Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 155

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Б.Батсайхан,

Шүүгдэгч: Д.Г-, С.Н-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Г-, С.Н-нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805057960192 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Г-, 1992 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт .....тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Н-, 1988 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Г-, С.Н-нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ICE /айяси/ нэртэй караокены орчим иргэн П.Бийн гээгдүүлсэн цүнхтэй эд зүйл болон цүнхэн дотор байсан бэлэн 538.000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас нийт 1.595.700 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Д.Г-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч С.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.

Хохирогч П.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэргэл төвийн үүдэнд буугаад урагшаа зам хөндлөн гараад ICE нэртэй паб, караокены газар руу ороод шууд 00-н өрөө рүү нь орсон. Бие засах өрөөнд ороод нойлын цаас хийдэг хайрцаг дээр цүнхээ тавиад бие засч дуусаад цүнхээ мартаад гарсан. 10 орчим минутын дараа гэнэт санаад буцаад нойлын өрөө рүү орж цүнхээ авах гэтэл цүнх маань байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан....” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

Иргэний нэхэмжлэгч Г.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г над дээр ирээд гар утас олсон гээд Самсунг Эс-8 маркийн утас авчирч өгсөн. Тэгээд би одоо энэ утасыг мэдэхгүй, чи энэ утсыг авах уу гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед хаяж гээсэн юм алийг тэр гэхэв гэж бодоод тэр гар утсыг нь худалдаж авсан. Надад тухайн үед Г үнэ хэлээгүй. Тэгэхээр нь би тухайн үед 300.000 төгрөг болох уу гэж хэлэхэд Г болно гэхээр нь би 300.000 төгрөг өгсөн. ...Тэгээд намайг цагдаагаас дуудахаар нь ирээд тэр гар утсыг нь хүлээлгэж өгсөн. Г 120.000 төгрөгөнд Самсунг Нөүт-3 утас бодож өгсөн. Үлдэгдэл 180.000 төгрөгийг буцааж аваагүй. Үлдэгдэл мөнгөө буцаагаад авчих юм бол гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Яллагдагчаар Д.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ...хорооллын эцсийн тэнд дэлгүүр орох гээд найз залуу Нын хамт явж байгаад ACE нэртэй караокены тэндээс гар цүнх Н олоод надад өгсөн. Би тэгэхээр нь гар цүнхийг аваад машин руугаа явсан. Тэгээд очоод гар цүнхийг нь үзэхэд гар утас, хадгаламжийн дэвтэр, паспорт, төрсний гэрчилгээ зэрэг эд зүйл байсан. Тэгээд би гар утсыг нь аваад далд хийсэн. Харин цүнхэнд 480.000 гаран төгрөг байсан. Тэгэхээр нь Н бид хоёр хамтдаа үрж дуусгасан. Харин би гар утсыг нь 300.000 төгрөгөөр ломбарданд тавиад 120.000 төгрөгөнд нь Нөүт-3 маркийн гар утас авсан. 180.000 төгрөгийг бэлнээр аваад өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 39-41/,

Яллагдагчаар С.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсанаа бол хүлээн зөвшөөрч байна. ...Тэгээд явж байтал хорооллын эцсийн ACE караоке, Файре баарны орчмоос гар цүнх олоод Гд өгсөн. Тэгээд дэлгүүр орчихоод буцаж автомашиндаа очиход Г цүнхийг үзээд байж байсан. Тэгсэн хэтэвчинд нь 480.000 орчим төгрөг байсан. Мөн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ байсан. Харин цагдаад баригдсан чинь дотор нь утас байсан талаар мэдсэн. Тэр утсыг Г түрүүлж үзээд авчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-46/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 4-5/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 25-26/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 64-68/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

        Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

        Шүүгдэгч Д.Г-, С.Н-нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ICE /айяси/ нэртэй караокены орчим иргэн П.Бийн гээгдүүлсэн цүнхтэй эд зүйл болон цүнхэн дотор байсан бэлэн 538.000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас нийт 1.595.700 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм  буруутай болох нь:

 Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч П.Бийн: “...Бие засах өрөөнд ороод нойлын цаас хийдэг хайрцаг дээр цүнхээ тавиад бие засч дуусаад цүнхээ мартаад гарсан. 10 орчим минутын дараа гэнэт санаад буцаад нойлын өрөө рүү орж цүнхээ авах гэтэл цүнх маань байхгүй байсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/, иргэний нэхэмжлэгч Г.Ж-гийн: “...Г над дээр ирээд гар утас олсон гээд Самсунг Эс-8 маркийн утас авчирч өгсөн. Тэгээд би одоо энэ утсыг мэдэхгүй, чи энэ утсыг авах уу гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед хаяж гээсэн юм алийг тэр гэхэв гэж бодоод тэр гар утсыг нь худалдаж авсан. Надад тухайн үед Г үнэ хэлээгүй. Тэгэхээр нь би тухайн үед 300.000 төгрөг болох уу гэж хэлэхэд Г болно гэхээр нь би 300.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Г-, С.Н-нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г-, С.Н-нар нь бүлэглэн хохирогчийн гээгдүүлсэн цүнхтэй эд зүйлийг авсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч П.Б нь хохирлоос үлдсэн бэлэн 538.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тухайн хохирлын тал болох 269.000 төгрөгийг шүүгдэгч С.Н-төлсөн болох нь шүүхэд ирүүлсэн хохирол төлсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин хохирогч П.Бийн үлдэгдэл хохирол 269.000, иргэний нэхэмжлэгчид төлөх 180.000 төгрөг, нийт 449.000 төгрөгийг шүүгдэгч Д.Г-гаас гаргуулж хохирогч П.Бт 269.000, иргэний нэхэмжлэгч Г.Ж-д 180.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Д.Г-, С.Н-нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г-, С.Н-нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  Д.Г-, С.Н-нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-, С.Н-нарыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Н-бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-гаас нийт 449.000 төгрөг гаргуулж хохирогч П.Бт 269.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Ж-д 180.000 төгрөг тус тус олгосугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-, С.Н-нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ тус тус авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ч.ОТГОНБАЯР