Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 268

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Н.Болормаагийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргэт нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Болормаа нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...миний бие тус шүүхэд “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлээсээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасны дагуу бүхэлд нь татгалзаж байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Болормаа нь Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр гаргажээ. 

Нэхэмжлэлийг Н.Болормаа өөрөө гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу Н.Болормаа нь Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Болормаа нь Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА