Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/0158

 


Иргэн Г.Гантуяагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Г.Гантуяа, түүний өмгөөлөгч Б.Мянган, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ, хариуцагч 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Хосбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 783 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 116 дугаар магадлалтай, Г.Гантуяагийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Гантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрээр тус хорооны Засаг даргаар томилогдон, энэ хугацаанд намын болон өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, сахилгын ямар нэгэн зөрчил гаргалгүй ажиллаж байсан. Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа бидний хооронд үл ойлголцол бий болж, энэ байдал даамжирч, 2015 оны 05 дугаар сард Дүүргийн Засаг даргаас “намайг огцруулах саналыг” иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлсэн байдаг. Хорооны иргэдийн Нийтийн Хурал 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, намайг хорооны Засаг даргаас огцруулахаар шийдвэрлэсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж заасан байхад дүүргийн Засаг дарга хорооны иргэдийн Нийтийн Хуралд асуудал оруулж хэлэлцүүлсэн нь хууль бус юм. Мөн хуулийн 24.3-т “энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэсэн шаардлагыг хангалгүйгээр энэ хуралдаан зөрчсөн байна. Мөн хуулийн 23.10-т “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасан байхад 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанд 1 өрх тутмаас 2-5 хүн ирж оролцсон, хурлын ирц бүрдээгүй байхад хуралдааныг хийсэн байдаг. Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо нь 1893 өрхтэй бөгөөд хуулийн дээрх шаардлагаар 64-95 өрх тутмаас тус бүр 1 сонгуулийн насны иргэн оролцож байж хурлын ирц хуулийн шаардлага хангасан хэмжээнд хүрэхээр байгаа бөгөөд хуралдаан ирцээ батлахгүй, дэгээ тогтоолгүйгээр эхлүүлж, улмаар шууд санал хураалт явуулж, саналын хайрцаг хоосон эсэхийг шалган баталгаажуулаагүй, тооллогын комисс томилоогүй, зарим оролцогч хэд хэдэн удаа санал өгсөн зэргээр хууль зөрчсөн зүйлс болон гарсан бөгөөд хуралд оролцогчдын тооноос 2 дахин их саналын хуудас тоологдсон. Иймд, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Хорооны Засаг даргыг огцруулах тухай” 03 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Г.Гантуяаг огцруулах тухай” Б/10 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч тус дүүргийн 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал /дарга Д.Хосбаяр/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/427 дугаар албан бичгээр 15 дугаар хорооны Засаг дарга Г.Гантуяаг огцруулах санал ирүүлснийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, ээлжит бус хурлыг 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр /бямба гараг/ 11 цагт хийхээр шийдвэрлэсэн. Дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасны дагуу багадаа 65 хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдаан хүчинтэйд тооцох бөгөөд тухай өдөр 128 иргэн ирснийг шалгаж оруулсан. Хуралдааныг иргэдийн Нийтийн Хурлын дарга нээж, дүүргийн Засаг даргаас ирүүлсэн бичгийг уншиж танилцуулсны дараа зарим нэг иргэн саналаа хэлж, Хорооны Засаг даргыг огцруулах эсэх асуудалд санал хураалт явуулсан. Санал хураалтын хайрцаг хоосон эсэхийг шалган баталгаажуулж, тооллогын комисс гаргаж, тус комисс нь видео бичлэг хийж, саналын хуудсыг нэг бүрчлэн үзүүлж, иргэдийн дунд ил тодоор тоолсон. Хуралдаанд оролцсон 128 иргэнээс 120 нь санал хураалтанд оролцож, 8 иргэн саналаа өгөөгүй байсан. Тооллогын дүнгээр 87 иргэн огцруулах саналыг дэмжсэн бол 26 иргэн дэмжээгүй бөгөөд 7 саналын хуудсыг хүчингүйд тооцсон. Ингээд хуралдаанд оролцогчдын 72,5 хувийн саналаар хорооны Засаг даргыг огцруулах шийдвэр гарсан болно” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга /Д.Пүрэвдаваа/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “тус дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга Г.Гантуяаг хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй хэмээн үзэж хорооны иргэдийн Нийтийн Хуралд огцруулах саналыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө” гэж заасныг үндэслэн хүргүүлсэн болно. Учир нь, 2015 оны эхний улиралд 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас Засаг дарга Г.Гантуяатай холбоотой өргөдөл, гомдол ихээр ирсэн ба үүнийг шалгахаар ажлын хэсэг байгуулан ажилласан. Тус хорооны 2014 оны ажил муу дүгнэгдэж, хангалтгүй ажилласан байдаг ба дүүргийн удирдлагуудаас ажил байдлаа сайжруулах үүрэг даалгавар өгсөн боловч хангалтгүй ажилласан. Дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасан ба хуралдаанд өрхийн сонгуулийн насны иргэн бүр оролцох эрхтэй юм. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хорооны Засаг даргыг огцруулах асуудлыг иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж, 72,6 хувийн саналаар Г.Гантуяаг огцруулах шийдвэр гаргасан байх бөгөөд уг хуралдааны тогтоолыг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга 2015 оны  05 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Г.Гантуяаг огцруулахаар шийдвэрлэсэн хууль зөрчөөгүй болно” гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 783 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 28 дугаар зүйлийн 28.4, 28.5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Гантуяагийн “Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Хорооны Засаг даргыг огцруулах тухай” 03 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Г.Гантуяаг огцруулах тухай” Б/10 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан 15 дугаар хорооны Засаг даргын албан тушаал эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 116 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгч Г.Гантуяагийн өмгөөлөгч Б.Мянган хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө” гэсэн атал Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/427 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг ИНХ мөн өдөр хүлээн авч, 05 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн нь дээрх заалтыг 3 хоногоор хэтрүүлсэн байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэсэн атал хуралд оролцсон иргэдийн ирцийн бүртгэлд тусгагдсанаар 128 хүн хуралд оролцсоноос 12 өрхийн 39 иргэн давхардаж хуралд оролцсон, тухайн хороонд оршин суудаггүй 3 иргэн хуралд оролцож санал өгсөн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Мөн зүйлийн 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэсэн атал тухайн хуралдаан ямар нэгэн баталгаажуулсан дэггүйгээр явагдсан ба тооллогын комиссоо томилж, баталгаажуулаагүй, гарсан шийдвэрээ албан ёсоор баталгаажуулаагүй зэргээр эмх замбараагүй явагдсан тул хүчин төгөлдөр бус, энэхүү хүчин төгөлдөр бус хуралдааны шийдвэрийг үндэслэн дүүргийн Засаг дарга захирамж гаргасан нь өөрөө хууль бус юм. Г.Гантуяа 2015.05.18-23-ны өдөр хүртэл “Улаанбаатар мед нэгдсэн эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог ба Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална: 35.1.3-т “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа”  гэж заасныг зөрчин түүнийг огцруулсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Г.Гантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/427 дугаар албан бичгээр 15 дугаар хорооны Засаг дарга Г.Гантуяаг “чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэсэн үндэслэлээр огцруулах саналыг тухайн шатны Хуралд /дарга Д.Хосбаяр/ хүргүүлж, энэхүү саналыг тус хорооны иргэдийн Нийтийн Хурал 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн байх бөгөөд хуралдаанд 90 гаруй өрхийн 128 иргэн оролцож, санал хураалтын дүнд 72.6 хувь нь “огцруулах санал” өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга ...хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ”, 32.4-т “Дээд шатны Засаг дарга...энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө” гэж, өөрөөр хэлбэл, Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол түүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг Дээд шатны Засаг дарга гаргах, харин огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэх нь тухайн Хурлын бүрэн эрхэд байхаар зохицуулсан байна.

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга Г.Гантуяаг огцруулах эсэх асуудлыг тухайн шатны Хурал хэлэлцэн, олонхийн саналаар шийдвэрлэсэн тухайн тохиолдолд олонхийн санал зөв, үндэслэлтэй байсан эсэхийг шүүх нягтлан тогтоох эрх хэмжээгүй, харин хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдаж, шийдвэр нь хуулийн шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх бөгөөд энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт зааснаар хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцохоор байна.

Тухайн тохиолдолд, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанд нийт 1800 гаруй өрхөөс 90 гаруй өрхийн 128 иргэн хүрэлцэн ирсэн байх тул хуралдаан хүчинтэйд тооцогдоно.

Нэгэнт хуралдааны ирц “20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн” байх шаардлагыг хангасан тул нэг өрхийн сонгуулийн насны иргэд санал хураалтанд оролцсон нь хууль зөрчөөгүй, харин тухайн хороонд оршин суудаггүй 3 иргэн хуралдаанд оролцсон гэх зөрчил нь санал хураалтын дүнд нөлөөлөхөөргүй, хуралдааныг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Улс төрийн албан тушаал болох Засаг даргыг томилох, чөлөөлөх, огцруулахад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмыг баримтлах бөгөөд тухайн харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэхгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Г.Гантуяаг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад огцруулсан” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд, анхан болон  давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 783 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 116 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

                    ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН