Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00254

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 02 210/МА2024/00254

 

 

П.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/04496 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.Г,

Хариуцагч: Б.З,

Нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн гэрээний үүрэгт 153,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. , хариуцагч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

 

1.1. П.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.Зтай харилцан тохиролцож, Автомашин түрээслэх гэрээ-г бичгээр байгуулсан. Гэрээний дагуу П.Г өөрийн өмчлөлийн 0000 УБ улсын дугаартай экскаватор, 0000 УБ улсын дугаартай авто ачигч, 0000 УНЛ улсын дугаартай өөрөө буулгагчийг операторын хамт гэрээнд заасан газар болох Х аймэг, Д сумын нутаг, Ц нэртэй газарт байршилтай, уурхайн хайгуулын талбайд заасан хугацаанд өөрийн зардлаар хүргэж өгсөн.

 

1.2. Түрээсийн төлбөр сард 53,000,000 төгрөгийг төлөхөөр гэрээнд заасан. Хариуцагч Б.З нь гэрээний 2.2-т зааснаар сар бүрийн 20-ны өдрийн дотор түрээсийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй. Түүнээс төлбөр төлөхийг шаардахад 3,000,000 төгрөг шилжүүлснээс өөр төлбөр төлөөгүй. Иймд Б.Заас түрээсийн гэрээний үүрэгт 153,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

 

2.1. Б.З нь хариуцвал зохих этгээд биш бөгөөд хариуцвал зохих этгээд нь М ХХК. Автомашиныг түрээслэх зорилгоор гэрээ байгуулаагүй, бүтээгдэхүүн хувааж авах нөхцөлтэй хамтран ажиллах зорилготой байсан. Гэрээ байгуулахаас өмнө уурхай дээр автомашиныг гэр жолооч, тогооч нарын хамт аваачсан.

 

2.2. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3714 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Баянгол дүүргийн Прокурорын тогтоол, гэрч Б.З, н.Э, н.Р, хохирогч П.Г нарын мэдүүлгүүд, гэрч Т.Ц Ц.Р нарын мэдүүлэг, бодит үйл баримтуудаас дүгнэхэд талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Ажил гүйцэтгэх буюу хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн. Учир нь, Б.З болон гэрч Ц.Р нар мэдүүлэхдээ талуудын хооронд Автомашин түрээслэх гэрээ анхнаасаа байгуулагдаагүй. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

3.1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Заас түрээсийн гэрээний үүрэгт 153,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч П.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 938,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Ггийн хувьд М ХХК-тай ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй. М ХХК нь түрээсийн гэрээнд төлөөлүүлэх тухайгаа аль нэг талд мэдэгдэж байгаагүй.

 

4.2. Б.З нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.4 дэх хэсэгт тус тус зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 22-ын өдөр П.Гтай Автомашин түрээслэх тухай гэрээ-г нэг жилийн хугацаатай байгуулсныг тухайн өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатч гэрчилсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

 

5.1. Би П.Ггийн нөхөр болох н.Гтой 2017 оны 09, 10 дугаар сард Б аймгийн Р сумд алт олборлож байсан. Тус талбайн ажил дуусаад намар нь н.Г танай талбайд бүтээгдэхүүн хуваах нөхцөлөөр ажилласан. П.Г надтай эрх зүйн харилцаанд орсон мэтээр тайлбарлаж байгаа боловч түүнийг танихгүй, нэг ч удаа уулзаж байгаагүй. Мэргэжлийн хяналт болон орон нутгийн шалгалт ирэхэд шалгуулах байдлаар дүр үзүүлсэн хэлцэл хийсэн. Өөрөөр хэлбэл, П.Ггийн нөхөр н.Гтой эрх зүйн харилцаанд оролцсон. Бодит байдал дээр түрээсийн гэрээгээр ажиллаж, техник хүлээж авсан зүйл болоогүй. Тухайн талбай дээр очоод ажил хийлгүйгээр 14 хоноод техникээ буцаагаад авсан. Тухайн газар дээр огт ажил хийгдээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч Б.Зд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 153,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ...хариуцвал зохих этгээд биш гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Т.Батболд нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн нэрийн өмнөөс 0000 УНЛ улсын дугаартай, өөрөө буулгагч автомашиныг бусдад түрээслүүлэх, түрээсийн төлбөрийг хүлээн авах, гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг П.Гд олгосон байна. /1хх 7/ Уг итгэмжлэлийг үндэслэн П.Г нь Б.Зтай 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Автомашин түрээслэх тухай гэрээ байгуулж, Т.Батболдын өмчлөлийн 0000 УНЛ улсын дугаартай, өөрөө буулгагч автомашин, П.Ггийн өмчлөлийн 0000 УБ улсын дугаартай эксковатор, 0000 УБ улсын дугаартай авто ачигчийг Х аймгийн Д сумын Ц гэх газарт 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаатай, сарын 53,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон байна. /1хх 5-6/

 

4. М ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Р нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Зд М ХХК-ийг төлөөлж гэрээ хэлцэл хийж, төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг, 3 сарын хугацаатай олгожээ. /1хх 223/

 

4.1. Дээрх итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсны дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нар Автомашин түрээслэх тухай гэрээ-г байгуулсан боловч төлөөлүүлэгч М ХХК нь тухайн итгэмжлэлийнхээ талаар шаардлага гаргаагүй байна.

 

4.2. Талууд түрээсийн гэрээнд харилцан гарын үсэг зурсан нь тэдний хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчид М ХХК-аас итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулсан тул гэрээний нэг тал буюу түрээслэгчийг хариуцагч Б.З гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

5. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд төлөөлөх бүрэн эрхийг зохицуулсан. Тухайлбал, мөн зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно. Энэхүү зохицуулалт нь хэлцлийн үндсэн дээр олгосон төлөөлөх бүрэн эрхийн зохицуулалтад хамаарна. Тухайлбал, төлөөлөх бүрэн эрхийг олгох, түүнд тавигдах шаардлага, хугацаа, хэлбэрийг зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг тусгайлан зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалт нь энэхүү маргаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Автомашин түрээслэх тухай гэрээ-ний талуудыг тодорхойлоход хамааралгүй байна. Иймд нэхэмжлэгч нь мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/04496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 938,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

М.БАЯСГАЛАН