Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/00299

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 07 210/МА2024/00299

 

 

А.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03558 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А.М

Хариуцагч: Э ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, хувиараа төлсөн эрүүл мэндийн даатгалын төлбөр 21,000 төгрөг, ээлжийн амралтын олговор тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Будсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Э ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б нь нэхэмжлэгчийг цаашид ажиллуулахгүй гэсэн. Энэ талаар хүний нөөцийн ерөнхий менежер рүү утсаар залгаж асуухад ...тушаалыг 09 дүгээр сарын 01-ний өдрөөр гаргаж өгье гэсэн. Дэд захирал Ж.А ...маргааш ажилдаа ирж ажиллаарай гэсэн тул би 09 дүгээр сарын 02-ны өдрөөс ажлаа хэвийн хийж байсан. 09 дүгээр сарын 02-ны өдөр хүний нөөцийн ерөнхий менежерт тушаал тодруулж асуухад ...Маргааш барилгачдын баяртай учраас завгүй байна, чиний тушаалыг боловсруулж амжаагүй байна гэсэн. Би барилгачдын баярын зохион байгуулах комисст нь ажиллаж байсан тул тухайн өдрөө гадуур барилгачдын баярт хэрэглэх хүнсийг цуглуулсан, мөн барилгачдын баярын өдөр буюу 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулалтын ажилд бүтэн оролцсон. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд оффис дээр бүтэн ажилласан.

Гэтэл намайг 2022 оны 09 дүгээр сарын 02, 05, 06-ны өдрүүдэд ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан хэмээн ажлаас халж, хөдөлмөрийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан Э" ХХК-ийн Ерөнхий захирлын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/735 дугаар тушаалыг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 18 минутанд надад гардуулан өгсөн.

Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулж өгнө үү.

1.2 Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт үзүүлэх шаардлага гарсан тул 2022 оны 9, 10, 11, 12 сар, 2023 оны 01 сарын нийт 21,000 төгрөгийг хувиараа төлсөн. Иймд эрүүл мэндийн даатгалын гаргуулна. Мөн ээлжийн амралтын мөнгө 2022 оны 09 дүгээр сард гарсан тушаалын дагуу бодогдсон ба ажилгүй байсан хугацааны ээлжийн амралтын олговрыг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 А.Мд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/687 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс хойш 2022 оны 09 дүгээр сарын 02, 05, 06-ны өдрүүдэд тэрээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 7.2.1.5-д сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд мөн ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар зохицуулсан. Мөн байгууллагын дотоод журмын 13.6.3-т ажлын 3 өдөр шалтгаангүйгээр ажил таслах юм бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална, Хөдөлмөрийн дотоод журмын 13.6.13-т ажилтан сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан бол сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар зохицуулсан. Нэхэмжлэгч нь тухайн үед ажиллаж байсан гэдгээ нотолж чадаагүй. Зөрчил гаргаж ажлаас чөлөөлөгдсөн тул нэмэгдүүлсэн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах явцад холбогдох тооцооллыг хийж дуусгасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2, баримтлан А.Мыг Э ХХК-ийн дэд захирлын туслах албан тушаалын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Э ХХК-иас дутуу авсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 21,722,301 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Мд олгож, хувиараа төлсөн эрүүл мэндийн даатгалын төлбөр болон ээлжийн амралтын олговрыг гаргуулах нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч А.Мын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд дахь 21,722,301 төгрөгийн хэмжээнд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Э ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч А.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Э ХХК-аас 266,561 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт заасан үүргийн дагуу хариуцагчаас гаргаж өгсөн Хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т Хүний нөөцийн менежер ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй бөгөөд энэхүү бүртгэл нь цалин хөлс олгох үндсэн баримт болно гэж заасан. Гэрч Ж.А цаг бүртгэнэ гэж заагаагүй, түүний гэрчийн мэдүүлэг давхар нотлогдоогүй байхад мэдүүлгээр нь дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Ж.А нь А.Мтай төрөл садангийн холбоотой юм.

Дотоод журмын дагуу нэхэмжлэгчийн ирж ажилласан хугацаанд тохирсон цалин хөлс буюу 2022 оны 09 сарын 01-ний өдөр ирж ажилласан өдрийн цалинг олгосон. Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу ирц бүртгэлийн цахим системд үзлэг хийсэн бөгөөд цагийн бүртгэл огт хийгдээгүй байсан. Цагийн бүртгэл байхгүй, ажилдаа ирээгүй байхад гэрчийн мэдүүлэг болон вайбер чатад үндэслэн нэхэмжлэгчийг дээрх өдрүүдэд ажилласан байна, ажил таслаагүй байна гэж илт нотлох баримтыг буруугаар тайлбарлаж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

4.2 Хариуцагчийн зүгээс гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/687 дугаар тушаалын хавсралтанд ажилчдын зөрчил гаргасан өдрийг буруу тэмдэглэсэн энэ нь техникийн алдаа байсан талаар тайлбарласан боловч дээрх тушаалыг нөхөн байгуулсан гэж шүүхээс дүгнэсэн. Ингэж дүгнэхдээ шүүх тухайн нотлох баримтыг эргэлзээгүй, тал бүрээс нь бодитоор үнэлээгүй, уг нотлох баримтын бодитой эсэхийг хөтөлбөргүйгээр тогтоож чадаагүй гэж үзэж байна.

Уг тушаал нь зөвхөн нэхэмжлэгчийн асуудлаас гадна олон ажилтны асуудлыг шийдвэрлэсэн байтал нөхөн хийсэн тушаал гэж дүгнэж хууль тогтоомжийн хүрээнд гаргасан тушаал биш буюу хууль зүйн үндэслэлгүй тушаал гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Ж.А нь А.Мын шууд удирдах албан тушаалтан нь юм. Тухайн ажил тасалсан гэж үзэж байгаа 2022 оны 09 дүгээр сарын 02, 05, 06-ны өдрүүдэд ажлаа хэвийн гүйцэтгэж байсан талаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Тухайн асуудлын талаар үнэн зөв мэдээлэлтэй байгаа хэн ч гэрч байж болно. Иймд удирдах албан тушаалтан нь учраас тухайн өдрүүдэд А.Мыг ажиллаж байсан эсэхийг мэдэх гол хүн нь гэж үзэж байна. Ж.А нь анхан шатны шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө А.Мтай төрөл садангийн холбоогүй гэдгээ мэдүүлсэн. Иймд энэ талаарх гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх зөвхөн Ж.Аын мэдүүлгийг үндэслэж хэргийг хянан шийдвэрлээгүй. Ж.Аоос гадна өөр хүн гэрчээр мэдүүлэг өгсөн. Тухайн гэрчийн мэдүүлгүүд нь үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогддог.

Хариуцагч байгууллага өөрийн дотоод программд ямар ч өөрчлөлт гараараа оруулж засварласан байх магадлалтай. Үзлэг хийх явцад ирцийн мэдээллийг засварласан талаарх баримт авагдсан. Өөрөөр хэлбэл, тухайн цаг бүртгэлийн программдаа А.Мын бүртгүүлсэн мэдээлэлд засвар хийсэн гэдэг нь тогтоогдсон. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар хэд хэдэн ажилтнуудад сахилгын зөрчил ногдуулсан бөгөөд тус ажилтнуудын нэг нь А.М юм. Тухайн тушаалын хавсралтад техникийн алдаа гаргасан гэж тайлбарладаг. Техникийн алдаа гаргасан бол тухайн алдаагаа засварлаад үнэн зөв болгох боломжтой байсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар өөрсдөө баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл тус ажиллагаагаа өөрсдөө хийгээгүй атлаа ирсэн, явсан бичгүүдэд үзлэг хийж тогтоох боломжтой байсан мэтээр шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

5.2 Давтан зөрчил гаргасан гэх асуудал нь нотлогдоогүй, сүүлийн маргаан бүхий тушаалыг гаргахдаа 2022 оны 09 дүгээр сарын 02, 05, 06-ны өдрүүдэд ажил тасалсан гэж байгаа боловч ажил таслаагүй гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдсон. Тухайн маргаан бүхий тушаалыг гаргахдаа хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу сахилгын зөрчлийн талаар урьдчилан мэдэгдэж, мэдэгдсэний дагуу тодорхой тайлбар авах ажиллагаа хийх ёстой байсан боловч тус ажиллагааг хийгээгүй. Өөрөөр хэлбэл, хуульд заасан журмыг зөрчиж гаргасан тушаал учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан Э ХХК-ийн дэд захирлын туслах албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хувиараа төлсөн төлбөрт 21,000 төгрөг, ээлжийн амралтын олговор тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч шаардлага, үндэслэлийг ... сахилгын давтан зөрчил болон ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийг гэрээг цуцалсан нь үндэслэлтэй. Зөрчил гаргаж ажлаас чөлөөлөгдсөн, тооцоог хийж дуусгасан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзан маргасан.

4. Ажил олгогч Э ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/735 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1.1, 7.2.1.5, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.6.3, 13.6.13 дахь заасныг тус тус баримтлан Дэд захирлын туслах албан тушаалтай А.М нь 2022 оны 09 дүгээр сарын 02, 05, 06-ны өдрүүдэд ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрлийг давтан гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдсон. /хх 5/

5. Дээрх тушаалын агуулга нь ажилтан буюу нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 02, 05, 06-ны өдрүүдэд ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан. Мөн сахилгын давтан зөрчил гаргасан үндэслэлийг заажээ.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

6.1 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Учир нь, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21060281 дугаартай хөдөлмөрийн гэрээний 7.2.1.1-т ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцон, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Шүүхээс хариуцагч байгууллагын цагийн бүртгэлд хийсэн үзлэгийн /хх 153/ тэмдэглэлээр нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нийт 03 цаг ажилласан болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 7.2.1.1-т ...3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан гэж заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй. Тушаалын дээрх үндэслэлийг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг 80.1.4-т нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

7. Харин анхан шатны шүүх ажил олгогчийн дээрх тушаалын сахилгын зөрлийг давтан гаргасан гэх үндэслэлтэй холбоотой баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна.

7.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох бөгөөд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно.

7.2 Э ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/532 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг 60 минут ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр түүнд ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. /хх 85/ Уг тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул тушаалыг хүчин төгөлдөр гэж үзнэ.

7.3 Нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 02, 05-ны өдөр тус тус ажил тасалсан болох нь шүүхээс хариуцагч байгууллагын цагийн бүртгэлд хийсэн үзлэгийн /хх 153/ тэмдэглэлээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.3-т ажлын цагийг баримтлах гэснийг зөрчиж, сахилгын зөрчил гаргасан байна. /хх 61/

7.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгслээр тогтоогдох учиртай. Нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 02, 05-ны өдөр тус тус ажилласан талаар мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх гэрч нарын мэдүүлгээр дээрх хугацаанд нэхэмжлэгчийг ажилласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Түүнчлэн, шүүхээс фэйсбүүк /facebook/-ийн харилцан яриа, вайбер /viber/-т хийсэн үзлэгээр илэрсэн нөхцөл байдал нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй. /хх 179-184/ Иймд хариуцагчийн төлөөлөгчийн ...гэрчийн мэдүүлэг өөр эх үүсвэрээр давхар нотлогдоогүй, ...вайбер чатад үндэслэн нэхэмжлэгчийг дээрх өдрүүдэд ажилласан байна гэж нотлох баримтыг буруу үнэлсэн гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

7.5 Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/532 дугаар тушаалаар түүнд ногдуулсан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дусаагүй байхад 2022 оны 09 дүгээр сарын 02, 05-ны өдөр тус тус ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан байх тул түүнийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзнэ. Харин ажил олгогчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/687 дугаар тушаал нь тухайн маргаанд буюу нэхэмжлэгчийн сахилгын давтан зөрчил гаргасан гэх үйл баримтад ач холбогдолгүй байна. Иймд хариуцагчийн санаачилгаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

8. Давж заалдах шатны шүүх ажил олгогчийн санаачилгаар ажилтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн тул тухайн хугацаа дахь нэхэмжлэгчээс эрүүл мэндийн даатгалын төлбөрт төлсөн 21,000 төгрөгийг, мөн хугацаа дахь буюу ажилгүй байсан хугацааны ээлжийн амралтын олговрыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй.

9. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүнд мэдэгдэж, тайлбар аваагүй нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасанд нийцээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03558 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Э ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, хувиараа төлсөн эрүүл мэндийн даатгалын төлбөр 21,000 төгрөг, ээлжийн амралтын олговор тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч А.Мын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,562 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН