| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0197/Э |
| Дугаар | 197 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Б |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч Э.Б, О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайжууд овогт Э-н Б, Харчу овогт О-н Ц нарт холбогдох эрүүгийн 1809050050122 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 19 дүгээр байр 24 тоотод
оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УИ 97080453 / Тайжууд овогт Э-н Б,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машины жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, 3 дүүгийн
хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 13 дугаар
гудамж, 41А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УП 97091473 / Харчу овогт О-н Ц нар нь:
- О. Цэрэнгарам нь 2018 оны 10 дугаар сарын 28-наас 10 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мотел” дэн буудалд Э.Бтой маргалдан улмаар түүнийг зодож, баруун гарын хуруун дээр нь хөлөөрөө гишгэж, эрүүл мэндэд нь баруун гарын дунд хурууны 1 дүгээр үений шивнүүр ясны бяцарсан хугарал, шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
- Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мотел” дэн буудалд О.Цтай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь доод эрүү, ясны хугарал, эрүүний баруун хэсэг, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч О.Ц мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Жаргалмаагийн найз залуугийн найз гэх залуу надад урьд нь хүн унатал нь цохиж байсан гэж ярьсан. Чиний хүн зоддог чинь надад хамаагүй гэхэд “Чи юу гээд байгаа юм бэ” гээд миний нүүр рүү нэлээн хэдэн удаа угсраад цохьсон. Тэгээд хоёр тийш салахдаа миний хамарнаас цус их гараад хамраа цэвэрлээд буцаад өрөөндөө орох гэтэл өрөөний хаалган дээр нөгөө залууд унтлаа ахиж нэг цохиулаад зугтаад гарсан гэжээ. / хх 23-24 /
Хохирогч Э.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Цэрэнгарамтай хэрүүл хийхгүй гээд зөндөө удаа “Одоо болчих” гэж гуйгаад хэлсэн чинь тоохгүй өдөөд үг хаяад байсан. Цэрэнгарам нь миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиод авсан чинь би арагшаа газарт унасан. Миний дээр гарч суух үедээ баруун гарын хуруу дээр хөлөөрөө гишгээд намайг цохих гээд дайрсан чинь Отгонзаяа, Энхбат хоёр салгаж надаас холдуулсан, Цэрэнгарам над руу дайраад тэр үед миний баруун хуруунаас цус гараад байсан гэжээ. / хх 29-30 /
Гэрч Б.Энхбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: …Дэн буудалд өрөөндөө ороод Улаанбаатар нэрийн 0.75 литрын 2 шил архи, 2 том пиво авчихсан бөөнөөрөө нийлээд уусан. Цэрэнгарам нь согтуурхсан байдалтай Бат-Оргилыг “Боксоор хичээллэдэг байсан биз дээ. Хоёулаа зодолдох уу” гэсэн үгнүүд 2-3 удаа хэлээд байсан. Цэрэнгарам нь Бат-Оргилын биед нь гар хүрээд байснаа шууд Бат-Оргилыг гараараа цохиод авах шиг болсон чинь Бат-Оргил нь ширээний араар уначихсан. Бат-Оргил босож ирээд Цэрэнгарамтай барилцаж аваад ноцолдоод бие бие рүүгээ гараараа цохилцоод байсан. Салгах гэж очоод Бат-Оргилыг болиулах гээд орон дээр дараад хэвтэхэд гарнаас нь цус гараад байсан гэжээ. / хх 31-32 /
Гэрч Э.Жаргалмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Хүмүүс чанга чанга орилоод дуу чимээ нь өндөр болоод ирэхээр нь сэрэхэд Бат-Оргил, Цэрэнгарам хоёр хэрүүл маргаан хийгээд байснаа хоорондоо зодолдоод бие биенийхээ өмнөөс гараараа цохилцоод байсан. Бат-Оргилын гараас цус гарсан байсан гэжээ. / хх 35-36 /
Гэрч Г.Отгонзаяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Цэрэнгарам нь Бат-Оргилын нүүрэн тус газар нь гараараа цохиод газарт унагаагаад дээр нь гарах гээд оролдоод байхаар нь салгасан. Бат-Оргил нь газраас босоод ирэхэд баруун гарнаас нь цус гараад байсан. Тэгсэн Бат-Оргил нь Цэрэнгарамын нүүр тус газарт 2-3 удаа гараараа цохиод Цэрэнгарам газарт унаад босож ирээд дахин ноцолдоод байсан гэжээ. / хх 37-38 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13626 дугаар дүгнэлтэнд:
1. Э.Бын бид баруун гарын дунд хурууны 1 дүгээр үений шивнүүр ясны бяцарсан хугарал, шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ. / хх 41 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13423 дугаар дүгнэлтэнд:
1. О.Цын биед доод эрүү, ясны хугарал, эрүүний баруун хэсэг, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 45 /
Шүүгдэгч Э.Быг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-6 /
Шүүгдэгч О.Цыг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 10-13 /
Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 50, 55 / зэрэг болно.
Шүүгдэгч, Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би О.Цтай сайн дуруураа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч, Хохирогч О.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Э.Бтой сайн дуруураа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч О. Цэрэнгарам нь 2018 оны 10 дугаар сарын 28-наас 10 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мотел” дэн буудалд Э.Бтой маргалдан улмаар түүнийг зодож, баруун гарын хуруун дээр нь хөлөөрөө гишгэж, эрүүл мэндэд нь баруун гарын дунд хурууны 1 дүгээр үений шивнүүр ясны бяцарсан хугарал, шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
- Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мотел” дэн буудалд О.Цтай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь доод эрүү, ясны хугарал, эрүүний баруун хэсэг, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...“Чи юу гээд байгаа юм бэ” гээд миний нүүр рүү нэлээн хэдэн удаа угсраад цохьсон. Тэгээд хоёр тийш салахдаа миний хамарнаас цус их гараад хамраа цэвэрлээд буцаад өрөөндөө орох гэтэл өрөөний хаалган дээр нөгөө залууд унтлаа ахиж нэг цохиулаад зугтаад гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч О.Цын мэдүүлэг / хх 23-24 /, ... Цэрэнгарам нь миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиод авсан чинь би арагшаа газарт унасан, миний дээр гарч суух үедээ баруун гарын хуруу дээр хөлөөрөө гишгээд миний баруун хуруунаас цус гараад байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Бын мэдүүлэг / хх 29-30 /, … Цэрэнгарам нь Бат-Оргилыг гараараа цохиод авах шиг болсон чинь Бат-Оргил нь ширээний араар уначихсан. Бат-Оргил, Цэрэнгарамтай барилцалдаж аваад ноцолдоод бие бие рүүгээ гараараа цохилцоод байсан. Салгах гэж очоод Бат-Оргилыг болиулах гээд орон дээр дараад хэвтэхэд гарнаас нь цус гараад байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Энхбатын мэдүүлэг / хх 31-32 /, ... Бат-Оргил, Цэрэнгарам хоёр хэрүүл маргаан хийгээд байснаа хоорондоо зодолдоод бие биенийхээ өмнөөс гараараа цохилцоод байсан, Бат-Оргилын гараас цус гарсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Жаргалмаагийн мэдүүлэг / хх 35-36 /, ... Цэрэнгарам нь Бат-Оргилын нүүрэн тус газар нь гараараа цохиод газарт унагаагаад дээр нь гарах гээд оролдоод байхаар нь салгасан. Бат-Оргил нь газраас босоод ирэхэд баруун гарнаас нь цус гараад байсан. Тэгсэн Бат-Оргил нь Цэрэнгарамын нүүр тус газарт 2-3 удаа гараараа цохиод Цэрэнгарам газарт унаад босож ирээд дахин ноцолдоод байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Отгонзаяагийн мэдүүлэг / хх 37-38 /, ...Э.Бын бид баруун гарын дунд хурууны 1 дүгээр үений шивнүүр ясны бяцарсан хугарал, шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13626 дугаар дүгнэлт / хх 41 / , ...О.Цын биед доод эрүү, ясны хугарал, эрүүний баруун хэсэг, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13423 дугаар дүгнэлт / хх 45 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Б, О.Ц нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Б, О.Ц нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрсдийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул тэдгээрийн хувийн байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан прокурорын саналыг үндэслэн 600 нэгж буюу тус бүр 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б, О.Ц нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Э.Б, О.Ц нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжууд овогт Э-н Б, Харчу овогт О-н Ц нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э-н Б, О-н Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Б, О.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б, О.Ц нар нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Э.Б, О.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Б, О.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ