Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00217

 

2024 01 29 210/МА2024/00217

 

 

З ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/03439 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: З ХХК

Хариуцагч: Д.О

Нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн гэрээний үүрэгт 85,501,941 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Д.О нь З ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 18-50 дугаар, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19-02 дугаар түрээсийн гэрээг тус тус байгуулсан. Түрээслэгч нь дээрх 2 гэрээний дагуу түрээсийн төлбөрөө гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүйн улмаас 2020 оны 07 дугаар сарын байдлаар нийт 72,277,294 төгрөгийн өр төлбөр үүссэн. Үүнээс 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд 14,322,800 төгрөгийг төлж барагдуулсан. 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар тооцоо нийлэхэд түрээслэгч нь түрээслүүлэгчид 57,959,494 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Үүнээс хойш 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Д.Отэй уулзалт хийсэн өдөр тэрээр 1,000,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж бүрэн барагдуулах боломжтой гэснийх нь дагуу хуваарь гаргаж өгсөн боловч түрээсийн төлбөрийг төлөөгүй.

1.2 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Ог эрэн сурвалжлах хүсэлт гаргаж, тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 03288 дугаар шийдвэрийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжилсан.

1.3 Иймд Д.Огээс түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 56,954,494 төгрөг, алданги 28,477,247 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 85,501,941 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Гэрээг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус.

2.2 Хариуцагчийн эрүүл мэндийн байдлаас төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй байсан.

2.3 Мөн 10,000,000 төгрөгийн төлөлтийг хасаагүй. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6, 493.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Огээс 57,024,694 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,477,247 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 585,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Огээс улсын тэмдэгтийн хураамжид 443,074 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүх талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18-50 дугаартай, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 19-02 дугаартай түрээсийн гэрээ тус бүрийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгч нь нэг өмчлөх эрхийн гэрчилгээтэй буюу улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, нийт 5,040.42 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг болох 68.5, 69 м.кв талбайг хариуцагчид түрээслүүлсэн. Түрээсийн талбай нь тусдаа бүртгэл бүхий буюу бие даасан нэг гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгүүд биш. Иймд дээрх гэрээнүүд нь хүчин төгөлдөр.

4.2 Гэрээгээр алдангийн талаар тохиролцсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 З ХХК-д талбай түрээсэлдэг байсанд талууд маргаагүй, харин тухайн талбайг хэрхэн буцаан өгсөн, буцаан өгсөн байхад З ХХК хүлээн авах үүргээ биелүүлээгүй, надаас илүү төлбөр нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл, З ХХК нь Ковид-19 хөл хорио тогтоох үед 2020 оны 07 сар хүртэл ашиглах боломжгүй байсан эсэхийг харгалзахгүйгээр түрээсийн төлбөр шаардаж байгааг зөвшөөрөхгүй.

6.2 Шүүх хуралдааны үед тайлбарласан боловч нэхэмжлэгчийн нотлох баримтгүй тайлбарт үнэлэлт дүгнэлт өгч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хэдийгээр 56,000,000 төгрөгийн үлдэгдэлтэйг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан боловч тухайн үед миний барааг барьцаалж гарын үсэг зуруулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авснаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд бичгээр хариу тайлбар гаргаагүй. Хэргийг шийдсэн шүүх хуралдаанд ковид-19 цар тахлын талаар дурддаг. Гэхдээ түрээсийн гэрээний харилцаа үргэлжилж байхад ковид-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөлөөгүй. Учир нь, Монгол Улсад анх 2020 оны 11 дүгээр сард ковид 19 цар тахлын тохиолдол бүртгэгдээд мөн сарын 11-ний өдөр Засгийн газрын тогтоолоор 5 хоногийн хөл хорио тогтоосон. Түүнээс өмнө 2020 оны 07 дугаар сард талууд хоорондоо талбай хүлээлцсэн.

7.2 Тооцоо нийлсэн акт үйлдэхдээ олон удаагийн уулзалтын тэмдэглэл хийсэн. Хариуцагч нь татгалзалтай холбоотой нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй, хүсэлт гаргаагүй, нотлох ажиллагаа хийгээгүй. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Д.Од холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 56,954,494 төгрөг, алданги 28,477,247 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 85,501,941 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ...гэрээг улсын бүртгэлд бүртгээгүй тул хүчин төгөлдөр бус, ...эрүүл мэндийн шалтгаанаар төлбөрийг төлөөгүй, ...ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулаагүй, ...нэхэмжлэгчид түрээсийн зүйлийг хүлээлгэн өгснөөс хойшхи хугацааны төлбөрийг төлөхгүй гэж үгүйсгэн маргажээ.

3. Талууд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 18-50 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч З ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах З ХХК-ийн үйлчилгээний төвийн 202 тоот хаягт байршилтай, 68.5 м.кв талбайг түрээслэгч Д.Од эмэгтэй бэлэн хувцас, гутал, цүнхний худалдаа явуулах зориулалтаар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар, сарын 4,171,650 төгрөгөөр, менежментийн зардал 150,000 төгрөгөөр түрээслүүлэх, мөн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 30 хувь буюу 2,920,155 төгрөг байх, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 20 хувь буюу 3,337,320 төгрөг байх, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал 10 хувь буюу 3,754,485 төгрөг байх, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 5 хувь буюу 3,963,068 төгрөг байхаар түрээсийн төлбөрийн нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх 11-23/

4. Мөн талууд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 19-02 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч З ХХК нь мөн төвийн 302 тоот хаягт байршилтай, 69 м.кв талбайг түрээслэгч Д.Од эрэгтэй бэлэн хувцас, гутал, цүнхний худалдаа явуулах зориулалтаар 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар, сарын 3,857,100 төгрөгөөр, менежментийн зардал 150,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тус тус харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна. /хх 25-29/

5. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

5.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Уг шаардлагыг хангаагүй гэрээ нь мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.

5.2 Дээрх зохицуулалтаас үзвэл хэрэв тухайн түрээсийн талбай болох үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэлтэй нэг бүхэл үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг буюу улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлгүй тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага үүсэхгүй.

5.3 Түрээсийн гэрээний зүйл болох 202 тоот хаягт байршилтай 68.5 м.кв талбай, 302 тоот хаягт байршилтай 69 м.кв талбай нь Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, М оргил Х гудамж, 00 дугаар байр, 1-3 давхар тоот хаягт байршилтай, 5040.42 м.кв талбайтай нэг бүхэл үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /1хх 32/. Өөрөөр хэлбэл, тухайн талбай нь тусдаа бие даасан үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага үүсэхгүй тул давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэнэ. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

6.1 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18-50 дугаар түрээсийн гэрээний дагуу түрээслэгч нь түрээсийн талбайг зориулалтын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл түрээсэлж, мөн өдөр түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх 24/

6.2 Мөн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19-02 дугаар гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болох байсан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Түрээсийн талбай хүлээлцэх акт-аар гэрээний зүйлийг хүлээлцсэн байна. /хх 29/ Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй. Нөгөөтэйгүүр, хариуцагч уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар бусад нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр надаас тухайн талбайг хүлээн авсан атлаа 2020 оны 07 сард хүлээн авсан гэдэг бичиг үйлдсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Талууд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийн талаар тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, харилцан гарын үсэг зурсан. /хх 30/ Уг баримтаар хариуцагч нь түрээсийн гэрээний үүрэгт 2020 оны 01 дүгээр сараас мөн оны 06 дугаар сарын төлбөрт нийт 57,954,494 төгрөг төлөөгүй, үүнээс 1,000,000 төгрөгийг хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн эд хөрөнгийг барьцаалж тухайн баримтад хариуцагчаар гарын үсэг зуруулсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. /хх 73/ Түүнчлэн, хариуцагч түрээсийн гэрээний үүргийг ковид-19 цар тахалтай холбоотой биелүүлээгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь давагдашгүй хүчин зүйлээс хамаарсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...ковид-19 цар тахлын хөл хорио тогтоох үед дэлгүүр лүү явах боломжгүй байсан байхад надаас 2020 оны 07 сар хүртэл тухайн ашиглах боломжгүй байсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд талууд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18-50 дугаар гэрээний 8.1-т, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19-02 дугаар гэрээний 7.1-т алдангийн хэмжээг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь байхаар заажээ.

8.1 Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй боловч уг шаардлагаа баримтаар нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь Тооцооны үлдэгдлийн баталгаа-г үндэслэн 28,477,247 төгрөгийн алданги шаардсан боловч тухайн баримтаар гэрээгээр тохирсон хугацаа бүрд нь алдангийг тооцож, түрээсийн төлбөрийн үүргийг тодорхойлоогүй байна. Иймд тухайн баримтад алдангийн талаар тооцоо нийлж тодорхойлоогүй байх тул давж заалдах шатны шүүх алдангийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн дүгнэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...алдангийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцогдоно. Иймд анхан шатны шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

10. Дээрх үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/03439 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6, 493.9 гэснийг ...318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагаас төлсөн 300,336 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 273,663 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН