Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 208

 

Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 879 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, Б.О-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 3, ***, ял шийтгэлгүй, Боржигон овогт Баярсайханы О-.

Б.О- нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” хүсэлт гаргахдаа хүсэлтийн хамт “2020 оны 01 дүгээр сарын 16-ноос 22-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй байсан тухай” эмнэлгийн магадлагааг хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.О-д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлтээс арай өөр байр суурьтай буюу хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж буруу хэрэглэж байна хэмээн үзэж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ хэмээн хуульчилсан байдаг.

Шүүгдэгч Б.О-д холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж байгаа. Шүүгдэгчийг гэм буруугүй, гэмт хэрэг үйлдээгүй хэмээн үзсэн нотлох баримт харин хавтаст хэрэгт авагдаагүй тохиолдолд дээр давж заалдах шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт хууль ёсны болох байсан хэмээн үзэж байна.

Давж заалдах шатны шүүхээс хийсэн хавтаст хэрэгт авагдаагүй гэх баримт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нөлөө үзүүлэхгүй баримт ба шүүгдэгчийг гэм буруугүй, гэм буруутай эсэх дүгнэлт хийхэд онцгой нөлөө үзүүлэхгүй хамааралгүй баримт хэмээн үзэж байна.

Учир нь шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Шүүгдэгчид эмнэлгийн магадлагааг бичиж өгсөн эмч болох Г.Л-ыг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгаж байгаа ба шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаагүй юм. .

Нөгөөтэйгүүр шүүгдэгчийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзсэн баримт хэрэг дотор бүгд байгаа. Нэгэнт шүүгдэгчийг яллаагүй тусдаа шалгагдаж буй этгээдийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт байхгүй хэмээн үзэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн хэмээн үзэж байна.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ хэмээн үндэслэжээ.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа хавтаст хэргийн 100 дугаар талд авагдсан нотлох баримтыг үндэслэн цагаатгах тогтоолыг гаргаагүйг дурдах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэргийн 100 дугаар талд авагдсан Эрүүгийн хэрэг хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлан хуралдуулах талаар хүсэлт гаргаж улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан явагдсан байдаг. /хх 149/

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр улсын яллагчаас Г.Л-д холбогдуулсан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байгаа Г.Л- төрөхийн хүндрэлтэй гарсан эмчилгээ хийлгэж байгаа учраас түүнд холбогдох хэргийг тусгаарласан байгаа анхан шатны шүүх хурал дээр тусгаарласан тогтоолыг авчирч шүүхэд гаргаж өгнө хэмээн хэлж байсан.

Прокурор хийх ёстой үйлдлийг хийж тусгаарласан тогтоолыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй болно. Прокурорын дээрх байдал нь ажлын хариуцлагагүй байдалтай холбоотой юм.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хийх ёстой үйлдлээ хийж шүүхийн урьдчилсан хэлэлцүүпэг зарлан хуралдуулж тусгаарласан тогтоолын талаар лавлаж асуух ажиллагаа хийлгэсэн ба улсын яллагчийн зүгээс хийх ёстой үйлдлийг хийхгүй, тусгаарласан тогтоолыг шүүхэд гаргаж өгөхгүй байгаа эс үйлдлийн улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүгдэгчийн хэргээ шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг хөндөх ёсгүй хэмээн үзэж байна.

Г.Л-ыг холбогдуулан шалгаж буй хэргийг тусгаарласан тогтоолыг тодруулах зорилгоор цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шал өөр хэрэгт шалгагдаж буй шүүгдэгч Б.О-д холбогдох хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Яллагдагч хэргээ шүүхэд шилжүүлж, хэлэлцүүлэхийг шаардах эрхийг хөндсөн явцууруулсан зүйл юм.

Шүүгдэгч Б.О- нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхэд гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй байсан тухай эмнэлгийн магадлагаа нь түүнээс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх зорилгоор давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэхийн тулд гаргаж, шүүх уг баримтад үндэслэж шийдвэр гаргасан процессын үйл ажиллагаа байсан. Түүний Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан өвчтэй байсныг тодорхойлсон эмнэлгийн магадлагаа нь хэргийн үндсэн үйл баримттай холбоогүй, шийдвэрт хамааралгүй бөгөөд хэргийн нотлох баримт биш юм.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Эрүүл мэндийн газрыг төлөөлж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ээс гаргасан дээрх баримт нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0002 дугаартай шийдвэр гаргахад нөлөөлж болохуйц нотлох баримт гэж үзэхгүй, шийдвэр гаргахад нөлөөлж болохуйц хуурамч нотлох баримтыг мэдсээр байж шүүхэд гаргаагүй.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт байхаар хуульчилжээ.

Гэтэл прокурорын дүгнэлтээр Б.О-ээс гаргаж өгсөн гэх хуурамч баримт болохыг мэдсээр байж гаргаж өгсөн гэх эмнэлгийн магадлагаа нь нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон, үгүйсгэсэн болон үүнтэй холбоотой бодит нөхцөл байдлыг тогтооход ямар ч хамааралгүй, хуульд зааснаар нотлох баримтын шинжгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн үндсэн гол шинж нь хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий гол шалгуур шинж болохыг тодорхой тусгасан байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримт гэдгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болохуйц шүүх түүнийг нь дүгнэж үнэлж шийдвэрээ гаргасан нотлох баримтыг хэлнэ.

Мөн шүүгдэгч нь Нийслэлийн эрүүл мэндийн газрыг шүүхэд төлөөлж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагаас шүүгдэгч Б.О-д дааж заалдах гомдлоосоо татгалзах чиглэл өгснөөр анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн.

Шүүгдэгч Б.О- нь өөрөө эмч мэргэжилтэй, эмнэлгийн магадлагааг хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн гэх тухайн баримтыг гаргах эрх бүхий эмчид амаар өөрийн биеийн зовуурь, өөрийн шинжилгээний хариуны үзүүлэлтийг хэлж авсан баримт болно. Түүнд бичиж өгсөн магадлагааг гаргахдаа үндэслэсэн шинжилгээний бичгийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа.

Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхдийн хамт ам бүл 3 амьдардаг, эхнэр нь нас барсан, урьд нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй хүн юм.

Иймээс магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос шүүгдэгч Б.О-ийг нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл тухайн баримтыг үйлдсэн хүний үйлдлийг тусгаарлан шалгахаар авч үлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад бүхэлд нь үнэлэлт өгөх ёстой ба анхан шатны шүүхийн алдааг зөвтгөх боломжгүй учир давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг танилцуулж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.О-д холбогдох эрүүгийн 2009010310636 дугаартай хэргийг түүний өмгөөлөгч А.Очбадралын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд, түүний үйлдэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, эсхүл болохуйц нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэлт хийж, холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.О-ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд Б.О- нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талыг төлөөлж оролцож байх үедээ тодорхой хугацааны туршид өвчтэй байсан талаар эмнэлгийн магадлагаа гаргаж өгсөн нь тухайн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нэхэмжлэлийн үндсэн шаардлага, түүний агуулгын талаар шүүхээс тогтоосон үйл баримтад хамааралгүй, ямар нэгэн нөлөө үзүүлээгүй байх тул хэрэгт ач холбогдолтой нотлох баримтад тооцогдохгүй юм.

Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадах мэдээллийг өөртөө агуулсан, хэрэг маргааны үйл баримтыг сэргээн тогтоохдоо шүүхийн зүгээс үнэлж, шинжлэн судалсан баримтад мэдээллийг ойлгоно.

Харин хэргийн оролцогчийн өвчтэй байсныг тодорхойлсон эмнэлгийн магадлагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, процесст чиглэсэн баримтат мэдээлэл байх бөгөөд уг магадлагааг шүүх хүлээн авсан нь хэргийн аль нэг оролцогчид давуу байдал бий болгоогүй, улмаар хариуцагч давж заалдах гомдлоосоо татгалзсанаар захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт ямар нэгэн өөрчлөлт оролгүй хүчин төгөлдөр болсон нөхцөл байдал тогтоогдож байна.     

Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 21.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжид хамаарах ойлголт, түүний агуулгыг хэтэрхий өргөн байдлаар тайлбарлаж, баримтат мэдээлэл бүрийг нотлох баримтад багтаан ойлгохоор буруу дүгнэж, улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны болж чадаагүй байна.

Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, Б.О-ийн өмгөөлөгч А.Очбадралын бичсэн “...цагаатгах тогтоолыг хэвээр үлдээлгэх” агуулгатай гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 879 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

2. Өмгөөлөгч А.Очбадралын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

                   ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                   ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                       С.БАТДЭЛГЭР

                       Б.БАТЦЭРЭН

                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН