Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 215

 

 

Ц.З, С.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Ц.З–ын өмгөөлөгч Ө.Амарбаясгалан, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/747 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ДШМ/1374 дүгээр магадлалтай, Ц.З, С.Б нарт холбогдох 1805028430235 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсныг түдгэлзүүлсэн, урьд ял шийтгэлгүй, С.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын зураг төслийн инженер мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 289 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил 9 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан, Ц.З нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан цахим төхөөрөмжид хууль бусаар халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.З-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан цахим төхөөрөмжид хууль бусаар халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Б-ыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.З-ыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.З-ын цагдан хоригдсон 6 хоногийг 15 нэгжээр тооцож, торгох ялын хэмжээг нь 5,910,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З, С.Б нарын торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэлмэг, шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Б гаргасан гомдолдоо “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг жагсааж бичээд “гэм буруутай” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон төдийгүй ямар, ямар нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй болжээ. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгч нарын ямар үйлдэл хангаж байгаа, ямар үйлдэл хангахгүй байгаа, ямар нотлох баримтуудад үндэслэн гэм буруутайд тооцсон үндэслэл нь тодорхойгүй бөгөөд шүүх гэм буруугийн талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон дүгнэлт нь таамаглалд тулгуурласан, хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэхээр бичигджээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжгой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заах...” гэсэн хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл...”-г заах тухай шаардлагуудыг зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

Гэтэл анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүхийн дээрх заалтуудыг хангалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж дахин хэргийг таамаглалд тулгуурлан, хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт өгөлгүйгээр, яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг жагсааж бичээд л хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 747 дугаартай шийтгэх тогтоол нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоос ялгаатай, өөрчлөлт орсон ганц зүйл нь гэвэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг жагсааж бичээд л тодорхойлох хэсгийн зарим хэсэгт хохирлын талаар, эрүүгийн хариуцлагын талаар гэх мэт зөвхөн “...гарчиг өгч түүний доогуур зураас татах...” төдийд л өөрчилсөн байхад давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэргийг дахин шийдвэрлэхдээ өмнөх магадлалдаа дурдсан анхан шатны шүүхийн гаргасан зөрчлүүдийг тухайлбал “...шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон дүгнэлт нь таамаглалд тулгуурласан хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт өгч чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 заасан шаардлагуудыг зөрчсөн зөрчлийг арилгуулалгүйгээр өмнөх магадлалд дурдсан заалтуудаа эсрэгээр үгүйсгэж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх энэ хэргийг урьд нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1473 дугаартай шүүгчийн захирамжаар “гэмт хэргийн хохирогч хэн болох, гэмт хэргийн улмаас хэнд ямар хохирол учирсан болохыг тогтоох, гэмт хэргийг шүүгдэгч С.Б, Ц.З нар нь хэрхэн яаж бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нарийвчлан тогтоох, С.Б-ын иргэний үнэмлэхний хуулбарыг хэн хэрхэн яаж олж авсан эсэхийг шалгаж тогтоох, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нотолж чадаагүй, энэхүү гэмт хэрэг үйлдэл ямар шалтгаан байсан нь тодорхойгүй учир хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж,

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2171 дугаартай захирамжаар “утасны сим карт нь компьютерийн систэм гэх ойлголтод хамаарах эсэхийг шалгаж гэмт хэргийн шинжийг нарийвчлан тодруулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг нотлох,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч С.Б, Ц.З нар бүлэглэж үйлдэх, болсон сэдэлт, санаа зорилго юу байсан, хэрхэн яаж зохион байгуулж бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нарийвчлан тогтоох, хохирогч С.Б-ын иргэний үнэмлэхний хуулбарыг хэн хэрхэн яаж олж авсан талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байсан.

Прокурор дээрх 2 удаагийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг хийгээгүй, одоо нөхөн хийгдэх боломжгүй гэж удаа дараа тайлбарлаж шүүх хуралдаанд санал, дүгнэлт гаргаж, захирамжуудыг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд 2 удаа эсэргүүцэл бичиж байсан бөгөөд энэхүү эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх 2 удаа хэлэлцэж үндэслэлтэй гэж үзэж хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж байсан.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн шийдвэрийн дагуу анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд урьд нь тогтоогдоогүй гэж үзэж байсан бүх зүйлээ ямар ч нотлох баримт нэмэгдээгүй, хасагдаагүй байхад тогтоогдсон гэж үзсэн нь ямар учир шалтгаантай болохыг огт ойлгохгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад буцаасан 2 удаагийн магадлалд хэргийн үйл баримтыг тогтоогдсон, эсхүл үгүйсгэгдсэн талаар огт дүгнэлт хийгээгүй, ямар нэгэн чиглэл өгч байсан үг өгүүлбэр нэг ч байхгүй, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн дүгнэлт нь шүүгдэгч С.Б, Ц.З нарыг шийтгэ гэсэн юм шиг бүх нотлох баримтуудаа дурдаад, үйл баримт болон хууль зүйн ямар ч дүгнэлт өгөлгүйгээр бидний хувь заяаг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдсэн.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ С.Б намайг Ц.З-тай бүлэглэн хохирогч С.Б-ын иргэний үнэмлэхний хуулбарыг ашиглан **** дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацийн өмчлөлийн С.Б-ын эзэмшиж байсан **** дугаартай цахим төхөөрөмжид хууль бусаар халдаж шүүгдэгч С.Б-ын хамаарал бүхий этгээдүүд ашигладаг 351543045732094 имей кодтой гар утсанд **** дугаарын сим картыг ашиглаж хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэсэн үйл баримтыг дараах нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэжээ.

С.Б-ынБи Ц.З гэж хүнийг огт танихгүй, миний иргэний үнэмлэхний хуулбараар сим карт сэргээгээд аваад явсан байсан. гэх мэдүүлэг,

Ч.Ч-ийн... 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 30 минутын үед ажил дээрээ ганцаараа сууж байхад ... хуучин иргэний үнэмлэхийг бичгийн канондсон байсан, тэгээд би сэргээгээд өгөөд явуулсангэх мэдүүлэг,

Э.О-ийн... хяналтын камерыг ухрааж үзэхэд С.Б-аас өөр хүн тухайн хүний гар утасны сим картыг сэргээлгэн авч байгаа нь бичигдсэн байсангэх мэдүүлэг,

М.Н-ын...С.Б ууж идсэн үедээ энэ залуугаар машинаа бариулаад хүргүүлээд ирдэггэх мэдүүлэг,

Э.Х-ийн...би энэ байгууллагад 5 жил ажиллаж байгаа хүний нөөцийн ажлыг Я.Өлзиймөнх хийдэг одоо Г.Хулан гэж хүн хийж байгаа гэх мэдүүлэг,

Д.О-ийн...ерөнхий шүүгч С.Б-ын иргэний үнэмлэхний хуулбарыг хэн нэгэн хүнд өгч байгаагүй гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрт дурдсан гэрч нарын мэдүүлгүүдээр С.Б намайг гэмт хэргийг бүлэглэн үйлдэхдээ хэрхэн яаж оролцсон талаарх үйлдэл, эс үйлдэхүйн талаар ямар ч нотолгоо, дүгнэлт хийсэнгүй.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн гэх хүн С.Б-ыг таньдаг учраас С.Б л гэмт хэрэг үйлдэхийг захиалсан, зохион байгуулсан гэж хохирогч гэх Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгч С.Б-ын зохиосон жүжгийг жинхэнэ гэж үзээд шүүх шийдвэрээ гаргачихлаа.

Хавтаст хэрэгт маш олон зүйл тодорхой шалгагдсан байдаг.

Ц.З гэрчээр мэдүүлэг өгөхдөө...С.Б иргэний үнэмлэхний хуулбараа 50,000 төгрөгийн хамт өгөөд надаар сим картаа сэргээлгэсэн тэгэхэд С.Б хөх өнгийн Приус маркийн автомашинтай явж байсан хажууд нь бас өөр нэг хүн байсан гэж мэдүүлдэг.

Ц.З-ын энэхүү мэдүүлгийн эх сурвалжийг камерийн бичлэг шүүж, тэрхүү машиныг олсноор тогтоогдох бүрэн боломжтой байсан, И-март дэлгүүрийн гадна талд дүүрэн камер байхад яагаад тэр байгууллагын болоод төв замын камерын бичлэгүүдийг аваад Ц.З-ын мэдүүлгийн үнэн зөвийг шалгалгүйгээр тэрхүү бичлэгүүдийг шалгах боломжгүй болох цаг хугацааг албаар өнгөрөөсний эцэст энэ хэргийг шийдвэрлэв.

С.Б-ын иргэний үнэмлэхийг хэн, хэрхэн, хаанаас, яаж авсан эсэх нь огт тогтоогдоогүй, С.Б-ын сим картыг сэргээсэн гэх иргэний үнэмлэхний хуулбар хуурамч биш болох нь тогтоогдсон бөгөөд яаж тэрхүү бичиг баримтын хуулбар өөр этгээдэд очсон гэх нөхцөл байдлыг шалгасан боловч тогтоогдоогүй, тэрхүү жинхэнэ иргэний үнэмлэхний хуулбарыг С.Б миний бие яаж олж аваад Ц.З-т өгсөн нь тогтоогдохгүй байна.

Нотлох баримтуудаар С.Б-ын иргэний үнэмлэхний хуулбарыг хэн нэгэн өөрөөс нь, шүүхийн тамгын газрын аль алинаас хулгайлж, эсхүл нууцаар авах боломжгүй, С.Б, тамгын газрын ажилтан хэн аль нь тэрхүү бичиг баримтыг алдаагүй, хэн нэгэнд өгөөгүй гэж нотолсон байдаг.

Шүүх өөрийнх нь тогтоогдсон гэж байгаа хэргийн үйл баримтыг шууд няцаан үгүйсгэж байгаа.

М.Нарангаравын “Ц.З гэх залуу чинь С.Б, С.Б нарыг ууж идэхээр нь хүргэж өгөөд яваад байдаг юм биш үү, мөн манай хүүхдийн утсыг АНУ-д консулаар суугаа Э.Галбадрал гэдэг хүн Монголд түр барих утас байна уу гэхээр нь өгсөн. Би тэр утсаа аваагүй, Э.Галбадрал ч өгөөгүй яваад өгсөн,

Гэрч Э.Г-ын... Би 2018 оны 05 дугаар сард М.Нарангаравтай уулзаад түр барьчих утас байна уу гэхэд надад ухаалаг утас байхгүй жижиг товчтой утас байна гэж хэлсэн, тэгээд тэр утсыг аваад би өөрийнхөө **** дугаартай сим картыг хийсэн. Би тэр утсыг 7-8 хоног ашигласан. Би тэр утсыг хүүхдийн 100-гийн тэнд С.Б-тай тааралдаад С.Б-д өгчихөөрэй гэж хэлээд өгсөн. Ингээд л би 2-3 хоногийн дараа АНУ-ру уяваад өгсөн,

Ц.З-ын “...С.Б өөрөө иргэний үнэмлэхний хуулбараа 50,000 төгрөгийн хамт өгч сим картаа сэргээлгэсэн” гэх мэдүүлгүүдийг ерөөсөө үнэлэлгүйгээр, уг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтыг үгүйсгэж, няцаалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл Ц.З нь С.Б-ыг таньдаг, тэр хүн өөрөө сим картаа сэргээлгүүлсэн гэж хэлээд байхад Ц.З, С.Б хоёрыг ч нүүрэлдүүлэлгүйгээр “Үгүй ээ” чамд С.Б захиалга өгсөн байна гээд таамаглаад байх юм, ийм байдлаар бол хэнийг ч юу ч гэж хэлсэн ямар ч үндэслэлгүйгээр хэлмэгдүүлэх боломж бүрдэнэ. Тулгаж таслана гэдэг л ийм байх болов уу гэдгийг бодсоор өдийг хүрч байна.

С.Б нь Ц.З-ыг таньдаг, Ц.З-аар согтуу байхдаа үйлчлүүлдэг байсныг би ч мэднэ, Ц.З ч хэлсээр байхад С.Б-ын би танихгүй гэсэн мэдүүлэгт яагаад итгээд байгааг гайхаад байх юм.

С.Б нь шүүгч С.Б намайг цагдан хорих шүүх хуралдааныг явуулж байхад нөлөөлсөн мессэж явуулснаа хүлээн зөвшөөрсөн байдгийг түүний мэдүүлгээс тодорхой харж болох бөгөөд энэ үйлдлээ нуун далдлахын тулд намайг Ц.З-тай хамтарч гэмт хэрэг үйлдсэн болгох жүжгээ зохиож, үүндээ итгүүлэх зорилгоор үйлдлүүдээ араас нь хийсэн байдаг.

Яагаад би ингэж хэлж байна гэхээр 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг 51 минутын үед С.Б өөрийнхөө **** дугаарын утаснаас намайг яллагдагч С.Баярцогтын цагдан хорих шүүх хуралдааныг хийж байх үед миний **** дугаарын утас руу “юу нь 15 хоног вэ” гэж мессэж бичсэн бөгөөд шүүх хуралдаан болохоос өмнө 5 минутын өмнө С.Б намайг өөрийнхөө өрөөнд дуудаж уулзаад С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж гаргаарай, дээрээс том ярьж байна, прокурорууд 30 хоногийн хугацаанд юу ч хийгээгүй юм шиг байна лээ шүү гэж хэлэхэд би хууль тоггоомжид заасны дагуу ерөнхий шүүгч С.Б-ын нөлөөнд үл автаж С.Б-ыг 15 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Ингээд хурлын дараа ерөнхий шүүгч С.Б миний өрөөнд орж ирээд чи яагаад 15 хоног хорьчихвоо гэж уурлаад би чамд дээрээс том яриад байна гэж хэлээд байхад “хорьчих юм аа” араа өөрөө даагаарай гэж хэлээд миний өрөөнөөс гараад явсан.

Дараа нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 10:00 минутанд С.Б өөрийнхөө 99190099 дугаарын утаснаас миний эзэмшлийн ***** дугаарын утас руу “Том ярьж байна хэвээрэй гэж мессэж бичсэн.

Энэ мессэж нь С.Б, Ч.С нарыг цагдан хорих шүүх хуралдаан болохын 10 минутын өмнө С.Б нь дуудаад за С.Б-аа том ярьж байна одоо наад хоёроо гаргаарай, чи өмнө гарга гэсэн С.Б-ыг гаргаагүй 15 хоног хорьсон түүнээс болж би томд /....../ даргад загнуулсан, одоо хэрвээ гаргахгүй бол чи бид хоёр ажилгүй болно шүү гэж хэлээд миний хажууд утсаар хэн нэгэн хүнтэй Viber”-аар яриад өчигдөрийн ярьсан зүйл хэвээрээ биздээ гээд утсаа салгасан. Ингээд надад хэлэхдээ би сая чиний хажууд томтой ярилаа том хэвээрэй гэж байна, тийм учраас гаргаарай, харин таслан сэргийлэх арга хэмжээг нь гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ аваарай гэж хэлсэн. Ингээд намайг хуралд орсны дараа миний утас руу дээрх мессэж буюу надад ярьж байсан зүйлээ бататгах гэж юм уу, эсхүл өөрөө ямар нэг баримттай үлдэх гэсэн юм уу “Том ярьж байна хэвээрэй” гэсэн мессэжийг миний утас руу бичсэн. Ингээд С.Б-ын над руу бичсэн мессэжийг хадгалж авсан. Би бодохдоо шүүгч С.Б нь яллагдагч С.Б, Ч.С, С.Б нарын цагдан хорих шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрээс болж, хэн нэгэн хүний итгэлийг алдаж, эсхүл загнуулснаас болж над руу бичсэн 2 удаагийн мессэжээ “далдлах” зорилгоор энэ үйлдийг хийсэн юм болов уу гэж бодож байгаа.

Миний хувьд би энэ үйлдлийг хийх ямар ч шалтаг, шалтгаан, зорилго байхгүй, мөрдөн байцаалтын шатанд ч тогтоогоогүй, хэрвээ энэ С.Б-ын сим картыг сэргээсэн үйлдэл нь 2018 оны 05 дугаар сарын 01, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрүүдээс өмнө буюу С.Б, Ч.С, С.Б нарын цагдан хорих шүүх хуралдаанаас өмнө үйлдэгдсэн бол намайг харин С.Б-ын сим картыг сэргээлгээд өөрлүүгээ мессэж бичээд С.Б, Ч.С, С.Б нарыг гаргачихсан байна лээ гэхэд бүрэн хардах үндэслэл болох байжээ.

Ингээд л С.Б надтай бүтэн 7 хоног юу ч яриагүй өнгөрсөн. Тэгтэл 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн орой 21 цагийн үед өөрийнхөө сим картыг Ц.З гэж хүнээр сэргээлгэчихээд манай эхнэрийн нэр дээр байдаг гар утсыг танил Э.Галбадралаас надад өгөөрэй гэж хэлээд өгсөн утсыг надад өгөлгүйгээр өөрийнхөө сим картыг хийчихээд одоо намайг өөрийнхөө найруулсан жүжгийн гол баатар болгож байгаад гомдолтой байна. Энэ хуурамч, ёс зүйгүй үйлдлийнх нь эсрэг нотлох баримтууд байсаар байхад шүүх огт үнэлж дүгнэхгүй байна. Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримт огт тогтоогдоогүй буюу тийм үйл баримт өнгөрсөн цаг хугацаанд гараагүй, эсхүл прокурор, мөрдөн шалгах байгууллага шалгасан боловч тогтоож чадаагүй байна гэсэн үндэслэлээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймээс гэмт хэргийн шинжгүй эсхүл ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж С.Б надад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Б.Ганболд хэлсэн саналдаа: “...Хэдийгээр хоёр шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн боловч өмгөөлөгчийн хувьд гэм буруугүй гэж үзэж байна. Учир нь уг гэмт хэргийн тодорхой шинж буюу обьект үгүйсгэгдэж байна. Цахим мэдээллийн аюулгүй байдал нь харилцаа холбоо хэрхэн үүссэн, түүнийг яаж тасалсан, гэмтээсэн, ямар үр дагавар үүсгэсэн гэдгийг тодорхойлж байгаа ойлголт юм. Үүнд тусгай мэдлэг шаардлагатай байтал агентлагийн даргын албан тоотоор энэ хэргийг мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзэж байгаа нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл уг гэмт хэргийн гол зүйл болсон мэдээлэл байхгүй. Тухайлбал ямар утга, агуулгатай мессэж хэрхэн бичигдсэн гэдэг нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Шүүгдэгч нарын хэн нь ч энэ симийг сэргээгээгүй. Мобиком корпораци үндэслэлтэй байна гэж үзээд симийг сэргээсэн. Гэмт хэрэг нь халдлагын зүйл болон гэмт хэргийн тодорхой хэмжээний зэвсэг, хэрэгслээр үйлдэгдсэн хэрэг байгаа юм. Мессэж бичигдсэн гээд байгаа гар утас нь хэргийн материалд байхгүй. Харин тухайн мессэж бичигдэх үед С.Б-ын эзэмшилд тухайн гар утас хамгийн сүүлд байсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. С.Б-ыг тухайн гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзэж ялласан. Гэтэл Эрүүгийн хуульд зааснаар зохион байгуулагч гэдэг нь гэмт хэргийг удирдсан, төлөвлөсөн, үүрэг оролцоог хуваарилсан, санаачилсан этгээд байх ёстой. Гэтэл С.Б-ын эхнэр М.Н-ын гар утсаар мессэж бичсэн гэж яллаад байгаа юм. Өөрөөр хэлбэл уг мессэжийг С.Б бичсэн гэж таамаглалд тулгуурлаж хэргийг шийдвэрлэх боломжгүй учир анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирогч мэдүүлэхдээ хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийн улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол гэж хуульчилсан. Үүнээс үзэхэд эрүүгийн эрх зүйн онолын хувьд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Хохирогч надад ямар ч хор хохирол учраагүй гэж мэдүүлсэн байдаг. Энэ нөхцөл байдал нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг үгүйсгэж байна. Хохирогч нь гэрч Ц.З, Э.Г нарыг танихгүй гэдэг. Гэтэл эдгээр гэрч нар нь энэ хүнийг таньдаг талаар мэдүүлдэг. Э.Г пиво ууж байгаад гар утсыг өгсөн гэж хэлдэг, Ц.З согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь машиныг нь удаа дараа жолоодож байсан гэж тодорхой мэдүүлдэг. Үүнээс үзэхэд хохирогчийн мэдүүлэг эх сурвалжаа зааж чадаагүй байгаа учир хууль бус нотлох баримт юм. Энэ гэмт хэрэг нь тодорхой зорилго, сэдэлтийг шаардаж байгаагаараа шууд санаатай гэмт хэрэгт хамаарч байна. Шүүгдэгч нарын хувьд сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөл байгаа гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаггүй. Сим карт сэргээснийг С.Б огт мэддэггүй юм. Хохирогчийн хувьд нөгөө шүүгчдээ чиглэл өгсөн мессэжээ нуун далдлах санаа байсан байх боломжтой. Эдгээр байдлаас үзэхэд уг гэмт хэргийн шинж бүхэлдээ байхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн шүүгч тусгайлан санал бичсэн. Шүүх бүрэлдэхүүн уншиж танилцах байх. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Б-ыг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.З-ын өмгөөлөгч Ө.Амарбаясгалан хэлсэн саналдаа: “...Б.Ганболд өмгөөлөгчтэй санал нэг байна. Шүүгдэгч Ц.З-ыг С.Б-ын иргэний үнэмлэхний хуулбарыг ашиглаж, сим картыг сэргээлгэсэн гэдэг. Гэтэл С.Б-ын иргэний үнэмлэхний хуулбар хаанаас, хэрхэн гарч ирсэн гэдгийг шалгаж тогтоогоогүй. Хэрэгт Г.Х, Я.Ө нар гэрчээр мэдүүлэг өгөхдөө иргэний үнэмлэхний хуулбарыг тухайн байгууллагаас гаргах боломжгүй, зөвхөн хохирогч гэх С.Б-ын хүсэлтийн дагуу шийдвэрлэж гаргах зохицуулалттай гэж мэдүүлсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Ц.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд зааснаар цахим төхөөрөмжид хууль бусаар халдаж хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.З-ыг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, анхан шатны шүүхээс хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэлтэй зөв үнэлэлт дүгнэлт хийсэн. Шүүгдэгч тэдний өмгөөлөгчийн зүгээс харилцан зөрүүтэй нотлох баримтын талаар дүгнээгүй гэх гэрч Э.Г-ын /С.Б-ын хамаарал бүхий гэрч/ мэдүүлгийг прокурорын зүгээс үнэлээгүй, шүүхээс мөн шийдвэрийн үндэслэл болгоогүй. Харин шийтгэх тогтоолд дурдагдсан нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, бусад гэрчүүдийн мэдүүлэг, лавлагаа, баримтуудаар давхар нотлогдсон, харилцан зөрүүгүй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсны улмаас хохирогчийн эрх ашигт хохирол учирсан буюу мэдээллийн аюулгүй байдал алдагдсан гэж үзсэн. Цахим сүлжээг ажиллагаагүй болгож мэдээлэл дамжуулснаар гэмт хэрэг төгссөн ба хохирогч маргааш нь шуурхай мэдэж таслан зогсоосон үйл баримт нотлогдсон. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдээгүй, хохирогч С.Б зориудаар өөрөө энэ үйл явдлыг зохион байгуулж гүтгэж байна гэдэг боловч энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн Ц.З, С.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч С.Б нь Ц.З-тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт С.Б-ын иргэний үнэмлэхний хуулбарыг ашиглан, **** дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацийн өмчлөлийн, С.Б-ын эзэмшиж байсан **** дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, С.Б-ын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, **** дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар,

шүүгдэгч Ц.З нь С.Б-тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт С.Б-ын иргэний үнэмлэхний хуулбарыг ашиглан, **** дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж Мобиком корпорацийн өмчлөлийн, С.Б-ын эзэмшиж байсан *** дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, С.Б-ын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, *** дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагддаг бол мөн хуулийн 39.1 дүгээр зуйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгодоггүй билээ.

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зуйлчлэн ангилагдсан хэрэг, хүний хувьд л шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, прокурорын дээрх шийдвэрээр шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд түүнд дурдаагүй үйл баримт, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй.

Шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглан няцаасан, эсхүл баталсан дүгнэлтийг хийх үүрэгтэй.

Гэтэл хоёр шатны шүүх шүүгдэгч Ц.З, С.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүй, эрх зүйн алдаатай дүгнэлт хийжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Ц.З, С.Б нар бүлэглэн “С.Б-ын эзэмшиж байсан **** дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, С.Б-ын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, **** дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон” гэж үзсэн дүгнэлт эргэлзээ бүхий болжээ.

Хүний гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “In dubio pro rio гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим нь үндэслэлгүйгээр яллах ба шийтгэх явдлыг гаргуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах агуулгыг илэрхийлдэг бөгөөд манай улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгалаа олсон болно.

Шүүх гэм бурууг нотлохдоо яллах баримтын эсрэг шинжлэн судалсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгт няцаалт өгөөгүйгээс гэм буруугийн талаарх маргаан  хяналтын шатны шүүх хүртэл үргэлжилсэн байна.

Хэрэгт авагдсан гэрч  Ч.Ч,  М.Н, Э.О, О.Х, Г.Х, Я.Ө, С.А, Э.Х нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Криминалистикийн шинжээчийн 743 дугаартай дүгнэлтээр “Шинжилгээнд ирүүлсэн “Чингэлтэй дүүргийн Шүүхийн хүний нөөцөд хадгалагдаж буй үнэмлэхний хуулбар” гэж хаягласан хуулбар болон “Мобикомд өгсөн хуулбар” гэж хаягласан хуулбар нь хуулбарлагдсан объектын төрөл болон цаасны гадаргууд үүссэн хэвлэлийн тонер хорон хэлбэрээр дүрслэгдсэн бохирдлуудын харилцан байрлал, хэлбэр, хэмжээ зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирч байна.Шинжилж буй “Чингэлтэй дүүргийн Шүүхийн хүний нөөцөд хадгалагдаж буй үнэмлэхний хуулбар” гэж хаягласан иргэний үнэмлэхний хуулбараас шинжилж буй “Мобикомд өгсөн хуулбар” гэж хаягласан иргэний үнэмлэхний хуулбарыг хуулбарласан байна гэх дүгнэлт зэргээс үзвэл хохирогч С.Б-ын **** дугаар бүхий сим картыг хэн хэрхэн сэргээсэн, ямар бичиг баримт ашигласан, хохирогчийн хувийн хэрэг хадгалагдаж байгаа байдал, түүнд байгаа иргэний үнэмлэхний хуулбарыг бусдад хуулбарлаж өгөөгүйг нотолсон бөгөөд эдгээр баримтуудыг үндэслэж шүүгдэгч Ц.З, С.Б нарыг “С.Б-ын эзэмшиж байсан 99190099 дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, С.Б-ын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, 99190099 дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх үйл баримт тогтоогдсон гэж үзэхгүй.  

Учир нь хохирогч С.Б “...Миний дугаар сим карт сэргээхэд ашигласан иргэний үнэмлэхийг хэн хаанаас яаж олсон, ... Ц.З гэж хүнийг огт танихгүй. Өмнө нь уулзаж байгаагүй. ...Би урьд өмнө Ц.З-тай уулзсан, асуудал байхгүй. Намайг гүтгэж байна. ...Монгол Улсаас АНУ-д суугаа ерөнхий консул Э.Г-ыг огт танихгүй, царайг нь мэдэхгүй...” гэж мэдүүлсэн бөгөөд үүний эсрэг шүүгдэгч Ц.З “...2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр танихгүй Viber миний дугаар луу залгасан. Утсаа авахад ах нь байнаа, ах нь жаахан архи уучихлаа гэж хэлсэн. С.Б ахын дуу байсан. ...ахынхаа гар утасны сим картыг сэргээгээд ирээч, ах нь жаахан согтуу гадуур явж болохгүй гэж хэлсэн. ...Сэргээж өгсөн сим картыг С.Б ахад хүргэж өгөөд явсан...”, гэрч Э.Г “...С.Б гэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчтэй тааралдсан. Би түүнийг таньдаг. Тэгээд М.Н-ын утсыг өөрт нь өгөхөөсөө залхуураад С.Б-т С.Б-д өгчихөөрэй гээд өгсөн...” гэсэн хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх бөгөөд хоёр үнэн зэрэгцэн орших боломжгүй юм.

Нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд С.Б, Ц.З нарын бие биенийхээ мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, тэд танил гэсэн үйл баримтыг сэргээн тогтооход учир дутагдалтай болжээ.

 Түүнчлэн шүүгдэгч Ц.З, С.Б нар хохирогч С.Б-ын иргэний үнэмлэхний хуулбарыг хэрхэн олж авсан, хохирогч С.Б, Ц.З 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр уулзсан эсэх, тэд хоорондоо Viber ашигласан харилцаж байсныг тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож чадаагүй байх тул гэрч Э.Г-ын мэдүүлгийг дангаар нь үнэн гэж үзэхэд эргэлзээтэй, эсрэг нотлох баримтууд цугларсан, харьцуулан үзэхэд аль нь ч асуудлыг бүрэн нотолж, эсхүл үгүйсгэж чадахааргүй байна.

Үүнээс гадна прокуророос шүүгдэгч Ц.З, С.Б нарыг санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа тэд ямар агуулга бүхий мэдээллийг хууль бусаар хэнд дамжуулсан, энэ талаарх шаардлагатай нотлох баримтыг яллах дүгнэлтдээ тусгаагүй, уг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч С.Б-ын “...цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ц.З, С.Б нарт холбогдох хэргийг эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарсан тул гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/747 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ДШМ/1374 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ц.З, С.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                            ШҮҮГЧ                                          Б.БАТЦЭРЭН

      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

       Ч.ХОСБАЯР

        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН