| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2020/03600/И |
| Дугаар | 210/МА2024/00344 |
| Огноо | 2024-02-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/00344
2024 02 19 210/МА2024/00344
Г.Эийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/03745 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Г.Э
Хариуцагч: Е ХХК,
Хариуцагч Э.Г
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт илүү төлсөн ажлын хөлс 15,675,653 төгрөг, алданги 7,837,826 төгрөг, нийт 23,513,479 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Г.Э нь 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Е ХХК, захирал Э.Гтай Х дүүрэг, 19 дүгээр хороо, Х байрлах өөрийн эзэмшлийн газарт 172 м.кв талбайтай 2 давхар байшинг 120,214,955 төгрөгөөр бариулахаар ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан. Е ХХК нь захиалагчид 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 45 хоногийн хугацаанд бүрэн гүйцэтгэж, түлхүүр гардуулж өгөхөөр тохирсон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний төлбөрт 140,645,967 төгрөгийг хариуцагчид бүрэн шилжүүлсэн боловч хариуцагч нь ажлыг актаар хүлээлгэж өгөлгүй дутуу орхиж явсан.
1.2 Шинжээчийн дүгнэлтээр дутуу гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын төсөв /барилга болон гадна тохижилт/-ийг 124,970,314 төгрөг зарцуулсан гэж гарсан. Иймд хариуцагч нарт төлсөн 140,645,967 төгрөгөөс тооцоход илүү 15,675,653 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
1.3 Мөн гэрээний 5.3 дахь заалтыг үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 7,837,826.5 төгрөгийн алдангийг гаргуулна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү төлсөн ажлын хөлсөнд 15,675,653 төгрөг, алданги 7,837,826.5 төгрөг, нийт 23,513,479.5 төгрөгийг Е ХХК болон иргэн Э.Гас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Ажил гүйцэтгэх гэрээнд Г.Э гэж гарын үсэг зураад М ХХК-ийн тамга дарсан тул Г.Э нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй тул М ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргах ёстой байсан.
2.2 Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 343 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн боловч энэ нь Г.Эийн нэхэмжлэлтэй хэрэгт гаргасан дүгнэлт биш бөгөөд М ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хийгдсэн шинжээчийн дүгнэлт учир энэ хэрэгт хамааралгүй. Г.Эт холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт гараагүй бөгөөд хэрэгсэхгүй болсон хэргийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
2.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Рд олгосон итгэмжлэлд Е ХХК-д холбогдуулж маргах, нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй. Зөвхөн Э.Гд холбогдох хэрэгт итгэмжлэл олгогдсон тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Дутуу гүйцэтгэсэн ажил дээр алданги тооцох нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Е ХХК-иас 15,675,653 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Эт олгож, алданги 7,837,826 төгрөгт холбогдох хэсэг, мөн хариуцагч Э.Гд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Эийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 462,411 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Е ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 236,328 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Эт олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан буюу итгэмжлэл нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангаагүй. М.Рд олгосон гэх итгэмжлэл нь Е ХХК-д холбогдох маргаанд төлөөлөх эрх олгогдоогүй, зөвхөн Э.Гд холбогдох маргааны хувьд хууль зүйн шаардлага хангасан итгэмжлэл хавтаст хэрэгт авагдсан байдаг. Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд анхнаасаа нэхэмжлэл гаргаагүй, гэрээнд тухайн үед М ХХК-ий гүйцэтгэх захирал байсан Г.Э оролцож, өөрийн хуулийн этгээдийн тамгыг дарж баталгаажуулсан, М ХХК-ийн нэхэмжлэлтэй Е ХХК-д холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон.
4.2 Хэрэгт авагдсан, шүүгчийн үнэлээд байгаа шинжээчийн дүгнэлтүүд М ХХК-ий нэхэмжлэлтэй Е ХХК-д холбогдох хэрэгт авагдаж байсан нотлох баримтууд, Г.Эийн гэх нэхэмжлэлтэй хэрэгт хуульд заасан журмын дагуу шинжээч томилогдож байгаагүй.
4.3 Нэхэмжлэгч гэрээний дагуу илүү төлсөн мөнгө, түүний алдангийг буцаан шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилдөг, уг шаардлага нь гэрчээр асуусан гэх шинжээчийн дүгнэлттэй огт хамааралгүй, зөвхөн гэрээний дагуу илүү төлсөн мөнгө гэж тайлбарлаж байхад шүүгч үндэслэх хэсгийнхээ 21 дэх талд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай огт холбоогүй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Хариуцагч нарын хувьд шинжээчийн дүгнэлтийг няцаах хууль зүйн боломжийн хувьд давтан буюу нэмэлт шинжилгээ хийлгэхээс өөр боломжгүй байхад шүүхээс уг дүгнэлтийг няцаагаагүй гэж буруутгаж буй хууль зүйн үндэслэлгүй. Хавтаст хэрэгт 2 шинжээчийн дүгнэлт авагдсан байхад зөвхөн нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагатай хамаатуулан нэг шинжээчийн дүгнэлтийг үнэлж шийдвэр гаргаж буй үндэслэл үгүй гэж үзэж байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Г.Э нь М.Рд Г.Эийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлж оролцох бүрэн эрхийг олгосон ба Г.Э болон Е ХХК-иудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нь итгэмжлэлээр олгогдсон эрхэд нийцнэ гэж үзэж байна.
5.2 Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 004/15 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний эхний хэсэгт Энэхүү гэрээг нэг талаас иргэн Г ын Э РД: /цаашид Захиалагч гэх/, 1.1 дэх заалтад Энэхүү гэрээний зорилго нь иргэн Г.Эийн ... амины орон сууцны барилгыг зураг төслийн дагуу барих ажлыг гүйцэтгэх, гэрээ байгуулсан хэсэгт иргэн Г.Э гэж тусгаж, баталгаажуулсан, мөн гэрээний төлбөрийг Г.Э төлж барагдуулсан, мөнгө хүлээлгэж өгсөн баримтад Г.Э нь иргэний хувиар гарын үсэг зурж баталгаажуулсан зэргээс дүгнэхэд Ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа иргэн Г.Э болон Е ХХК-иудын хооронд үүссэн байна.
Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14260 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл тогтоогдсон үндэслэлээр хариуцагч Е ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Г.Эийн нэхэмжлэл бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
5.3 Анхан шатны шүүхийн шийдвэрт хавтаст хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг Г.Эийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт гэж дүгнээгүй, шийдвэрийн Үндэслэх хэсгийн 28-д М ХХК-ийн нэхэмжлэлтэй Е ХХК-д холбогдох хэрэг маргааныг шийдвэрлүүлэх явцад гаргасан дүгнэлт болохыг дурдаад хэрэг маргаанд ач холбогдолтой нотлох баримтад хамаарна гэх үндэслэлээр уг дүгнэлтийг үнэлж дүгнэсэн байдаг.
Мөн уг шинжээчийн дүгнэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн захирамжаар нотлох баримтаар гаргуулсан байхад энэ тухайд ямар үндэслэлээр гомдол гаргаад байгаа нь ойлгомжгүй байна.
5.4 Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс 140.645,967 төгрөгийн ажлын хөлс хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрдөг, үүнээс шинжээчийн дүгнэлт дэх 10,680,778 төгрөгийн нэмэгдэл зардал гэх зардал ажил гүйцэтгэхэд гарсан эсэхийг асуухад гараагүй, баримт байхгүй гэж шүүх хуралдаан дээр мэдүүлдэг тул хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан 15,675,653 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Е ХХК, Э.Гд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт илүү төлсөн ажлын хөлс 15,675,653 төгрөг, алданги 7,837,826 төгрөг, нийт 23,513,479 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ...Г.Э нь нэхэмжлэл гаргах эрхгүй, ...Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт Г.Эийн нэхэмжлэлтэй хэрэгт хамааралгүй, ... М.Рд олгосон итгэмжлэлд Е ХХК-д холбогдуулж маргах, нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй гэж үгүйсгэн маргажээ.
3. Е ХХК болон Г.Э нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 004/15 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр гүйцэтгэгч Е ХХК нь Х дүүрэг, 1 дүгээр хороо, Х байрлах газарт 172 м.кв талбайтай, хоёр давхар амины орон сууцны барилгын зураг төслийн дагуу барилга барих ажлыг захиалагч талын захиалгын дагуу түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл, нийт 45 хоногийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээний төлбөрт 120,214,955 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /хх4-5/
3.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч Е ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. Өөрөөр хэлбэл, гэрээнд хэдийгээр захиалагч талыг төлөөлж ХХК-ийн тэмдэг дарагдсан байх боловч гэрээний талуудыг тодорхойлсон хэсэгт захиалагчийг Г.Э, гүйцэтгэгчийг Е ХХК гэж тус тус заасан. Мөн ХХК нь нэг гишүүнтэй, Г.Э нь гүйцэтгэх удирдлагаар улсын бүртгэлд бүртгэлтэй байхаас гадна гэрээний төлбөрийг Хаан банк дахь Г.Эийн эзэмшлийн 5007554739 дугаар данснаас шилжүүлж байжээ. /1хх 11-14, 104-119/
Иймд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч Е ХХК-ийн хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нэхэмжлэл гаргаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Түүнчлэн, хавтаст хэрэгт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Е ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон нотлох баримтын шаардлага хангасан баримт авагдаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... ХХК-ийн нэхэмжлэлтэй, Е ХХК-д холбогдох иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон байгаа гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
3.2 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч Г.Э нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт нийт 140,645,967 төгрөг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлох үндэслэлээр хөрөнгийн үнэлгээний шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШЗ2022/14936 дугаар захирамжаар хүсэлтийг ...маргаан бүхий байшин бүрэн ашиглалтад орсон, ...хэрэгт авагдсан бусад баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. /2хх 20, 28-30/ Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагч нарын хувьд давтан буюу нэмэлт шинжилгээ хийлгэхээс өөр боломжгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
4.1 Хавтаст хэрэгт Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 343 дугаар, М ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан тус тус авагдсан. /1хх 150-169, 196-205/ Тухайн баримтуудыг энэхүү маргаанд шинжээчийн дүгнэлт гэж үзэхгүй боловч хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэгчээс хариуцагч Е ХХК-д ажлын хөлсөнд 4,994,875 төгрөг, нэмэгдэл зардалд 10,680,778 төгрөг тус тус илүү төлсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөрөөс илүү төлсөн боловч хариуцагч Е ХХК нь ажлыг дутуу гүйцэтгэсэнтэй холбоотой нэхэмжлэгчээс нэмэлт зардал гаргасан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шинжээчийн дүгнэлтүүд тухайн хэрэгт хамааралгүй, ...уг хэрэгт шинжээч томилогдож байгаагүй, ...хэрэгт 2 шинжээчийн дүгнэлт байхад зөвхөн нэг шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Нэхэмжлэгч Г.Э нь М.Рд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Г.Эийн нэхэмжлэлтэй, Е ХХК-ийн захирал Э.Гд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон. /хх 178/ Тухайн итгэмжлэлийн талаар төлөөлүүлэгч буюу нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргаагүй тохиолдолд итгэмжлэлийг хүчинтэй гэж үзэх бөгөөд итгэмжлэлд ...Е ХХК-ийн захирал Э.Гд холбогдох иргэний хэрэгт гэж заасан нь итгэмжлэлийг энэхүү иргэний хэрэгт олгоогүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд ...итгэмжлэл нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд хариуцагч Е ХХК-ийг нийт 15,675,653 төгрөгийн хэмжээнд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь оновчгүй болжээ. Учир нь, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 345 дугаар зүйлийн 345.4 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч нь ажилд бодитоор зарцуулагдаагүй 10,680,778 төгрөгийг, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар захиалагч доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардлага гаргах эрхтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчид ажлын хөлсөнд илүү шилжүүлсэн 4,994,875 төгрөгийг хариуцагч Е ХХК-иас шаардах эрхтэй. Иймд хууль хэрэглээний талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулна.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алдангитай холбоотой хэсгийг болон хариуцагч Э.Гд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/03745 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 ... гэснийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.4, 352 дугаар зүйлийн 352.2.3, гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН