Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: А.Баясгалан,

Хохирогч: Т.Ө, түүний өмгөөлөгч Б.Ганболд,

Шүүгдэгч: Б.З-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.З-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805042630868 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.З-, 1995 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.З- нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний оройн 20 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 14 дүгээр байрны 2004 тоотод маргааны улмаас иргэн Т.Өг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Б.З-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би нөхөртэйгөө хуучин тавилга авч зардаг. Тэгтэл Т.Ө надтай холбогдон угаалгын машин авъя гэсэн тул угаалгын машиныг хохирогчийн гэрт хүргэж өгсөн бөгөөд ажиллуулах гэтэл тухайн айлын тог нь хэлбэлзээд болохгүй байсан. Тэгтэл Чзүй зохисгүй үг хэрэглэн, эвдэрхий юм авч ирч өглөө гэх зэргээр сонин харьцаад байсан. Тэгээд угаалгын машинаа буцаан авч явах болсон тул би та нар өөрсдөө буулгаж өг гэдгээс нь болоод хоорондоо маргалдсан. Бид хоёр харилцан үсдэлцсэн. Гэтэл хохирогч гэх эмэгтэй намайг цохиж зодсон гэж зөрүүтэй мэдүүлэг өгснийг гайхаж байна. Би гараа атгаж цохиогүй, харилцан үсдэлцсэн. Үсдэх явцдаа мөн шанааг нь маажсан байсан. Эдгээр үйлдэлдээ харамсаж байна...” гэв.

Хохирогч Т.Өгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би зарын дагуу Зтай холбогдсон. Би угаалгын машин авч ирүүлэхээсээ өмнө ажилладаг эсэхийг нь асуусан. Тэгтэл угаалгын машин ажиллахгүй байсан. Гэрийн гадаа ирчихээд би жирэмсэн оруулж чадахгүй гэхээр нь манай нөхөр Згийн нөхөртэй хамт өргөөд оруулсан. Тэгтэл ажиллана гэсэн угаалгын машин нь ажиллахгүй байсан чинь энэ хүүхэн уурлаад танай тогноос болж байна. Буцаан авч явахгүй өөрсдөө гаргаад өг гээд, намайг янхан энэ тэр гээд дарамтлаад байсан. Иймд би нөхрөө буцаагаад ачаад өгчих гэсэн. Би огт уурлаагүй байтал энэ хүүхэн уурлаад бухимдаад байсан. Би хагалгаанд ороод удаагүй байсан. Тэгээд угаалгын машинаа зөөгөөд лифтэнд оруулах үед З над руу шууд дайрсан. Би нүүрээ дараад туслаарай гээд орилсон бөгөөд манай нөхөр лифтийг зогсоон гүйж ирсэн. Энэ хугацаанд намайг маш их зодсон. Би гадаа гараад цагдаа дуудах гэж байтал гадаа намайг дахиад зодсон тул би ахыгаа дуудсан. Манай ах гарч ирсэн чинь манай ах руу мөн дайрсан. Би тухайн үед авсан гэмтлээсээ болоод гоо сайхны моделоор ажиллаж байсан ажлаасаа хасагдсан. Энэ гэмтлийн улмаас цаашид гарах үр дагаварыг мэдэхгүй байна. Миний хувьд гомдолтой байна...” гэв.

Хохирогч Т.Өгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...нөгөө эмэгтэй үүднээс над руу шууд хүрч ирснээ миний нүүр рүү гараа атгаж байгаад 4-5 удаа цохьсон. Тэр үед би нүүрээ дараад доошоо тонгойсон чинь намайг үсдээд хойш татахаар нь би өөдөөс нь харсан чинь зүүн нүд орчим нэг удаа цохьсон. ...би машиндаа суусан байсан чинь над дээр хүрч ирээд машины цонхоор гараа оруулж ирснээ үсдээд татаад 3-4 удаа цохисноо миний гарт байсан Айфоне-8 маркийн гар утсыг булааж авахаар нь би цонхоо хаагаад цагдаа хүлээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

Гэрч А.М-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...З манай эхнэрийн үснээс үсдчихсэн байсан ба Ч, Згийн гарыг тавиулах гээд байж байсан. Тэр үед манай эхнэр Чгийн толгой руу З 2-3 удаа цохиж байсан ба би очоод дундуур нь ороод салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17/,

Шинжээчийн 9450 тоот дүгнэлтэд: “...Т.Өгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, баруун шанаа, сарвуунд зулгаралт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 20/,

Ялалгдагчаар Б.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...гэрт нь оруулаад угаалгын машин ажиллуулж үзүүлэх гээд угаалгын машин залгасан чинь пускатель нь дийлэхгүй унтраад байсан чинь Ч...би ажилладаг юм авна гэсэн болохоос эвдэрхий юм авна гээгүй одоо ажиллахгүй байгаа юм чинь аваад яв гэхээр нь... би уурлаад ...эвдэрхий гэх юм байхгүй одоо бид нар гаргаж чадахгүй өөрсдөө гаргаж өг... гээд маргалдсан. Тэр үед Чнад руу чичлээд байхаар нь би нүүр лүү нь нэг удаа мангасдаад цаашаа явах гэсэн чинь араас босож ирээд хувцаснаас татахаар нь би эргэж хараад үсдсэн чинь зөрүүлээд намайг үсдсэн. Тэр үед Чгийн нөхөр нь гарч ирээд салгасан. ...Тухайн үед үсдэлцэж байхдаа Чгийн баруун нүдний шанаа орчим самардсан байсан. ...би баруун гарынхаа алга, хуруу хэсгээрээ нүүр рүү нь нэг удаа мангасдсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 25-26/, хохирлын баримтууд /хх-н 27, 49-50/, хохирогчийн гэмтэл авахаас өмнө болон дараа авахуулсан гэрэл зургууд /хх-н 31-33/, комьютер томографийн оношлогоо /хх-н 47/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.З- нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний оройн 20 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 14 дүгээр байрны 2004 тоотод угаалгын машин худалдан авах асуудлын улмаас маргалдан иргэн Т.Өг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Өгийн: “...нөгөө эмэгтэй үүднээс над руу шууд хүрч ирснээ миний нүүр рүү гараа атгаж байгаад 4-5 удаа цохьсон. Тэр үед би нүүрээ дараад доошоо тонгойсон чинь намайг үсдээд хойш татахаар нь би өөдөөс нь харсан чинь зүүн нүд орчим руу нэг удаа цохьсон. ...би машиндаа суусан байсан чинь над дээр хүрч ирээд машины цонхоор гараа оруулж ирснээ үсдээд татаад 3-4 удаа цохисноо миний гарт байсан Айфоне-8 маркийн гар утсыг булааж авахаар нь би цонхоо хаагаад цагдаа хүлээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 14/, гэрч А.М-ий: “...З манай эхнэрийн үснээс үсдчихсэн байсан ба Ч, Згийн гарыг тавиулах гээд байж байсан. Тэр үед манай эхнэр Чгийн толгой руу З 2-3 удаа цохиж байсан ба би очоод дундуур нь ороод салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17/, шинжээчийн 9450 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хэдийгээр шүүгдэгч Б.З- нь хохирогч Т.Өгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг гэмтлүүдийг учруулаагүй гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт хууль сануулж өгсөн хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр хохирогч нь тухай үед гэмтэл авсан, тухайн гэмтлийг шүүгдэгч нь хохирогчид учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хохирогч нь тухайн үйл явдал болсны дараа шүүгдэгчийн хамт цагдаагийн байгууллага дээр хамт очсон, шүүх эмнэлэгт тухайн өдрөө үзүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид дээрх гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.З-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.З- нь хохирогч Т.Өтэй угаалгын машин зарах талаар маргалдаж улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Өгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг,  2 сорвины тос авсан, нэг ширхэг нь 70.000 төгрөг, нийт 140.000 төгрөг, компьютер томографикт харуулсан 120.000 төгрөг, сорви арилгах лазер үйлчилгээнд нийт 5 удаа орсон 850.000 төгрөг, нийт 1.118.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Т.Өд олгох нь зүйтэй.

Хохирогч өмгөөлөгчийн зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзсэн болно.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт цаашид эмчилгээ хийлгэх болон уг гэмтлийн улмаас өөрт учирсан хор уршигийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул хохирогч нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.З-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Б.З- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох, шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлөөлж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Б.З-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны хүүхэдтэй, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.З- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.З-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-гаас 1.118.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Өд олгосугай.
  5. Хохирогч Т.Ө нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.ОТГОНБАЯР