Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00383

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 23 210/МА2024/00383

 

 

Ү НҮТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/03625 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ү НҮТББ

Хариуцагч: А ГҮТББ

Нэхэмжлэлийн шаардлага: 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.  хариуцагчийн төлөөлөгч А. , хариуцагчийн өмгөөлөгч С. , хэлмэрч С. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 О.Б нь А.Этай хамтран ажиллах хэлцлийн дагуу 2018 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны хооронд С ГҮТББ-с зохион байгуулагдах арга хэмжээний бичлэг, шторк, танилцуулга зэргийг 5,500,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, заасан хугацаанд 100 хувь ажлыг хийж, хүлээлгэн өгсөн. Нэмэлтээр телевизийн сувгаар гадны зочныг шууд нэвтрүүлэгт оролцуулж, ТВ-ийн баннер зар мэдээг байршуулж өгсөн.

1.2 Хариуцагч нь хэлэлцэн тохиролцсон ажлын хөлсийг 2019 оны 09 дүгээр сард багтаан төлөх талаар өргөдөл гараар бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл хөлсийг төлөөгүй. Иймд ажлын хөлс 5,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 НҮБ-аас Дэлхий даяар зарлаж буй дохионы хэлэнд хүн бүрийг оролцуулъя уриаг манай байгууллага зохион байгуулсан. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 29-ний өдрүүдэд Дохионы хэлний Олон Улсын өдрийг тохиолдуулан сонсголгүй иргэдэд зориулсан долоо хоногийн төрөл бүрийн арга хэмжээний хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатарын талбайд том арга хэмжээ болсон.

2.2 Шторк хийсэн үйл ажиллагаа эхэлснээс хойш 7 хоногийн дараа төрийн бус байгууллагын хамтран ажиллах гэрээг зураад тамга дараач гэж Б.МС багш надаас гуйсан боловч би татгалзсан. Гэвч шторк хийх төсөл, албан бичгийн хамт ирээгүй хугацаа алдсан, НЗДТГ-аас төлөвлөөгүй зүйлд мөнгө амархан өгөхгүй, заавал төсөл, албан бичгийн хамт манай байгууллагаас дэмжлэг бичиг явуулах боломжтой, бид шторк хийх зардлын төслийг мэдэхгүй. Манай үндэсний холбоо нь сонсголгүй хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр сайн дураараа ажиллаж байгаа гэж дохионы хэлмэрч орчуулагчаар дамжуулж тайлбар өгсөн.

2.3 Гурван сарын дараа О.Б надруу фэйсбүүк чатаар харилцан бичиж дарамт үзүүлсэн. Мөнгө өгөхгүй бол манай байгууллагын нэр хүндийг унагаахын төлөө бичлэг хийж цацна, А.Эын гэрт нь орж дарамтална гэсэн.

Б.МС намайг дуудаж уулзан О.Б, танихгүй 2 эрэгтэй хүн, 1 эмэгтэй хүнтэй хамт гурван камераар бичлэг хийж, намайг сүрдүүлж айлгасан. Би айсандаа өөрийн гараараа бичсэн боловч тэд голсон. Ингээд Б.МС тэдний хүссэнээр миний өмнөөс бичиг үйлдсэн боловч тэр бичгийн утга санааг би огт хараагүй зүгээр л гарын үсэг зурсан.

Иймд хамтран ажиллах гэрээ байхгүй, би өргөдлөө бичээгүй, Б.МС бичсэн, энэ нь нотлох баримт биш гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч ХХК-аас 5,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ү ТББ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 102,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хэлмэрчийн ажлын хөлсний зардал 275,000 төгрөгийг гаргуулан хэлмэрч Б.Одмаад тус тус олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Ү ТББ манай А ТББ-тай ажил хэргийн ямар ч холбоогүй тул 2018 оны 9 сарын сүүлд Сонсголгүй Иргэдийн Олон Улсын Дохионы хэлний өдрийг тохиолдуулан долоо хоногийн ажил зохион байгуулж, Үндэсний Холбоо талархаж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, 29 дүгээр тусгай сургуультай манай холбоо хамтран ажилласан.

Манай Холбооны долоо хоногийн арга хэмжээний зарлалын 1 минут шторк бичлэг хийсэн тул өөр ямар ч ажил хийгээгүй байна. Баннер нь Юнивишн группээс ивээн тэтгэсэн ажил тул баримт гаргуулах хэрэгтэй байна. Миний бие хэлмэрчээр дамжуулан албан үүргээ гүйцэтгэдэг. Манай холбоонд өмгөөлөгч байхгүй, Монгол дохионы хэлний ажлын хэсэгт ажил ихтэй тул өмгөөлөгч дуудах цаг байхгүй байсан гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, процессын ямар нэгэн алдаа гаргалгүй хэргийг шийдвэрлэсэн. Иргэний эрх зүйн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв тодорхойлж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчгүй оролцсон асуудлын хувьд хариуцагчийн зүгээс өмгөөлөгч авах зорилгоор шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулсан. Хариуцагч тал өмгөөлөгчид тов мэдэгдээгүй гэж ярьж байна. Ямар нэгэн өмгөөлөгч аваагүй. Өмгөөлөгч орж ирсэн ч шүүхээс шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Анхан шатны шүүх гарын үсэг зурсан гэх СиДи бичлэгт үзлэг хийсэн. Хэлмэрч тайлбарлаж өгөөд өөрөө гарын үсэг зурж байгаа бичлэг хэрэгт авагдсан байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ү НҮТББ нь хариуцагч А ГҮТББ-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...ажил гүйцэтгэх хэлцлийн дагуу 2018 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны хооронд Сноос зохион байгуулагдах арга хэмжээний бичлэг, шторк, танилцуулга зэргийг 5,500,000 төгрөгөөр хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн, ...ажлын хөлсийг 2019 оны 09 дүгээр сард багтаан барагдуулах талаар гараар бичиж өгсөн гэж тайлбарласан.

3.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ...Гэрээ байгуулаагүй, дарамталж төлбөр төлөх баримт бичүүлж, гарын үсэг зуруулсан гэж үгүйсгэн маргасан.

4. Хэрэгт авагдсан талуудын тайлбар болон хэргийн 6 дугаар талд Үд МУСИҮХ 2018 оны 9-р сард хийлгэсэн шторк, өдөрлөгийн бичлэг болох нийт 5,500,000 төгрөгийг 2019 оны 9 сарын дотор багтаан Үд төлнө. Төлөөгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ. Аны ерөнхийлөгч А.Э, хэлмэрч, орчуулга хийж тайлбарласан хамт байлцсан Б.МС гэж бичсэн бичвэр зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх талуудын хооронд аман хэлбэрээр хэлцэл байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.1 Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон.

5. Хариуцагч нь дээрх бичвэрийг хүч хэрэглэн дарамталж бичүүлсэн гэх тайлбар, хэлцэл байгуулаагүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон шторк, бичлэгийг хийж хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй. Түүнчлэн, уг ажлыг өдөрлөгт хэрэглэсэн болохоо зөвшөөрсөн тайлбар гаргасан. /хх 44-48/

6.1 Иймд нэхэмжлэгч Ү НҮТББ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлс 5,500,000 төгрөгийг хариуцагч А ГҮТББ-аас шаардах эрхтэй.

7. Хариуцагчийн төлөөлөгч 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох гэх, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдааныг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах гэх үндэслэлээр тус тус хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх тухай бүр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /1хх 228-229, 245-246/

7.1 Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрх тэгш явагдах зарчимд нийцжээ. Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн заалтыг тодорхойгүй баримталсан, мөн зохигч хуулийн этгээдийн нэр, хэлбэрийг буруу бичсэнийг залруулан, зохих өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/03625 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ГҮТББ-аас 5,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү НҮТББ-д олгосугай. гэж,

2 дахь заалтын ... ХХК-иас гэснийг ... А ГҮТББ-аас гэж, ...Ү ТББ-д гэснийг ...Ү НҮТББ-д гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН