Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,  

Улсын яллагч: М.Мөнхзул,

Шүүгдэгч: Э.Т-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Т-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805033900167 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Т-, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, 013 дугаар ангид гэрээт цэрэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Т-нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх нийтийн байрны орчим А.А-тай маргалдан түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч А.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д- бид 2 гараад далангийн наана зогсоод хэн, хэнийгээ цохиж чадалгүй маргаад зогсож байтал Төмрөө, Хурцаа, Баяраа гурав гарч ирсэн байсан. Гэнэт Төмөрөө орилоод миний элэг рүү жийгээд би хойшоо далан руу өнхрөөд унасан. Тухайн үед Төмөрөө надтай хамт унасан. Би босож чадалгүй элэгээ бариад хэвтэж байтал Төмрөө түрүүлж босоод миний нүүр рүү 3-4 удаа өшиглөсөн. Тухайн үед миний эрүү шар гээд дуугарах шиг болсон. Нэг мэдсэн Төмрөө, Д- нар алга болчихсон Баяраа намайг жалганаас татаж гаргасан. Төмрөө миний нүүр рүү өшиглөж дээрх гэмтлүүдийг учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,

Гэрч Г.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би яваад очтол А.А- хашаа налчихсан хамар амнаас нь цус гарчихсан эрүү хугарчих шиг боллоо ярьж болохгүй байна гээд уйлаад сууж байсан. Дараа нь хэн зодсон гэж асуухад Төмрөө далан руу жийж унагаагаад нүүр рүү өшиглөж зодсон гэж байсан. Д-тай цохилцох үед А-ын нүүр ам нь зүгээр байсан. Орой Төмрөөд зодуулсны дараа зүүн талынх нь нүд хөхрөөд, эрүү нь хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 35/,

Гэрч Х.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А- бид 2 гарч учраа олъё гээд гэрээс нь гараад далан дээр зогсоод одоо болъё орж амръя гээд ярьж байтал Төмөр-Очир араас гарч ирээд А-ын цээж рүү өшиглөөд хоёулаа хамт далан руу уначихсан. Төмөр-Очир босчихсон А-ын цээж рүү нь дэвсээд нүүр рүү нь 2-3 удаа өшиглөхөөр нь би очиж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 36/,

Шинжээчийн 7245 тоот дүгнэлтэд: “...А.А-ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа хэсэг, эрүү, хүзүү, зүүн гарын сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-н 40/,

Шинжээч эмч Н.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...эрүү ясны гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад бүх гэмтэл болох зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа хэсэг, эрүү, зүүн гарын сарвуунд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 54/,

Яллагдагчаар Э.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...А-, Дамчигдорж 2 урд талын далан дээр маргаад зогсож байхаар нь би очоод А-ын цээж рүү нь хөлөөрөө жийтэл А- миний хөлнөөс зуураад бид 2 далангийн доошоо хамт унасан. Би босч ирээд А-ын цээж рүү өшиглөж дэвсээд гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохьтол Дамчигдорж одоо боль яв гэхээр нь би далангаас гараад найз охиныхоо гэр рүү явсан. ...А-ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 43-44, 52/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 45-46/, хохирогчийн хүсэлт /хх-н 55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.Т-нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх нийтийн байрны орчим А.А-тай маргалдан түүний цээж рүү өшиглөн унагааж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.А-ын: “...Гэнэт Төмөрөө орилоод миний элэг рүү жийгээд би хойшоо далан руу өнхрөөд унасан. Тухайн үед Төмөрөө надтай хамт унасан. Би босож чадалгүй элэгээ бариад хэвтэж байтал Төмрөө түрүүлж босоод миний нүүр рүү 3-4 удаа өшиглөсөн. Тухайн үед миний эрүү шар гээд дуугарах шиг болсон. ...Төмрөө миний нүүр рүү өшиглөж дээрх гэмтлүүдийг учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/, гэрч Г.Х-гийн: “...би яваад очтол А.А- хашаа налчихсан хамар амнаас нь цус гарчихсан эрүү хугарчих шиг боллоо ярьж болохгүй байна гээд уйлаад сууж байсан. Дараа нь хэн зодсон гэж асуухад Төмрөө далан руу жийж унагаагаад нүүр рүү өшиглөж зодсон гэж байсан. Д-тай цохилцох үед А-ын нүүр ам нь зүгээр байсан. Орой Төмрөөд зодуулсны дараа зүүн талынх нь нүд хөхрөөд, эрүү нь хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 35/, гэрч Х.Д-ийн: “...Төмөр-Очир араас гарч ирээд А-ын цээж рүү өшиглөөд хоёулаа хамт далан руу уначихсан. Төмөр-Очир босчихсон А-ын цээж рүү нь дэвсээд нүүр рүү нь 2-3 удаа өшиглөхөөр нь би очиж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 36/, шинжээчийн 7245 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Т-нь хохирогчийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.А-ын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 800.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мөн бичгээр хүсэлт /хх-н 55/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.Т-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Э.Т-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч Э.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Т-нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ял оногдуулж, тодорхой хэмжээний хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Т-т шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Т-нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Т-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Т-т шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР