Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00278

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 05 210/МА2024/00278

 

 

И ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/03816 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: И ХК,

Хариуцагч: Б.Б,

Хариуцагч: Н.М

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 25,286,021 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б х, О.Б , хариуцагч Б.Б, Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Зээлдэгч Б.Ө, Н.М нар нь И ХК-тай 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2123 дугаартай цалингийн зээлийн гэрээг байгуулж 2,000,000 төгрөгийг, 2012 оны 00 дүгээр сарын 06-ны өдөр 117 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж 8,500,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Гэвч зээлдэгч нар 2013 оны 10 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн.

1.2 Зээлдэгч Б.Ө нь оршин суугаа газраа өөрчлөн олдохгүй байсан тул шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2016/01209 дугаар шийдвэрээр Б.Өыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн.

1.3 Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, 2123 дугаартай барьцаат цалингийн зээлийн гэрээг үндэслэн зээлдэгч Б.Ө, Н.М нараас зээлийн үлдэгдэл 7,500,240.01 төгрөг, үндсэн хүүний төлбөр 15,153,028 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 2,632,753 төгрөг, нийт 25,286,021 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч О.Бгийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Би 2013 оны 08 дугаар сараас 2014 оны 11 дүгээр сарын хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймгийн хорих ангид хүмүүжиж байгаад гарч ирсэн. Х аймагт оршин суух хаягаа 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00000000 тоотод шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхийг төөрөгдүүлж эрэн сурвалжлах хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн нь хууль бус.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Н.М хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 123.1, 123.8 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч Б.Б, Н.М нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 25,286,021 төгрөг гаргуулах тухай И ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Х ХХК болон И ХК-ийн хооронд байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээг нотлох баримтаар Хны эрх хүлээн авагчаас 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр И ХК-д ирүүлсэн. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах үед Х ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас И ХК-д шилжүүлсэн зээлийн дансны дэлгэрэнгүй үлдэгдэл хэсэгт зээлдэгч Б.Б, Н.М нарын нэр орсон байгаа.

5.2 Зээлийн үлдэгдлийг зөвхөн гэрээний дагуу шилжүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Харин дээрх Зээлийн дэлгэрэнгүй үлдэгдэл гэх баримт нь өөрөө хууль зүйн үр дагавар үүсгэж байгааг анхан шатны шүүх анхаараагүй. Х ХХК нь 2013 оны 00 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор татан буугдаж, Монголбанкнаас эрх хүлээн авагч томилогдон одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрх шилжүүлэх гэрээг удаа дараа албан бичгээр шаардаж байсан. Шүүх хэргийг шийдвэрлэх явцад уг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шаардан авах боломжтой, мөн шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж энэ эрхээ ашиглах боломжтой байсан.

5.3 Мөн шүүхийн шийдвэрт энэ талаар дурдаж, хэрэг маргааныг цаашид хэрхэх талаар дүгнэлт хийх ёстой атал энэ талаар дурдаагүй, банкны эрхийг хязгаарлаж, цаашид зээлдэгчээс зээлийн төлбөрийг шаардах эрхийг нээлттэй үлдээгээгүй байгаа нь шийдвэр хууль бус болохыг илтгэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Б.Бгийн тайлбарын агуулга:

6.1 Би 8 дугаар сард нь зээлийн төлбөрийг төлж байсан. 7 дугаар сард нь Х ХХК-аас И ХК руу шилжсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Энэ хугацаанд надад шилжсэн талаар мэдэгдээгүй. 2019 онд М.Б гэх хүн над руу утсаар ярихад нь мэдсэн. 2016 онд эрэн сурвалжлуулах тухай шүүхийн шийдвэр гарсан атлаа Эрдэнэт хотын цагдаа дээр 2021 онд эрэн сурвалжилсан байсан гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Н.Мгийн тайлбарын агуулга:

7.1 Нэмэлт тайлбар байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч И ХК нь хариуцагч Б.Ө, Н.М нарт холбогдуулан зээл 7,500,240 төгрөг, зээлийн хүү 15,153,028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,632,753 төгрөг, нийт 25,286,021 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Б ...зээл шилжсэн талаар мэдэгдээгүй, ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбар гарган эс зөвшөөрч маргасан, хариуцагч Н.М хариу тайлбар гаргаагүй.

3. Хэрэгт Б.Б, Н.М нарын Х ХХК-тай 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэх 2123 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/, мөн 2012 оны 00 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гэх 117 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ тус тус авагдсан. /хх 16-34/

3.1. 2123 дугаартай гэрээгээр хариуцагч нар Х ХХК-аас 2,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 26 сарын хугацаатай, 117 дугаартай гэрээний хувьд 8,500,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр заасан байна. /хх 16-23/

4. Нэхэмжлэгч нь Х ХХК-аас дээрх 2 гэрээний шаардах эрхийг шилжүүлж авсан үндэслэлээр хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардсан боловч уг үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, хэргийн 11-13 дугаар талд авагдсан Х ХХК дахь эрх хүлээн авагчаас Иинд шилжүүлсэн зээлийн дансны дэлгэрэнгүй үлдэгдэл гэх баримт нь зээлдүүлэгч Х ХХК буюу Х ХХК дахь эрх хүлээн авагчаас зээлийн гэрээний шаардах эрхийг нэхэмжлэгч шилжүүлэн авсан гэх үйл баримтыг нотолж чадахгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлэх бөгөөд хэрэгт энэ талаар буюу эрх шилжүүлэн авсан талаар баримт авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг гэрээний нэг тал буюу зээлдүүлэгчээс шилжүүлэн авсан нь баримтаар тогтоогдоогүй, гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...нэхэмжлэл гаргах үед Х ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас И ХК-д шилжүүлсэн зээлийн дансны дэлгэрэнгүй үлдэгдэл хэсэгт зээлдэгч Б.Б, Н.М нарын нэр орсон, ...Зээлийн дэлгэрэнгүй үлдэгдэл гэх баримт нь хууль зүйн үр дагавар үүсгэж байгаа гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Х ХХК-аас шаардах эрхийг шилжүүлэн авсан гэх үндэслэлээ баримтаар нотолж, холбогдох баримтыг өөрөө цуглуулах үүрэгтэй. Харин мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тухайн баримтыг өөрөө олж авах буюу цуглуулах боломжгүй тохиолдолд шүүхээр бүрдүүлэх боломжтой. Гэтэл нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хүсэлт гаргаагүй байх тул шүүхийг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шаардан авч, шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой, ...маргааныг цаашид хэрхэх талаар дүгнэлт хийх ёстой атал энэ талаар дурдаагүй, банкны эрхийг хязгаарлаж, зээлдэгчээс зээлийн төлбөрийг шаардах эрхийг нээлттэй үлдээгээгүй гэх давж заалдах гомдлыг мөн хангахгүй.

6. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийг шаардсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл болох Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.8 дахь хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/03816 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 123.1, 123.8 дахь хэсгийг тус тус баримтлан гэснийг 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН