Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 137

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

           Шүүгдэгч: Ш.П-, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.П-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805054180023 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш.П-, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тамирчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Ш.П- нь 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Этүгэн” зочид буудлын караокены 06 тоот өрөөнд иргэн Б.Б-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.П-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, ичиж байна” гэв.

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ш.П- өрөө рүү оруулаад намайг булан руу түлхээд хаалгаа хаагаад цоожлолгүй бүх гэрлийг унтраахад караокены дэлгэцний бүдэг гэрэл ассан. Тэгэхээр нь “чи битгий давраад бай, цагдаа дуудна шүү” гэхэд Ш.П- “чи юун сүртэй юм бэ, маяглаад бай” гэж хэлсэн. Тэгснээ над руу ойртож ирэхээр нь “би цаашаа бай” гэж түлхэхэд дийлэхгүй байсан. ...ширээн дээр байсан ууж байсан шилтэй архийг аваад “чамайг цохино шүү” гэхэд “цохь цохь” гээд урдаас түрээд ирэхээр нь би цохиж чадалгүй буцаад ширээн дээр тавьсан. Тэгснээ намайг тэвэрч аваад буйдан руу эргэж дарж унагаагаад дээр гарчихаад үнсэх гээд дайраад, өмд тайлах гээд байхаар нь би өөдөөс нь ноцолдоод дийлэхгүй байсан. Тэгж байхдаа би “хүн байна уу” гэж орилсон боловч өрөөнөөс гадагш сонсогдохгүй байсан. Ингэж 4-5 минут орчим болсон. Тэгээд миний цээж хэсэг дээр нэг гараараа дарчихаад нөгөө гараараа миний өмссөн байсан ногоон өнгийн бэлтгэлийн өмдийг тайлсан. Ингэж тайлж байхдаа Ш.П- өөрийнхөө өмссөн байсан бэлтгэлийн өмдийг тайлсан. Өмд ямар нэгэн тэлээгүй дээд хэсгээрээ резинтэй байсан. Тэгээд өмд тайлаад гутал мөн тайлсан. Би эсэргүүцэл үзүүлэх гэсэн боловч цээжин дээр нэг гараараа дарчихсан байсан тул миний 2 гар хөдөлгөөн хийх боломжгүй болчихсон. Тэгснээ миний өмссөн байсан турсикийг татаад тайлсан. Ингэж байхдаа Ш.П- өөрийнхөө өмссөн байсан бэлтгэлийн өмдийг турсикны хамт тайлаад миний хөлнөөс бариад над руу ойртохоор нь би хөлөөрөө өшиглөсөн боловч дийлээгүй. Ингэж ноцолдож байхдаа би “туслаарай, авраарай” гэж орилоод ноцолдсоноо ямар нэгэн тэнхээгүй болж хамаг тамираа барсан. Тэгтэл удалгүй нөгөө өрөөнд үйлчлүүлж байсан миний зүс таних Одсүрэн гэх залуу 2 найзтайгаа хамт орж ирээд “юу болоод байгаа юм бэ” гэхэд нь би “цагдаа дууд” гэж орилоход тэд нар утсаа аваад яриад байсан. ...Хурьцал үйлдсэн асуудал болоогүй гэхдээ миний бүх хувцсыг тайлаад өмдөө тайлчихаад эрхтэнээ гаргаад намайг хүчиндэх гээд над руу дайраад байсан. ...Ш.П-ын намайг хүчиндэх гэсэн үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...намайг хүчиндэхийг оролдсон үйлдэлд гомдолтой байна. Ш.П- нь бүдүүлэг зан гаргаж бусадтай их дээрэлхүү харьцаж намайг хүсээгүй байхад өөрөө секс хийх ёстой юм шиг харьцаж байсанд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Гэрч С.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 сард шиг санаж байна. ...караокены текны эсрэг талын өрөөнд “туслаарай, авраарай” гэж орилохоор нь би түрүүлээд ороход караокены сандал дээр Ч хэвтчихсэн дээр нь Ш.П- хэвтчихсэн байж байгаад босож ирээд “гарч бай хөгшөөн” гэсэн. Ш.П- доогуураа нүцгэн дээгүүрээ подволктай байсан. Ч харин “энэ залуу оролдоод” гэсэн. Тэгтэл манай 2 Ш.П-тай зодолдох гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 81-82/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Ш.П- нь хохирогч Б.Б-ийг тэвэрч аван түрэн караокены өрөө рүү явж ...өрөөний дотор байдал харагдах ба уг өрөөний гэрэл унтраалттай үзэгдэх орчин хар бараан өнгөөр бичигдэн үлджээ. Хохирогч Б.Б- нь ширээн дээр байгаа архины шилийг шүүрч авч ...архины шилийг барих үед Б.Б- рүү Ш.П- нь ямар нэгэн зүйл хэлэн ойртох ба Б.Б- нь түлхэж ...хохирогч Б.Б- нь хаалгаар гарах үйлдэл хийхээр урагш алхахад Ш.П- нь гарнаас нь барин шахаж булан руу түрж ...Ш.П- Б.Б-ийг тэвэрч авахад Б.Б- нь эсэргүүцэл үзүүлж толгой хэсэг рүү нь түлхэж ...хохирогч Б.Б-ийг Ш.П- нь бүсэлхий хэсгээр тэвэрч өргөхөд эсэргүүцэл үзүүлж хаалганы ирмэг хэсгээс барьж ...Ш.П- нь Б.Б-ийг буйдан дээр дарж унагаан дээр нь хэвтэж ...өмдийг нь тайлах гэж оролдож ...өмдийг нь тайлж ...Б-ийн дотуур хувцсыг тайлж ...өөрийнхөө өмдийг тайлахад ....караокены өрөөнд гаднаас танихгүй залуучууд орж ирж байгаа хэсгийг гэрэл зургаар харуулав гэснээр үзлэгийг 18 цаг 50 минутад дуусав...” гэсэн тэмдэглэл /хх-н 9-14/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-н 3-5/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 8, 17/, Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 18-21/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 45-50, 55-71, 84-86/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 54/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 83/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ш.П- нь 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Этүгэн” зочид буудлын караокены 06 тоот өрөөнд иргэн Б.Б-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б-ийн: “...Ш.П- өрөө рүү оруулаад намайг булан руу түлхээд хаалгаа хаагаад цоожлолгүй бүх гэрлийг унтраахад караокены дэлгэцний бүдэг гэрэл ассан. Тэгэхээр нь “чи битгий давраад бай, цагдаа дуудна шүү” гэхэд Ш.П- “чи юун сүртэй юм бэ, маяглаад бай” гэж хэлсэн. Тэгснээ над руу ойртож ирэхээр нь “би цаашаа бай” гэж түлхэхэд дийлэхгүй байсан. ...ширээн дээр байсан ууж байсан шилтэй архийг аваад “чамайг цохино шүү” гэхэд “цохь цохь” гээд урдаас түрээд ирэхээр нь би цохиж чадалгүй буцаагаад ширээн дээр тавьсан. Тэгснээ намайг тэвэрч аваад буйдан руу эргэж дарж унагаагаад дээр гарчихаад үнсэх гээд дайраад өмд тайлах гээд байхаар нь би өөдөөс нь ноцолдоод дийлэхгүй байсан. Тэгж байхдаа би “хүн байна уу” гэж орилсон боловч өрөөнөөс гадагш сонсогдохгүй байсан. Ингэж 4-5 минут орчим болсон. Тэгээд миний цээж хэсэг дээр нэг гараараа дарчихаад нөгөө гараараа миний өмссөн байсан ногоон өнгийн бэлтгэлийн өмдийг тайлсан. Ингэж тайлж байхдаа Ш.П- өөрийнхөө өмссөн байсан бэлтгэлийн өмдийг тайлсан. Өмд ямар нэгэн тэлээгүй дээд хэсгээрээ резинтэй байсан. Тэгээд өмд тайлаад гутал мөн тайлсан. Би эсэргүүцэл үзүүлэх гэсэн боловч цээжин дээр нэг гараараа дарчихсан байсан тул миний 2 гар хөдөлгөөн хийх боломжгүй болчихсон. Тэгснээ миний өмссөн байсан турсикийг татаад тайлсан. Ингэж байхдаа Ш.П- өөрийнхөө өмссөн байсан бэлтгэлийн өмдийг турсикны хамт тайлаад миний хөлнөөс бариад над руу ойртохоор нь би хөлөөрөө өшиглөсөн боловч дийлээгүй. Ингэж ноцолдож байхдаа би “туслаарай авраарай” гэж орилоод ноцолдсоноо ямар нэгэн тэнхээгүй болж хамаг тамираа барсан. Тэгтэл удалгүй нөгөө өрөөнд үйлчлүүлж байсан миний зүс таних Одсүрэн гэх залуу 2 найзтайгаа хамт орж ирээд “юу болоод байгаа юм бэ” гэхэд нь би “цагдаа дууд” гэж орилоход тэд нар утсаа аваад яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/, гэрч С.О-гийн: “...караокены текны эсрэг талын өрөөнд “туслаарай, авраарай” гэж орилохоор нь би түрүүлээд ороход караокены сандал дээр Ч хэвтчихсэн дээр нь Ш.П- хэвтчихсэн байж байгаад босож ирээд “гарч бай хөгшөөн” гэсэн. Ш.П- доогуураа нүцгэн дээгүүрээ подволктай байсан. Ч харин “энэ залуу оролдоод” гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 81-82/, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидий бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9-14/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хэрэгт тухайн цаг хугацаанд болсон үйл баримтыг тодорхой харуулсан видео бичлэг эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн байх уг бичлэгт үзлэг хийж тэмдэглэл үйлдэн баримтжуулсан байна.

Шүүгдэгч Ш.П-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдэхийг завдсан хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.П- нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ш.П-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...”, 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ш.П-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Ш.П-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Ш.П-ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.П-ад оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, торон оруулагатай дотоожийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.П- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш.П-ыг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдэхийг завдсан” гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.П-ад хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.П- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.П-ад оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, торон оруулгатай дотоожийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.П-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР