Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 1451

 

А.Сарантуяагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/00031 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Сарантуяагийн

Хариуцагч “Энхтайван өргөө” талбай өмчлөгчдийн холбоо ТББ-д холбогдох

           

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгч А.Сарантуяа, түүний өмгөөлөгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Д.Туяа нарын гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа

Хариуцагчийн төлөөлөгч Д.Отгончулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Энхтайван өргөө” талбай өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал асан Д.Туяа нь 2015 оны 6 дугаар сарын сүүлчээр намайг тус холбооны дулааны инженер, зохион байгуулагчаар ажиллуулах тухай санал тавьсан тул 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 18 тоот гүйцэтгэх захирлын тушаал, мөн өдрийн 14 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан. Энэхүү хугацаанд би тус холбооны гүйцэтгэх захирал асан Д.Туяагийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь сайн гүйцэтгэж, өөрийн мэдлэг боловсрол, оюун ухаан, хөдөлмөр, цаг хугацаагаа зориулан аливаа бэрхшээлийг даван туулж, бүх хүч бололцоогоо дайчлан шударгаар ажиллаж байсан. Тус холбооны удирдах зөвлөлийн дарга З.Оюунчимэг нь 2016 оны 3 дугаар сарын дундуур орон тооны цомхотгол гэсэн нэрээр ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халж надад дарамт шахалт байнга үзүүлж, сэтгэл санаа, ажлын байрны хүчирхийлэлд оруулсан нь миний эрүүл мэндэд муугаар нөлөөлнөөс болж байнга даралт ихдэх эсвэл хэт багасан өвдөж эмчийн хяналтанд байнга байх болсон. Иймээс арга буй 4 дүгээр сарын 29-нд ажлаас гарсан.

...“Пийс молл” худалдааны төвийн жилийн ашиглалтын зардлын төсөв хэмнэх нэрээр зайлшгүй байх ёстой инженер техникийн ажилтан нарын ажлын байрыг үгүй хийж, тус төвийн Хөдөлмөр аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийг ноцтой зөрчиж, цахилгаан ба дулааны инженерүүдийг халж байгаа нь хуульд нийцэхгүй байна. ...Тус ажлыг хийж байх үедээ би хоёр хүний ажлыг ганцаараа хийж байсан бөгөөд зөвхөн нэг хүний цалин хөлс авдаг байсан. Мөн би жилийн дараа өндөр настны тэтгэвэрт гарах гэж байгаа тул уг ажлаа хийж байгаад тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй гэдгээ дарга А.Бархүү, З.Оюунчимэгт нарт удаа дараа хэлж байсан. “Энхтайван өргөө” талбай өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга З.Оюунчимэгийн буруутай үйл ажиллагаанаас болж хуулиар олгох ёстой нийгмийн даатггалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгогдохгүй болсон. Иймд гэнэт ажлаас халагдаж ажилгүй байгаа хугацааны цалин 10 000 000 төгрөгийг нөхөн олгуулах, намайг ажлаас халсан учраас ажилдаа эгүүлэн тогтоолгохыг хүсэж байна гэжээ.

 

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Энхтайван өргөө” талбайн өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2015 оны 6 дугаар сард А.Сарантуяад дулааны инженер, зохион байгуулагчаар ажиллах санал тавьж хамтран ажиллаж байсан. А.Сарантуяа нь нэг жил гаран ажлаад тэтгэвэртээ гарах байсан. “Энхтайваны өргөө” талбай өмчлөгчдийн холбоонд дулааны инженер заавал хэрэгтэй бөгөөд энэ орон тоог хассан нь үндэслэлгүй гэж үзэж байна. “Энхтайваны өргөө” талбай өмчлөгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүний хувьд санхүүгийн байдлыг харгалзан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 5 000 000 төгрөгөөр багасгаж, А.Сарантуяаг ажилд нь эгүүлэн тогтоолгох шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч “Энхтайваны өргөө” талбай өмчлөгчдийн холбоо ТББ шүүхэд гаргасан болон төлөөлөгч Д.Отгончулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус холбоо нь талбай өмчлөгчдийн санаачлагаар сайн дурын үндсэн дээр 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдаж “Пийс молл” худалдааны төвийн ашиглалт, үйлчилгээг бүрэн хариуцаж талбай өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор нийт гишүүдийн хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон ажилладаг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм. Холбооны дүрэмд заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийт гишүүдийн хурлаар удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, шинээр гишүүдийг сонгох хурал болж нэр бүхий 8 гишүүн сонгогдсон. Удирдах зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүдийн хурлаар Удирдах зөвлөлийн даргаар З.Оюунчимэгийг сонгон томилсон. 2015 оны төсвийн тайланг хэлэлцээд Ашиглалтын захиргааны төсөв хэтэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон тул зарим орон тоог цөөрүүлж, хасахаар бүтэц орон тоог баталж Дулааны инженер-зохион байгуулагч гэсэн орон тоог хассан. Ажилтан А.Сарантуяад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтын дагуу орон тооны цомхотголд орсон тухай мэдэгдлийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гардуулан өгч, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 55 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, ээлжийн амралтын олговорт 781 094 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 19-28-ны хооронд өвчтэй байсан 10 хоногийн 262 220 төгрөгийн тэтгэмж олгосон. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 51 тоот тушаалын 1 дүгээр хавралтаар баталгаажуулсан Байгууллагын дотоод журмын 13.4.5-т “Тухайн аж ахуйн нэгж татан буугдсан болон орон тоо хасагдсан, цөөрүүлсэн хөдөлмөрийн гэрээг цуцлана” гэсэн заалт байдаг. 2016 оны 5 дугаар сарын 01-ээс Холбооны удирдах зөвлөлийн 05 тоот шийдвэрийн дагуу 11 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Энхтайван өргөө” талбай өмчлөгчдийн холбоо ТББ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10 000 000 төгрөг гаргуулах тухай А.Сарантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч А.Сарантуяа, түүний төлөөлөгч Д.Туяа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг үндэслэх хэсгийн зарим заалтын агуулгыг эсэргүүцэн гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. "Ажил олгогч ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугээр зуйлийн 40.1.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэл хургуулсэн байх ба талууд энэ талаар маргахгуй байна." гэснийг эсэргүүцэж байгаа учир шалтгаан нь:

          а. "Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д: "...мөнгө
болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай
үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;" гэж заасан нь худал бөгөөд ямар ч
тогтоогдсон баримт байхгүй байхад шүүгч шийдвэртээ хэрэглэсэн явдал нь эрх
зүйн агуулгын хувьд нийцэхгүй байна. Харин нэхэмжлэгч нь ямар ч мөнгө болон эд хөрөнгийн хариуцаж байгаагүй, тус байгууллагын дулааны инженер, зохион байгуулагч байхдаа ямар нэгэн алдаа дутагдал, хариуцлага гаргаагүй, харин ч маш сайн үүргээ гүйцэтгэж байхад ".. ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай." гэсэн шийдвэр нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн гүжирдсэн шийдвэр байна.

б. А.Сарантуяа нэхэмжлэлд дурдахдаа: "...тус холбооны удирдах зөвлөлийн
дарга хэмээх З.Оюунчимэг нь 2016 оны 3 дугаар сарын дундуур "...орон тооны цомхотгол..." гэсэн нэрээр ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр "...чамайг ажлаас чинь халлаа..." гэж надад дарамт шахалт байнга үзүүлж, сэтгэл санаа, ажлын байрны хүчирхийлэлд оруулсан явдал нь миний эрүүл мэндэнд муугаар нөлөөлнөөс болж байнга даралт ихдэх эсвэл хэт багасган өвдөж эмчийн хяналтанд байнга байх болсон." гэснийг мөн "...ТӨХ-ны ажлыг хийж байх үөдээ би хоёр хүний ажлыг ганцаараа хийж байсан бөгөөд зөвхөн нэг хүний цалин хөлс авдаг байсан.", түүнчилэн "...би жилийн дараа өндөр настны тэтгэвэр гаргах гэж байгаа уг ажлаа хийж байгаад тэтгэврээ тогоолгох хүсэлтэй гэдгээ урьд байсан ТӨХ-ны дарга А.Бархүү, З.Оюунчимэгт нарт удаа дараа хэлж ярьж байсан" гэж маргасан гомдлын нотлох баримтыг хамт гарсан байхад, шүүгч дээрхи
нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй, зөвхөн нэг талын ашиг сонирхолыг илт
давуу байдлаар илэрхийлсэн шударга бус шийдвэр гаргасан байна.

Хоёр. "Энхтайван өргөө” талбай өмчлөгчдийн холбоо ТББ-ын удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 23-ны 05 тоот шийдвэрээр 2015 оны санхуугийн тайланг хэлэлцэж захиргааны ажилчдын орон тоог хасах, цөөрүүлэхээр шийдвэрлэн... дулааны инженер, зохион байгуулагчийн албан тушаал орон тоо бутцээс хасагдсан болох нь зохиогчийн тайлбар, удирдах зевлөлийн хурлын 5 тоот шийдвэр, тушаалын хавсралт..., 2015 оны санхүүгийн тайлан зэрэг баримтаас тогтоогдож байна." гэсэнд гомдол гаргах нь:

а. Шүүхийн нэхэмжлэлд: ...хэсэг бүлэг хүмүүс нь хувийн ашиг сонирхлоо урьтал болгосон удирдах зөвлөлийн гишүүд хэмээх хүмүүсийн хууль, эрх зүйн мэдлэггүй, түүнчлэн "Пийс тауэр" оффис, худалдааны үйлчилгээ төв нь 1-17 давхар барилгад заавал мэргэжлийн мэргэшсэн цахилгаан ба дулааны инженер, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хамгааллын зохион байгуулагч гэсэн зайлшгүй байх ёстой мэргэжлийн хүмүүсийг халсан явдлыг дэмжиж гаргасан шийдвэр нь олон мянган хүмүүсийн хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө, амь настай холбогдсон объектын байдлыг дутуу үнэлсэн, нотлох баримт байхгүй байхад хүний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гарсан гэж үзэж байна.

б. ...шийдвэр нь хууль бусаар байгуулсан хэсэг хүмүүсийн тушаал болохоос "Пийс моол" худалдааны жинхэнэ өмчийн 146 өмчлөгч эздийн хурлаас Удирдах Зевлөлийн гишүүдийн шийдвэр биш гэдгийг шүүгчид хэлж тайлбарласаар байхад зөвхөн нэг талын хувийн ашиг сонирхлын эрхийг илт давуу хамгаалсан шийдвэр гаргажээ. Иймд зөвхөн инженер А.Сарантуяа миний хууль ёсны эрх зөрчигдөөд зогсохгүй "Пийс моол" худалдааны өмчлөгч нарын эрхийг хамгаалах үүднээс уг худалдааны мэргэжсэн мэргэжлийн инженерийн оронтой заавал байх ёстой объект гэдгийг шалган нотлох баримтыг үнэн зөвөөр гаргуулахыг тулд шийдвэрийг хүчингүй болгож, өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал тодорхой бус нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч А.Сарантуяа нь хариуцагч "Энхтайван өргөө" талбай өмчлөгчдийн холбоо ТББ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Энхтайван өргөө" талбай өмчлөгчдийн холбоо ТББ-ын 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар /хх-3/ А.Сарантуяатай дулааны инженер, зохион байгуулагчийн албан тушаалд... хөдөлмөрийн гэрээ /хх-4-5/ байгуулсан бөгөөд тус холбооны 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн /хх-6/  хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “ажилтны тоог цөөрүүлсэн” гэдэгт тухайн албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоо хасагдсан байхыг ойлгоно.

 

Гэтэл хариуцагч "Энхтайван өргөө" талбай өмчлөгчдийн холбоо ТББ-ын удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 тоот хурлын шийдвэрээр “2016 оны Талбай өмчлөгчдийн холбооны захиргааны ажилчдын орон тоо, төсвийн хавсралт №1”-ээр баталсан гэж тайлбарласан боловч урьд нь захиргааны ажилчдын орон тоо хэд байсан, одоо хэдэн орон тоотой болсон талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс  дулааны инженер, зохион байгуулагчийн орон тоог цөөрүүлж хассан эсэхийг дүгнэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 тоот хурлын шийдвэр буюу батлагдсан үйл ажиллагааны төсөв, орон тоо хавсралт 1 гэх баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/00031 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

                          

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                       Д.БАЙГАЛМАА