Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/70

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Э.М-т холбогдох 1921000000040 дугаартай  хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1983 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуульд ... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг “...” гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатгин овогт Э.М.

 

Шүүгдэгч Э.М нь Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар багийн нутаг “Ца цэ” хүнсний дэлгүүрийн үүдэнд согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчим хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагч А.Г-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан цохиж биед нь хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/    

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргийн талаар маргаан байхгүй. Миний буруу. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Прокуророос санал болгож буй ял шийтгэлийг хүлээнэ...” гэв.

 

Хохирогч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Гурванзагал суман дахь цагдаагийн хэсгийн цагдаагаар ажиллаад 1 жил 4 сар болж байна. Өнөөдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 17 цаг 20 минутын орчим өөрийн дүрэмт хувцастайгаа хэв журмын үүрэг гүйцэтгэж явахад Гурванзагал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цэ ца” хүнсний дэлгүүрийн гадна тус сумын иргэн Э.М согтуу явж байсан. Би дэлгүүр рүү орох гэхэд Э.М надад хандан “А.Г лалараа чи хогийн гар шүү дээ” гэж хэлэхэд нь би “юу гээд байгаа юм, харьж амар”  гэж хэлээд дэлгүүр рүү орсон. Дэлгүүрт ороод байж байхад араас орж ирээд “хөөе лалруудаа би архи уумаар байна, надад нэг шил юм аваад өгчих” гэж бархирсан бөгөөд би түүнийг харьж амар гэдэг шаардлага тавьсан. Би дэлгүүрийн гадна сумын иргэн Батмөнхтэй юм яриад зогсож байхад Э.М нь миний хажууд ирээд “А.Г би нэг утас руу залгахад л чамайг ажилгүй болно” гэхэд нь би “чи юугаа яриад байгаа юм бэ? Цаашаа яв” гээд өөрөөсөө холдуулах гээд түлхэхэд “би чамайг ална” гээд гараараа миний баруун мөр рүү цохиход нь би барьж аваад газарт унагаад гавлах гэхэд би гаваа машиндаа орхисон байсан болохоор түүнийг босгоод машинаас гаваа авчихаад түүн рүү ойртоход миний зүүн талын ташаа руу гараараа цохиж миний эрх чөлөөнд халдсан. Намайг хэв журмын үүрэг гүйцэтгэж байхад дэлгүүрийн үүдэнд хэл амаар доромжлоод ямар нэг шалтгаангүйгээр намайг цохих болсон....Надад гаргах гомдолгүй,  нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх-ийн 8-9, 48 тал/

 

Гэрч Ж.Батмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд сумын цагдаа А.Г-тэй “Цэ ца” хүнсний дэлгүүрийн үүдэнд юм яриад зогсож байхад сумын иргэн Э.М гэх залуу согтуу А.Г рүү агсраад байснаа А.Г-гийн дэргэд ирээд зүүн гараараа баруун мөрний дээд хэсэг рүү нь цохисон. Тэгтэл цагдаа А.Г “чи зүгээр бай” гэх шаардлага тавихад өөдөөс нь заамдаж ноцолдоод дайраад байсан. Тэгээд А.Г Э.М-ыг газарт унагаад машин руугаа ороод гаваа аваад эргээд хартал Э.М нь босч ирээд дахин гараараа А.Ггийн нүүрэн тус газарт нь цохисон. Тэгэхээр нь би Э.Мыг чи боль, ажлаа хийж яваа цагдааг зодож, цохиж болохгүй гэж хэлсэн ...” гэжээ. /хх-ийн 18 тал/

 

Цагдаагийн албан хаагчийг шилжүүлэн томилсон тушаал /хх-ийн 40 тал/

Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 41-43 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Хатгин овогт Э.М нь Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар багийн нутаг “Цэ ца” хүнсний дэлгүүрийн үүдэнд согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагч А.Г-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан цохиж, биед нь хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч А.Г, гэрч Ж.Батмөнх нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, цагдаагийн албан хаагчийг шилжүүлэн томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Э.М-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Э.М-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.М-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Улсын яллагч шүүгдэгч Э.М-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалтыг баримтлах шаардлагагүй гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.М-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт Э.М-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.М-т тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.М-т тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.М-т хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.М-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ