрэгжилт хангалтгүй, Улсын комисст хүлээлгэж өгөөгүй тул гэрээний үүргийн биелэлтийн алданги 664,161,009 төгрөг, мөн сүүлийн 3 жилд 958,636,292.40 төгрөгийн ашиглалтын зардал төлж улсын төсөв үр ашиггүй зарцуулсан тул Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7. Төсвийн тухай хуулийн 6.4.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-г үндэслэн Үндэсний аудитын газраас холбогдох албан тушаалтанд хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ноогдуулах талаар Ирын дарга С.Мөнхнасанд даалгасан байна.

1.3 Гэтэл И нь 2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5/75 дугаар тушаал гарган, Ч.Нд сахилгын шийтгэл ноогдуулсан нь хууль бус. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар агентлагийн даргын бүрэн эрхийн хүрээнд төсвийг тогтоосон журмын дагуу үр ашигтай зарцуулах үүрэгтэй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2, 46.1.4, 46.1.6-д тус тус зааснаар захиалагч үнэлгээний хороо байгуулж, гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэнд хяналт тавих үүрэгтэй байхад дээрх үндэслэлээр Иргэний нисэхийн даргын тушаалаар батлагдсан төсвийг гаргах үүрэг бүхий Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Нд сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.

1.4 Үндэсний аудитын газрын 2000 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 728/A0000 АХГ-2000/00/НА-СТА-ТТЗ дугаар албан шаардлагад өмнөх албан шаардлагын сурагчийн 7,003,939.74 төгрөгийн авлагыг шүүх, хяналтын байгууллагад дахин хандаж шийдвэрлүүлээгүй, мөн Канад улсанд нягтлан бодогчоор сурагчийн 121,951,949.18 төгрөг, АНУ болон Австрали улсад суралцуулахаар нэр бүхий оюутны төлбөрт 410,455,057.80 төгрөг төлсөн боловч 3 удаагийн сунгалт хийж, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, үр ашиггүй зардал гаргасан тул холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл ноогдуулахыг Үндэсний аудитын газраас албан шаардлага ирүүлсэн. Би гэрээ цуцалсантай холбоотой үүссэн санхүүгийн авлагыг буцаан гаргуулахаар хууль, эрх зүйн дүрмийн боловсролын газарт мэдэгдэл хүргүүлсэн. Сургалтын төлбөр олгох асуудлыг Ирын даргын тушаалаар Ч.Н нь сургалтын төлбөрийг олгодог байсан бөгөөд Ч.Н нь дээрх төлбөрийг зохих дүрэм журмын дагуу Ерөнхий газрын даргын зөвшөөрлөөр санхүүжүүлсэн, бие даасан шийдвэр гаргаагүй.

1.5 Ч.Н нь 2000 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ирын маргаан таслах комисст гомдол гаргасныг маргаан таслах комиссоор 2000 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцээд талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй тул арга хэмжээг дуусгавар болгосон тул 2000 оны 10 дугаар сарын 19-ний өдөр комиссын хуралдааны тэмдэглэлийг хүлээн аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2000 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч харилцан тохиролцоогүй учир ажиллагааг 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болгосны тэмдэглэлийг 2000 оны 11 дүгээр сарын 00-ны өдөр хүлээн аваад шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Ирын даргын 2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5/75 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар эргүүлэн томилж, цалингийн зөрүү 20,576,666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгч нь Үндэсний аудитын газрын дүгнэлтийг эс зөвшөөрч маргаагүй тул энэхүү актыг үндэслэн Ирын даргын гаргасан шийдвэр үндэслэлтэй. Санхүүгийн аль ч нэгж нь өр, авлагаа барагдуулахаар санал, санаачилга гаргаж байгаагүй. Төсвөө хэмнэх, үр ашигтай зарцуулах талаар бодож байгаагүй. Үүнээс болж акт тавигдсан. Үүрэг трейд ХХК-ийн 2019 оноос хойш үүссэн өр төлбөрийн асуудал нэхэмжлэгчийн ажиллаж байсан үетэй хамааралтай. Бид Ч.Нгийн албан тушаалыг бууруулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг ярихгүй ба ажил хөдөлмөрөө эрхэлж байгаа тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох гэсэн ойлголт мөн байж болохгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Ирын даргын 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/75 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Нг тус газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Ираас дутуу авсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 7,987,410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,589,256 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Нгийн 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд дахь 7,987,410 төгрөгийн хэмжээнд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Иарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Н улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ираас 212,949 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 11,464,237 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд цалингийн зөрүүг буруу тооцоолон хэрэгсэхгүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 11,464,237 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүх Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу албан тушаал буурч очсон ажлын байранд авсан цалинг өмнө нь ажиллаж байсан ажлын байранд авч байсан цалинтай харьцуулах замаар тооцсон. Нэхэмжлэгч үр дүнгийн нэмэгдэл, ээлжийн амралтын цалингаа нэмж, зөрүү шаардаж байна. Гэвч нэхэмжлэгч албан тушаал буурсан ажлын байрандаа үр дүнгийн 40 хувиа хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу авч байсан. Өөрөөр хэлбэл хоёр цалингийн зөрүүнээс тооцсон гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Үндэсний аудитын газрын 2000 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 00000000000 АХГ-2000/00/НА-СТА-ТТЗ дугаартай албан шаардлага, 2000 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 729/А0000 АХГ-2000/00/НА-СТА-ТТЗ дугаартай албан шаардлага нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэх үндэслэлээр буюу Ирын санхүү, төсвийг зарцуулах үйл ажиллагаатай холбогдон гарсан албан шаардлагууд гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч байгууллагын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Дансаарх ваучер буюу Зөвшөөрлийн хуудас-д түүний гарын үсэг зурагдаж байж аливаа төлбөр, мөнгө шилжигддэг. Энэхүү хуудас Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар зурагдаагүй тохиолдолд аливаа төлбөр, мөнгө шилжүүлэх боломжгүй. Иймд дээрх 2 албан шаардлагад дурдагдсан асуудлууд нь нэхэмжлэгч Ч.Нгийн ажиллаж байх хугацаанд хамаарах, түүний албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүрэгтэй хамаатай асуудлаар гарсан албан шаардлагууд юм. Шүүх зөвхөн нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй болох нь тухайн албан шаардлагаас тодорхой харагдана гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

6.2 Мөн нэхэмжлэгч нь Ирын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандаж гаргасан гомдол, шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлд сонсох ажиллагаа буюу Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авсан эсэхэд маргаагүй, энэ талаар гомдол болон нэхэмжлэлийн үндэслэлд дурдаагүй байхад хариуцагчийн шүүх хуралд хэлсэн тайлбарт үндэслэн сахилгын шийтгэл хүлээлгэх гэж буйгаа урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй зэрэг зөрчил гаргасан байх тул гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс шүүх хуралд сонсох ажиллагаа хийсэн гэж энэ талаар тайлбарласан бөгөөд нэгэнт нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлд сонсох ажиллагаа хийсэн эсэх талаар дурдаагүй, энэ талаар маргаагүй тул хариуцагчийн зүгээс уг ажиллагаатай холбоотой баримтыг хариу тайлбар, түүнд хавсаргасан баримтаар гаргаж өгөөгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Үндэсний аудитын газраас ирүүлсэн албан шаардлагад Ч.Нтэй холбоотой тусгаарласан заалт байгаагүй. Тус албан шаардлагад холбогдуулан буруутай албан тушаалтныг тодорхойлох, шалгах ажиллагаа хийгээгүй. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа буюу тушаал гаргахыг мэдэгдээгүй, тайлбар аваагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Ч.Н шийдвэр гаргадаг албан тушаалтан биш. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр мөнгийг захиран зарцуулах эрхийн дагуу гарын үсэг зурдаг албан тушаалтан юм. Төсвийг үр ашиггүй зарцуулсан зүйл байхгүй. Сонсох ажиллагааг шүүх хуралдаан дээр ярьсан гэдэг үндэслэлгүй. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Ч.Н нь Иарт холбогдуулан тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болохоор заасан.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Ирын даргын 2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 дугаар тушаал /хх 175/, 2000 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/103 дугаар тушаал /хх 176/, Ирын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолт /хх 169-174/ зэрэг баримтад дүгнэлт хийсэн. Уг баримт Ирын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хэлбэрээр хэрэгт авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй байна. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтад хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулах зохицуулалт нь маргааны талуудад хамаарахгүй.

4.1 Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн буюу ажил олгогч өөрийн байгууллагын хуулбар үнэн гэх тэмдэг дарагдсан баримтыг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

5. Түүнчлэн, нэхэмжлэгч нь цалингийн зөрүү гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад түүний цалин хөлсийг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт гэх баримтыг үндэслэж цалин хөлсийг бүрэн тодорхойлох боломжгүй.

6. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах, нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нотлох баримт үнэлэхтэй холбоотой зохигчийн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/03706 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 198,378 төгрөгийг, хариуцагч байгууллагаас төлсөн 142,748 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН