Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Н.Энхболд,

Шүүгдэгч: М.Мөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805061390097 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.М-, 1980 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 39 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, .... тоот регистртэй,

Шүүгдэгч М.Мнь 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Клаб” нэртэй караокед иргэн Н.А-гийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч Н.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Байгаль захирал намайг очоод гар гээд шаардаатах гэхээр нь уг 7 номерын өрөөний хаалгыг нь тогшиж ороод “та нар одоо гарахгүй бол болохгүй, цаг чинь дууссан, бид нар хойноо ажилтай” гэтэл тэнд байсан эрээн ороолттой махлаг эмэгтэй “чи дуугүй бай, гар зайл, бид нар мэдэж байна” гэхээр нь би гараад Байгаль захирал дээр очоод “тэр хүмүүс гарахгүй гэнээ, намайг зайл энэ тэр гээд байна” гэхэд Байгаль эгч өөрөө тэр хүмүүс рүү гарах хэрэгтэй гэдгийг хэлэхэд тэд нар гарахгүй гээд хэрэлдсэн. Тэгтэл намайг бохирыг нь ав гэхээр нь би ширээн дээр байсан хоосон архи, дарсны шил, ундааны лааз зэргийг хамж аваад эргэтэл арай жижгэвтэр биетэй, бор ороолт зүүсэн эмэгтэй нь шууд нүүр рүү цохьсон. Тэгээд би өрөөнөөс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,

Гэрч О.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгэхээр нь би А-г хүчээр бохирыг нь аваад гараад ир гээд А-г оруулсан. Удалгүй тавь, энэ тэр гээд зодоон болох шиг сонсогдохоор нь би гүйгээд тэр өрөө рүү ортол нэг эмэгтэй А-гийн зүүн шанаа руу гараараа цохиж харагдахаар нь би салгахаар ойртсон. Тэгээд би А-г наашаа тек рүүгээ дагуулаад гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,

Шинжээчийн 13890 тоот дүгнэлтэд: “...Н.А-гийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацарт хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 18/,

Яллагдагчаар М.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн өдөр Н.А-гийн нүүр рүү нэг удаа цохьсон. Би түүнд эмчилгээний нөхөн төлбөр өгнө гэдгээ илэрхийлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 35/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 7-8/, гэрэл зураг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 27/, хохирогч Н.А-гийн гэмтэл авсан фото зургийн үзүүлэлт /хх-н 29-30/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 43-49/, хохирогчийн хүсэлт /хх-н 51/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Мнь 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Клаб” нэртэй караокед иргэн Н.А-гийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.А-гийн: “...би ширээн дээр байсан хоосон архи, дарсны шил, ундааны лааз зэргийг хамж аваад эргэтэл арай жижгэвтэр биетэй, бор ороолт зүүсэн эмэгтэй нь шууд нүүр рүү цохьсон. Тэгээд би өрөөнөөс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16/, гэрч О.О-гийн: “...тэгэхээр нь би А-г хүчээр бохирыг нь аваад гараад ир гээд А-г оруулсан. Удалгүй тавиа энэ тэр гээд зодоон болох шиг сонсогдохоор нь би гүйгээд тэр өрөө рүү ортол нэг эмэгтэй А-гийн зүүн шанаа руу гараараа цохиж харагдахаар нь би салгахаар ойртсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/, шинжээчийн 13890 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Мнь хохирогч А-г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн хүсэлт /хх-н 51/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч М.М-ын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.ОТГОНБАЯР