Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00218

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 29 210/МА2024/00218

 

 

Э.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/04358 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Э.Д

Хариуцагч: Б.Б

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.ёд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Э.Д нь 2022 оны 05 дугаар сард зээлийн гэрээ байгуулалгүй 5,000,000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар Б.Бд зээлдүүлсэн. Б.Б нь 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүүгийн төлбөрт 7,000,000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 5,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2023 оны 07 дугаар сард өгөхөөр тохиролцсон боловч төлөөгүй. Иймд Б.Баас үндсэн зээл 5,000,000 төгрөг, 2 сарын хүүгийн төлбөрт 1,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Э.Дээс 5,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн хугацаа болон хүүгийн талаар тохиролцоогүй. Б.Б нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 7,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлж дуусгасан гэжээ.

 

3. Сөрөг шаардлага үндэслэлийн агуулга:

3.1 Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй. Б.Б нь Э.Дт 7,000,000 төгрөг буюу зээлсэн мөнгөнөөс 2,000,000 төгрөг илүү төлсөн. Иймд нэхэмжлэгч үндэслэлгүйгээр 2,000,000 төгрөг авсан байх тул уг мөнгийг буцаан гаргуулна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Б.Б нь зээлийн хүүгийн төлбөрт 7,000,000 төгрөгийг Э.Дт 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өгсөн. Хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч хүү төлсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Э.Дийн нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Э.Дээс 2,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Э.Дээс 46,950 төгрөг гаргуулан хариуцагч Б.Бд олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Улсын дээд шүүхийн 2020 оны 01 дугаар зөвлөмжид ...талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хариуцагч, нэхэмжпэгчид зээлийн хүү төлснийг буцаан шаардах эрхгүй... гэж дүгнэсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн хүү гэж 2,000,000 төгрөг төлсөн. Хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол Э.Д хүү шаардах эрхгүй байхаар зохицуулсан. Харин зээлдэгч Б.Б нь 2,000,000 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрч төлсөн учир төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

6.2 Э.Д нь Б.Бд зээл олгосноос хойш 14 сарын дараа 7,000,000 төгрөгийг хүү гэж төлсөн. Нэхэмжлэгч нь үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 1,000,000 төгрөг нэхэмжилсэн тул үндсэн зээл 5,000,000 төгрөгийг хангах үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Э.Д нь Б.Баас 7,000,000 төгрөгийн зээл авч, Г.М гэх найздаа сарын 5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Нотариатаар гэрчлүүлсэн гэрээнд тухайн мөнгийг Б.Бын данс руу шилжүүлэхээр зээлийн гэрээг байгуулсан. Гэвч Г.М нь Э.Дийн данс руу Б.Баас гэх утгатай 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн 7,000,000 төгрөгийг Б.Б нь сайн дураараа төлөөгүй бөгөөд албадан шилжүүлсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 1,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхгүй. 7,000,000 төгрөгийг төлсөн, ...хүүгийн төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гарган үгүйсгэн маргасан.

3. Э.Д нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг Б.Бд шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх4/

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлдэгчид мөнгөн хөрөнгийг гэрээнд зааснаар зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэг үүснэ.

3.2 Хариуцагч нь нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөг зээлсэн үйл баримтын талаар маргаагүй тул анхан шатны шүүх талуудын хооронд 5,000,000 төгрөгийн хэмжээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзсэн нь зөв.

3.3 Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкин дахь Э.Дийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх 133/ Иймд хариуцагчийг үндсэн зээл 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ гүйцэтгэсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

4. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүгийн төлбөрийг шаардах эрхгүй боловч хариуцагч нь 5,000,000 төгрөгийн хүүгийн төлбөрт 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй байхаар заасан. Хариуцагч Б.Б нь тухайн үед зээлийн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч 2,000,000 төгрөг төлсөн байх тул хожим уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол хуулийн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/04358 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Бд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Дийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Э.Дээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Бын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 110,950 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 46,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 126,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН