| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнджавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 159/2017/0007/З |
| Дугаар | 159/ШШ2017/0011 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 159/ШШ2017/0011
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох,
“Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/64 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ийг хүссэн нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие ******* овогтой ******* нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/50 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй, хуулийн дагуу алба ажлаа гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/64 дугаартай Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамж гарч намайг үүрэгт ажлаас халсан тухай асуудлыг хөндлөнгийн хүмүүсээс сүүлд сонсож мэдсэн ба надад ямар нэгэн байдлаар захирамжийг албан ёсоор гардуулж мэдэгдээгүй байж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ажил хүлээлцэх комисс нь ирж Засаг даргын захирамжийг гардуулж өгсөн.
Тус захирамжийг уншиж үзэхэд *******, ******* нараас ирүүлсэн өргөдлөөр шалгахад Сэлэнгэ аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, хяналтын улсын байцаагч *******, Мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын байцаагч ******* нарын дүгнэлтийг үндэслэн намайг ажлаас халсан байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй учраас Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гомдлыг 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан боловч одоо тиймээс хуулийн дагуу тус шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/64 дугаартай захирамж нь ... боловсролын хяналтын байцаагч *******аас гаргасан тэмдэглэл гэх баримт нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гарсан ба миний бие нь ажлаа хүлээж аваад 3 сар гаруй хугацаа болсон байсан ба тэмдэглэлд тусгагдсан зөрчлүүдийг арилгах тал дээр ажиллаж байхад үндэслэлгүй зөрчил дээр тулгуурлан шууд халж байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл тэмдэглэлд ... ажлын үр дүнг жилд 2-оос доошгүй удаа багш нарын зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэх мэт зөрчил нь миний үр дүнгийн гэрээнд заасан ажил дүгнэх 1 жилийнх нь хугацаа болоогүй байхад эсвэл намайг ажилд орохоос өмнөх жилийн зөрчлийг надад халдаасан зэрэг нь анхнаасаа намайг халах зорилготой байсан нь илэрхий байна. Тиймээс миний бие нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүх нь тус маргааныг иргэний хэргийн шүүхийн харьяалалын маргаан биш байна. Захиргааны хэргийн шүүхийн маргаан байна гэсний дагуу тус шүүхэд хандсан юм.
Тухайн Засаг даргын захирамжид дурьдсан хуулийн зүйл заалтууд нь намайг ажлаас халах үндэслэл биш буюу надад хамааралгүй асуудлууд байх тул 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/64 дугаартай захирамжийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах хүртэлхи ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар баг 1 дүгээр хэсэг 32 тоотод оршин суугч ******* овогтой *******ийн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/64 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1.Иргэн Алтанзул, О.Золзаяа нараас 2016 оны 04 дүгээр сарын 07, 12-нд Зүүнбүрэн сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ******* хууль бус үйл ажиллагааны талаар аймгийн Засаг даргад ирүүлсэн өргөдлийн дагуу аймгийн ЗДТГ-ын даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний “Ажлын хэсэг томилох тухай” А/12 дугаар тушаалаар ажлын хэсэг томилогдон газар дээр нь очиж хяналт шалгалт хийж гүйцэтгэхэд: Нэхэмжлэгч Б.******* нь туслах багш Б.Туяацэцэгийн удаан хугацаагаар өвчлөх тухайгаа тайлбарлан цэцэрлэгийн удирдлагад өргөдөл өгөөгүй байхад түүний дүү Б.Одонтуулыг ямар ч тушаал гаргалгүйгээр 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн 2016 оны 03 дугаар сарыг дуустал бүтэн 3 сар ажиллуулж, хүний нэр дээр цалинг бүтэн олгосон. “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль”-ийн дөрөвдүгээр бүлгийн 11 дүгээр зүйлийн 11.2.4 дэх заалт буюу цэцэррлэгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах үүргээ зөрчсөн. “Төсвийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалт буюу Төсвийн хариуцлагатай байх зарчмыг алдагдуулсан. “Төсвийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.4.7 дахь заалт буюу төрөөс хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээ, татвар ногдуулалт, эсхүл хөнгөлөлт, баталгаа, зээл, өр төлбөр, санхүүгийн үйл ажиллагаа, болзошгүй өр төлбөр, тэдгээрийн үр дүн нь өнөө болон ирээдүй үеийн хооронд тэгш бус байдал үүсгэхгүй байх гэсэн заалтыг хангаж ажиллаагүй нь байгууллагын ажилчдын дунд тэгш бус байдлыг үүсгэн, туслах багшийн нэг орон тоог гэр бүл, танилын хүрээгээр өмчилсөн мэт хэмжээнд хүргэсэн. “Төсвийн тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт буюу батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэсэн заалтыг хэрэгжүүлэлгүй Б.Одонтуулыг тушаал гаргалгүй шууд авч ажиллуулсан зэрэг зөрчил нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн шалгалтаар, ажлын хэсгийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шалгалтаар тус тус илэрч тогтоогдсон.
2.Мөн Б.Одонтуулыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, туслах багшийн мэргэжлийн үнэмлэхгүй байхад эгч Б.Туяацэцэгийн ажлын байранд ажиллуулсан нь “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.2.9 дэх заалт буюу хүүхэд, багш, ажилтны сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх гэсэн заалтыг зөрчсөн. Б.Одонтуул 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 2016 оны 03 дугаар сарыг дуустал тасралтгүй Б.Туяацэцэгийн оронд ажилласан цагийн бүртгэлтэй байж сонгон шалгаруулалтанд орохын тулд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 26 хүртэл нэг сарын цэцэрлэгийн туслах багшийн сургалтанд хамрагдаж хуурамч баримт бичгийг бүрдүүлж ирсэнийг мэдсээр байж сонгон шалгаруулалтанд оруулж, тэнцүүлсэн нь “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалтыг зөрчсөн. Сонгон шалгаруулалт зохион байгуулахаас өмнө “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулахаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 18-03-002/10 дугаартай захирамжаар Боловсролын хяналтын улсын байцаагчийн өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй Б.Туяацэцэгийн ажлын байранд өмнөх сонгон шалгаруулалтаар тэнцсэн *******г авч ажиллуулаагүй нь “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг зөрчсөн. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй хүнийг /Б.Одонтуул/-ыг 3 сар ажиллуулсан ба сонгон шалгаруулалтанд оруулахдаа 5 төрлийн үзлэг шинжилгээнд хамрагдах байтал эрүүл мэндийн дэвтэргүй бөгөөд 3 төрлийн шинжилгээ өгсөн хүнийг оруулсан нь “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт буюу туслах багш эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах гэсэн заалтыг зөрчсөн. “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.2.11 дэх заалт буюу сургалтын орчин, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын стандарт, норм, норматив, багшийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах эрхлэгчийн үүргээ биелүүлээгүй. БСШУ-ны сайдын 2007 оны 351 дүгээр тушаалын 5 дугаар хавсралтад заасан “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт”-ын ажлын байрны үндсэн зорилтын хүрээнд хийгдэх ажлыг хангалтгүй гүйцэтгэж, удирдах ажилтны ёс зүйг сахин биелүүлээгүй зэрэг зөрчлүүдийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон тул ажлаас нь халсан.
3.Б.*******ийг “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 буюу мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон. “Төсвийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.6.1 буюу төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны мөнгө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх зарчим, “Боловсролын тухай хууль”-ийн 30 дугаар зүйлийн 30.1.15 буюу аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэсэн заалтуудыг тус тус үндэслэн ажлаас нь халсан.
4.Ийнхүү ажлаас нь халахын өмнө нэхэмжлэгч Б.*******т Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3, 27.4.4 заасны дагуу утсаар болон биечлэн уулзаж мэдэгдсэн. Иймд Б.*******ийг ажлаас халсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний Б/64 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар Аймгийн Засаг дарга болон холбогдох удирдлагуудтай харилцан ярилцаж Б.*******ийг цаашид ажилдаа хариуцлагатай хандан сайн ажиллах байх гэсэн итгэл үзүүлээд ажилд нь авахаар болсон. Иймд нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх саналтай байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* аймгийн удирдлагууд бид харилцан ярилцаж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан маргаанаа дуусгавар болгож асуудлаа эвийн журмаар шийдвэрлүүлэхээр боллоо гэв.
Шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр нэг талаас нэхэмжлэгч Б.*******, нөгөө талаас хариуцагч Сэлангэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн ******* нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
1.Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаас татгалзахаар,
2.Хариуцагч нь Б.*******ийг эгүүлэн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд авахаар,
3.Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн оруулж бичилт хийлгэхээр харилцан тохиролцов.
Үндэслэх нь:
Б.******* нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/64 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаан дээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагуудын талаар харилцан тохиролцож хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн үндсэн ажлын байр болох цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн оруулж бичилт хийлгэхээр, харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч талаас гаргуулахаас татгалзахаар эвлэрлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч нар харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн хоорондоо харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан маргаанаа дуусгавар болгохоор гарын үсгээ зурж баталгаажуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох, “Аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/64 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ийг хүссэн нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.БАЙГАЛМАА