Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00311

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 16 210/МА2024/00311

 

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/03861 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: И ХХК

Хариуцагч: А ХК

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 355,208,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 И ХХК М пластик /М/ компанитай бизнесийн хамтын ажиллагаатай. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн М /М/ компаниас төлбөрийн нэхэмжлэх цахим шуудангаар ирсэн. Уг төлбөрийн нэхэмжлэхийг хэвлэн Аны Гэн дэх салбарт очин манай компанийн ам.долларын 000000000000 дугаар данснаас 188,095.50 ам.долларын гуйвууллагыг төлбөрийн нэхэмжлэхэд дурдсан хаягаар шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу А ХК-ийн ажилтан уг гүйлгээг хийсэн. Гүйлгээ хийгдсэний дараа цахим шуудангаар ирсэн нэхэмжлэх хуурамч болохыг мэдсэн даруйд буюу 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А ХК-д хандахад гүйлгээ хийгдсэн, шилжүүлсэн дансанд 44,834.93 ам.доллар байгаа талаар мэдэгдсэн.

1.2 Тухайн гүйлгээг хийсэн А ХК-ийн эрх бүхий ажилтан нар хууль, журмаар хүлээсэн гүйлгээний утга агуулга, хүлээн авагчийн хаяг, байршил, нэхэмжлэхэд дурдсан данс эзэмшигч компани нь манай компанийн харилцагч М /М/ компани мөн эсэх, төлбөрийн нэхэмжлэл болон түүнд дурдагдсан мэдээллүүд жинхэнэ эсэхийг нягтлан шалгалгүйгээр гүйлгээг хийж, манай байгууллагад 143,260.57 ам.доллар буюу 355,208,850 төгрөгийн хохирол учруулсан.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу А ХК-аас 355,208,850 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 А ХК-ийн Г бизнес төв нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр И ХХК-ийн 188,095.50 ам.долларын гадаад шилжүүлгийн даалгавар, нэхэмжлэхийг хянаж үзэхэд хүлээн авагчийн банкны мэдээлэл зөрүүтэй байсан тул энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, гүйлгээг хийх боломжгүйг тайлбарласан. Мөн өдрөө нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч нь төлбөрийн нэхэмжлэхээ сольж, манай банканд ирүүлсэн нь шилжүүлгийн даалгавартай таарсан тул гүйлгээг программд оруулсан. Хэсэг хугацааны дараа Санхүү хариуцсан захирал Б.Хал нь хүлээн авагчийн данс солигдож байгаа тул өмнөх гүйлгээгээ цуцлах хүсэлтээ илэрхийлж, нягтлан бодогчоороо шинээр шилжүүлгийн даалгаврыг ирүүлсэн тул өмнөх гүйлгээг цуцалж, дахин программд оруулсан.

2.2 Дээрх гүйлгээг хийхэд 16 цаг өнгөрч байсан тул тухайн өдөртөө шилжүүлгийг хийж амжаагүй, маргааш нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө манай гадаад гуйвуулга хариуцан хийдэг Төлбөр тооцооны газраас ...харилцагч И ХХК-ийн хүлээн авагчийн банкны нэр нь хаягтайгаа зөрүүтэй байгаа тул харилцагчаас тодруулах-ыг Г бизнес төвөөс хүссэн. Хүсэлтийн дагуу Г бизнес төвийн ажилтан Б.Халаас тодруулахад тэрээр хүлээн авагчийн хаяг, дансыг залруулсан шилжүүлгийн даалгавар, нэхэмжлэхийг шинээр ирүүлсний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 10-ны даваа гарагт гадаад шилжүүлгийг хийсэн.

2.3 Гэтэл 8 хоногийн дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нь ...и-мэйл хаягаа хакердуулсан тул 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хийсэн гүйлгээг буцааж өгнө үү гэх албан хүсэлтийг ирүүлсэн. Банк тэр даруй дундын банк болох Гүмийн банкаар дамжуулан гүйлгээг буцаах тухай харилцагчийн хүсэлтийг уламжилсан. Төлбөрийг хүлээж авсан Америкийн Wells fargo банкнаас манайд ирүүлсэн хариудаа үлдэгдэл 44,834.93 ам.доллар байна гэж мэдэгдсэнээр манайх үлдэгдлийг нь буцаалгаж, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн 000000000000 дугаар данс руу шилжүүлж өгсөн.

2.4 Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хуулийн 5.2.3 дахь заалт нь банкны гадаад төлбөр тооцооны хүлээн авагч буюу М /М/ компанийн мэдээллийг банк шалгах агуулга биш бөгөөд банкны харилцагч И ХХК нь эцсийн өмчлөгчийн өмнөөс данс нээж, гүйлгээ хийж байгаа эсэхийг мэдэх зорилгоор тухайн компанийн бизнесийн үйл ажиллагааны зорилго, гүйлгээний утга, эцсийн хүлээн авагч буюу үр шимийг хүртэгч эцсийн өмчлөгч хувь хүний мэдээллийг тодруулах агуулга бүхий зохицуулалт. Банкны ажилтан Гадаад шилжүүлгийн журмын 3.1.1.6 дахь заалтыг зөрчөөгүй буюу гадаад шилжүүлгийн даалгавар, инвойс буюу нэхэмжлэхийг бүрдүүлэн тухайн гүйлгээг шалгаж хийсэн талаар мэдүүлэг өгсөн.

2.5 Банк өөрийн дотоод журмыг зөрчөөгүй. Банк гадаад шилжүүлгийн баримтад уг баримтыг бичсэн он, сар, өдөр, төлбөр хүлээн авагч, төлбөр хариуцагчийн дансны дугаар, нэр, тэдгээрийг үйлчлэгч банкны нэр, гүйлгээний утга, мөнгөний дүнг тоо болон үсгээр бичиж, баталгаатай гарын үсэг зурж, тамга эсхүл тэмдэг дарсан эсэхийг шалгахаар зааснаас бус төлбөр хүлээн авагчийн дансны дугаар мөн шалгах талаар заагаагүй. Харин харилцагч нь уг төлбөрийн баримтад тусгагдсан мэдээллийнхээ үнэн зөвийг хариуцах ёстой.

2.6 Харилцагчийн үнэн зөв бүрдүүлсэн мэдээллийн дагуу төлбөр дамжуулах бөгөөд харилцагчийн буруу, алдаатай бөглөсөн мэдээллээс үүдэлтэй шилжүүлгийн алдаа, харилцагчид учирсан хохирлыг банк хариуцахгүй. Шилжүүлэг нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа, Олон улсын хориг, Оффшор бүс нутгийн жагсаалтад багтсан орон, иргэн байгууллагатай хамааралгүй, харшлахгүй болно, гэснийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан бөгөөд харилцагч хүлээн авагчийн дансны дугаарыг өөрөө бөглөсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч А ХК-д холбогдох гэм хорын хохиролд 355,208,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,933,995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Маргаж буй гүйлгээг хийсэн теллер Р.А, хяналт тавих үүрэг бүхий ахлах теллер Э.О нар нь холбогдох хууль тогтоомж, Аны дотоодод мөрдөгддөг журам, заавар, ажлын байрны тодорхойлолтод дурдсан албан үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй болох нь эдгээр хүмүүсийн өөрсдийнх нь гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогддог ба Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.2.2, 5.2.3, 5.2.5, Аны мөрдөн ажилладаг гадаад шилжүүлгийн журмын 2.4.1, 2.4.3, 3.1.1.2, 3.1.1.6, Аны харилцагч бүртгэх бодлого журмын 3.1.1, 3.3.2, Аны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлгэх журмын 2.1.2.2, 2.1.2.4, 2.1.5.2-т заасныг тус тус зөрчсөн.

4.2 Гэтэл А ХК нь маргаж буй гүйлгээг хийсэн, хяналт тавьсан ажилчид нь дээрх хууль, байгууллагын дотооддоо мөрддөг журмуудыг огт хэрэгжүүлээгүй эцсийн хүлээн авагчийн талаарх мэдээллийг тодруулж лавлах боломж байсаар байтал Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй, гүйлгээг хийхдээ эх хувь биш нэхэмжлэх буюу төлбөр, гадаад шилжүүлгийн даалгавар гэсэн хоёрхон баримтыг үндэслэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан банк нь харилцагчийг хэрхэн таньж мэдэх, мөнгөн шилжүүлэг, гүйлгээ хийхэд зайлшгүй шалгаж тодруулах нөхцөл байдал, бүрдүүлэх баримт, баримтлах журмыг ноцтой зөрчсөн, мөн А дотооддоо мөрдөн ажилладаг Гадаад шилжүүлгийн журмын 3.1.1.6, Харилцагч бүртгэх бодолго журмын 3.3.2. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх журмын 2.1.5.2-т заасан заалтуудыг зөрчсөн байна.

4.3 А ХК-ийн ажилчид нэхэмжлэлд дурдсан 188,095.50 ам.долларын гадаад шилжүүлгийн гүйлгээг хийхдээ албан үүрэгтээ хайнга хандан холбогдох хууль, журмуудыг зөрчсөн байтал тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс нотлох баримтыг шинжлэн судлаагүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасан зохицуулалтын хувьд харилцагчийг таньж мэдэх ажиллагаа байдаг. Тус хуульд зааснаар харилцагч гэж тухайн банкнаас үйлчилгээ авч байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ. Банкнаас үйлчилгээ авч байгаа этгээд нь И ХХК болохоос Атай ямар ч харилцаа холбоогүй М пластик /М/ гэдэг компанийг таньж мэдэх ажиллагаа мэтээр ойлгож, буруу тайлбарлаж, тус компанийн данс мөн эсэхийг та нар шалгаж гүйлгээ хийх ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

5.2 Тухайн гүйлгээг теллер н.А, ахлах теллер н.О нар хийсэн, программд шивэгдэж орсны дараа гуравдагч банк руу дамжуулах шилжүүлгийг н.Энх-Отгон хийсэн. Гурвуулаа гэрчээр оролцож, банкны баримталдаг дүрэм, журмын хүрээнд шилжүүлэг хийсэн, ямар нэгэн зөрчил гаргаагүй гэж мэдүүлсэн, шүүх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Тийм учраас хууль, дүрэм, журам зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй. Бид гадаад гуйвуулгын төлбөрийн баримтад бичсэний дагуу шилжүүлсэн. Өмнө нь бид 2 удаа шалгаад зөрсөн учраас шалгаач гэж боломж олгоод 3 дахь удаагаа гадаад банкны кодтой таарсан учраас шилжүүлсэн. Хүлээн авагч нь Япон Улсын компанийн данс мөн эсэхийг Аны хувьд олон улсын гүйлгээний системээс мэдэх боломж байхгүй.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч А ХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 355,208,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон А ХК-ийн Гадаад шилжүүлгийн даалгавар /хх 119, 121, 132/, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хариуцагчийг гадаад шилжүүлгийн журам зөрчсөнтэй холбоотой баримт болох А ХК-ийн Гадаад шилжүүлгийн журам /хх 84-93/, түүнчлэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байж болзошгүй Монголбанкны 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт /хх 103-117/ зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй байна.

3.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтад хэргээс хуулбарлав гэх тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан өөрийн байгууллагын баримтад баталгаажуулалт хийсэн тохиолдлыг зохицуулсан зохицуулалтад хамаарахгүй. Учир нь, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь өөрт жинхэнэ эх хувь хадгалагдаж буй баримтад хуулбар үнэн гэсэн тэмдэг дарснаар шүүх тухайн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой. Гэтэл хуулбарлав гэх тэмдэг нь тухайн баримтыг хэргээс хуулбарласан агуулгыг илэрхийлэхээс бус, жинхэнэ эх хувиас хуулбарласныг илтгэхгүй.

4. Хуулиар тогтоосон шаардлага хангаагүй баримтыг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах, нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/03861 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,933,995 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСГАЛАН