Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00338

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 19 210/МА2024/00338

 

 

С К-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/03656 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С К

Хариуцагч: М.М

Нэхэмжлэлийн шаардлага: 59,438,749 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. д, хариуцагч М.М, хариуцагчийн өмгөөлөгч Ч. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 М.М нь С К-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар нислэгийн хэлтэст сурагч нисгэгчээр, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/437 дугаар тушаалаар Б767-300 агаарын хөлгийн 2 дугаар нисгэгчээр жинхлэгдэн томилогдсон. М.М нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасны дагуу С К-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн.

1.2 Хариуцагч нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны ээлжийн амралтыг эдлэх хүсэлт гаргасны дагуу түүнд ээлжийн амралтыг урьдчилан эдлэхээр тооцон 8,219,127 төгрөгийг олгосон.

1.3 Хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1.12-т ...ажилтан нь тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд хэрвээ сахилгын шийтгэлээр эсхүл өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд холбогдох мэргэшүүлэн бэлтгэсэн сургалтын зардлыг компанид буцаан төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд хариуцагчийг мэргэшүүлэхээр бэлтгэсэн 2021, 2022 оны сургалтуудад хамруулахад гаргасан зардал 51,219,622 төгрөг, 2023 оны ээлжийн амралтын мөнгө 8,219,127 төгрөг, нийт 59,438,749 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 М.М нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хамгийн сүүлийн ээлжийн амралтын мөнгө бодуулж авсан ба 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс авсан ээлжийн амралтын мөнгө нь хуулийн дагуу 2022 оны 12 дугаар сар ажилласан хугацааны амралтаа авсан гэж ойлгож байх тул 2023 оны ээлжийн амралтын мөнгө 8,219,127 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй.

2.2 Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааснаар сургалтын зардлыг ажил олгогч хариуцан, сургалт сурталчилгааны зардлыг иргэн, ажилтан төлөхгүй гэж байдаг. Сүүлийн сургалтын сертификатын хүчинтэй байх хугацаа нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болсон тул 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажлаас гарах өргөдөл өгсөн тул 2021, 2022 оны сургалтуудад хамруулахад гаргасан зардал 51,219,622 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4, 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.Маас 59,439,549 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С К-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467,333 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 455,147 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Тухайн сургалт нь дэлхий нийтэд үйл ажиллагаа явуулж буй агаарын хөлгийн нисгэгч болгонд адилхан шаардлагаар хамрагддаг. Сургалтын зорилго нь тухайн нисгэгч хөлөг дээр гэнэтийн осол аюулын үед агаарын хөлгийг болон зорчигчийг осол аюулгүй тээвэрлэж чадахаа батлан харуулж 6 сарын хугацаанд ажиллах эрхээ сунгуулдаг. Тухайн сургалтын үргэлжлэх хугацаанд л нисгэгч ажил үүргээ гүйцэтгэх эрхтэй байдаг. Уг сургалт нь мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх биш, мэргэжлээ баталгаажуулах, ажиллах эрхээ сунгах сургалт гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 М.М нь С К-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл гаргах болсон үндэслэл нь түүний маргаан таслах комисст өгч байсан тайлбараар гаргасан асуудал. Гэтэл шүүх уг маргаан таслах шийдвэрийг бүрэн бодитой шийдсэн эсэхийг анхаарч үзэлгүй ...тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэсэн нэг талыг баримталсан дүгнэлт хийсэн.

5.2 Шүүх Харин ээлжийн амралтын цалин, сургалтын зардлыг хариуцагч буцаан төлөх үндэслэлгүй гэж маргаж байна гэж маргааны үндэслэлийг зөв дүгнэсэн боловч дээрх шийдвэрийг гаргаж байгаа нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж үзсэнгүй.

5.3 Шүүх давтан буюу дадлагажуулалтын давтан сургалт гэдэг нь ямар сургалт болох талаар дүгнэлт хийлгүй хөдөлмөрийн гэрээний 6.1.12-д заасныг баримталж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Энэ гэрээ, тушаалд заасан үг утга өөр байхад Тус сургалт нь ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилготой байх тул М.Мын хамрагдсан давтан сургалт нь дээрх хуулийн заалтад хамаарч байна гэж үзсэн нь шийдвэр буруу гаргах үндэслэл болсон.

5.4 Шүүх Хариуцагч нь дээрх сургалтуудад бүрэн хамрагдсан эсэх, сургалтын зардал болон амралтын нөхөн олговрын хэмжээ, тооцооллын талаар талууд маргаагүй гэж буруу дүгнэлт хийсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хувь тэнцүүлэх, хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлийг зөв дүгнэлгүй хэргийг шийдсэн нь буруу.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 онд батлагдсан ээлжийн амралтыг тооцох журамд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж буй тохиолдолд дараах зарчмын дагуу ээлжийн амралтын тооцоог дуусгана гэсэн. Хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилд орсон ба 6 жил ажилласан атлаа 7 удаагийн ээлжийн амралтын мөнгийг авсан. Хамгийн сүүлд 2023 онд 10,657,000 төгрөгийн ээлжийн амралтын мөнгө авч 1, 2 сард нь ажилласан гэж тооцож үлдсэн 10 сарын тооцооллоор ё төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй.

6.2 Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.12-т хөдөлмөрийн гэрээний хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд өөрийн санаачлагаар болон сахилгын шийтгэл гаргасан тохиолдолд ажилтны ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх үүднээс хамрах сургалтын зардлыг үл маргах журмаар буцаан төлнө гэх үүргийг ажилтан хүлээдэг. Тиймээс 3 удаагийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан зардлыг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч С К нь хариуцагч М.Мт холбогдуулан 2021, 2022 оны сургалтуудад хамруулахад гаргасан зардал 51,219,622 төгрөг, 2023 оны ээлжийн амралтын цалин 8,219,127 төгрөг, нийт 59,438,749 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1 С К-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар М.Мыг Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий менежер бөгөөд хэлтсийн даргын харьяа Нислэгийн хэлтэст Б767-300 агаарын хөлгийн сурагч нисгэгчийн ажилд түр томилсон. /хх 21/

3.2 Улмаар С К болон М.М нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 04Ж/56 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр М.Мыг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Б767-300 агаарын хөлгийн 2-р нисгэгчийн ажил албан тушаалд ажиллуулахаар харилцан тохиролцсон. /хх 24-27/

3.3 Талууд дээрх гэрээнд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өөрчлөлт оруулсан. Өөрчлөлтөөр ажилтны сарын үндсэнд цалинг өөрчилсөн. /хх 28/

3.4 Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1534 дугаартай хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдсан. Гэрээгээр нэхэмжлэгч С К нь хариуцагч М.Мыг Б767-300 агаарын хөлгийн 2-р нисгэгчийн ажил албан тушаалд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс ажиллуулахаар тохиролцсон. /хх 33/ Гэрээнд хэдийгээр хариуцагч гарын үсэг зураагүй байх боловч тэрээр гэрээ байгуулсан талаар маргаагүй.

3.5 С К-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/60 дугаар тушаалаар ажилтан М.Мыг Б вант улсын А хотын САЕ сургалтын төвд 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/24 дугаар тушаалаар 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/397 дугаар тушаалаар Бүгд Найрамдах Франц улсын Парис хотын Simaero сургалтын төвд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд дадлагажуулалтын давтан сургалтад тус тус хамруулсан. /хх 34, 37, 39/

3.6 Ажил олгогч С К нь дээрх сургалтын болон томилолтын зардал нийт 51,219,622 төгрөгийг холбогдох байгууллага болон ажилтан М.Мт бэлэн, бэлэн бусаар шилжүүлсэн. /хх 36, 38, 40-49/

3.7 Ажилтан М.Мт 2023 оны ээлжийн амралтын цалинд 10,657,072 төгрөгийг ажил олгогч С К-иас олгосон. /хх 55/

3.8 С К-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар М.Мын хүсэлтийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. /хх 23, 56/

4. Нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх сургалтын болон томилолтын зардал, ээлжийн амралтын цалинг буцаан шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 04Ж/56 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6.1.12-т заасныг үндэслэн сургалтын болон томилолтын зардал нийт 51,219,622 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

6. Нэхэмжлэлийн шаардлагаас 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд сургалтад хамруулсан зардал нийт 17,726,940 төгрөг гаргуулах хэсгийн тухайд:

6.1 Талуудын байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 04Ж/56 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6.1.12-т зааснаар ажилтан нь хөдөлмөрийн гэрээний хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд өөрийн санаачилгаар болон сахилгын шийтгэл гарган хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх үүднээс хамруулсан сургалтын зардлыг үл маргах журмаар компанид буцаан төлөх үүрэг хүлээжээ.

6.2 Дээрх гэрээний хугацаа гэрээний 3.3-т зааснаар 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гэрээг 1 жилийн хугацаатай буюу 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл байгуулсан. Гэрээний 3.3-т зааснаар гэрээнд заасан 1 жилийн хугацаа 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон боловч талуудын хэн аль нь дуусгавар болгох талаар мэдэгдэл өгөөгүй тул гэрээний хугацааг анх байгуулсан хугацаагаар буюу 1 жил гэж тооцвол 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон гэж үзнэ. Учир нь, мөн хугацааг гэрээний 3.3-т зааснаар 2 дахь удаа болон түүнээс дээш мөн хугацаагаар сунгасан гэж тайлбарлахгүй. Иймд нэхэмжлэгчийн ...2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 04Ж/56 дугаар хөдөлмөрийн гэрээ хугацаа гэрээний 3.3-т зааснаар сунгагдаж байсан гэх тайлбар үндэслэлгүй.

6.3 Хэдийгээр талууд уг хугацааг дахин сунгасан талаар баримт хэрэгт авагдаагүй байх боловч хариуцагч нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байсан үйл баримтын талаар зохигч маргаагүй тул тэдний хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үргэлжилсэн гэж үзнэ.

6.4 Харин 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 04Ж/56 дугаар хөдөлмөрийн гэрээний 6.1.12-т заасан заалт нь нэхэмжлэгч сургалтын болон томилолтын зардлыг хариуцагчаас буцаан шаардах эрхийн үндэслэл болж чадахгүй байна. Учир нь, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд сургалтад хамруулсантай холбоотой зардал болох нийт 17,726,940 төгрөг буцаан гаргуулах хэсэг буюу цаг хугацааны хувьд тухайн үйл баримттай холбоотой маргаанд 1999 онд батлагдсан, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалт хамаарах боловч тухайн хуульд энэ талаар зохицуулаагүй байна. Иймд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээнд Иргэний хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг үндэслэн шаардсан боловч энэ нь шаардлагыг хангах шууд үндэслэл болохгүй. Учир нь, талуудын хооронд сургалтад хамруулахтай холбоотой гэрээ байгуулагдаагүй, үүнтэй холбоотой Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн зөрчилтэй холбоотой гэх дээрх зардлыг буцаан шаардах эрхгүй.

Нөгөөтэйгүүр, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон нь хэдийгээр талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй. Харин нэмэлт харилцаа болох хариуцагчаас сургалтын зардлыг буцаан шаардах нэхэмжлэгчийн эрх мөн хугацаагаар дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Түүнчлэн, 2022 оны Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө гэж заасан. Анхан шатны шүүх дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн нь буруу. Учир нь, 2022 оны Хөдөлмөрийн тухай хуулийг буцаан хэрэглэхгүй. Өөрөөр хэлбэл, 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд сургалтад хамруулсантай холбоотой зардлыг буцаан шаардах маргаанд 2022 оны Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэглэхгүй.

7. Нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд тус тус сургалтад хамруулсан зардал нийт 33,492,682 төгрөг гаргуулах хэсгийн тухайд:

7.1 Дээрх шаардлагатай холбоотой маргаанд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1534 дугаартай хөдөлмөрийн гэрээ болон 2022 оны Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэглэсэн нь зөв боловч мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Гэрээний 6.2.12-т зааснаар ажилтан нь хөдөлмөрийн гэрээний хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд өөрийн санаачилгаар болон сахилгын шийтгэл гарган хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх үүднээс хамруулсан сургалтын зардлыг үл маргах журмаар компанид буцаан төлөх үүрэг хүлээжээ. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө гэж заасан. Ажил олгогчийн сургалтын зардлыг нөхөн төлүүлэх шаардах эрхийн урьдчилсан нөхцөлийг мөн зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт зохицуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болох бөгөөд гэрээнд мөн сургалтын хэлбэр, хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, ажил олгогчийн гаргах зардлын хэмжээ, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгана. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд дээрх нөхцөлийг нэг бүрчлэн харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна талууд дагалдах гэрээ байгуулаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас сургалтад хамруулсан зардал нийт 33,492,682 төгрөгийг нөхөн түлүүлэхээр шаардах эрхгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр сургалтад хамруулагдсантай холбоотой зардал нөхөн төлүүлэх үндэслэлгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангана.

8. Нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны ээлжийн амралтын цалин 8,219,127 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

8.1 Хариуцагч нь дээрх шаардлагыг буюу ...2022 оны ээлжийн амралтын цалин олгосон гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс хариуцагчид 2023 оны ээлжийн амралт олгох тухай мэдэгдлийг /хх 51/ мэдэгдэж, ээлжийн амралтын цалинд 10,657,072 төгрөг олгосон. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ ажилтны санаачилгаар 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болсон байх тул хариуцагч нь ажиллаагүй хугацааны ээлжийн амралтын цалингийн зөрүүг нэхэмжлэгч байгууллагад буцаан төлөх үүрэгтэй. Анхан шатны шүүх ээлжийн амралтын зөрүү цалин 8,219,127 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дугаар тушаалыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд хариуцагч талын энэ талаарх гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/03656 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4, 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Маас 8,219,127 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С К-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51,219,622 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 455,147 гэснийг 146,456 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 455,148 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН