Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00253

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 02 210/МА2024/00253

 

 

Г.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/03898 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Б,

Хариуцагч: Д ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: зуучлалын гэрээний үүрэгт 750,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Г.Б нь 2018 оны 06 дугаар сарын үед Д ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ц.Гтэй У.Мгээр дамжуулан Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах 000000000, 0000000000 нэгж талбарын дугаар бүхий 13.500 м.кв талбайтай газарт орон сууц барих ажилд Д ХХК-ийг хөрөнгө оруулагчтай холбож өгөхөд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх, зуучлагчийн ажлын хөлсөнд 1,000,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр болон хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүдээр тооцож Г.Бд өгөхөөр тохиролцсон.

1.2. Улмаар Д ХХК-тай зуучлалын гэрээ байгуулж, гэрээний дагуу Д ХХК-ийг хөрөнгө оруулагч нартай танилцуулж, орон сууц барих ажилд хөрөнгө оруулагч олохын тулд би Д ХХК-ийн ерөнхий менежер гэх албан тушаалаар нэрийн хуудас У.Мгээр хийлгэж, төсөлтэй холбоотой баримт бичгийг бэлтгэж, албан бичиг, лавлагаануудыг гаргуулж, танилцуулга бэлтгэн олон газарт илтгэл тавьж танилцуулсан. Ийнхүү танилцуулга амжилттай болж, Э ХХК нь Д ХХК-ийн газарт орон сууц барих ажилд хоёр тал хамтран ажиллахаар болсон.

1.3. Г.Б нь Д ХХК-ийн өмнө Зуучлалын гэрээ-ээр хүлээсэн үүргээ 2019 оны эхээр бүрэн биелүүлж, Э ХХК-тай зуучилж, тус компаниуд нь хамтран ажиллаж хотхоныг барьсан. Гэвч Д ХХК нь гарын үсэг зурсан Зуучлалын гэрээ-г өгөхгүй зугтсан. Хөрөнгө оруулалт нь анх тохирсон дүнгээр бус 9,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт буюу 75 хувийн хөрөнгө оруулалт орсон гэж үзэж байгаа тул үүнд тохирсон Зуучлалын гэрээ-ний хөлсний 75 хувь болох 750,000,000 төгрөгийг хариуцагч Д ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь Д ХХК-тай Зуучлалын гэрээ байгуулсан гэх боловч уг зуучлалын гэрээ хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд энэхүү тохиролцоо, зуучлалын гэрээг өмнөх захирал, тухайн үеийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох Ц.Гтэй байгуулсан гэх боловч Ц.Г нь одоо Д ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч биш.

2.2. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасны дагуу Ц.Г нь Компанийн нэрийг баримтлан бусдад мөнгө өгнө гэж амлан тохиролцоо хийснийг Д ХХК нь хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.2-т зааснаар хариуцагч Д ХХК-иас зуучлалын гэрээний үүрэгт 750.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.907.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 3.907.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх гэрч нарын мэдүүлэг, Г.Б, Ц.Г нарын хооронд болсон гэх Хувь хүний нууцын тухай хууль зөрчсөн, мөн дуу хоолойг таниулаагүй дууны бичлэг, мөн цахим шуудангийн үзлэг зэрэг баримтад үндэслэн нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй.

4.2. Хэргийн материалд Зуучлалын гэрээ авагдаагүй, гэрээ байгуулагдаагүй байхад шүүхээс гэрээ байгуулагдсан мэтээр дүгнэж, улмаар гэрээний нэг тал болох Ц.Гийг байлцуулахгүйгээр гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрээний талууд гэрээг дүгнээгүй байхад буюу гэрээний үүрэг биелсэн эсэх, зөрчигдсөн эсэх, үүргийн биелэлтийн хувь ямар байсан зэрэг тодорхойгүй асуудлыг шүүхээс харгалзан үзээгүй. Нэхэмжлэгч Зуучлалын гэрээ байгуулагдсанд тооцуулах, гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох талаар шаардлага гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар гэрээг хүчин төгөлдөр, байгуулагдсан мэт дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.3. Хариуцагч Д ХХК, түүний хувьцаа эзэмшигч Б.Аын хувьд Г.Б, Ц.Г нарын хооронд үүссэн зуучлалын харилцааны талаар мэдэхгүй, уг харилцаанд оролцоогүй, мөн урьд үүссэн гэх эрх зүйн харилцааны үр дагаврыг хариуцах үүрэг амлалт аваагүй. Компанийн хувьцааг худалдсан үр дагавар өмнөх хувьцаа эзэмшигч иргэнд үүсэх тул түүний үүрэг хариуцлагыг компани хариуцах үндэслэлгүй. Мөн бидний хооронд хийгдсэн хэлцлийн дагуу Ц.Гийн өмнөх өр төлбөр, үүрэг хариуцлагыг шинэ хувьцаа эзэмшигч хүлээхгүй байх талаар тодорхой тохиролцсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлагч, зуучлуулагчийн харилцаа үүссэн. Г.Б зуучлалын үүрэг гүйцэтгэж, зуучлуулагчаар Д ХХК оролцсон. Д ХХК нь тухайн Хан-Уул дүүрэгт байрлах газрыг эзэмшдэг, тухайн газар дээр баригдаад дуусаагүй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг Д ХХК өмчилдөг. Тухайн дуусаагүй барилгын төслийг бүрэн дуусгавар болгох хөрөнгө оруулагчийг Д ХХК хайж байсан. Тухайн үед Ц.Г нь Д ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч буюу төлөөлж байсан хүн тул Д ХХК-ийг хариуцагчаар татсан нь үндэслэлтэй. Иймд гэрээний нэг талыг оролцуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

5.2. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт хэлбэр заагаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн зуучлалын гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн тусгайлсан заалт байхгүй. Д ХХК болон Г.Б нарын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээ амаар байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т заасны дагуу хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн. Д ХХК-ийн барьж дуусаагүй байгаа барилга дээр нэмэлт хөрөнгө оруулагч олж өгөх, Г.Б нь тухайн хөрөнгө оруулагчийг зуучилж өгснөөрөө үйлчилгээний хөлс 1,000,000,000 төгрөг авахаар тохиролцсон. Тус тохиролцоо нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

5.3. Д ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон Э ХХК-ийн таун хотхоныг н.А, н.Ө нар нийлж барьсан гэж тайлбарладаг. н.Ө нь гэрчээр мэдүүлэг өгсөн, мөн тодорхойлолт бичиж өгсөн байдаг. Хэргийн 132-136, 164-165 дугаар талд Ц.Г, Г.Б нарын утсаар ярьсан талаарх үзлэгийн тэмдэглэл авагдсан. 12,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт авах ёстой байснаас 9,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт авсан. Тус хэмжээнд холбогдох дүнгээр төлбөрөө бодож өгнө гэж хэлсэн бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан.

5.4. Ц.Гийг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргахад, хариуцагч талаас эсэргүүцдэг атлаа давж заалдах гомдолдоо Ц.Гийг оролцуулах байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан н.Өын мэдүүлэг, тодорхойлолт, гэрч н.Мгийн мэдүүлэг, тодорхойлолт, таун хотхоны фото зураг, Ц.Гтэй ярьсан утасны яриа, түүнд үзлэг хийж бэхжүүлсэн баримтаар Г.Б хөрөнгө оруулж болох этгээдүүдийг танилцуулсан, илгээсэн гэдэг нь бүрэн тогтоогдсон учир анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн. Ц.Г нь 12,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт олж өгөхөөс 9,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт олж өгсөн учир тус хэмжээнд нь ногдох ажлын хөлс өгнө гэх асуудал яригдсан. 9,000,000,000 төгрөгт хуваахад, ажлын хөлс нь 750,000,000 төгрөг болсон учир энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 750,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.

2.1. Шаардлагын үндэслэлээ ...Г.Б нь Д ХХК-тай хөрөнгө оруулалт олох Зуучлалын гэрээ байгуулж, ажлын хөлсөнд 1,000,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, зуучлалын гэрээний үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлсэн тул гуравдагч этгээдээс хөрөнгө оруулсан 9,000,000,000 төгрөгөөс тооцож зуучлалын хөлс 750,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

2.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ...Нэхэмжлэгч нь зуучлалын гэрээг өмнөх захирал, тухайн үеийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох Ц.Гтэй байгуулсан гэх боловч Ц.Г нь одоо Д ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч биш. Компанийн нэр барьж бусдад мөнгө өгнө гэж амлан тохиролцоо хийснийг Д ХХК хариуцах үндэслэлгүй гэж үгүйсгэн маргасан.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4. Талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь нэхэмжлэгчид зуучлалын хөлс, шагнал төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

4.1. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 612 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 10000000, 0000000000 дугаартай, 13,500 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай газрыг Д ХХК-д эзэмшүүлсэн. /хх 91-92, 96, 127-131/

4.2. Д ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ц.Г, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хувьцаа эзэмшигчээр Э ХХК, гүйцэтгэх удирдлагаар Б.А тус тус улсын бүртгэлд бүртгэлтэй байна. /хх 108-109/

5. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, зуучлалын гэрээ нь зуучлуулагч болон зуучлагч нарын хооронд байгуулагдах бөгөөд зуучлагч нь гуравдагч этгээдтэй хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл байгуулах үүргийг, зуучлуулагч нь тодорхой хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

6. Зуучлалын гэрээнд хэлбэрийн шаардлага тавигдахгүй боловч гэрээний талуудын хүсэл зоригт нийцсэн байхыг шаардахаас гадна гэрээ байгуулагдсан эсэх нь маргаантай тохиолдолд зуучлагч үүнийг нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу хариуцагчийн эзэмшилд байсан Хан-Уул дүүрэг, 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 10000000, 0000000000 дугаартай, 13,500 м.кв талбайтай газарт орон сууц барих төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой хариуцагчийг бусадтай хэлцэл байгуулах зуучлалыг гүйцэтгэсэн гэдгээ баримтаар нотлох үүрэгтэй.

6.1. Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүх үзэв. Учир нь, шүүхээс хэрэгт авагдсан флаш диск болон хэргийн 132-136 дугаар талд авагдсан нэхэмжлэгч болон н.Г нарын утсаар ярьсан ярианы тэмдэглэлд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, мөн  @yahoo.com хаягийн илгээсэн цахим зурвас хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус тус үзлэг хийсэн бөгөөд үзлэгийн тэмдэглэлээр талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх 132-136, 164-165, 198-217/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон н.Г нарын утсаар ярьсан ярианы тэмдэглэл гэх баримтад тусгагдсанаар ярилцагчийн нэг талыг хариуцагч байсан гэж эргэлзээгүйгээр үзэх үндэслэл тогтоогдоогүй. Мөн дээрх цахим шуудангаас илгээсэн мэдээлэл нь талууд зуучлалын гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч зуучлалын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлийг нотолж чадахгүй байна.

6.2. Түүнчлэн, гэрч У.М, М.Ө нар талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн /хх 166-169, 179-182/ боловч тухайн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны бусад хэрэгслээр нотлогдоогүй байна.

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх дээрх баримтыг үндэслэн талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

7. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын гэрээгээр зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг хүлээх бөгөөд мөн зүйлийн 410.2 дахь хэсэгт зааснаар хөлс, шагналын хэмжээг харилцан тохиролцоогүй бол тогтсон нийтлэг жишиг хэмжээгээр тохиролцсон гэж үзнэ.

7.1. Нэхэмжлэгч нь хөлсний хэмжээг гуравдагч этгээд буюу Э ХХК-ийн орон сууц барих төсөлд оруулсан хөрөнгийн хэмжээний үнийн дүн гэх 9,000,000,000 төгрөгийн 750,000,000 төгрөгөөр тооцон тодорхойлсон. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 750,000,000 төгрөгийг шаардах эрхгүй.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/03898 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Д ХХК-д холбогдох, зуучлалын гэрээний үүрэгт 750,000,000 төгрөг гаргуулах тухай Г.Бы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,907,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

М.БАЯСГАЛАН