Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00380

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 23 210/МА2024/00380

 

 

Б.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/04928 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Д

Хариуцагч: Б.А

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 1,726,785 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Минжмаа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Б.А нь Б.Дтой маргалдаж, түүний өмсөж явсан Х брэндийн савхин хүрмийг урсан. Б.А нь Б.Дын биед халдах үед тус савхин хүрэмд хохирол учирсан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон.

1.2 Хохирол учирсан савхин хүрэм нь шинж байдлаа алдаж, ашиглах боломжгүй болж, урьдын байдалд нөхөн сэргээх боломжгүй болсон тул 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирлын хэмжээг 1,726,785 төгрөг гэж үнэлсэн. Иймд савхин хүрмийн үнэ 1,726,785 төгрөгийг Б.Аоос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хариуцагч нь Б.Дтой маргалдаж, бие биеэ заамдаж, нааш, цаашаа түлхэлцэж байгаад салсан нь үнэн боловч хариуцагч нэхэмжлэгчийн савхин хүрмийг ураагүй. Тухайн үед Б.Д нь савхин хүрмийг өмсөж ирээгүй байсан. Хариуцагч тухайн савхин хүрмийг ураагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

3.1 Хариуцагчийг гэм буруугүй гэж үзэж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Аоос 92,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,634,785 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 42,579 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аоос 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дт олгож шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тус хохирол учирсан хувцасны зах зээлийн үнэлгээ нь элэгдлийг хассан дүнгээр 1,726,785 төгрөг гэж үнэлсэн. Тухайн савхин хүрэм нь оёдолгүй газраараа урагдсан нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон.

5.2 Шүүх хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас савхин хүрэм бүрэн устаж, үгүй болсон гэж үзэхгүй бөгөөд хүрмийн зарим хэсэгт урагдал үүссэнийг өмнө байсан байдалд нь сэргээн засах боломжтой байна гэж үзсэн нь үндэслэлгүй.

5.3 Хариуцагч нь 1,726,785 төгрөгийн хөрөнгийн үнэлгээнд маргадаггүй бөгөөд гэм буруугүй гэж маргадаг. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус хөрөнгийг 92,000 төгрөгөөр үнэлсэн нь хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай Прокурорын тогтоолоор тогтоогдсон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Уг баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад үүнийг үнэлж шийдвэрлэсэн нь буруу.

5.4 Иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ бичгээр гаргаагүй. Шүүх хуралдаанд амаар гаргасан дүгнэлт нь шүүх хуралдааны тэмдэглэлд Хариуцагчийг гэм буруугүй гэж үзэж байна гэсэн бөгөөд хохирол төлбөрийг хариуцах талаар дүгнэлт гаргаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Д хариуцагч Б.Ат холбогдуулан гэм хорын хохиролд 1,726,785 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б.Д, Б.А нар маргалдаж, улмаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмсөж явсан савхин хүрмийг урж гэмтээсэн болох нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 373 дугаар тогтоолоор тогтоогдсон байна. /хх 39/

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгчийн савхин хүрмийг урж гэмтээсэн гэм буруутай гэж үзсэн нь зөв болжээ.

5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

5.1 Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 373 дугаар тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шинжээч томилоход Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ХУ1-22-247 дугаартай үнэлгээний тайлангаар савхин хүрэмийг 92,000 төгрөгөөр үнэлсэн нь тогтоогдож байна гэжээ. /хх 39/

5.2 Нэхэмжлэгч нь шүүхэд Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22-12 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргасан. Уг тайланд тухайн савхин хүрэмний үнэ цэнийг 1,726,785 төгрөгөөр үнэлсэн байна. /хх6-14/

5.3 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчид 92,000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, савхин хүрмийг цаашид ашиглах боломжгүй болсон гэх үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчид 92,000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. Иймд хохирлын үнэлгээний талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.3-т зааснаар шүүхийн иргэдийн төлөөлөгч нь хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Хэргийн 56 дугаар талд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн ...хариуцагчийг гэм буруугүй гэж үзэж байна гэх дүгнэлт авагдсан. Анхан шатны шүүх уг дүгнэлтийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байхаас гадна дүгнэлтэд хохирлын үнэлгээний талаар тусгаагүй нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгчийн ...иргэдийн төлөөлөгч бичгээр дүгнэлт гаргаагүй, ...хохирол төлбөрийг хариуцах талаар дүгнэлт гаргаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/04928 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,107 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

М.БАЯСГАЛАН