Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 09

 

                          

С.Мөнх-Адъяад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Д.Энх-Оргил /онлайн/

          Шүүгдэгч С.Мөнх-Адъяа

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, Ц.Урангуа, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр шүүхийн тогтоолтой С.Мөнх-Адъяад холбогдох 201616010111 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харъяат, 1993 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст баг, Цэций уул 6-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хэвтээ овогт Сүхбаатарын Мөнх-Адъяа /регистрийн дугаар: ЗД93010316/

          С.Мөнх-Адъяа нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан-Овоогийн 7-11 тоотод байх гэрт Т.Ануужингийн хоолойд нь хутга тулган, хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.  

          Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас С.Мөнх-Адъяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх: С.Мөнх-Адъяад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй, нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй үндэслэлүүдээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр Өмнөговь аймгийн Ханбогд дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газарт буцааж, С.Мөнх-Адъяад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улсын яллагчаас давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Нотлох баримт шаардаж, ямар нотлох баримтуудыг шинээр цуглуулах шаардлагатай талаар тодорхой дурьдаагүй хохирогч Т.Ануужингийн охин хальс бүтэн байгаа талаар болон тухайн хэргийн нөхцөлд үтрээгээр бэлгийн харьцаанд ороогүй гэж дүгнэсэн талаараа шинжээч тодорхой тайлбарласан байхад шүүх нотлох баримтуудыг хоорондоо зөрүүтэй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Т.Ануужингийн төрсний гэрчилгээний хуулбар дээрх төрсөн он, сар, өдөр нь ямар нэгэн засвар байхгүй тул “...бага насны хүүхэд гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна” гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байх бөгөөд хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулж, төрсний гэрчилгээг эх хувьтай тулгаснаар хохирогчийн нэрийг тогтоон шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх бүрэн бололцоотой байхад шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байна гэж дүгнэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь ойлгомжгүй байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд С.Мөнх-Адъяад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгон анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулаагүй, нотлох баримтад хэт хийсвэр дүгнэлт хийсэн, нотлогдоогүй зүйлийг иш үндэс болгосон, өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэхгүйгээр өнгөц байдлаар дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Мөн 01 дугаартай шүүхийн тогтоолд улсын яллагчийн зэрэг дэвийг буруу бичсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тухайн гэмт хэргийн хохирогч нь яг хэн юм бэ? Ану-Үжин юм уу, Ануужин юм уу? гэдэг нь маргаантай. Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан нотлох баримтуудыг үзэхэд зөрүүтэй баримтууд байдаг. Төрсний гэрчилгээний хуулбар дээр Ану-Үжин гэсэн байдаг. Гэтэл процесс ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудад зөрүүтэй бичигдсэн байдаг. Мөн шинжээч эмчийн дүгнэлт эргэлзээтэй. Энэ нь цаашлаад С.Мөнх-Адъяагийн хэргийн зүйлчлэлд нөлөөлөх учраас үүнийг зайлшгүй тодуулах шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Мөнх-Адъяагаас: Гаргах тайлбар байхгүй гэв.

                                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 С.Мөнх-Адъяад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй, нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй үндэслэлүүдээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр Өмнөговь аймгийн Ханбогд дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газарт буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй байна.

 Давж заалдах шатны шүүхэд улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал, мөрдөн байцаалтын шатанд шүүхийн тогтоолд дурдсан зөрчлөөс гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн дараах зөрчил тогтоогдлоо. Үүнд:

1. Хохирогч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн бусад туслалцаа авах эрхтэй. Харин мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан тохиолдолд буюу хохирогч насанд хүрээгүй бол мөрдөн байцаагч түүнийг өмгөөлүүлэх бололцоогоор заавал хангах үүрэгтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт өмгөөлүүлэх бололцоогоор хангах, 40 дүгээр зүйлд өмгөөлөгч заавал оролцуулах гэсэн ойлголтыг ялгамжтайгаар хуульчилсан байгааг мөрдөн байцаагч анхаараагүйгээс хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлэлгүй, насанд хүрээгүй  хохирогч Т.Ануужингаас авсан байцаалтын ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй байна.  /хх-19-21/

Насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахдаа түүний өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэн өмгөөлөгч авсан эсэхээс үл хамааран мөрдөн байцаах ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулах нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн дээрх зөрчлийг прокурор нь илрүүлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1.3.-т зааснаар мөрдөн байцаагчаас шилжүүлэн ирүүлсэн хэргийн “мөрдөн байцаалт бүрэн, бодитой явуулсан эсэх”-ийг хянах үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг цуглуулах талаар хуульд заасан журам зөрчсөн хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа

дараагийн  мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.-т заасан шаардлагад нийцээгүй байна.  

2. Хэрэгт Б.Одгэрэлийг  асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр томилсон, насанд хүрээгүй хохирогч Б.Ануужингийн төрсөн болон үрчилж авсан эцэг, эх нь Б.Одгэрэлийг Б.Ануужингийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар тохирсон байж болох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.13 дахь хэсэгт “хууль ёсны төлөөлөгч” гэж хуулийн дагуу тогтоогдсон, хохирогчийн төрсөн болон үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзах дэмжигчийг хэлнэ гэж тайлбарласнаас үзэхэд мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр энэ хэрэгт /хх-23/ төрсөн эгч 20 настай Б.Одгэрэлийг тогтоосон нь хуульд тавигдсан дээрх шаардлагыг хангаагүй байна.

Дээр дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.3-т заасан хохирогчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн  үндэслэл тогтоогдсон, түүнчлэн нотолбол зохих асуудлыг нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн байх тул 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 тоот яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн дотор шүүгдэгчийн гэм бурууг тогтоох боломжгүй байна.

Иймд шүүхийн тогтоолд дурдсан ажиллагаануудаас гадна магадлалд дурдсан ажиллагааг нэмж гүйцэтгүүлэхээр улсын яллагч Д.Энх-Оргилын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/02 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцаах тухай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйл, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/02 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол С.Мөнх-Адъяад цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                    Х.ГЭРЭЛМАА