Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 119/2015/0029/з |
Дугаар | 001/ХТ2016/0175 |
Огноо | 2016-05-16 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2016/0175
Иргэн О.Байгалийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч О.Байгаль, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг, хариуцагч тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаар магадлалтай, О.Байгалийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч О.Байгаль шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би Орхон аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 239 дүгээр захирамжаар Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Кувейтын гудамжинд Хүнсний замын ард 85 м.кв газрыг, 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 422 дугаар захирамжаар мөн захын ард 80 м.кв газрыг тус тус худалдааны зориулалтаар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/1253 дугаар албан бичгээр “Кувейтын гудамжинд тохижилтын ажил хийхээр болсонтой холбогдуулан танай үйлчилгээний павилоны барилгын зохих нөхөх олговрыг олгон, газрыг чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгасан тул үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргаж ирүүлнэ үү” гэсэн мэдэгдлийг өгсөн бөгөөд газар дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр хөөцөлдөж байтал Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас үнэлгээг хийлгэсэн байсан. Энэхүү үнэлгээг миний бие хүлээн зөвшөөрөхгүй.
Улмаар 2015 онд миний зөвшөөрөлгүй обьектуудыг буулгасан бөгөөд Засаг даргаас энэ талаар тодруулахад “таны обьектод хийлгэсэн үнэлгээгээр хохирлыг нөхөн төлөх болно” гэж хэлсэн. Миний өмчлөлийн 80 м.кв, 85 м.кв обьектууд нь 480,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө байсан бөгөөд түрээслүүлэн жилд 60,000,000 төгрөгийн байнгын ашиг олгодог ба энэ ашгийг газар эзэмших эрхийн хугацаагаар тооцоход 360,000,000 төгрөгийн орлого олгох байсан. Ийм их хэмжээний хөрөнгийн минь надад мэдэгдэлгүй буулгахаар шийдвэрлэсэн Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/497 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 422 дугаар захирамжаар 80 м.кв, мөн оны 498 дугаар захирамжаар 85 м.кв газрыг худалдааны зориулалтаар О.Байгальд эзэмшүүлсэн байсан. Тус Кувейтын нэрэмжит гудамжинд байрлах тухайн газар нь нийтийн эзэмшлийн талбайд байрладаг тул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас иргэнтэй байгуулсан “Газар эзэмших эрхийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 2-т “газар эзэмшигч нь аймгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламж баригдах үед тухайн газрыг саадгүй чөлөөлөх” гэсэн заалтыг тусгаж өгсөн байдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 03 дугаар тогтоолоор “Газрын харилцааны талаар 2014 онд баримтлах бодлого”-ыг баталж, Кувейтын гудамжны барилгажилтын төслийг иргэд тохилог орчинд үйлчлүүлэх нөхцлийг хангах, хот төлөвлөлтийн оновчтой шийдэлтэйгээр боловсруулж, батлуулан хэрэгжилтийг газар эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулахаар болсон юм. Үүний дагуу тус гудамжинд үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжтэй 3 удаа уулзалт зохион байгуулан, санал солилцсоны үр дүнд орчин үеийн шаардлага хангасан 5 хүртэл давхартай нэгдсэн худалдааны төв барихаар санал нэгдэж, төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулахаар аймгийн Засаг дарга 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 дугаар захирамжаар шийдвэрлэсэн. Сонгон шалгаруулалтад “Цагаан алтан хүнс” ХХК шалгарсан тул 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаар захирамжаар 1400 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн болно. Кувейтын гудамжинд газар эзэмшин үйл ажиллагаа явуулж байсан 22 иргэнд энэ талаар урьдчилан мэдэгдсэн ба уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан, О.Байгалийн хувьд “Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.2-т заасны дагуу газраа чөлөөлөх мэдэгдлийг өгч байсан бөгөөд тэрээр павилоноо буулгаагүй, өөрийн зардлаар буулгах боломжгүй гэсэн тул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/497 дугаар захирамжаар павилоныг буулгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч дээрх асуудлыг мэдэж байсан бөгөөд обьектын үнийн дүн, түрээсийн ашиг орлогоо хийсвэрээр үнэлэн, нотлох баримтгүйгээр их хэмжээний мөнгө шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм” гэжээ.
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.г, 29.2 дэх хэсгийг тус тус баримтлан О.Байгалийн “Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/497 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, О.Байгалийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/497 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “О.Байгаль нь Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/497 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх маргаагүй захиргааны акт буюу “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах тухай” 280 дугаар, “Газар эзэмшүүлэх тухай” А/502 дугаар захирамжуудад хууль зүйн дүгнэлт хийж, эдгээр захирамжуудыг үндэслэлгүй гэж дүгнэн, хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой байтал хэргээс хальж, өөр захиргааны актуудыг шийдвэрлэсэн, тэдгээртэй холбогдуулан маргах хөөн хэлэлцэх хугацаа, нэхэмжлэлийн шаардлагыг нягтлан шалгаагүй. О.Байгальд маргаан бүхий 80 м.кв, 85 м.кв газрыг эзэмшүүлэхэд байгуулсан “Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”-нд “уг газрын эзэмших эрхийн хугацаа дуусах эсхүл хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламж баригдах үед газрыг саадгүй чөлөөлөх” нөхцлийг тусгайлан заасан ба нэхэмжлэгч үүнийг зөвшөөрч гэрээ байгуулан, газрыг эзэмшиж байсан. 2013 оноос Кувейтын гудамжны тохижилтын асуудал яригдаж эхлэх үед тухайн газарт үйл ажиллагаа эрхэлж байсан нийт 22 аж ахуйн нэгж, иргэдээс газар эзэмших эрхийн хугацаа нь дуусаагүй 6 иргэн, аж ахуйн нэгж /үүний нэг нь О.Байгал/-ээс нэхэмжлэгч нь Газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй өнөөг хүрч, үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэж байгаа юм. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлсэн. Тодруулбал, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолоор “Газрын харилцааны талаар 2014 онд баримтлах бодлого”-ыг баталсан ба үүний 3.3.6-д “Кувейтын гудамжны барилгажилтын төслийг иргэд тохилог орчинд үйлчлүүлэх нөхцлийг хангасан хот төлөвлөлтийн оновчтой шийдэлтэйгээр боловсруулж, батлуулах хэрэгжилтийг газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах”-аар тусгасныг давж заалдах шатны шүүх “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө биш” гэж үзэн, энэ үндэслэлээр газрыг чөлөөлөх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хууль бус, нотлох баримтыг үнэн зөв үнэлж чадаагүй гэж үзэж байна. Нөгөө талаас бид дээрх “Газрын харилцааны талаар 2014 онд баримтлах бодлого”-г Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө мөн, биш гэж маргаагүй бөгөөд шүүх тус газарт Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан эсэх талаар нотлох баримт цуглуулаагүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй болно. Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/497 дугаар захирамжийн үндэс нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “Газар төрийн хяналт хамгаалалтад байх” зарчмыг баримтлан, “Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.2 дахь заалтын хүрээнд аймгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Кувейтын гудамжны барилгажилтын төслийг иргэд тохилог орчинд үйлчлүүлэх нөхцлийг хангасан байхаар төлөвлөх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт тулгуурласан нь хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 147 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2, 88.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Орхон аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/497 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг үндэслэн О.Байгалийг “Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эрх бүхий байгууллагаас өгсөн мэдэгдэлд заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй гэж түүний эзэмшлийн газрыг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дотор албадан чөлөөлж, гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хот тохижуулах газарт тус тус үүрэг болгожээ.
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэсэн нь мөн зүйлийн 57.3-т заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол...” гэсэнтэй шууд хамааралтай хэрэгжих хуулийн зохицуулалт юм.
Хэрэгт авагдсан баримтаар О.Байгальд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн “Хүлэг хүнсний зах”-ын ард байрлах 80 м.кв газрыг Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 422 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай, 85 м.кв газрыг мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 498 дугаар захирамжаар 9 жилийн хугацаатай тус тус худалдааны зориулалтаар эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна.
О.Байгаль, хуулийн дагуу, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшилдээ байлган үйл ажиллагаа явуулж байсан газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/497 дугаар захирамж Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасантай нийцээгүй, түүний газар эзэмших эрхийг зөрчсөн шийдвэр болжээ.
Нэхэмжлэгчтэй 2012 онд байгуулсан “Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.2-т заасан “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-тэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг” баталсан, үүний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 03 дугаар тогтоолоор “Кувейтын гудамжны барилгажилтын төслийг иргэд тохилог орчинд үйлчлүүлэх нөхцлийг хангасан хот төлөвлөлтийн оновчтой шийдэлтэйгээр боловсруулж, батлуулан хэрэгжилтийг газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн” гэж тайлбарлаж “2004 онд батлагдсан Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө байгаа, үүнийг шүүх нягтлан шалгаагүй, нотлох баримтыг дутуу цуглуулсан” хэмээн хяналтын журмаар гомдол гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, Хот байгуулалтын тухай хуулийн /2008 он/ 3 дугаар зүйлийн 3.1.12-т “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” гэж хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг”, 12 дугаар зүйлийн 12.5-т “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, тухайн хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичиг буюу “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” гэх ойлголтыг 2008 оны Хот байгуулалтын тухай хуулиар тодорхойлсон ба үүний өмнө мөрдөгдөж байсан 1998 оны Хот байгуулалтын тухай хуульд “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” гэх нэр томьёо хэрэглэгдэж байгаагүй байна.
Мөн О.Байгаль маргаан бүхий газрыг 2012 оноос эзэмшиж байгаа ба түүнтэй байгуулсан “Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”-нд 2004 оны төлөвлөгөөг тусгасан гэх хариуцагчийн тайлбар эргэлзээтэй, бодит үнэнд нийцэхгүй байхаас гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлэх өөрийн үүргээ биелүүлээгүй атлаа уг асуудалд захиргааны хэргийн шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
Захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлээр хууль бус захиргааны акттай холбоотой маргааныг шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн чиг үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий 80 м.кв, 85 м.кв газрыг Орхон аймгийн Засаг дарга хууль бусаар албадан чөлөөлж, улмаар бусдад эзэмшүүлсэн байгаа тухайн тохиолдолд шүүх маргаан бүхий захиргааны акт болох А/497 дугаар захирамжаас гадна нэхэмжлэгчийн газрыг бусдад эзэмшүүлсэн, төсөл сонгон шалгаруулалт зарласан Орхон аймгийн Засаг даргын 2014 оны А/280, А/502 дугаар захирамжуудад хууль зүйн дүгнэлт хийсэн нь буруу биш байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Харин давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч О.Байгалийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ тухайн маргааны үйл баримтад хамааралгүй, газар эзэмших эрх дуусгавар болох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалт буюу Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг хэрэглэснийг магадлалд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг” гэснийг хасаж, “Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэг” гэж нэмэн өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН