Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00981

 

Б.О, Ж.Б,

Б.Ннарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00676 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1018 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.О, Ж.Б, Б.Ннарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.П, Л.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 58 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэнгийн гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Б, Б.П нарт 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 4 удаагийн шилжүүлгээр 78 530 000 төгрөгийг зээлдүүлсэн байдаг. Мөнгийг анх өгөхдөө хоорондоо ах, дүү учир итгэж найдаж, аман хэлцлээр сарын 2 хувийн хүү өгнө гэж тохиролцсон. Б.П өөрөө хүлээн зөвшөөрч 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээг бичгээр байгуулсан, мөн үүний дараа Б.П өөрөө баталгаа гаргаж, нийт 69 000 000 төгрөгөөс хүү тооцох тухай бичиж өгсөн байдаг. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа юм. Учир нь энэхүү гэрээнд талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж 2 хувийн хүү тохиролцсон байдаг. 2014 онд бид нараас авсан 78 530 000 төгрөгийн хүүг өгч байсан. Ингээд бид өгсөн авснаа тооцоод зээлийн үлдэгдлээ 69 000 000 төгрөг гэж тохиролцон 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш 3 удаагийн үйлдлээр нийт 1 500 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш 30 000 000 төгрөг, нийт 31 500 000 төгрөгийг өгсөн. Нэхэмжлэгч нар зээлийн гэрээний хүүг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 15 сарын хугацаатай 2 хувийн хүү тооцсон байсан бөгөөд энэхүү 15 сарын хүү нь 69 000 000 төгрөгөөс бодож үзвэл 20 700 000 төгрөг болж байгаа юм. Ингээд нийт нэхэмжлэлийн үнийн дүн 89 700 000 төгрөг болж байх ба

хариуцагч тал үүнээс 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хүү болон үндсэн төлбөрөөс 31 500 000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 58 200 000 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн гэрээний дагуу талууд харилцан тохирч хүү тооцож, хоёр ч удаа баталгаа гаргасан, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д заасны дагуу гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан тул хүү шаардана” гэжээ.

Хариуцагч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 69 000 000 төгрөгийг шилжүүлж зээл авсан байдаг. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр амаар байгуулагдсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нарын ярьж байгаа 78 530 000 төгрөгийг амаар харилцан тохиролцож зээлдүүлэхдээ бичгээр ямар нэгэн гэрээ үйлдээгүй байдаг. Зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлага байдаг. Талууд 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан гэрээг бичгээр хийгээгүй байх тул хүү авах эрхээ алдаж байна. Иймээс энэ гэрээний дагуу хариуцагчид зээлсэн мөнгөө эргүүлж төлөх үүрэг үүссэн гэж үзэж байна. Зээлийн гэрээний үнийн дүн болох 78 530 000 төгрөгөөс Б.П нь нэхэмжлэгч нарт дансаар, мобайл банкаар, бэлнээр нийт 56 720 000 төгрөг төлсөн байдаг. Үүнийг задалж үзвэл 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1 500 000 төгрөг, 03 дугаар сарын 16-ны өдөр 1 500 000 төгрөг, 04 дүгээр сарын 12-ны өдөр 12 700 000 төгрөг, 05 дугаар сарын 13-ны өдөр 1 380 000 төгрөг, 06 дугаар сарын 16-ны өдөр 1 380 000 төгрөг, 07 дугаар сарын 26-ны өдөр 1 380 000 төгрөг, 08 дугаар сарын 15-ны өдөр 1 380 000 төгрөг, 11 дүгээр сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөг мобайл банкаар, 12 дугаар сарын 03-ны өдөр 2 000 000 төгрөгийг мобайл банкаар, нийт 26 724 000 төгрөгийг 2014 онд төлсөн байдаг. 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 500 000 төгрөг дансаар, 08 дугаар сарын 17-ны өдөр 500 000 төгрөг мобайл банкаар, 08 дугаар сарын 18-ны өдөр 500 000 төгрөг мобайл банкаар, 2015 онд нийт 1 500 000 төгрөг төлсөн байна. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 20 000 000 төгрөг дансаар, 12 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөгийг 2016 онд төлсөн байна. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөгийг тус тус төлж зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш нийт дүнгээр 56 720 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн байна. Нийт төлсөн үнийн дүнг анх зээлж авсан үнийн дүнгээс хасвал 21 810 000 төгрөг үлдэж байх бөгөөд үүнийг төлөхийг хариуцагч Б.П, Л.Б нар хүлээн зөвшөөрч байгаа юм.

Нэхэмжлэгч нарын ярьж байгаа нөхөж хийсэн гэх 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээгээр талуудын хооронд хүү, алданги төлөх эрх үүсэхгүй юм. Сүүлд нөхөж хийсэн гэрээг хуурамч буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Учир нь, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч 69 000 000 төгрөгийг Б.Пид гардуулж өгсөн зүйл байхгүй. Хуульд зааснаар мөнгийг шилжүүлсэн байж зээлийн гэрээ хийгдсэн байх бөгөөд хуульд зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тухайн өдөр мөнгө шилжүүлж өгөөгүй тул шаардах эрх үүсэхгүй юм. Б.Пид тухайн өдөр ямар нэгэн мөнгө шилжүүлсэн тухай баримт байхгүй байгаа нь үүнийг нотолж байна. Иймээс 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээг нотлох баримтаас хасах нь зүйтэй юм. Нэхэмжлэгч нар 2014 оноос хойш гэр бүлээрээ Б.Пийн эзэмшилд байсан 5 өрөө байранд үнэ төлбөргүй сууж байгаа. Б.П хэрэв өөр хүнд уг байраа түрээсэлсэн бол ашиг орлого олох байсан. Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 36 390 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00676 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.П, Л.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 23 310 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б, Б.О нарт олгож, үлдэх 34 890 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг болон нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П, Л.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 274 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б,Б.О нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1018 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00676 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “23 310 000” гэснийг “37 803 000” гэж, үлдэх 34 890 000” гэснийг “үлдэх 20 497 000” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “274 500 төгрөгийг” гэснийг “346 965 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 240 165 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д заасныг буруу хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчиж, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж, хяналтын гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.Б нар нь Б.Пид анх 2014 оны 01 дүгээр сарын 14-нөөс 02 дугаар сарын 07-ны хооронд 78 530 000 төгрөгийг зээлүүлсэн. Энэ үедээ бичгээр гэрээ хийгээгүй учир Иргэний хуулийн 281.1, 281.2, 281.3-д заасны дагуу гэрээг бичгээр байгуулаагүй учир хүү авах эрхээ алдсан байхад 2015 оны 01 дүгээр сарын 15-нд хийсэн, 69 000 000 төгрөгийг зээлсэн гэх бичгээр хийсэн хууль бус гэрээг үндэслэн хүү тооцож 14 493 000 төгрөгийн хүүг үндэслэлгүйгээр нэмж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулсанд гомдолтой байна. 2015 оны 01 дүгээр сарын 15-нд 69 000 000 төгрөгийг Б.Пид хүлээлгэж өгөөгүй, тухайн өдөр мөнгө зээлж аваагүй бөгөөд Иргэний хуулийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэсэн заалтын дагуу бодит үйлдлээр мөнгө өгөөгүй учир хийгдээгүй гэрээ юм. Анхнаасаа мөнгийг зээлдүүлэхдээ бичгээр хийгээгүй учир талуудын хооронд хүү авах, төлөх үүрэг үүсээгүй байхад сүүлд хийсэн хууль бус гэрээгээр хүү тооцсон нь Иргэний хуулийн 283.3 -д заасан заалтыг давж заалдах шатны шүүхээс буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Ж.Б нь Л.Бийн хамаатан учир хүүгүйгээр мөнгөө зээлдүүлж, байранд нь хөлс төлөхгүй суухаар тохирсон гэдэг бөгөөд үүний дагуу Ж.Б нь гэр бүлээрээ хүргэн, хүүхдүүд, ач, зээ нарынхаа хамт Б.Пийн 5 өрөө байранд хөлсгүйгээр 2014 оноос одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд энэ 3 жилийн хугацаанд байрны хөлс төлөөгүйгээр зогсохгүй хэрэглэсэн ус, дулаан, хог, цахилгаан, гэх мэт амьдарч буй байрныхаа холбоотой орон сууцны төлбөр хураамжуудыг болон юнивишний төлбөрийг нэг ч удаа төлж байгаагүй бөгөөд Л.Б, Б.П нар хүүгүйгээр мөнгө зээлдүүлсэн гэж тохирсон учир тэднээс байрны хөлс аваагүйгээр зогсохгүй, тэдний амьдарч байсан 5 өрөө байрны бүх хураамжийг өөрийн байрны мөнгөний хамт төлж ирсэн байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал байранд нь 3 жил үнэгүй сууж байгаагаа хүлээн зөвшөөрдгөөр болон анхнаасаа гэрээг бичгээр хийгээгүй байгаагаар нотлогддог.

Хэрэв үнэхээр дээрх тохиролцоо байгаагүй бол хүний байранд 5 жил хөлс төлөхгүй, бүр хэрэглэсэн хэрэглээнийхээ ус цахилгаан, дулаан, юнивишнийхээ төлбөрийг нэг ч удаа төлөхгүй сууна гэж байх уу. Хариуцагч ч байрандаа хүн олон жил хөлсгүй суулгаад, өөрөө өмнөөс нь байрных нь хэрэглээний төлбөр хураамжийг төлөөд байхгүй. Зээлсэн мөнгөө өдөр шөнөгүй орж ирж нэхээд, тухайн үед нь төлөх мөнгөгүй байсан учир нэхэмжпэгч нарын дарамтаас болж хариуцагч нар өөрсдийнх нь бичиж ирсэн баримтанд гарын үсэг зурсан бөгөөд үүнийг энэ баримт нь бодит байдлын тооцоотой нийлэхгүй байгаагаар нэг талын шахалтаар хүчинд автаж үйлдсэн баримт гэдэг нь нотлогдож байхад түүнийг гэрээ, гэж үнэлж, хүү гаргуулсан нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан заалтыг зөрчиж, нотлох баримтыг буруу үнэлж, шүүхийн шийдвэрт үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулсны улмаас давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Б.О, Ж.Б, Б.Ннар хариуцагч Б.П, Л.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн дутуу 69 000 000 төгрөг, хүү 20 700 000 төгрөг нийт 89 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 31 500 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлээ багасгаж, нийт 58 200 000 төгрөг гаргуулахыг шаарджээ. Хариуцагч нар 78 530 000 төгрөгийг зээлсэн талаар маргаагүй ба гэрээг анхнаасаа бичгээр байгуулаагүй учраас хүү төлөх үндэслэлгүй, нийт 56 720 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 21 810 000 төгрөгийг төлнө гэж маргасан байна.

Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т нийцнэ.

Давж заалдах шатны шүүх гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах талуудын эрх, зээлийн хүүг гаргуулах үндэслэл, гэрээний хэлбэрийн талаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсгийг зөв тайлбарлах замаар, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан хариуцагчийн биелүүлбэл зохих үүргийн хэмжээг тогтоож, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Мөнгө зээлэх, зээлдүүлэх талуудын хүсэл зориг, хүү төлөхөөр хэлэлцэн тохирч, хожим нь гэрээг бичгээр байгуулсан талуудын тохиролцоо хууль зөрчихгүй юм.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлдэгч нь авсан мөнгийг тохирсон хугацаанд, гэрээнд заасан нөхцөлөөр зээлдүүлэгчид буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч нар 37 803 000 төгрөгийг буцааж төлөх үндэслэлтэй байна.

Иймд зээлийг гэрээг хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж, хүү төлөхгүй гэх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй юм.

Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг орон сууцанд нь 5 жил үнэ төлбөргүй амьдарсан тул зээлийн хүү төлөхгүй гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаар шаардлага гаргаагүй учир харилцан тооцох, уг үйл баримтыг дүгнэх боломжгүй байна.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1018 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА