Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00313

 

2024 02 16 210/МА2024/00313

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/04010 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С ХХК

Хариуцагч: Х ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: алданги 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.     , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ч н, Ч.Т , хариуцагчийн өмгөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 С ХХК нь Х ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 21/10 дугаартай Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалыг нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээний дагуу С ХХК нь өдөөгч прайм, цооногийн нонель хэрэгсэл, искра-п, асаах гурс, хавчаар, цочир дамжуулах гурс, Реле РПД зэрэг тэсрэх материалыг Х ХХК-д нийлүүлсэн боловч төлбөр 100,000,000 төгрөгийг материалыг Х ХХК нь төлөөгүй, 26 сарын хугацаа хэтрүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь уг төлбөрийг төлсөн тул 100,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.

1.2 Гэрээний 7.2-т захиалагч нийлүүлэгчээс гэрээгээр заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг төлнө гэж заасан. Иймд алданги 50,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 21/10 дугаар гэрээний дагуу нэхэмжлэгчээс 191,400,000 төгрөгийн үнэ бүхий материал худалдан авсан. Гэрээний төлбөрөөс 91,400,000 төгрөгийг 2021 онд төлсөн.

2.2 Ковид-19 цар тахлын нөхцөл байдал болон ажил гүйцэтгэсэн Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувийн хэвшлээс төрийн өмчид шилжиж төрийн эрх бүхий байгууллагаас хяналт шалгалт явуулсантай холбоотой манайд гэрээний төлбөрөө төлөхгүй хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа. Гэрээний үлдэгдэл 100,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн. Иймд үүрэг дуусгавар болсон тул алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан алданги 50 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 908 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Гэрээний 2.3-д төлбөрийг бараа хүлээн авахаас өмнө урьдчилж, нийлүүлэгчийн дансанд төлнө гэж тохирсон. Хамтын ажиллагааны хүрээнд зарим тохиолдолд төлбөр шилжихээс өмнө барааг нийлүүлсэн. Төлбөрийн нэхэмжлэхийг цахимаар хүргүүлэхэд зөвхөн үндсэн төлбөрийг нэхэмжилж болох ба алданги нэмж нэхэмжлэх тохиргоо нь уг системд байхгүй. Харин алданги нэхэмжилсэн 2022 оны 01 дүгээр сарын 26, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2 удаагийн албан бичгээр хугацаа хэтэрсэн хоног, алдангийн хэмжээг нарийвчилж хариуцагчид төлөхийг мэдэгдсэн. Анхан шатны шүүх нотлох баримт болон хэргийн үйл баримтыг бүхэлд нь авч үзээгүй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар төлбөр төлөх болон бараа нийлүүлэхээс өмнө 100 хувь төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч уг тохиролцоог хийх үед гүйцэтгэх захирлаар н.Х ажиллаж байсан тул түүнтэй ярилцаж, бараа материалын жагсаалтыг хүлээлцэх актыг гэрээний хавсралт болгож, хугацааг хувиар тохиролцсон. Уг тохиролцоог хийж, Х ХХК нь бараа материалыг өөрсдөө авч, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тохиролцоог хийж, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бараа материалыг хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг. Гэвч бараа материалыг хүлээлгэн өгснөөс хойш гүйцэтгэх захиралтай аман тохиролцоо хийсэн. Төлбөр төлөөгүй тохиолдолд тухайн бараа материалыг нийлүүлэхгүй байх эрх нь нэхэмжлэгчид байсан. Мөн гэрээнд заасан барааны үнэ болон төлбөрийн нөхцөлд нийлүүлэгч нь захиалагчийн баталгаажсан захиалгын дагуу төлбөрийн нэхэмжлэлийг цахимаар хүргүүлэхээр зохицуулсан. Тухайн бараа материалыг хэзээ нийлүүлэх хугацаа тодорхойгүй байсан. Мөн бараа материалын гэрээнд тэсэрч, дэлбэрэх бодисын зөвшөөрлийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид одоог хүртэл өгөөгүй. Уг зохицуулалт нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1, 5.4-т тусгагдсан. Эрх бүхий байгууллагаас олгогдсон баримт бичгийг зөвшөөрлийн дагуу хугацаанд нь найдвартай нийлүүлэх ёстой.

5.2 С ХХК нь бараа материалыг хугацаанд нь нийлүүлж, зөвшөөрлийн бичиг олгох үүргээ биелүүлээгүй атлаа хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар үүргийн зөрчил хэзээ эхэлсэн болон нэхэмжлэгч гэрээний дагуу алданги тооцох эрх хэзээ үүссэн болохыг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. 2021 оны 01 дүгээр сард ковид-19 цар тахлын үе байсан учраас тухайн үеэс алдангийн асуудлыг хариуцагч талаас тайлбарласан. Уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан гэрээний төлбөр 100,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд гэрээний төлбөр 100,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, гэрээний дагуу алданги 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн. Хариуцагч уг шаардлагыг ...гэрээний үндсэн үүргээ биелүүлсэн алданги төлөх үндэслэлгүй, ...ковид-19 цар тахал болон бусад нөхцөл байдлын улмаас гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй байсан гэж үгүйсгэн маргажээ.

3. Талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 21/10 дугаартай Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалыг нийлүүлэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр Х ХХК-ийн захиалгын дагуу С ХХК нь үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалыг нийлүүлэх, Х ХХК нь төлбөрийг төлөхөөр тохиролцсон. /хх 4-10/ Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч гэрээний нийт төлбөр 191,400,000 төгрөгөөс 91,400,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй. /хх 4-12, 28-29/

3.1 Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч нь гэрээний үндсэн үүрэг 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нь уг шаардлагаасаа татгалзсан. Анхан шатны шүүх уг үндсэн үүрэгтэй холбоотой шаардлагыг шийдвэрлээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь дээрх шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон заалтыг шийдвэрт нэмж оруулна.

5. Анхан шатны шүүх хариуцагч Х ХХК-ийн үүргийн зөрчил хэзээ эхэлсэн, нэхэмжлэгч гэрээний дагуу алданги тооцох эрх хэдийд үүссэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй байна.

5.1 Гэрээний 7.2-т захиалагч нь нийлүүлэгчээс гэрээгээр заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө гэж тохиролцсон. Түүнчлэн, гэрээний 1.5-д хавсралт 2-т заасан Бараа хүлээлцсэн акт-аар барааг хүлээлцэх, 3.3-т Нийлүүлэгч барааг захиалагчид 3.2-т заасан нөхцөлөөр гэрээний хавсралтаар баталгаажуулсан бараа хүлээлцсэн актыг үйлдэж, шилжүүлэн өгснөөр барааг нийлүүлсэнд тооцно гэж тус тус заажээ. /хх 5/

5.2 Хэрэгт гэрээний зүйл болох үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалыг гэрээний хавсралт-2 болон гэрээний 3.3-т заасан журмын дагуу талууд хүлээлцсэн талаар баримт авагдаагүй байх боловч хариуцагч нь шүүх хуралдаанд гэрээний зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн хүлээн авсан талаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүхэлд нь хүлээн авсан атлаа төлбөрийн үлдэгдэл 100,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн нь гэрээний 2.3-т ...захиалагч нь нийт төлбөрийн 100 хувийг барааг хүлээн авахаас өмнө урьдчилж ...шилжүүлсэн байна гэх үүргээ зөрчсөн гэж үзэхээр байх тул хариуцагчийн төлбөр төлөх үүргийн зөрчил 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж байна. Иймд гэрээний үлдэх төлбөр болох 100,000,000 төгрөг төлөхтэй холбоотой хариуцагчийн үүргийн зөрчилд ногдох хариуцлага буюу алданги шаардах нэхэмжлэгчийн эрх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс үүснэ.

5.3 Түүнчлэн, 2.3-т Нийлүүлэгч нь ...төлбөрийн нэхэмжлэл цахимаар хүргүүлэх гэж заасан. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй нь гэрээний 7.2-т заасан нэхэмжлэгчийн алданги шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болох учиргүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алдангийн талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй.

6. Ковид-19 цар тахлын болон хариуцагчийн харилцагч этгээдийн үйл ажиллагаатай холбоотой нөхцөл байдал нь талуудын гэрээгээр тохиролцсон хариуцлага болох алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Харин Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан алдангийн хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгах үндэслэл болж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 50 хувиар буюу 25,000,000 төгрөг хүртэл багасгах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт харшлахгүй.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагчаас алданги 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон, тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 100,000,000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг тус тус оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/04010 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х ХХК-аас алданги 25,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж,

тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-д холбогдох, 100,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч С ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 908,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 408,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН