Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00336

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 19 210/МА2024/00336

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/03804 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: Х ХХК

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн шимтгэлд тооцон авсан 108,125.62 ам.доллар буюу 356,948,621 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 444,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. , Э. л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 М ХХК нь Х ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1540000754 дугаартай зээлийн гэрээ байгуулж 8,650,050 ам.долларыг 120 сарын хугацаатай, С 10 МВт-ын нарны цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх зорилгоор жилийн 5.5 хувийн хүүтэй зээлсэн. Х ХХК нь зээлийн хөрөнгийг хэсэгчилж буюу 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эхний хэсгийг, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сүүлийн хэсгийг олгосон. Х ХХК нь дээрх 8,650,050 ам.долларыг олгохдоо гэрээний 2.8-д заасныг үндэслэн 108,125.62 ам.долларыг гэрээ байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлүүлсэн.

1.2 Хариуцагч нь зээлийн хүүгээс гадна хариу төлбөр болгож зээлийн гэрээний 2.8-д зааснаар үндсэн зээлийн нийт үнийн дүнгийн 1.25 хувиар буюу 108,125.62 ам.долларыг хуульд заагдаагүй, эрх олгогдоогүй шимтгэл гэх нэрээр суутган авсан нь хууль бус.

1.3 Х ХХК нь шимтгэлийг тухайн зээлийг олгоход судалгаа, шинжилгээ, эрсдэл хяналтын менежментэд зарцуулсан гэж тайлбарлаж, холбогдох хуулийн этгээдүүдтэй байгуулсан гэрээнүүдийг гаргаж өгсөн. Дээрх гэрээний төлбөр 191,322.69 ам.долларыг Х ХХК нь С төслийг хэрэгжүүлэхэд М ХХК-ийн өмнөөс бусдад төлсөн тул энэ төлбөрийг зээлийн гэрээний 2.8-д заасан зээлийн үйлчилгээний 1.25 хувийн шимтгэл болох 108,125.62 ам.долларыг М ХХК-аар төлүүлэх замаар буцаан авсан гэж маргадаг. Дээрх 5 удаагийн зөвлөх үйлчилгээний гэрээ нь тусдаа бие даасан гэрээнүүд бөгөөд тухайн үедээ хэрэгжээд дууссан. Мөн дээрх гэрээнүүдээс 3 удаагийн гэрээнд нь М ХХК оролцоогүй, мөн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ нь зээлийн гэрээ дуусгавар болсон 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш байгуулагдсан гэрээ байна.

Дээрх 191,322.69 ам.долларын үнэ бүхий 5 гэрээний төлбөрийг зээлийн үйлчилгээний шимтгэлд оруулж тооцох талаар 15400000754 дугаар зээлийн гэрээгээр талууд тохиролцоогүй болох нь зээлийн гэрээний 2.8-д заасан заалтаас тодорхой харагдана. Банк ямар үндэслэлээр зээлийн үйлчилгээний шимтгэлийг 1.25 хувь гэж өндөр хэмжээгээр тогтоосон, мөн 1.25 хувь буюу 108,125.62 ам.долларт тохирох ямар зээлийн үйлчилгээг зээлдэгчид үзүүлсэн нь тодорхойгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, зээлийн үйлчилгээний шимтгэлд 108,125.62 ам.долларыг зээлдэгчээр төлүүлсэн нь банкнаас үзүүлсэн зээлийн үйлчилгээний бодит зардлаас хэт давсан байна.

1.4 Зохигчдыг зээлийн гэрээ байгуулах үед Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд банк энэхүү журмын 3.2.2-т заасныг ноцтой зөрчиж зээлдэгчээс үндэслэлгүйгээр өндөр шимтгэл төлүүлсэн гэж үзнэ.

М ХХК нь зээлийн гэрээний үүргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүрэн төлж дуусгасан. Зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн шаардах эрх үүссэн ба хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болохоор байх бөгөөд бид уг хугацаа дуусгавар болоогүй байхад 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Мөн энэ зээлийн гэрээний 2.8-д заасан заалтаар банк хөрөнгийг олж авснаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжих үндэслэл болж байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жилээр тоологддог. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

1.5 Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах боломжтой боловч гагцхүү тэр нь хуульд зөвшөөрөгдсөн хэм хэмжээгээр байгуулагдах ёстой. Гэрээг чөлөөтэй байгуулах хэм хэмжээ нь хуульд заасан, хуульд зөвшөөрөгдсөн, хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулагдах ёстой байтал хуульд заагдаагүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй асуудлаар зээлдэгчид хохиролтой нөхцөл байдлаар тогтоосон нь гэрээний чөлөөт байдалд нийцэхгүй. Тухайн үед зээлийн шимтгэлийг төлөхгүй бол зээл гаргах боломжгүй гэсэн тайлбарыг өгч байсан. Тийм учраас зээлдэгч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орж энэ гэрээний 2.8-д заасныг зөвшөөрснөөр зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасан нөхцөлийг зөрчиж байгаа учраас хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл гэж үзэж байна.

Иймд хариуцагч Х ХХК-аас 108,125.62 ам.доллар буюу 356,948,621 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Х ХХК болон М ХХК нар нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр АС аймгийн С сумын нутагт 10МW-ийн хүчин чадалтай нарны цахилгаан станц барьж угсрахад шаардлагатай санхүүжилтийг олгох зорилгоор 15400000754 дугаартай зээлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээгээр 8,650,050 ам.долларыг 120 сарын хугацаатай, 5.50 хувийн хүүтэй, төслийн явцаас шалтгаалан хэсэгчлэн зээлийг олгох, М ХХК нь зээлийн санхүүжилт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөхөөр тохиролцсон. Х ХХК зээлийг олгож, М ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийг бүрэн төлж дуусгаснаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон.

2.2 Х ХХК нь тус төслийн зээлийг М ХХК-д олгохын тулд нийт 191,322.69 ам.долларын зардал гаргасан болох нь Х ХХК-аас шүүхэд гаргаж өгсөн АНУ-ын долларын үнэ бүхий 5 гэрээ, төлбөрийн баримт, Эрчим хүчний зохицуулах хорооны аудитын тайлан бүхий 213 хуудас нотлох баримтаар нотлогдож байгаа. Уг зардалд үйл ажиллагааны зардал болон зээлийг ашиглах явцад зээлийн хяналт, зөвлөгөө, мэдээллээр хангах, хамтын ажиллагаатай холбоотой бусад холбогдох зардлууд ороогүй. Мөн Х ХХК нь тус төслийн санхүүжилтийг олох, төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зээлийн үйл ажиллагааны шимтгэлд төлсөн үнийн дүнгээс 83,197.07 ам.долларын илүү зардал гаргасан. М ХХК-д тус зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авч өгөхийн тулд Х ХХК энэ хэмжээний зардал гаргасан.

2.3 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар Х ХХК болон М ХХК нар нь зээлийн хэмжээ, гэрээний хугацаа, зээлийн эргэн төлөгдөх хуваарь, хүү зэрэг нөхцөлүүдийг тохиролцсоноос гадна зээлийн шимтгэл, талуудын эдлэх эрх, үүрэг зэрэг бусад нөхцөлийг мөн харилцан тохиролцсон.

Мөн Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гээд нарийвчлан зохицуулсан хууль болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар шимтгэл авахыг хориглоогүй юм. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ байгуулахаар бэлдэх, байгуулах, зээлийн гэрээ дуусгавар болсон өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн шимтгэл авахыг хориглосон хууль тогтоомж байгаагүй.

2.4 Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам-ын 2.8.3, 3.2.1, 3.2.2, 3.2.3-т заасны дагуу төслийн зээлийн гэрээний 2.8-д хууль тогтоомжоор хориглоогүй, эрх бүхий зохицуулагч байгууллагын зөвшөөрснөөр зээлийн үйлчилгээний шимтгэл авахтай холбоотой нөхцөлийг тусгаж, энэ нөхцөлийг талууд харилцан хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээ байгуулсан өдрөө нэхэмжлэгч нь зээлийн үйлчилгээний шимтгэл болох 108,125.62 ам.долларыг гэрээнд заасны дагуу банканд төлсөн.

2.5 Нэхэмжлэгч нь 1.25 хувиар тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бол ямар баримтад үндэслэж байгаагаа, мөн хэдэн хувиар тогтоосон бол үндэслэлтэй байх байсан талаар нотлох үүрэгтэй бөгөөд ямар ч нотлох баримтгүйгээр ийнхүү шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

2.6 Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа зээлийн шимтгэлийг нэхэмжлэгч төлсөн өдрөөс буюу 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс тоологдож эхэлсэн. Ийнхүү тус гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жилийн хугацаанд буюу 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дууссан тул хариуцагч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзах үндэслэлтэй. Маргааны зүйл нь зээлийн төлбөр төлөхтэй холбоотой бус, харин зээлийн үйлчилгээний шимтгэл төлөхтэй холбоотой бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг төлж дууссан эсэхээс үл хамааран зээлийн гэрээ байгуулагдсан өдөр төлсөн зээлийн үйлчилгээний шимтгэлийг буцаан шаардахаар нэхэмжлэл гаргах боломжтой байсан.

2.7 Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр тооцоог үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар гэдэг үг байгаа. Гэхдээ энэ нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 218.2.3 дахь заалтыг хамтад нь хэрэглээд харах юм бол Монгол Улсад мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдөх буюу мөнгөний ханш 1993 оны 2 дугаар тогтоолын зохицуулалтай холбоотойгоор ханш нь өөрчлөгдөж мөнгөний үнэ цэнэ өөрчлөгдсөн тохиолдолд хэрэглэх зохицуулалт юм.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2.8-д заасан зээлийн үйлчилгээний шимтгэл төлөх үүргээ биелүүлсэн атлаа, уг гэрээний заалтын дагуу үүрэг гүйцэтгэх үндэслэлгүй, үүргээ биелүүлэхгүй байх хууль зүйн үндэслэлтэй мэтээр маргаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үүдэн Х ХХК-аас тооцоолоогүй орчуулгын болон нотариатын зардлууд гарсан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэж маргаж байгаа нь үүргийн зөрчлийн нэг хэлбэр гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр гэрээний үүргээ биелүүлэхгүй гэж маргаснаас хариуцагчид хохирол учирсан буюу тус хохирол учрахад нэхэмжлэгч буруутай байсан гэж үзэхээр байна.

Иймд М ХХК-аас 444,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагчаас хариу тайлбар, түүнийг нотлох 210 хуудас нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага ханган шүүхэд гаргаж өгсөн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 32 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгт хамаарах ойлголт тул тэрхүү үүргээ хэрэгжүүлснээр гарах үр дагаврыг бусад этгээдэд хариуцуулах заалт биш юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар Х ХХК-аас зээлийн шимтгэлд тооцон авсан 108,125.62 ам.доллар буюу 356,948,621 төгрөг гаргуулах тухай М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасан үндэслэлгүй тул М ХХК-аас 444,000 төгрөг гаргуулах тухай Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,012,893 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,850 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан журмаар банк нь зээлийн үйл ажиллагаатай холбоотой шимтгэл, хураамж авах боломжтой талаар зохицуулсан байх боловч зээл, зээлийн үйл ажиллагаа олгох харилцааг бүхэлд нь зохицуулсан хууль болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-иар шимтгэл, хураамжийг суутган авах эрхийг эрх бүхий этгээдэд олгоогүй байгааг шүүх анхаараагүй ба хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бусад нөхцөл гэх нөхцөлийг утга, санааных нь хувьд зээлийн шимтгэл, хураамжтай шууд холбож, зээлийн хүүгээс гадна зээлийн шимтгэл байх эдийн засгийн үндэслэл тогтоосон, тэрхүү үндэслэлээрээ шимтгэл авах нь зөв гэх агуулгаар хуулийг буруу тайлбарлан дүгнэсэн.

6.2 Х ХХК нь өөрийн зээлийн үйл ажиллагааны төрөл, хэмжээ, түүний шимтгэл, хураамжийн дүн, хэмжээг тогтоосон албан ёсны баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар нийтэд мэдээлээгүй байгааг үнэлээгүй, зээл олгохдоо 1.25 хувь хэмжээгээр авах нь зөв мэтээр хууль болон журмын заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон ба журмын заалтыг хуулиас дээгүүр үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

6.3 Шүүхээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь банкнаас үзүүлж буй бизнесийн хөрөнгө оруулалтын зээлийн бүтээгдэхүүн гэдгийг тодруулалгүйгээр зөвхөн нэхэмжлэгч компанид зориулан гаргасан зээлийн үйлчилгээ мэтээр тайлбарлан хэрэглэж Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 202.1 дэх зохицуулалтуудыг зөрчсөн.

Манай компанийн хувьд зээлийн гэрээний 2.8-д заасан заалт буюу зээлийн шимтгэлтэй холбоотой хэсгийг гэрээнээс хасах боломжгүй, үүнийг зөвшөөрснөөр зээлийн гэрээ байгуулагдах боломжтой байсан, энэ нөхцөл нь гэрээний нөгөө талдаа илтэд хохиролтой байдлаар гэрээ байгуулах нөхцөл үүсгэсэн тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой байтал орхигдуулсан ба мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасны дагуу тухайн нөхцөл хүчин төгөлдөр бус байна.

Иймээс банкны зүгээс зээл олгохтой холбоотой өөрийн үйл ажиллагааны зардлаа зээлийн шимтгэл нэрийн дор зээлдэгчээр төлүүлэх зорилго бүхий гэрээний стандарт нөхцөл нь агуулгын шалгалтын үр дүнд хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдох боломжтой байна.

6.4 Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар эрхийн зөрчил нь зээлийн гэрээ дуусгавар болсон буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилсэн тул энэ өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, зээлийн төлбөрийг бүрэн төлж, зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн шаардах эрх үүссэн ба хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болохоор байх бөгөөд бид уг хугацаа дуусгавар болоогүй байхад 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Зээлийн гэрээний 2.8-д заасан заалт нь хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч зээлийн шимтгэлд төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 10 жил тул нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй.

6.5 Х ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан Зээлийн гэрээ-ний судалгаа, шинжилгээний өртөг 191,322.69 ам.доллар болсон талаар тайлбартаа дурддаг ба хэрэв бодит өртөг 191,322.69 ам доллар байсан бол зээлийн гэрээний шимтгэл 1.25 хувиар бус 2.2 хувиар шимтгэл тооцож авах байсан. Гэтэл хариуцагчаас гаргасан зардлынхаа бодит хэмжээгээр шимтгэлийн хувь хэмжээг тогтоогоогүй нь судалгаа, шинжилгээний зардал бодитоор гараагүй гэх эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Иймд банк ямар үндэслэлээр зээлийн үйлчилгээний шимтгэлийг 1.25 хувь гэж хэмжээгээр тогтоосон, үүнд тохирох ямар үйлчилгээ зээлдэгчид үзүүлсэн нь тодорхойгүй, банкнаас үзүүлсэн гэх зээлийн үйлчилгээний бодит зардлаас хэт зөрүүтэй байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Х ХХК болон М ХХК нь зээлийн хэмжээ, гэрээний хугацаа, зээлийн эргэн төлөгдөх хуваарь, хүү зэрэг нөхцөлүүдийг тохиролцсоноос гадна зээлийн шимтгэл, талуудын эдлэх эрх, үүрэг зэрэг бусад нөхцөлийг мөн харилцан тохиролцсон нь хууль тогтоомжид нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус зээлийн гэрээ байгуулах үед зээлийн шимтгэл авахыг хориглосон хууль тогтоомж байгаагүй. Хуулиар хориглосон, эсхүл нарийвчлан зохицуулан эрх зүйн зохицуулалт байгаагүй учир Монголбанк нь Төв банк/монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд банк шимтгэл авах эрхтэй болохыг журамлан зохицуулсан.

7.2 С нарны цахилгаан станцын төслийн зээл нь нийтэд санал болгодог зээлийн стандарт бүтээгдэхүүн биш бөгөөд зөвхөн М ХХК-ийн хэрэгжүүлсэн төслийг санхүүжүүлэх зорилгоор олон үе шатыг дамжиж байж, УАНС-аас санхүүжилт авч хэрэгжүүлсэн цор ганц төслийн зээл юм. Энэ утгаараа тус зээлийн гэрээний нөхцөлүүд нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний стандарт нөхцөлд хамаарахгүй, банкны өдөр тутам үзүүлдэг урьдчилан тогтоосон байдаг зээлийн бүтээгдэхүүн биш юм. Нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний нөхцөлүүд нь олон нийтэд шууд санал болгодог байнга хэрэглэгдэх шинжтэй биш, харин зөвхөн тухайн нэг тохиолдолд буюу ганцхан энэ С нарны цахилгаан станцын төслийн зээлийн хувьд хэрэглэгдэх, талуудын харилцан тохиролцож тогтоосон нөхцөлүүд юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дахь хэсэгт талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ биш гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэж байна.

Банкнаас нийтэд санал болгож байгаа бизнесийн зээлүүдийн хүүгийн нөхцөл нь жилд дунджаар 18-20 хувь байгаа бөгөөд нэхэмжлэгчид олгосон тус зээлийн хүү нь жилийн 5,5 хувь байгаа, зээлийн шимтгэлийн хэмжээ нь нийтэд санал болгодог хэмжээ нь 1% бол энэ зээлийн хувьд 1.25% байхаар тогтоосон, мөн олгох зээлийн дээд хэмжээ нь мөн нийтэд санал болгодог дүнгээс өөр байсан, барьцаа хөрөнгийн хувьд нийт зээлийн үнийн дүнгээр барьцаа хөрөнгө шаардаагүй зэрэг нөхцөлүүдээс тус зээл нь банкны харилцагч бүрт санал болгодог зээлийн бүтээгдэхүүнээс огт өөр зээл болно.

Зээлийн шимтгэл төлснөөр нэхэмжлэгч хэрхэн хохироод байгаа нь ойлгомжгүй, илт хохиролтой нөхцөл байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох хангалттай баримт гаргаж өгөөгүй байна.

7.3 Тус төслийн зээл нь ердийн зээлээс ялгаатай, цаашлаад сэргээгдэх эрчим хүчний төслийн санхүүжилт нь эдийн засаг, санхүү, хууль зүйн шинжилгээнээс гадна техникийн мэргэжлийн дүн шинжилгээ хийлгэхийг шаарддаг тул шаардлагатай санхүүжилтийг олгохоос өмнөх үе шатанд олон улсын байгууллагаас эх үүсвэр татах, мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн болон техникийн үнэлгээ хийлгэх, төслийн хэрэгжилтийн үе шатанд мониторинг хийх, холбогдох зээлийн судалгаа, шинжилгээ хийх зэрэг бодит зардалд 191,233.69 ам.долларыг Х ХХК дангаараа хариуцан төлсөн. Төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан захиргааны хэм хэмжээний актад буюу Монголбанкны журамд шимтгэл гэдэг нь зээлийг олгохтой холбоотой гарсан зардал гэж тодорхойлсон байдаг бөгөөд банкны хувьд гарсан зардалтайгаа нийцүүлэн нэхэмжлэгчид ашигтай байдлаар зээлийн үйлчилгээний шимтгэлийг 1.25 хуваир буюу 108,125.62 ам.доллароор тооцон тогтоож, энэ дүнг гэрээндээ тусган харилцан тохиролцсон учир төлүүлсэн болно.

Хариуцагч нь зээлийн шимтгэлийг гарсан зардлаас хэт өндрөөр тогтоосон нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн гомдолд дурдсаны дагуу энэ тохиолдолд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-т заасан заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

7.4 Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа зээлийн шимтгэлийг нэхэмжлэгч төлсөн өдрөөс буюу 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс тоологдож эхэлсэн. Ийнхүү тус гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жилийн хугацаанд буюу 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дууссан тул хариуцагч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзах үндэслэлтэй буюу энэ гэрээний үүрэгтэй холбоотойгоор гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Маргааны зүйл нь зээлийн төлбөр төлөхтэй холбоотой бус, харин зээлийн үйлчилгээний шимтгэл төлсөнтэй холбоотой бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг төлж дууссан эсэхээс үл хамааран зээлийн гэрээ байгуулагдсан өдөр төлсөн зээлийн үйлчилгээний шимтгэлийг буцаан шаардахаар нэхэмжлэл гаргах боломжтой байсан.

7.5 Нэхэмжлэгч нь өөрт ашигтай тохиолдолд журмын зохицуулалтыг хэрэглээд, өөрт ашиггүй нөхцөл байдалд журмын зохицуулалтыг бүхэлд нь үгүйсгэх байдлаар тайлбарлаад байгаа нь хууль хэрэглээний хувьд зөвтгөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан гомдол дээр дурдсан үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй, агуулгын хувьд өөр хоорондоо зөрчилдөөнтэй, ойлгомжгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан зээлийн шимтгэлд тооцон авсан 108,125.62 ам.доллар буюу 356,948,621 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, орчуулга болон нотариатын зардалд 444,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан.

3. Нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч Х ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1540000754 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр М ХХК нь Х ХХК-аас 8,650,050 ам.долларыг 120 сарын хугацаатай, жилийн 5.5 хувийн хүүтэй, АС аймгийн С сумын нутагт 10 MW-ийн хүчин чадалтай нарны цахилгаан станц барьж угсрах зориулалтаар зээлж, төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх 5-23/

3.1 Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагчаас зээлийн мөнгөн хөрөнгийг 2018 оны 05 дугаар сарын 21, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус тус нэхэмжлэгчид бүрэн шилжүүлсэн, нэхэмжлэгч нь зээл болон хүүгийн төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчид буцаан төлсөн, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дээрх зээлийн гэрээний шимтгэлд 108,125.62 ам.долларыг нэхэмжлэгчээс хариуцагчид төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

4. Гэрээний 2.8-д Банк зээлийн үйлчилгээний шимтгэл болох гэрээнд заасан зээлийн нийт дүнгийн 1.25 хувьтай тэнцэх 108,125.62 ам.долларыг энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурмагц буюу 2018 оны 05 дугаар сарын 04-ний дотор зээлдэгч банканд төлөх үүрэг хүлээнэ. Зээлийн үйлчилгээний шимтгэлийг зээлдэгчид буцаан олгохгүй гэж заажээ. /1хх-7/

4.1 Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаар тушаалаар батлагдсан журмын 1 дүгээр зүйлийн 1.3.17 дахь заалтад шимтгэл гэдгийг санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг хэлнэ гэж заагаад мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1-т харилцагчаас авах шимтгэл хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно, 4.2-т банк харилцагчаас авах шимтгэл, хураамжийг гэрээнд заавал тусгана гэжээ.

4.2 Зээл олгох үйл ажиллагааны зардал буюу шимтгэл авах банкны эрхийг дээр дурдсан журмаар зөвшөөрсөн хэдий ч гагцхүү тухайн зардлын хэмжээ, зарцуулалт бодитоор тогтоогдсон байх учиртай. Хариуцагч нь гэрээнд шимтгэлийн хэмжээг 1.25 хувиар тогтоосон үндэслэл болон зарцуулалтаа нотлоогүй бөгөөд уг шимтгэл нь зээлийг олгохтой холбоотой гарсан бодит зардал болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Нэгдсэн үндэсний байгууллагын Уур амьсгалын ногоон сангаас С нарны цахилгаан станцын төслийн санхүүжилтийг татахын тулд бодит зардалд 191,233.69 ам.доллар төлсөн талаарх холбогдох гэрээг хэрэгт нотлох баримтаар гаргасан байх боловч уг гэрээнүүдийн төлбөрийг зээлтэй холбогдон гарсан бодит зардал гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шимтгэл авах нь хууль бус гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.8 дахь хэсгийг стандарт гэрээнд хамаарахгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт нийцсэн байна. Учир нь, зээлийн эх үүсвэр болон зээлийн зориулалт нь мөн зүйлд заасан байнга хэрэглэгдэх болон урьдчилан тогтоосон шинжийг агуулаагүй байна.

Түүнчлэн, мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон тохиолдолд хүчин төгөлдөр бус байна. Энэхүү тохиолдол нь мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт зааснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэн гэж үзэх боломжгүй тул хуулийн дээрх зохицуулалт нь энэхүү маргаанд хамааралгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...банкны зүгээр зээл олгохтой холбоотой үйл ажиллагааны зардлаа зээлийн шимтгэл нэрийн дор зээлдэгчээр төлүүлэх зорилго бүхий гэрээний стандарт нөхцөл нь агуулгын шалгалтын үр дүнд хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдох боломжтой гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Маргааны зүйл болох шимтгэл нь гэрээний 2.8 дахь хэсэгт зааснаар гэрээний үүрэгт хамаарах тул анхан шатны шүүх тухайн маргаанд нэхэмжлэгчийн шимтгэлд төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан тусгай хугацаа буюу 3 жилд хамааруулан дүгнэсэн нь зөв.

Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг шимтгэл төлсөн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсон нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт нийцсэн байна.

7. Иймд нэхэмжлэгч нь шимтгэлийг буцаан гаргуулах талаарх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, мөн уг хугацаа тасалдсан, түр зогссон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хөөн хэлэлцэх хугацааг гэрээ дууссан буюу 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс тооцно гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/03804 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,012,893 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

М.БАЯСГАЛАН