Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Н.Уранбайгаль,

Хохирогч: С.Э,

           Шүүгдэгч: М.Б-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803008580479 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Б-, 1976 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Блюбус” ХХК-д жолооч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...... тоот регистртэй,

Шүүгдэгч М.Б-нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өглөөний 07 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудлын замд “Блюбус” ХХК-ний эзэмшлийн Huyndai Aerocity маркийн 59-21 УБЦ улсын дугаартай автобусыг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч /59 настай/ С.Эийг унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 19-ний өглөө автобусаа жолоодон Баянгол дүүргийн 10 хорооллын автобусны буудалд дээр зогсоход хүн их байсан тул урд, хойд хоёр хаалгаар хүмүүс суусан. Тэдгээр хүмүүс огт багтахгүй байсан. Тиймээс хаалга хаалгүйгээр бага зэрэг хөдөлтөл хойд талын хаалганаас хүн унах шиг болсон тул би зогсож очиж түргэн тусламж болон цагдаа дуудсан...” гэв.

Хохирогч С.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр өглөө 06 цагт гэрээсээ гарч Гэсэр сүм орох гээд 07 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудал дээр ирсэн. Автобус хоёр хаалгаа онгойлгосон байсан бөгөөд хүн их байсан тул хоёр хаалгаар хүмүүс нь хуваагдан ороод байсан. Би дунд хаалгаар орон бариулнаас барьсан боловч багтахгүй байсан тул бууя гэж бодоод буух гэж байтал автобус хөдлөөд би бөгсөөрөө газар унасан. Газар унаад хөдөлж чадахгүй байсан тул 4 хөллөсөн байдалтай удаан байсан. Энэ үед автобусны жолооч болон манай нөхөр хоёр намайг өргөн замын хажууд суулгах гэтэл би сууж чадахгүй байсан. Иймд гэмтлийн эмнэлэг орж үзүүлтэл L-2 нуруу хугарсан байна гэсэн. Эмчилгээнд нилээд олон эм бичиж өгч, бүс зүүгээд хэвтрийн дэглэм барь гээд явуулсан. Гэтэл би халуураад байсан тул дахин эмнэлэгт 12 хоног хэвтсэн. 12 хоног хэвтээд гэртээ 3 хонотол даралт ихсээд байсан тул дүүргийн эмнэлэгт хэвтэн түүнээсээ мэдрэлийн эмнэлэгт шилжиж 14 хоносон. Мөн дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул дахин эмнэлэгт хэвтсэн. Ингээд 2018 оны 12 сарын 10-ны өдөр эмнэлгээс гарсан ба цагаан сарын дараа дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Энэ гэмтлээс үүдэлтэйгээр миний бөөр мөн өвдсөн. Нуруунаас болж бусад эрхтнүүд өвдсөн. Би дандаа нэг талаараа хэвтдэг. Дээшээ харж чадахгүй болохоор MRI зураг авахуулж чадахгүй байгаа. Мөн машинд сууж чадахгүй бөгөөд өөрөө хөдөлж чадахгүй байгаа тул хүүхдээ 5 сар ажлаас нь чөлөө авахуулаад өөрийгөө асруулж байна. Байнга толгой эргэдэг тул цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд эмчилгээндээ нилээд мөнгө зарцуулсан тул цаашид эмчилгээний зардлыг нэн даруй гаргуулж авмаар байна. Тэгэхгүй бол би мөнгөгүй болоод эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Улсын эмнэлэгт ор байхгүй учраас хувийн эмнэлэгт хэвтэж байгаа. Би хүний тусламжтайгаар хөдөлж байна. Түүнээс биш ганцаараа байж огт чадахгүй байгаа. Шүүгдэгч намайг хэд хэд удаа эргэн ирж байсан. Энэ байдлыг маань сайн мэдэж байгаа. Би 5 сар нэг талаараа хэвтэж байна. Бүх бие өвдөөд толгой эргээд маш хэцүү байна. Саяхан болтол оймсоо өмсөж чадахгүй байсан. Гэхдээ бие бага багаар сайжирч байгаа боловч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Зовиур маш их байна. Хэдийгээр би баримтгүй зардал нилээд гаргасан боловч хавтаст хэрэгт өгсөн баримтынхаа хүрээнд хохирол нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулах хүсэлтэй байна...” гэв.

Хохирогч С.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 07 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын урд талын замын хотын төв рүү явдаг автобусны буудал дээрээс Гэсэр сүм рүү явах гээд нөхрийн хамт автобус хүлээгээд зогсож байтал нийтийн тээврийн том оврын цагаан ногоон өнгөтэй Мах Импекс Улаанхуаран чиглэлийн автобус дүүрэн хүнтэй ирсэн. Би багтахгүй шинжтэй болохоор нь уг автобуснаас буцаж буух гээд нэг хөлөө газар дөнгөж тавих гэтэл уг автобус хаалгаа хаалгүй хөдөлснөөс болж би ар нуруугаараа газар унасан. ...автобус зогсоод жолооч над дээр ирсэн. Энэ үед манай нөхөр намайг газраас босгох гэтэл би хөдөлж болохгүй нуруугаар маш их өвдөж байсан. Эрүүл мэндээрээ хохирсон учир гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Гэрч Г.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...автобусны буудал дээр цагаан ногоон өнгийн том оврын Мах Импекс, Бөмбөгөр, Улаанхуран гэсэн хаягтай автобус ирж зогссон. Эхнэр Э автобусны дунд талын хаалгаар эхэлж орох гэтэл чихэлдэж байтал автобус хаалгаа хаалгүй хөдөлснөөс болж арагшаа хөл алдаж газар унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 89/,

Шинжээчийн 11628 тоот дүгнэлтэд: “...С.Эийн биед бүсэлхийн 2-р нугалмын хугарал, баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 98/,

Техникийн шинжээчийн 809 тоот дүгнэлтэд: “... Huyndai Aerocity маркийн 59-21 УБЦ улсын дугаартай автобусыг жолоодож явсан М.Б-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-т “жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зорчигч С.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээний байдал замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нь уг осол гарахад нөлөөлөөгүй байна. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-н 101/,

Яллагдагчаар М.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 10 дугаар хорооллын автобусны урд талын автобусны буудал дээр зорчигч буулгах, суулгахаар ирж зогссон. Тэр үед автобусанд маш их зорчигч зорчиж явсан, мөн 10 дугаар хорооллын автобусны буудлаас ч их зорчигч автобусанд суусан, тэр үед зорчигч нар урд болон арын хаалгаар автобусанд бөөнөөрөө чихэж орж байсан. Тэгээд би зогсож байхдаа автобусны хоёр хаалгыг хаах гэтэл хүмүүс хаалга хаалгахгүй чихээд бас зүүгдээд байсан. Тэгэхээр нь би бага зэрэг урагшаа хөдөлтөл хойд талын хаалгаар нэг эмэгтэй хүн зам дээр бөгсөөрөө унаж байгаа нь харагдахаар нь тоормозоо гишгэж зогсоод автобуснаасаа гараад нөгөө хүн дээр очтол тэр хүн ёолоод байхаар нь би түргэн цагдаа дуудсан. Хохирогч С.Эт эмчилгээний зардал гэж өөрөөсөө 2.500.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 111-112/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 10-15/, Хохирлын баримтууд /хх-н 29-44/, хохирогчийн өвчний түүх /хх-н 53-79/, эмчилгээний зардал төлсөн баримт /хх-н 95-96/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 134-144/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч М.Б-нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өглөөний 07 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудлын замд “Блюбус” ХХК-ний эзэмшлийн Huyndai Aerocity маркийн 59-21 УБЦ улсын дугаартай автобусыг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч /59 настай/ С.Эийг унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн “...Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудал дээр ирсэн. Автобус хоёр хаалгаа онгойлгосон байсан бөгөөд хүн их байсан тул хоёр хаалгаар хүмүүс нь хуваагдан ороод байсан. Би дунд хаалгаар орон бариулнаас барьсан боловч багтахгүй байсан тул бууя гэж бодоод буух гэж байтал автобус хөдлөөд би бөгсөөрөө газар унасан. Газар унаад хөдөлж чадахгүй байсан тул 4 хөллөсөн байдалтай удаан байсан. Энэ үед автобусны жолооч болон манай нөхөр хоёр намайг өргөн замын хажууд суулгах гэтэл би сууж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Л-гийн: “...автобусны буудал дээр цагаан ногоон өнгийн том оврын Мах Импекс, Бөмбөгөр, Улаанхуран гэсэн хаягтай автобус ирж зогссон. Эхнэр Э автобусны дунд талын хаалгаар эхэлж орох гэтэл чихэлдэж байтал автобус хаалгаа хаалгүй хөдөлснөөс болж арагшаа хөл алдаж газар унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 89/, шинжээчийн 11628, техникийн шинжээчийн 809 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Б-ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Эийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх ба шүүгдэгч М.Б-нь Блюбус ХХК-нд жолоочоор ажилладаг болох нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр батлагдаж байх тул уг хохирлыг иргэний хариуцагч байгууллага хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирлын баримтуудаар тогтоогдсон хохирлоос давхардсан баримтуудыг хасаж үлдэх 4.001.349 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч Блюбус ХХК-иас гаргуулж хохирогч С.Эт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хохирогчид 2.514.000 төгрөг төлсөн, эмчилгээний үлдсэн зардал, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээ хийлгэж байгаа, цаашид эмчилгээ хийлгэнэ гэж мэдүүлсэн тул хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хариуцагч, шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч М.Б-ыг гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Гантулгын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан зарим хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр заасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөлийг харгалзан эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Иймд хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Гантулгын 388873  дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шүүгдэгч М.Б-т буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Б-ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2.514.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Блюбус ХХК-иас 4.001.349 төгрөг гаргуулж хохирогч С.Эт олгосугай.
  6. Хохирогч С.Э нь нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шүүгдэгч М.Б-ын 100603 дугаартай В, С, D, E ангиллын жолоочийн үнэмлэхийг буцаан олгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР