Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/00347

 

МАГАДЛАЛ

 

 

2024.02.21 210/МА2024/00347

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/05450 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э.Чод холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23,642,663 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Урантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани нь иргэн Э.Чтой 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр УТ2001/07 дугаартай Авто машины түрээсийн гэрээ-г байгуулсан бөгөөд гэрээний дагуу 8895 УАВ улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. Уг тээврийн хэрэгслийн үнийг талууд 16,200,000 төгрөгөөр харилцан тохиролцож, Э.Ч нь урьдчилгаа 3,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 12,700,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 3,5 хувийн хүү тооцож, нэг сард үндсэн төлбөрийн хамт 790,900 төгрөг төлж, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар болсон.

1.2. Тээврийн хэрэгслийг үнийг бүрэн төлөхөөс өмнө 8895 УАВ улсын дугаартай Toyota prius-30 маркийн хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн.

1.3. Хариуцагч Э.Ч нь 5,932,991 төгрөгийг төлсөн ба 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш гэрээний хуваарийг зөрчиж, төлөлт хийгээгүй.

1.4. Хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан УТ2001/07 дугаартай Авто машины түрээсийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөрийн үлдэгдэл 10,830,613 төгрөг, хүүгийн үлдэгдэл 4,931,162 төгрөг буюу 15,761,755 төгрөгийг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу тооцсон 7,880,887 төгрөгийн алдангийн хамт буюу нийт 23,642,663 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2020 онд Toyota prius-30 маркийн автомашиныг Авто ланд ХХК-тай Автомашин худалдах, худалан авах гэрээ, А ХХК-тай Автомашин түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр машинаа авсан ба машины төлбөрөөс 9,432,998 төгрөгийг төлсөн.

2.2. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй гэх боловч үүнээс хойш нийт 1,600,000 төгрөгийн төлөлтийг хийсэн.

2.3. Ковидын цар тахал гарч үүнтэй холбоотой орлого олох боломжгүй болсон тул А ХХК-д эргэн төлөх хугацааг хойшлуулж өгөх хүсэлтийг 2 удаа гаргасан боловч хүсэлтийг маань хүлээж аваагүй. Машинаа эргүүлээд авах байх гэж бодсон боловч бидэнтэй холбогдоогүй, машинаа аваагүй, харин энэ хугацаа хүү, алданги тооцсон байна.

2.4. Манайх төлбөрийг төлнө гэдгээ хэлсэн. Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 10,830,613 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, харин үлдэх хүү алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Э.Чоос 20,759,263 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжпэлийн шаардлагаас үлдэх 2,883,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Чоос улсын тэмдэгтийн хураамжид 261,746 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/05450 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 3 дахь хэсэгт 25 cap гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Автомашин түрээсийн гэрээний 7.1 дэх хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 07 ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл гэж байгаа ба энэ нь 24 cap юм.

4.2. Мөн үндэслэл хэсгийн 4 дэх хэсэгт зээлийн гэрээг нэхэмжлэгч тал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарласан, үүнтэй хариуцагч тал маргахгүй байгааг гэрээ хүчин төгөлдөр гэх үндэслэлтэй гэсэн байна. Гэтэл шүүх хурал дээр хариуцагчийн маргасан асуудлыг авч үзээгүй. Хариуцагчаас энэхүү гэрээг зээлийн гэрээ биш Автомашины түрээсийн гэрээ гэж үзэж байна. Шүүх Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-т заасныг харгалзан үзээгүй.

4.3. Үндэслэл хэсгийн 4.б дэх хэсэгт Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж үзэж байгаа нь хуулийг нэг талд хэт ашигтайгаар хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 263.2.2, 263.3.3 дахь заалтууд тусгагдаагүй байна. Иймд Иргэний хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээг байгуулсан байна.

4.4. Шийдвэрийн үндэслэл хэсгийн 7 дахь хэсэгт тусгагдсан Автомашины түрээсийн үйлчилгээ гэсэн нь Коронавируст халдвар/ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо болох банк, банк бус санхүүгийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хамаарна гэх үзэхээргүй байна гэжээ. Шүүх зээлийн гэрээ гэж үзэж байгаа бол дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.3 зүйл заалтыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхрүү буцааж дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс хариу тайлбар гараагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Э.Чод холбогдуулан 23,642,663 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 10,830,613 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. А ХХК нь Э.Чтой 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №УТ2001/07 дугаартай Автомашины түрээсийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр Э.Ч нь 16,000,000 төгрөгийн үнэ бүхий 88-95 УАВ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн, улаан өнгийн тээврийн хэрэгслийг худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөрт 3,500,000 төгрөгийг төлж, үлдэх 12,700,000 төгрөгийг 25 сарын хугацаанд сар бүр 790,900 төгрөгийг төлөх, А ХХК нь уг автомашины эзэмшил, ашиглалтыг Э.Чод шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээний нөхцөлд хүүгийн талаар тохиролцоогүй боловч сар бүр төлөх 790,900 төгрөгт жилийн 42 хувийн хүү буюу нэг сарын 3,5 хувийн хүүг тооцсон болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлыг талаар хийсэн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Автомашины түрээсийн гэрээ гэх нэртэй боловч Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулан тайлбарлахад гэрээний зүйлийг өмчлөлд шилжүүлэх зорилготой, хүү тооцох хуулийн шаардлагад нийцсэн зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж үзнэ.

 

4. Анхан шатны шүүх талууд гэрээний үүргийг 18,582,665 төгрөг гэж тохиролцсон байхад хариуцагч нь /790,900 х 25 = 19,772,500/ 19,772,500 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэж тооцооллын алдаа гаргасныг залруулна.

 

4.1. Талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг батлахдаа гэрээний үлдэгдэл төлбөр 12,700,000 төгрөг, хүү 5,882,665 төгрөг, нийт төлөх үүргийг 18,582,665 төгрөгөөр тодорхойлсон байна. Хариуцагч талын ... гэрээний хугацааг 25 сараар тооцож, гэрээний үүргийг буруу тооцоолсон гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэлтэй.

 

4.2. Зохигчид төлбөл зохих хүүгийн хэмжээг тохиролцсон тул нэхэмжлэгч нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хүү шаардсан нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

4.3. Хариуцагч нь гэрээний үүрэгт төлсөн 5,932,991 төгрөгийг нийт төлөх үүрэг буюу 18,582,665 төгрөгөөс хасч тооцоход 12,649,674 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

4.4. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т түрээслэгч төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж тус тус заажээ.

 

Анхан шатны шүүх алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцох талаар дүгнэлт зөв боловч тооцооллын алдаа гаргасныг залруулж, нийт гүйцэтгээгүй үүрэг 12,649,674 төгрөгийн 50 хувь буюу 6,324,837 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцнэ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дараах хэсгийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.1. Талууд гэрээний 2.1, 2.2 дахь хэсгүүдэд сар бүр 790,900 төгрөг төлөхөөр тохиролцсон ба уг 790,900 төгрөгт зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүүг оруулан тооцсон тул зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хүүг төлөх үүргийг зөвшөөрч гарын үсэг зураагүй гэх гомдол үндэслэлгүй.

 

Зохигчид Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг хангасан ба уг гэрээг нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд хүчин төгөлдөр байх хуулийн шаардлага тавигдахгүй.

 

Мөн, Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.1 дэх хэсэгт заасан гэрээ хүчин төгөлдөр бус байх зохицуулалт нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарахгүй юм.

 

5.2. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль болон уг хуулийн 141 дүгээр зүйл нь барьцаалан зээлдүүлэх газар болон зээлийн гэрээний харилцааны хүрээнд авах арга хэмжээг тогтоосон зохицуулалт бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлээгүй, харин, зээлээр автомашин худалдах-худалдан авах үйл ажиллагаанд уг хуулийн зохицуулалт хамаарахгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

5.3. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Э.Чтой байгуулсан гэрээний үүргийг шаардаж байгаа тохиолдолд Авто ланд ХХК-тай байгуулсан автомашин худалдах- худалдан авах гэрээний харилцааг дүгнэх шаардлагүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн маргаан шийдвэрлэх эрх хэмжээ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хязгаарлагдах тул нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй үйл баримтыг дүгнэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

6. Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч Э.Чоос зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 12,649,674 төгрөг, алданги 6,324,837 төгрөг, нийт 18,974,511 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосон өөрчлөлт оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/05450 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...20,759,263 гэснийг ...18,974,511 гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 261,746 гэснийг ... 252,823 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,667 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР