Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00337

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 19 210/МА2024/00337

 

 

О.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/03257 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: О.Б

Хариуцагч: М.Ш

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 1,500,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 3 см өндөр угсардаг, 3 см өргөн, төмөр тавцантай Япон шат гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 О.Б 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр С.Шгээр байшингийн дээвэр дулаалуулахаар гэрээ байгуулан ажиллуулсан. Ийнхүү ажил гүйцэтгэх явцад буюу 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч нь унтлагын өрөөний гэрлийн утас таазанд тогтоох үед толины өмнө байрлуулсан зурагтын дэлгэц дээр гишгэж хагалсан. Үнэлүүлэхэд 1,500,000 төгрөг болсон тул М.Шгээс 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Зурагт эвдэрсэн гэдгийг ажил хийж гүйцэтгэсний дараа буюу 2-3 хоногийн дараа холбогдож хэлсэн. М.Ш зурагт нь дээр гишгэсэн гэх нотлох баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Би ажил хийж байхдаа Япон шатаа нэхэмжлэгчид үлдээсэн. Буцааж авах гэсэн боловч өгөөгүй. Иймд угсардаг өндөр нь 3 см, өргөн нь 3 см, төмөр тавцантай Япон шатыг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1 М.Шгийн үлдээсэн шат нь байгаа тул түүнийгээ авахад татгалзах зүйлгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан М.Шд холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах О.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан О.Боос угсардаг, өндөр нь 3 см, өргөн нь 3 см, төмөр давцантай япон шатыг гаргуулж М.Шд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 8.150 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Зурагт хагарсныг ажил хийж дууссанаас 2-3 хоногийн дараа буюу 09 дүгээр сарын 06-ны өдөр манай том хүү над руу утасдаж мэдэгдсэн. Тухайн өдрийн 17 цагийн үед М.Штэй утсаар холбогдож мэдэгдсэн. М.Ш нь шүүх хуралдаанд унтлагын өрөөний тааз хийх үедээ зурагтыг өөрсдөө холдуулж, том өрөөн дэх зурагтын тогтоогуурт байрлуулж ажлаа гүйцэтгэснээ хэлсэн. Тэрээр гэртээ хэрэглэж байгаа 37 инчийн зурагтаа өгөх тухай, мөн зурагт засварын газраар хямд засуулж төлбөрийг нь төлөх талаар тус тус хэлж байсан.

6.2 БСБ Электроникс ХХК-ийн дүгнэлтээр зурагтын хагарал үүссэн, даралтаас үүдэлтэй болохыг тодорхойлсон.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч М.Шд холбогдуулан гэм хорын хохиролд зурагтын үнэ 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч төмөр тавцантай шат гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэм хорын хохирол арилгуулгах гэж тодорхойлсон. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүх маргааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.

3.1 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулах бөгөөд мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас иргэдийн төлөөлөгчийг шалгаруулах ажлыг тухайн шүүхийн Тамгын газар зохион байгуулна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заасан.

4.1 Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг баталсан, сонгосон, түүнд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул иргэдийн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасан журмыг хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна.

5. Түүнчлэн, хэргийн оролцогч нь нотлох баримтыг хуулиар тогтоосон шаардлагад нийцүүлэн шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх тухайн баримтыг хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэх учиртай. Гэтэл хэрэгт 1 ширхэг диск /DC/ авагдсан байх боловч уг дискийг нотлох баримтаар бэхжүүлээгүйгээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, уг дискийг ямар зорилгоор гаргаж өгсөн, үүнтэй холбогдуулан ямар ажиллагаа хийлгэх эсэхийг тодруулах шаардлагатай.

6. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөх, залруулах, нөхөн гүйцэтгэж хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/03257 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСГАЛАН