Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2019/0413

 

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын

прокурорын дүгнэлттэй зөрчлийн хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэйгээр, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2019/0046 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.О-ын дүгнэлттэй, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ногооннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ү.Н-т холбогдох зөрчлийн хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2019/0046 дугаар шийдвэрээр: Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын тус шүүхэд хүргүүлсэн дүгнэлтийн шаардлагыг хангаж, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ногооннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0169683 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

  Гуравдагч этгээд шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ногооннуур сумын байгаль орчны улсын байцаагч Ү.Н нь гуравдагч этгээд П.Б миний гаргасан зөрчилд холбогдуулан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн торгох шийтгэл оногдуулж, хууль бусаар бэлтгэсэн бургас модыг хурааж, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн билээ. Миний хувьд Ногооннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ү.Н-ийн шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны явцад прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан тайлбарыг бүрэн дэмжиж байна. Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзсэн нь хуульд нийцээгүй. Учир нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ зэрэг хуульд тусгагдсан бүх зүйл тухайн зөрчлийн материал дотор авагдсан байхад 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй юм. Нөгөө талаар П.Б миний гаргасан зөрчил бол ямар ч гэмт хэргийн шинжгүй бөгөөд зөвхөн зөрчлийн шинжтэй үйлдэл гэдэг нь Ойн тухай хуулийн холбогдох заалтаар нотлогдон тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Баян-Өлгий аймгийн Мэргэжпийн хяналтын газрын Ногооннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ү.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0169683 дугаартай шийтгэлийн хуудсаар Ногооннуур сумын 5 дугаар багийн иргэн П.Б-ыг ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1.5 м.куб бургас мод бэлтгэсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д зааснаар 300,000 төгрөгийн торгууль, 567.000 төгрөгийн нөхөн төлбөр төлөх шийтгэл ногдуулжээ.

           Прокурорын дүгнэлтэд дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлээ “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлд заасныг зөрчиж гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхад харъяаллын дагуу шилжүүлээгүй” гэж тодорхойлсон байх бөгөөд уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна. Тодруулбал,

Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д “Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заасан бол Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29.1.7 “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх ...” гэж, 35 дугаар зүйлийн 35.4-т “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ”, 35.4.2 “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн үйлдэл нь Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн аль алинд нь заасан шинжийг агуулсан байх ба энэ тохиолдолд улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол холбогдох баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлнэ” гэж зааснаар иргэн П.Б-ыг ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1.5 м.куб бургас мод бэлтгэсэн үйлдэлтэй холбогдох баримтыг прокурорт шилжүүлэх үүрэгтэй байна.

Ийнхүү эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болох ба маргаан бүхий улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж заасантай нийцсэн гэж үзэхгүй.

Харин тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан эсэх, гэмт хэрэгт тооцох эсэх талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх эрхгүй бөгөөд иргэн П.Б-ын үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах боломжтойг тусгайлан дурьдах нь зүйтэй.

Иймд гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж  шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2019/0046 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9”  гэснийг хасч, “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН  

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН