Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 213

 

 

Х.Х, Б.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Х.Х-ын өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоол,         Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ДШМ/01 дүгээр магадлалтай, Х.Х, Б.С нарт холбогдох 19150005390034 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Х.Х-ын өмгөөлөгч М.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгэлгүй, Х.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгэлгүй, Б.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Х-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бие мах бодийн зовиур үүсгэж үйлдсэн, мөн шүүгдэгч Б.С-той бүлэглэн хүнийг алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 5 жилийн хорих ялаар,

шүүгдэгч Б.С-ийг шүүгдэгч Х.Х-тай бүлэглэж хүнийг алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Х.Х-т оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 10 жилийн хорих ял тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т  зааснаар шүүгдэгч Х.Х-т оногдуулсан 10 жилийн хорих ял, шүүгдэгч Б.С-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Х.Х-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бие мах бодийн зовиур үүсгэж үйлдсэн гэсний дараа “шүүгдэгч Б.С-той бүлэглэн хүнийг алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.С-ийг шүүгдэгч Х.Х-тай бүлэглэж хүнийг алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг хүчингүй болгосугай гэж, 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Х.Х-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар гэсний дараа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар шүүгдэгч Б.С-ийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг хүчингүй болгосугай гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтуудыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Х-ын өмгөөлөгч М.Даваасүрэнгийн гомдлын зарим хэсэг, шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэсэн байна.          Хяналтын шатны шүүхэд прокурор Э.Гантулга бичсэн эсэргүүцэлдээ: “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй. Учир нь хохирогч Ш.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед удаа дараа мэдүүлэг өгөхдөө “...Тэгээд банди миний өмдний энгийн нарийн суран тэлээг тайлж хоолойг минь боож оосорлоод нөгөөх нь асаалттай мотоцикль дээр гараад суучихсан хаазлаад байсан ба Далайгийн банди хоолойгоор минь оосорлосон тэлээгээ мотоцклийн араас уяад чирж нилээд хэсэг газар явж байгаад зогссон. Тэгээд тэр 2 залуу миний дээрээс дэвсээд Далайгийн банди нь миний араас бэлэг эрхтэнээс базаж засаадаж аваад базсан. Тэгсэн би өөрийн эрхгүй босоод ирсэн ба доошоо тонгойчихсон нөгөөх залуу араас засаанаас базчихсан чигээрээ байж байхад хамт явсан залуу нь миний гутлыг үнс гээд өөрийнхөө өмсөж явсан хромон гутлыг 2-3 удаа үнсүүлсэн... Тэгээд засаанаас тавингуут нь би зугатаагаад засмал зам хөндлөн гарчихсан. Тэгсэн араас Далайгийн банди гүйцэж хүрч ирээд дахиад араас засаанаас базаад авсан. Тэгсэн нөгөөх нь мотоциклоо унаад гэрлээ тусгаад араас хүрээд ирсэн. Тэгээд нэг мөсөн гүйцээчихье гэж хоорондоо яриад Далайгийн банди миний суран тэлээгээр дахиж хоолойгоор оосорлоод гүйцээчихье гээд нөгөөх нь мотоциклоороо чирсэн. Гүйцээчихье гээд хоорондоо яриад байсан... ойролцоогоор 20-30 орчим метр газар чирсэн. Тэгээд би худлаа үхсэн юм шиг хэвтээд байсан чинь хоолойноос маань тэлээг маань мултлаад, сундлаад тэр 2 яваад өгсөн..." гэж мэдүүлсээр байтал хохирогчийн эх сурвалжаа зааж мэдүүлсэн удаа дараагийн мэдүүлэг, анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас асуусан асуултад “миний урьд өмнө нь өгч байсан мэдүүлэг үнэн зөв” гэсэн, шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нараас айлгах гэж мотоциклийн араас чирсэн гэж мэдүүлсэн буюу хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын өмгөөллийн үгээр давхар нотлогдон тогтоогдсоор байтал огт дүгнэлт өгөлгүй зөвхөн давж заалдах шатны шүүхэд хохирогч хүсэлтээсээ татгалзаж, надад гомдол санал байхгүй, Б.С-ийг андуурсан байна...” гэсэн үндэслэл муутай хариултыг үнэлж дүгнэлт хийж байгаа нь учир дутагдалтай байна.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.С, Х.Х нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан ялыг хүчингүй болгохдоо “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг баримтлан шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтуудыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй...” гэсэн нь шүүгдэгч Х.Х-т оногдуулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ялыг мөн адил хүчингүй болгосон нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасан “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэх үндэслэлээр шүүгдэгч Б.С, Х.Х нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал”-д давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт заасан үндэслэлийн алинд нь ч хамаарахгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хүчингүй болгох хуулийн заалт байхгүй бөгөөд хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Х-ын өмгөөлөгч М.Даваасүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...шүүгдэгч Х.Х-ыг хохирогч Ш.Т-ын төмсөгнөөс базаж бие махбодийн зовиур үүсгэж, түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн хяналтын гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Х.Х, Б.С нарт холбогдох хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Шүүх буцаахдаа Ш.Т-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Х.Х, Б.С нар хамтран оролцсон оролцоо байгаа эсэхийг тогтоолгохоор буцааснаас биш хэргийн зүйлчлэлийн талаар огт хөндөөгүй. Гэтэл хяналтын прокурор үүнийг хүлээн аваад Х.Х-т холбогдох зүйлчлэлийг хэт хүндрүүлэн яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд нь өмгөөлөгч миний зүгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгааг тайлбарлаж, харин бие махбодийн болон сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж учруулсан гэх үндэслэл бүрэн нотлогдоогүй гэж мэтгэлцэхэд уг зүйлчлэлийг зөвхөн хохирогчийн “Далайгийн банди миний ар талаас бэлэг эрхтэн төмсөгнөөс базсан, би өөрийн эрхгүй босоод ирсэн ба доошоо тонгойчихсон нөгөө залуу араас базсан чигээрээ байж байгаад хамт явсан залуу нь гутлаа үнсүүлсэн” гэх мэдүүлгээр хүндрүүлэн зүйлчилснийг шүүх хүлээн авч шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх гэрч Т.Одгэрэл, Т.Болормаа, Д.Энхтуяа, Д.Очирхуяг, Д.Алтанзул, А.Алтангэрэл нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 309 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Х-ын гэм буруу хангалттай нотлогджээ гэж дүгнэсэн.

Гэтэл хохирогч хэрэг болсны маргааш буюу 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эмнэлэгт байхдаа мөрдөгч н.Лхагвадоржтой ярилцахдаа 2 залуутай маргалдаж хэрүүл маргаан болсны улмаас зодсон, би ухаан алдсан мэтээр жүжиглэж хэвтсэн тэр үед нэг нь миний бэлэг эрхтэнээс маш хүчтэй базсан. Тэгээд тэр намайг орхиод явсан гэж ярилцсаныг тэмдэглэсэн байдаг. Түүнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 19-нд өгсөн мэдүүлэгтээ /аав нь Х.Хишигдалай/ Далайгийн банди 2 удаа засаадсан гэж мэдүүлсэн байдаг. Түүнээс хойш хохирогчийн удаа дараагийн өгсөн мэдүүлгүүд маш зөрүүтэй байхад түүнийг харьцуулж дүгнээгүй. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хүнд гэмтэл учирсныг тогтоосон болохоос түүнд бие махбодийн зовиур шаналал үүсгэж үйлдсэн гэдгийг тогтоогоогүй. Магадлалд дурдагдсан гэрч нар төмсөг гэмтсэн, базсан гэдгийг дам сонссоноо мэдүүлэхээс биш хүндрүүлэн зүйлчлэх нөхцөл байдлын талаар харсан, сонсож мэдсэн мэдүүлэг байхгүй байхад дээрхи гэрч, шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа бие махбодь сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15.2-т “..нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, нотлох баримтыг бодит байдлаар нь хянан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэнтэй нийцэхгүй байна.

Х.Ххохирогчийг тарчлаан зовоосон, өвтгөж шаналгасан, өлсгөж цангаасан, бусдаас тусламж авах бололцоо нөхцөлийг хаасан, ойр дотных нь хүний өмнө түүнд хохирол учруулж тэднийг шаналгасан зэрэг бие мах, сэтгэл санааны зовиур үүсгэсэн гэх нөхцөл тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Х.Хнь өөрийн үйлдлийн улмаас хохирол хор уршиг учирсныг хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг төлөхөөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж, хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан хохирлыг төлж барагдуулсан, ар гэрийн амьдрал маш хүнд 3-5 насны 2 охинтой, эхнэр нь эрүүл мэндийн хувьд амьдралаа авч явах чадваргүйгээс хүүхдүүдийн эрх ашиг хохирох эрсдэлтэй, анхан шатны шүүх хуралд хохирогч энэ хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийн талаар ярихдаа “...би утсаа зарж архи уух гэж энэ 2 залууг дагаж ирээгүй бол ийм зүйл болохгүй байсан байх, иймээс би буруутай...” гэж мэдүүлж байсан зэргийг анхааран үзнэ үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ хэлсэн саналдаа: “...Б.С нь тухайн хэрэг болох өдөр хохирогч Ш.Т-ын биед хохирол учруулаагүй гэдгээ анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Хэргийг хянан шалгах явцад Б.С-д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож байсан. Давж заалдах шатны шүүх Б.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн судлалгүйгээр шийдвэрлэсэн гэж үздэг. Б.С, Х.Х нарыг хохирогчийг зовоон тарчлаах үйлдэл хийсэн гэж үздэг боловч хохирогчийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй. Мөн мотоциклын араас чирсэн гэх нотолгоо үгүйсгэгддэг. Анхан шатны шүүх хуралдаанд ийм зүйл болоогүй, тухайн үед би буруу хэлсэн байна гэдэг. Миний үйлчлүүлэгчийн хувьд хэргийн үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлдэг. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Х, Б.С нар нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны шөнө Булган аймгийн Булган сумын “Цагаан хаалга” гэх газарт иргэн Ш.Т-ын хоолойг суран тэлээгээр оосорлон боомилж, мотоциклийн араас уяж чирсэн буюу бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйл баримт тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэсэн, няцаасан талаарх нотлох баримтуудыг магадлалд дурдаагүй нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Х.Х-ын өмгөөлөгч М.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Х.Х, Б.С нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв. Прокуророос шүүгдэгч Х.Х нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган сумын “Цагаан хаалга” гэх газарт цуг архи ууж байсан Ш.Т-ын хоолойг суран тэлээгээр оосорлон боомилж мотоциклийн араас уяж Б.С-оор 20-30 метр газар чирүүлсэн, “наадахыг чинь гүйцээчихье бид хоёрт гай болно” гэж дахин мотоциклийн араас хүзүүгээр нь суран бүсээр оосорлож Б.С-оор 8-9 метр орчим газар чирүүлж бусадтай бүлэглэн санаатай алахыг завдсан, мөн хохирогч Ш.Т-ын төмсөгнөөс базаж татсан, зугтаахад араас нь хөөж очин дахин төмсөгнөөс базаж Б.С-ийн гутлыг үнсүүлсэн зэрэг байдлаар удаан хугацаанд уг үйлдлийг үргэлжлүүлж бие мах бодийн зовиур үүсгэж хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11,  

 шүүгдэгч Б.С нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган сумын “Цагаан хаалга” гэх газарт цуг архи ууж байсан Ш.Т-ын хоолойг Х.Х–аар суран тэлээгээр оосорлон боймлуулж мотоциклийн араас 20-30 метр газар чирсэн, Х.Х-ыг “наадахыг чинь гүйцээчихье бид хоёрт гай болно” гэж хэлэхэд дахин мотоциклийн араас хүзүүгээр нь суран бүсээр оосорлож 8-9 метр орчим газар чирж бусадтай бүлэглэн санаатай алахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч Х.Х, Б.С нарт холбогдох хэргийн үйл баримтыг бүрэн бодитой дүгнэсэн атлаа тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой ямар гэмт хэргийн шинжийг агуулсан болохыг хууль зүйн үндэслэлтэй зөв тогтоож, хэргийг зүйлчилж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчилан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Эрүүгийн хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүх талаас нь шинжлэх, хуулийг зөв хэрэглэх үндсэн дээр тухайн гэмт хэргийг оновчтой зүйлчлэх, хууль зүйд нийцсэн дүгнэлт гаргах нь зөрчигдсөн буюу маргаантай эрхийг сэргээх, түүнийг зохих ёсоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Хэргийн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр ангилан тодорхойлохдоо хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн шинжүүдийг анхаарч,  ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнийг зөв тодорхойлох нь хэргийг зөв зүйлчлэхэд шууд нөлөөлнө.

Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.   

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ нь тусгай ангийн хэм хэмжээг хэрэглэхэд зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөлийг тодорхойлон заадаг тул түүнийг буруу хэрэглэх нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг буруу сонгоход хүргэж, ингэснээрээ ял завшуулах эсхүл үндэслэлгүйгээр хүнд ял оногдуулах боломжийг бүрдүүлдэг тул уг тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан хуулийг буруу хэрэглэсэнд хамааруулан үздэг ба энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйл 3 дахь хэсэгт үргэлжилсэн гэмт хэргийн талаар тодорхойлжээ. Гэмт этгээд нийлбэрээрээ нэг гэмт хэрэг болох нэг төрлийн эсхүл төсөөтэй үйлдэл, эс үйлдэхүйг нэг зорилгыг хангах үүднээс хийдэг нь үргэлжилсэн гэмт хэргийн онцлог юм.

Учир нь үргэлжилсэн гэмт хэргийг үйлдэх явцад гэмт этгээдийн үйлдлүүд нь хоорондоо нягт холбоотой байж улмаар нэг гэмт хэргийн объектив талыг бүрдүүлдэг нэгдмэл гэмт хэрэг болдог. Энэ тохиолдолд нэг төрлийн  хоёр үйлдлийг тус бүрд нь зүйлчлэх шаардлагагүй бөгөөд тухайн зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх эсхүл онц хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байвал зөвхөн түүгээр нь дангаар  зүйлчилнэ.

Харин мөн зүйлийн 4 дэх хэсэгт хэд хэдэн гэмт хэргийн ойлголтыг тодруулан заасан бөгөөд гэмт хэргийн тус тусдаа эхлэл, төгсгөлтэй хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлдэл эс үйлдэхүй хамаардаг тул ижил буюу төсөөтэй гэмт хэрэг байж улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрдүүлдэг, үйлдсэн хэргийн алинд ч шүүхээр ял шийтгүүлээгүй байдаг зэрэг онцлогтой.

Хоёр шатны шүүх шүүгдэгч Х.Х-т холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4-т заасан үргэлжилсэн, хэд хэдэн гэмт хэргийн аль нь болох талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Ингэснээр шүүгдэгч Х.Х, Б.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэл ялгамжтай оногдуулах нөхцөл бүрдэх юм.

Эрх зүй нь зүй бус, хууль бус үзэгдлийг ямагт хүлээн зөвшөөрч болохгүй бөгөөд түүнд хариуцлага хүлээлгэх асуудлыг эрэмбэлж, илэрч буй аюултай түвшин, зүй тогтлоос нь шалтгаалан эрүүжүүлэх, хариуцлагыг хүндрүүлэх зарчим, бодлого цөөнгүй бөгөөд энэхүү ойлголт, ухагдахууныг хууль тогтоогч тооцож, хуульчилсан болохыг анхаарах нь зүйтэй. 

Хүний гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “In dubio pro rio гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим нь үндэслэлгүйгээр яллах ба шийтгэх явдлыг гаргуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах агуулгыг илэрхийлдэг бөгөөд манай улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгалаа олсон байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэг гарсан газарт ул мөр арилаагүй байхад хэргийн газарт үзлэг явуулж нотлох баримтыг бэхжүүлээгүй, гэмт хэргийг илрүүлэх, үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий хохирогч Ш.Т-ын тухайн үед хэрэглэж байсан гэх суран тэлээг олж тогтоогоогүй, уг суран тэлээ нь хэдэн метрийн уртгай байсан, хоолойгоор нь оосорлоод мотоциклийн араас чирээд явах боломжтой байсан эсэх нь тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ш.Т-ын хоолойн хэсэгт ямар нэгэн гэмтэл, шинж тэмдэг тогтоогдоогүй, шүүх хуралдаан дээр хохирогч Ш.Т-ын “надад гомдол санал байхгүй. Б.С-ийг андуурсан байна. Х.Х миний төмсөгнөөс базсан нь үнэн” гэж хэлсэн байдал зэргийг үндэслэн хохирогч Ш.Т-ыг алахыг завдсан гэж дүгнэх боломжгүй, эргэлзээтэй хэмээн дүгнэсэн атлаа хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үгүйсгэсэн тухай үндэслэлээ заалгүй шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний алдаатай, оновчгүй шийдвэр болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай зохицуулалт нь мөрдөгч, прокуророос хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн шалгаж, хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг гүйцэт бүрдүүлж, хэргийг шүүхэд шилжүүлсний эцэст хэрэгт цугларсан баримтуудаар хэргийн үйл баримтыг бодитой тогтоож   чадаагүй, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутайг хөтөлбөргүй тогтоож, эрх зүйн дүгнэлт хийхэд эргэлзээ үүссэн тохиолдолд сая тэдгээрт ашигтайгаар буюу гэм буруугүйд тооцож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалт юм.

Үүнээс гадна давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгосноор шүүгдэгч Х.Х ямар хорих байгууллагад хорих ял эдлэх нь тодорхойгүй болсныг цаашид анхаарвал зохино.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Х.Х, Б.С нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоол,         Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ДШМ/01 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Х.Х, Б.С нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Х.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ                                   Ч.ХОСБАЯР

                            ШҮҮГЧ                                      Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН