| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0367/э |
| Дугаар | 0397 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 0397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Ба.Эрдэнэбаатар
шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ
хохирогч: З.М
шүүгдэгч: Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт Д Т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806075480369 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д овогт Д Т,19 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, ХХК-д нярав ажилтай, ам бүл 1, ганцаараан Чингэлтэй дүүргийн дугаар хороо дүгээр гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Д.Т нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тэнгэр худалдааны төвийн хашаан дотор З.М үл ялих зүйлээр маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр тухайн байгууллагын хашаанд манай зоорь байдаг учраас лацаа харах гэж ороод гарах гэтэл төмөр хаалтны тэнд энэ залуу жолооч залуутай маргалдаад байсан. Би энэ хоёр залууг салгах гэж дундуур нь орсон. Тэгээд хоёр тийшээ салаад явсан. Салгах гэж байгаад майжсан байх. Би санаатай залуу хүүхдийг зодоогүй гэв.
Хохирогч З.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 15-16 цагийн үед ажлын газрын гадна талбай дээр ажлын байран дээрээ би ажлаа хийж байсан. Манай талбайд машин орж ирээд зогссон байсан. Тэр машинаас нэг залуу гарч ирсэн. Би зоорь цоожилж байна гэж хараагүй. Хаалт хаагаад приус машин зогссон байсан. Тэгээд тэр залуу намайг эхэлж заамдаж авсан. Би болиулах гэж заамдалцсан. Тэр залуу намайг хэл амаар доромжилсон. Бид хоёрын дундуур шүүгдэгч орж ирээд намайг майжсан. Тухайн үедээ би гэмтсэнээ мэдээгүй. Ажлын байр луугаа ороод ажлын газрын хүн хэлэхэд гэмтсэн гэдгээ мэдээд цагдаа дуудсан. Шүүгдэгчийн утасны дугаар луу нь залгаад ирж уулз гэж хэлэхэд ирж уулзаагүй. Би цагдаад өргөдөл өгөөд, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан. 9 дүгээр сарын сүүлээр дуудагдан очиж мэдүүлэг өгч байсан. Би 2-3 хоног ажилдаа очиж чадаагүй. Байгууллагаас ажиллаагүй өдрийн цалин хасаагүй бүтэн олгосон. Би шархандаа сорвины тос авч түрхсэн. Надад шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн цагийг нь мэдэхгүй байна 16.00 цагаас хойш л байх. Манайд түр ажиллаж байсан /нэрийг нь мэдэхгүй/ залуу машинтайгаа зоорьруугаа орох гэсэн чинь зохицуулагч залуу оруулахгүй гэснээс болж муудалцаад жолооч залуу машинаасаа буугаад тэр 2 заамдалцахаар нь би дундуур нь орж салгасан. Тэгээд жолооч залуу машиндаа суугаад хөдлөх гэтэл зохицуулагч залуу жолооч залууг цохиод авсан ба нөгөө хоёр дахиад барьцалдаад авсан. Жолооч залуугийн нүүр ам нь хөхөрсөн цус гарсан зүйл байгаагүй. Зохицуулагч залууч гэмтэж бэртлээ гэж хэлээгүй. Би самардаж гар хүрээгүй гэжээ. /хх-ийн 28/
Хохирогч З.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн дугаар хороо төвийн хашаан дотор байрлах Баянзүрх дүүргийн авто вокзалын автобусны талбай дээр ажлаа хийж байхад 15.00 цагийн орчимд саарал өнгийн Приус-20 маркийн машин гражийн урд талд зогсохоор нь би шүгэлдсэн. Би шүгэлдээд гараараа гараарай гэж дохисон чинь тэр машины жолооч 25-30 орчим настай эрэгтэй хүн машинаасаа бууж надад хандаад хуц муу пязда минь чи зүгээр л машин тэргээ зохицуул муу манаач минь гэж хэлэхээр нь би чи ямар муухай харьцаатай юм бэ гээд очтол Приус машины жолооч /нэрийг нь мэдэхгүй/ шууд намайг мангасдаад /нүүрийг гараараа базаад хойш нь түлхсэн/ цаашлаад заамдаад машин руугаа шахсан. Би өөрийгөө хамгаалж түлхэж зайлуулсан. Яг тэгж байхад Хэнтий аймгийн чиглэлийн автобусны жолооч Г ах ирээд салгасан. Тэр жолооч намайг чи согтуу байна чамайг амьсгаа болгоно гээд байхаар нь би тэг тэг гээд урдаас нь цохих гэж байгаа юм шиг гараараа зангасан. Гэхдээ би цохиогүй, Гэтэл уг залуу дахин ирж заамдалцсан чинь хойд машинд нь сууж явсан настай эмэгтэй хүн ирээд над руу чи хүүхэд аллаа гээд миний баруун хацар, баруун хүзүү, цээжийг самардсан. Тэгэнгүүтээ залуу, настай эмэгтэй хоёр машиндаа суугаад явчихсан. Яг тэр үед би Тэнгэр плазагийн камерыг шүүж үзэхэд намайг самардсан эмэгтэйн бичлэг байсан. Уг эмэгтэйг хэн гэдэг юм бол гэхэд Тэнгэр плазагийн хашаан дотор байдаг ХХК-ийн нярав Т байна гэж хэлсэн. Би настай эмэгтэй хүнтэй муудалцаж маргалдаагүй. Жолооч залуу бид хоёрыг байж байхад ирээд намайг шууд маажсан гэжээ. /хх-ийн 20-25/
Эд зүйл баримт бичиг гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгай тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 17/
Си Ди дискенд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 18/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 19/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 30/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 8586 тоот шинжилгээ /хх-н 31/ Дүгнэлт :
1.З.М биед баруун хацар, шанаа, хүзүү, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 31/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 32-33/
Д.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 34-35/
Д.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 45 /,
Д.Т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 37/, прокурорын тогтоол /хх-н 38-39/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 40-43/ зэрэг болно.
Д.Т нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах худалдааны төвийн хашаан дотор З.М үл ялих зүйлээс болж маргалдан улмаар зодож хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн,
Хохирогч З.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Гэтэл уг залуу дахин ирж заамдалцсан чинь хойд машинд нь сууж явсан настай эмэгтэй хүн ирээд над руу чи хүүхэд аллаа гээд миний баруун хацар, баруун хүзүү, цээжийг самардсан. Тэгэнгүүтээ залуу, настай эмэгтэй хоёр машиндаа суугаад явчихсан. Яг тэр үед би Тэнгэр плазагийн камерыг шүүж үзэхэд намайг самардсан эмэгтэйн бичлэг байсан. Уг эмэгтэйг хэн гэдэг юм бол гэхэд Тэнгэр плазагийн хашаан дотор байдаг ХХК-ийн нярав байна гэж хэлсэн. Би настай эмэгтэй хүнтэй муудалцаж маргалдаагүй. Жолооч залуу бид хоёрыг байж байхад ирээд намайг шууд маажсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-25/, З.М биед баруун хацар, шанаа, хүзүү, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн 8586 тоот шинжилгээний дүгнэлт /хх-ийн 31/ Д.Тунгалагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Би энэ хоёр залууг салгах гэж дундуур нь орсон. Тэгээд хоёр тийшээ салаад явсан. Салгах гэж байгаад майжсан байх. Би санаатай залуу хүүхдийг зодоогүй гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Д.Т машины жолооч, З.М маргалдаж барьцалдсан байх үед нь салгах зорилгоор дундуур нь орохдоо гараараа З.М баруун хацар, шанаа, хүзүү, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Д.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч З.М нь Д.Т нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д овогт Д Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Т нь торгох ялыг хоёр сарын дотор нэг сард 225.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Т нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Д.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Т бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН