Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/00349

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 21 өдөр Дуга 210/МА2024/00349

 

 

Сүхбаатар дүүргийн Т хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/04232 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн Т хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 49,282,474 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон прокурорын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цээсүрэн, Б.Даваагэрэл, Прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч П ХХК-ийн захирал Н.Хуягбадрахад холбогдох хэрэг бүртгэлтийн 200200045 тоот хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 154 дугаартай прокурорын тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж, хохирогч нь иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг энэхүү тогтоол нь хязгаарлахгүй гэж шийдвэрлэсэн.

1.2. Прокурорын тогтоолд П ХХК-ийн захирал Н.Хуягбадрах гомдол гаргаагүй болно. Иймд Т улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бичсэн танилцуулга, Эрүүгийн 200200045 тоот хэрэгт хийсэн шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон 49,282,474 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж, төрд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас намайг дуудан 2 аж ахуй нэгжтэй холбоотойгоор тайлбар тодруулга авсан. Юнистар-Аудит гэх байгууллагаар аудитын дүгнэлт гаргуулсан байсныг миний бие хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх нягтлан бодох бүртгэлийн хэлтсээр тус аудитын газрын дүгнэлтийг хянуулна гээд надад шинжилгээ хийлгэх тогтоол танилцуулж гарын үсэг зуруулсан.

2.2. Шинжээчийн дүгнэлт гарахаар танилцуулна гэсэн боловч Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 154 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай надад хэн ч мэдэгдээгүй. Миний гомдол гаргах эрхийг хангах нь битгий хэл, надаас нууцаар намайг гэмт хэрэг үйлдсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хаасныг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2.3. Гэтэл 2016-2019 оны хооронд Монгол Улсад татвар хураамжаас илүү гарсан орлогыг төлөөгүй тухай ганцхан аудитын газрын дүгнэлтийг үндэслэл болгон гэм буруутан мэтээр харьцаж байгаад гомдолтой байна.

Иймд миний бие хууль журмын дагуу Нийслэлийн прокурорын газрын прокурорын шийдвэрт гомдол гаргаж дахин уг асуудлыг үнэн шударгаар хууль журмын дагуу шалгуулах хүсэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П ХХК-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 49,282,474төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Т хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжпэгч Сүхбаатар дүүргийн Т хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх прокурорын тогтоолтой бүрэн гүйцэд танилцаагүй, хэргийг бодитой үнэлж, дүгнээгүй гэж үзэхээр байна.

Т алба нь хариуцагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас төрд учруулсан 49,282,474 төгрөгийн хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд:

1. Т улсын байцаагчид П ХХК-ийн худалдагч Д.Энхзулын харилцах хаан банкны дансаар 2016-2019 онуудад компанийн дансаар орох ёстой их хэмжээний орлого орж, хариуцагч П ХХК татвар төлөхөөс зайлсхийсэн болохыг тогтоон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн шалгуулахаар хүргүүлсэн.

2. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас томилогдсон Юнистар-Аудит ХХК-ийн аудитын тайлан, дүгнэлтэд мөн хариуцагч П ХХК-ийг Аж ахуйн нэгжийн орлогын албан Т тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн болохыг тогтоосон.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нэг жил-ийн хугацаа өнгөрсөн буюу Н.Хуягбадрахыг яллагдагчаар татаж болохгүй үндэслэл тогтоогдсон гэж дүгнэсэн.

4.2. Прокурорын тогтоолын Тогтоох нь хэсэгт: Хэргийг хааж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн улмаас улсын төсөвт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй болохыг дурдсан. Тус шийдвэрт П ХХК-ийн захирал Н.Хуягбадрах гомдол гаргаагүй болно. Хариуцагч нь Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн нь прокурорын тогтоолоор тогтоогдсон байна.

Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2023/04232 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Прокурорын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. П ХХК-ийн татвараас зайлсхийсэн хууль бус үйлдлийн улмаас төрд хохирол учирсан үйлдэл эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. Прокуророос П ХХК-ийн татвараас зайлсхийсэн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 154 дугаартай тогтоолоор хааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Т хэлтсээс компаний шударга бусаар олж авсан эд хөрөнгө буюу төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

5.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно, 13 дугаар зүйлийн 13.1-д Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэсэн зарчим нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэг Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй гэж зохицуулсантай хамааралтай болохоос иргэний журмаар гэм хорын хохирлыг шаардах эрхийг хориглоогүй болно.

Түүнчлэн эрүүгийн хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг яллагдагч зөвшөөрөөгүй тохиолдолд /гэм буруугүй гэж үзсэн бол/ мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээр цагаатгах тогтоол гаргуулахаар буюу гэм буруугүйд тооцуулахаар гомдол гаргах бөгөөд ийнхүү гомдол гаргаагүй тохиолдолд прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх хууль зүйн боломжгүй юм.

5.3. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогоогүй нь бусдад учруулсан хохирол, хор уршгийг төлүүлэхээс чөлөөлөх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын..эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүйЛгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хууль бусаар олсон орлого буюу бусдад учруулсан хохирлыг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад П ХХК-ийн удирдлагын зүгээс ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж шийдвэрлэсэн прокурорын шийдвэрт гомдол гаргаж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

5.4. Компаний зүгээс прокурорын хаасан тогтоолтой танилцаагүй гэж хэлдэг боловч Сүхбаатар дүүргийн Т хэлтсээс нэхэмжлэл гаргасан 2022 оноос хойш хариуцагч өөрсдийн гэм буруугийн асуудалд маргаж, прокурорын тогтоолд гомдол гаргах эрх нь өнөөдрийг хүртэл нээлттэй байхад дээрх гомдлыг гаргаагүй нь эрүүгийн хэрэгт гомдол гаргаж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх сонирхолгүй байна гэж дүгнэхээр байна.

П ХХК нь хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж улсад тодорхой хэмжээний татвар төлөх байтал татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хууль бус үйлдэл хийсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон дээрх баримтуудыг иргэний хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн байдаг.

Шүүхийн шийдвэрт хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг мөн эсэхийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоосон байхыг шаардах ба хэрэгт авагдсан Прокурорын тогтоолыг тухайн гэм бурууг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр гэж үзэх боломжгүй гэсэн нь ойлгомжгүй хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна гэж дүгнэхээр байна.

5.5. Дээрх прокурорын тогтоол нь хариуцагчийн гэм буруу, үндэслэлгүйгээр, шударга бусаар эд хөрөнгө олж авсныг нотолсон агуулгатай баримт байхад үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/04232 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

6.1. Иргэний хууль нь хувь этгээдийн хоорондын харилцааг зохицуулдаг тул хуулийг буруу тайлбарлан гомдол гаргаж байна. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн, хохирол учруулсан асуудал гарвал холбогдох захиргааны байгууллага нь нийтийн эрх зүйн хэм хэмжээг эш татан, гомдол гаргах талаар Захиргааны ерөнхий хуульд заасан. Тэгэхээр хуулийг илт буруу тайлбарлаж байна.

6.2. Гэм буруутайг нь зөвхөн шүүх тогтоох ёстой ба эрүүгийн хэргийн шүүх тогтоогоогүй нь ямар ч хамаагүй тул мөнгө төлүүлэхээр прокурор шүүхэд хандах эрхтэй, иргэний хэргийн шүүх түүнийг хангаж шийдэх ёстой гэсэн нь буруу юм.

6.3. Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж шийдвэрлэсэн тухай асуудлыг огт танилцуулаагүй тул гомдол гаргах боломж олдоогүй. Нөгөөтэйгөөр гомдол гаргаагүй нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш бөгөөд гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан, шинжээч томилуулах хүсэлтээр нотлогдоно.

Хариуцагчийг гэм буруутай гэдгийг шүүх тогтоогоогүй байхад гэм буруу нь тогтоогдсон мэтээр шүүхэд хандсан нь үндэслэлгүй үйлдэл болжээ. Нөгөөтэйгөөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байсан тул иргэний хэрэгт шинжээч томилуулах талаар миний бие гомдол гаргаж байсан.

6.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6-д Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шиидвэрлэхийг хориглоно хэмээн заасан. Тэгэхээр эрүүгийн журмаар тогтоогдоогүй буюу эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлээгүй асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаа нь хуульд нийцэхгүй юм.

6.5. Нэхэмжлэгчийн гомдолд хариуцагч П ХХК-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь прокурорын тогтоолтой танилцаагүй, хэргийг бодитой үнэлж, дүгнээгүй хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэхээр байна. гэжээ.

Прокурорын тогтоолд захирагдаж шүүх шийдвэр гаргах ёстой байсан хэмээн дүгнэжээ, нөгөөтэйгүүр нэг талыг барьсан гэхээр мөнгөн дүнгийн зарим хэсгийг хангах ёстой байсан хэмээн хууль бус дүгнэлт хийсэн байна. Гэвч шүүх болон шүүгч нь гагцхүү хуульд захирагдах ёстойг гомдол гаргагч ойлгоогүй байна.

6.6. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас томилогдсон Юнистар-Аудит ХХК-ийн аудитын тайлан, дүгнэлтэд мөн хариуцагч П ХХК-ийг Аж ахуйн нэгжийн орлогын албан Т тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн болохыг тогтоосон гэжээ.

Шүүх нь гэм буруутайг болон хууль зөрчсөн эсэхийг тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээдэг байгууллага. Гэтэл эрх зүйн байдлын хувьд адил этгээд нь нөгөөгийнхөө үйлдлийг хууль зөрчсөн хэмээн тогтоосон ба хуульд нийцээгүй дүгнэлтийг нь үндэслэн шүүх шийдвэр гаргах ёстой хэмээн маргаж байгаа нь буруу юм.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан шаардах эрх үүсээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Т хэлтэс нь хариуцагч П ХХК-д холбогдуулан төрд учирсан гэм хорын хохирол 49,282,474 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Прокурор төрийн төлөөлж, нэхэмжлэгч талыг дэмжиж оролцсон.

 

3. Хэрэгт авагдсан Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Сүхбаатар дүүргийн Т хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн танилцуулга, Юнистар-Аудит ХХК-ийн дүгнэлт зэрэг баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэхэд дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

3.1. П ХХК-ийн худалдагч Д.Энхзулын эзэмшлийн Хаан банк дахь 5022932294 тоот дансаар 2016 онд 32,153,400 төгрөгийн, 2017 онд 98,867,105 төгрөгийн, 2018 онд 200,201,235 төгрөгийн, 2019 оны 208,567,370 төгрөгийн, нийт 539,789,110 төгрөгийн дүн бүхий бараа борлуулсны орлого орсон, уг орлогоос Монгол Улсын төсөвт төлөгдөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болох 49,282,474 төгрөг төлөгдөөгүй.

 

3.2. Эрх бүхий байгууллагаас П ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал Н.Хуягбадрахын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэдгийг тогтоосон байх боловч мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

 

3.3. Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор П ХХК-ийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 49,282,474 төгрөг төлөөгүй үйл баримтыг тогтоосон ба хариуцагч байгууллага уг тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул тогтоол хүчин төгөлдөр болсон.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэл нь шүүхийн шатнаас өмнө хуульд заасан үндэслэлээр дуусгавар болж байгаа тул гэм бурууг шүүх тогтоох хууль зүйн боломжгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолыг үйл баримтыг тогтоосон хууль зүйн үр дагавар бүхий эрх зүйн акт гэж үзэх тул хариуцагч П ХХК-ийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 49,282,474 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж үзнэ.

 

4.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээдэг.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасан татвар төлөх үндсэн үүргээ биелүүлээгүй П ХХК-ийн эс үйлдэхүй нь хууль зөрчсөн байх тул Сүхбаатар дүүргийн Т хэлтсээс төрд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

 

4.2. Нэхэмжлэгч байгууллагаас П ХХК-ийг аж ахуйн нэгжийн орлогын албан Т тайланд дутуу тооцоолсон 49,282,474 төгрөгийн Т өрийг Цагдаагийн байгууллагад шалгуулахаар гаргасан гомдлыг Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 154 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь татвар төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

5. Зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр иргэний хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас гэм хорын хохирол 49,282,474 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч болон прокурорын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/04232 шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П ХХК-аас 49,282,474 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүргийн Т хэлтсийн дансанд оруулсугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч П ХХК-аас 404,362 төгрөгийг нөхөн гаруулж, улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР